| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2021/0070/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/67 |
| Огноо | 2021-05-27 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/67
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,
улсын яллагч А.Баясгалан,
шүүгдэгч П.*******,
түүний өмгөөлөгч М.Гансүх нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Булгадар овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2131000750064 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,*******ийн ******* РД:/*******/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч П.******* нь 2021 оны 03 дугаар сарын 16-наас 2021 оны 03 дугаар сарын 17-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Voice” нэртэй караоке баарны гадна бусадтай үл ялих зүйлээр шалтаглан зодолдож, иргэн Б.*******г газарт унаган, нүүр тус газар нь цохиж, биед нь хамрын таславчийн мурийлт, дух хөмсөг, зовхи, хамрын хянга нуруунд хавантай зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт П.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Гантулгын өгсөн: “...Би энэ залуучуудтай хэрүүл маргаан болоход цуг яваагүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Маргалдсан залуучуудын дунд манай ажлын хоёр залуу байсан. Би очоод салгах гэсэн боловч ******* гэдэг залуу ирээд намайг мөргөсөн. Тэгэхээр нь би согтуу хүн юм даа гэж бодоод орхисон. Тэр хүн намайг олон удаа өдөөд байхаар нь нэг түлхсэн. Би бол маргалдаагүй зөвхөн салгах гэж очсон. Би бол *******г танихгүй зөвхөн ажлын газрын хүмүүс байхаар нь салгах гэж л очсон...” гэх мэдүүлэг[1],
2.Хохирогч Б.*******гийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би *******гийн хамт “Хөх чулуут” дэлгүүр рүү явах замд байдаг нарийн гудамжинд явж байхад араас ******* гэх залуу “Хөөе хөгшөөн” гэж дуудсан. Надад дүү хүүхдүүд шиг харагдсан учир “яасан ахын дүү” гэж хэлсэн чинь ******* гэх залуу “Хэзээ би чиний дүү болчихсон юм” гээд хүрч ирээд муудалцсан. Энэ үед ******* “адилхан ууж идсэн хүмүүс байж муудалцаад яах юм бэ?, ингээд зүгээр явцгаая” гэж хэлсэн. Тэгээд байж байтал *******тай хамт явж байсан нэг залуу нь *******г заамдаж авсан. ...Тэгээд бид залуучуудаас салаад явж байтал араас ******* гэх залуу хүрч ирээд шууд намайг татаад миний нүүр рүү цохьсон. Энэ үед ******* гэдэг залуу надад хандан “чи яах гээд байгаа юм бэ?” гээд нар руу ойртохоор нь би эрүү рүү нь 1 удаа мөргөсөн. Тэгсэн чинь ******* намайг явган хүний зам дээр унагаагаад цохьсон. Тэгсэн чинь гэнэт цагдаа гарч ирээд ******* болон хамт явж байсан 2 залуу нь зугтаасан...” гэх мэдүүлэг[2],
3.Гэрч Д.*******ын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тооцоогоо хийчихээд гарч ирэхэд караокены гадаа *******г нэг бүдүүн залуу заамдчихсан, ******* нэг намхан залуутай муудалцаад байх шиг байсан. Би тэд нар дээр очоод салгаад “та нар больцгоо, битгий маргалдаад бай, одоо ингээд харьцгаая гээд би *******, ******* нарыг дагуулаад хуучин цагаан идээ зардаг дэлгүүрийн хажуугаар гараад вокзал руу явж байтал араас нэг хантаазтай залуу хүрч ирээд *******г цохисон. ******* цохиулчихаад “чи яаж байгаа юм бэ? гээд хантаазтай залууд хэлэхэд хажуугаар нь намхан залуу орж ирээд шууд газар унагаасан. Би салгах гээд очтол цэнхэр хантаазтай залуу “чи яах гээд байгаа юм” гээд 2 залуу хоорондоо учраа олог, чи орж яах гээд байгаа юм гээд намайг ойртуулахгүй байсан. Тэгээд байж байтал цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч Н.*******ын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн үед *******ыг зодоонд орох гэж байна гэж бодоод *******ыг хойш нь түлхэж унагаасан. Тухайн үед намайг гэнэт ухаан ороход ******* танихгүй залуутай зодоон хийсэн байсан...” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч Б.*******ий 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ахын дүү нар явцгаа гэж хэлээд байсан залуу гэнэт намайг юүдэн малгайнаас татаж газарт унагааж миний нүүр рүү олон удаа өшиглөсөн. Яг миний нүүр рүү өшиглөөд оносон. Бусад өшиглөлтүүдийг би гараараа хаасан. Миний нүүр амнаас цус гараад байхаар нь караоке руу орж цусаа угаах гээд орсон...” гэх мэдүүлэг[5],
6.Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 80 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1. Б.*******гийн биед хамрын таславчийн мурийлт, дух, хөмсөг, зовхи, хамрын хянга нуруунд хавантай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт[6],
7.Шүүгдэгч П.Гантулгын яллагдагчаар 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: 2021 оны 03 дугаар сарын 16-наас 17-ны өдөр шилжих шөнө Ганбаяр гэдэг найзтайгаа “Voice” караоке орсон. Караоке ороод Ганбаяр бид хоёр 4 шил пиво уусан. Тэгээд 23 цаг өнгөрч байхад караокенаас гарсан. Гараад байж байтал “Алтан тариа” ХХК-д хамт ажилладаг *******э, ******* нар хүмүүстэй хэрүүл маргаан үүсгээд байж байсан. Тэгээд би очоод салгах гээд дундуур нь орсон чинь ******* гэх залуу намайг 1 удаа мөргөсөн. Тэгэхээр нь би согтуу хүн гэж бодоод босоод явах гэтэл намайг дахиад мөргөсөн. Тэгэхээр нь би баруун гараараа толгойн чамархай хэсэгт нэг удаа цохиод түлхэж унагаасан. Тэгсэн чинь ******* газарт унахдаа хуучин сүү, цагаан идээ зардаг дэлгүүрийн довжоо хэсэг дээр нүүрээрээ унасан. Босож ирэхэд нь нүүр, амнаас нь цус гарсан байсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд бид хэд цагдаа явсан...” гэх дүгнэлт[7], 8.Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 81 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.П.Гантулгын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт[8], 9.Яаралтай тусламжийн хуудас[9], 10.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт[10], 11.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11], 12.Захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12], 13.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[13] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргасан болохыг дурьдах нь зүйтэй.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч Б.******* нь сэтгэл санааны хохиролд 600,000 төгрөг нэхэмжилж байна гэж шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүгчийн туслахад хэлсэн хэдий ч гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний зардлын баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.Гантулгыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч П.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх өмгөөллийн дүгнэлтдээ: “...Хэдэн нөхдүүд зодолдож байж, миний үйлчлүүлэгч салгаж, тэгээд цохихоор нь түлхсэн үйлдэл юм. *******гийн биед ******* гар хүрсэн. Гантулгын түлхдэг нь өөрийгөө хамгаалах гэж түлхсэн. Гэмт хэрэг үйлдсэн хүн ******* болох байжээ гэж харж байна. Хүнийг цохичихоод түлхэж унагаана гэж байхгүй...” гэсэн байр суурийг илэрхийлж өмгөөллийн дүгнэлтээ хийсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагч А.Баясгалангаас тайлбартаа “...Шүүгдэгч П.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. П.Гантулгын хувьд энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Бусдад төлөх төлбөргүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардлыг шүүгдэгчээс гаргуулахгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн битүүмжлэгдэж ирсэн эд зүйл байхгүй” гэж хуульд заасан дарааллын дагуу мэтгэлцэх зарчмын үндсэн дээр харилцан дүгнэлт, тайлбараа хийсэн.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4 дэх хэсэгт заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”, түүний хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч П.*******д анхааруулан шийдвэрлэсэн.
Шүүгдэгч П.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Булгадар овогт *******ийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гантулгыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гантулгын цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч П.*******д анхааруулсугай.
5.Шүүгдэгч П.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ