Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 159/ШШ2019/0026

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Бурмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргад холбогдох

Газар ээмших эрхийн гэрчилгээ олгох захирамж гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: *******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******

*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Манай сургууль нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн нутагт байрлах 2.5 га газрыг үл хөдлөх хөрөнгийн хамт 2004 онд иргэн ******* ойжуулалтын мэргэжпийн ангийн дадлагын газар байгуулах зорилгоор худалдан авсан бөгөөд одоог хүртэл 15 жилийн хугацаанд зориулалтын дагуу эзэмшиж ашиглахын зэрэгцээ тус дадлагын газарт төслийн шугамаар олон арван сая төгрөгийг зарцуулж өндөр хүчдэлийн цахилгаан шугам татсан, гүний худаг гаргаж, хашаа барьсан, өөрийн хөрөнгө 5-н ширхэг байр / хүүхдүүд байрлах / барьж өргөтгөсөн болно. Манай сургууль дадлагын газартаа Чех улсын ПИН" төслөөр Шаамар суманд өндөр хүчдэлийн цахилгаан шугам татаж оруулсан нь Шаамар сумын тэр орчмын тог цахилгаангүй байсан хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэсэн нь ач тустай зүйл юм Цаашид гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамтран ажиллахад газрын гэрчилгээ зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Гэтэл Шаамар сумын Засаг дарга дадлагын газрын гэрчилгээг олгож өгөхгүй байгаа юм. Манай сургууль нь дадлагын газрынхаа гэрчилгээ бичиг баримтыг байгууллагынхаа нэр дээр гаргуулахаар олон жилийн хугацаанд Шаамар сумын Засаг даргад хандан хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч шийдвэрлэж өгөхгүй байгаа болно. 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөн хүсэлт гаргаж албан бичиг явуулсан боловч одоог хүртэл хариу өгөөгүй юм. Иймд Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандаж 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гомдол гаргасан боловч мөн л хариу ирүүлээгүй болно. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга хариу өгөхгүй байгаа тул шүүхэд хандаж энэ нэхэмжлэлийг гаргаж байна. Манай сургуулийн 15-н жилийн хугацаанд зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байгаа газрын гэрчилгээг Шаамар сумын Засаг дарга олгож өгөхгүй байгаа явдал нь манай сургуулийн оюутнуудын сурч боловсрох, мэргэжил эзэмших эрхэнд саад учруулж байгаа үйлдэл гэж үзэж байна.

Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж манай сургуулийн Ойжуулалтын мэргэжлийн ангийн дадлагын газрын гэрчилгээг олгох тухай захирамж гаргахыг Шаамар сумын Засаг даргад даалгаж өгнө үү...гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие нь нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн дээрх газар нь ямар хэмжээтэй байсан одоо ямар хэмжээтэй болсон нь кадастрын тухай хуулийг зөрчсөн эсэх нь нотлох нөхцөлгүй байгаа болно. / шууд хэн нэгэн эрхтэн дархтаны хүсэлтээр хууль зөрчиж шийдвэр гаргаж гэрчилгээ олгох боломжгүй юм /. Сүхбаатар сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь иргэн ******* 2.5 га газрын газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ шилжүүлэн авсан нотлох баримт, нотариатын гэрээ, нотолгоо байхгүй учир Газрын тухай хуулинд заасны дагуу тухайн газар эзэмших эрхийг шилжүүлэх боломжгүй болно. Үүнд:

38 дугаар зүйл.Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, 38.1.Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана. 38.2.Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:

38.2.1.нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ;

38.2.2.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо;

38.2.3.албан татвар, хураамж төлсөн тухай баримт заасан байна.

 

Тухайн байгууллагын гаргаж байгаачлан олон жилийн хугацаанд шийдэж өгөхгүй байна гэдэг өргөдөл нь ташаа мэдээлэл бөгөөд хуулинд заасан холбогдох бичиг баримтыг бүрдүүлж ирэхгүй газар эзэмшиж байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болж байгаа бөгөөд Үүнд: Газрын тухай хууль 27 дугаар зүйлийн 27.3.Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна. 27.4. Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасныг зөрчиж байна.

Мөн тус Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь Өндөр хүчдэлийн цахилгаан шугам татахдаа эрх бүхий байгууллагаас гаргаж өгсөн шугамын трассын дагуу өндөр хүчдэлийг таталгүй дур мэдэн айл өрхийн эзэмшил болон өмчлөлд байгаа газар хашаан дээгүүр татсан Эрчим хүчний тухай хууль зөрчиж байгаа болно. Дээрх олон хуулийн заалтууд зөрчигдөж байгаа учир шийдвэр болон гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй удаа дараа холбогдох удирдлага, өмгөөлөгч ******* нарт ирж уулзахад нь тайлбарлаж байсан болно...гэжээ.

Иргэн ******* шүүхэд гаргасан тодорхойлолтондоо: ... Иргэн ******* би Сэлэнгэ аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд Шаамар сум дахь өөрийн эзэмшлийн 1.4 га газрыг 2004 онд шилжүүлж өгсөн юм. Тухайн үед үл хөдлөх хөрөнгийн хамт шилжүүлж өгсөн болно. Одоо би Сэлэнгэ аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс 1.000.000 / нэг сая / төгрөгийн авлагатай гэж үзэж байна. Сэлэнгэ аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн удирдлагуудтай хэлэлцэн зөвшилцөж тохиролцож 1.000.000 / нэг сая / төгрөгөө авах боллоо.

Иймд иргэн ******* би цаашид ямар нэгэн санал хүсэлтгүй нэхэмжлэх зүйлгүй, төлбөр тооцоо бүрэн дууссан. Сэлэнгэ аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 1.4 га газрын газар эзэмших эрх олгож өгнө үү ... гэжээ.

Сэлэнгэ аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал *******, ерөнхий нягтлан бодогч *******, эрх зүйн харилцаа хариуцсан ажилтан *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар нь шүүх хуралдааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээндээ :

Нэхэмжлэгч тал, хариуцагч тал 2 харилцан тохиролцож дараахь байдлаар эвлэрлээ. Үүнд :

1.Иргэн *******гийн шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолтыг үндэслэн Сэлэнгэ аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 1.4 га газрын гэрчилгээг гаргуулж өгнө.

2. Одоо эзэмшиж байгаа 2.5 га газраас 1.4 га газрын газар эзэмших гэрчилгээг Сэлэнгэ аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд олгож өгөөд үлдэх 1.1 га газар эзэмших эрхийг Сэлэнгэ аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв өөрөө журмын дагуу хүсэлтээ гаргаад явахад газар эзэмших эрх олгоход татгалзах зүйлгүй.

Эхлээд 1.4 га газрын гэрчилгээг иргэн *******гийн нэр дээр гаргаад эрх шилжүүлэх гэрээ хийж Сэлэнгэ аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд гаргана гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ерөнхий нягтлан бодогч *******, эрх зүйн харилцаа хариуцсан ажилтан *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Шаамар сумын газрын даамал ******* нар нь шүүх хуралдааны явцад харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасны дагуу хэргийн оролцогч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж гарын үсэг зуран уг хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд талууд эвлэрлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй ба уг шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар биелэгдэхийг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрлийг баталж, нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн Газар ээмших эрхийн гэрчилгээ олгох захирамж гаргахыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргад холбогдуулж үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь төсөвт байгууллага байх тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар дээрх асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, энэхүү шүүчийн захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ж.БУРМАА