Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 121/2022/0149/З |
Дугаар | 221/МА2023/0249 |
Огноо | 2023-04-12 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2023/0249
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч “БМ” ХХК
Хариуцагч ӨВАЗД
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0004 дугаартай;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 121/2022/0149/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “БМ” ХХК-аас ӨВАЗД-д холбогдуулан “ӨВАЗД-ын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/567 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0004 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “БМ” ХХК-ийн ӨВАЗД-д холбогдуулан гаргасан “ӨВАЗД-ын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/567 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А давж заалдах гомдолдоо:
3.1. Манай компанийн гаргасан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд татгалзсан хариу өгсөн, ӨВАЗД-тай маргасан захиргааны хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд тус хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан.
3.2. Манай компани тус шийдвэртэй санал нийлэхгүй байгаа бөгөөд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг утга агуулгын хувьд бүрэн ашиглаагүй, тус хуулийг ашиглахдаа утга агуулгын алдаатай ашигласан, бусад Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн үйлдлүүдийг хэрэгт онцын хамааралгүй гэж үзсэн зэргийг хуульд нийцээгүй байна хэмээн үзээд, тус хэргийг давж заалдах шатны шүүхээр бүхэлд нь дахин хэлэлцүүлж өгөхийг хүсч байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
2.1. Нэхэмжлэгч “БМ” ХХК-аас Өвөрхангай аймгийн Баянгол сумын Цагаан булан 3 дугаар багийн нутагт дэвсгэрт байрлах “Улаан нуур-4” нэртэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг хүлээн авч, ӨВАЗД-ын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/279 тоот албан бичгээр Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд талбайн санал авахаар хүргүүлсэн байна.
2.2. Өвөрхангай аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 9 дүгээр хуралдаанаар хэлэлцээд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “БМ” ХХК-д олгох хүсэлтийг дэмжихгүй байхаар шийдвэрлэж, уг хуралдаанаас гаргасан шийдвэрээ 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №01/26 албан бичгээр ӨВАЗД-д хүргүүлсэн байх бөгөөд уг саналд үндэслэн ӨВАЗД 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №1/567 албан бичгээр “БМ” ХХК-д “түгээмэл тархацтай ашиг малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй” талаар мэдэгджээ.
2.3. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл, нэгэнт ӨВАЗД-аас Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “дэмжихгүй” гэсэн саналд үндэслэж “БМ” ХХК-д түгээмэл тархацтай ашиг малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан дүгнэлтийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасантай нийцэж байна.
2.4. Өөрийн орон нутагт харьяалагдах талбайд тусгай зөвшөөрөл олгох хүсэлтийг “дэмжих” эсэх нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Өвөрхангай аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудал байна.
3. Хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 121/ШШ2023/0004 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА