| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2020/0166/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/72 |
| Огноо | 2021-06-04 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 11.1.2.4., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/72
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүгч Э.Оюунтунгалаг, шүүгч, А.Нарантуяа нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч Б.Амаржаргал,
улсын яллагч А.Баясгалан,
шүүгдэгч Н.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Баярхүү,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,
нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Мянган овогт *******гийн *******ад холбогдох эрүүгийн 2031000000148 дугаартай хэргийг 20201 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн *******гийн *******, РД:/ *******/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Н.******* нь 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 08 цагийн
орчимд эхнэр Б.*******г бусадтай хардан, хэрүүл маргаан үүсгэн зодож, улмаар хутгаар хэвлийн тус газарт нь хутгалж /зэвсэг хэрэглэж/ биед нь хэвлийн урд хананд хатгагдаж, хэвлийн хөндийд нэвтэрсэн ил шарх бүхий хүнд хохирол санаатай учруулах гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүдэгч Н.******* нь 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 08 цагийн орчимд эхнэр Б.*******г бусадтай хардан, хэрүүл маргаан үүсгэн зодож, улмаар хутгаар хэвлийн тус газарт нь хутгалж (зэвсэг хэрэглэж) биед нь хэвлийн урд хананд хатгагдаж, хэвлийн хөндийд нэвтэрсэн ил шарх бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт Н.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй гэм буруугаа хүлээж байна, гэснээр шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчаар өгсөн мэдүүлгээс: 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 02 цагийн үед Сэлэнгэ аймгийн Бугант тосгоноос Гэрэлээ гэдэг хуурай ахын хамт түүний том оврын ачааны машинаар Сүхбаатар суманд ирсэн. Тэгээд бид хоёр Гэрэлээ ахын гэрийн гадаа буюу Салхитын аманд хоёр тийшээ салсан. Ингээд би гэр рүүгээ ганцаараа харьсан. Би гэртээ ирээд Бугантын дэлгүүрээс авсан 0.5 литрийн “Хараа” архи 2 шилийг эхнэртэйгээ хувааж уусан. Архи уухдаа маргалдаж хэрэлдсэн зүйл байхгүй. Тэгээд өглөө дэлгүүр ажиллах үеэр архинд яваад замд хүмүүстэй архи хувааж уусан. Тэр архи хувааж уусан хүмүүс хэн байсан талаар мэдэхгүй байна. Нэлээн согтсон юу болсноо мэдэхгүй байна. Нэг мэдэхэд Б.******* гэдэг эхнэр маань манай байшингийн шалан дээр дэвссэн гудсан дээр цус болчихсон хэвтэж байсан. Тэгээд би цагдаад дуудсан юм. ...Би тухайн хэрэг явдал болох үед согтсон байсан. Юу болсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан нэг мэдсэн эхнэр цустайгаа холилдсон, газар дэвссэн гудсан дээр хэвтэж байсан. Миний гарт болохоор цонхны хагархай шил байсан. Гэхдээ би эхнэрийнхээ эрх чөлөөнд халдаж биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ” гэх мэдүүлэг ,
2.Хохирогч Б.*******гийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Болсон асуудлын тухайд гэвэл 2020 оны 07 дугаар сарын 08-ны орой намайг гэртээ 3 хүүхдийнхээ хамт байж байтал миний нөхөр Н.******* нь 1900-2000 цагийн орчимд над руу өөрийнхөө 99895799 утсаар залгаад Бугантаас хөдөлж байна гэж ярьсан. Тэгээд 23 цагийн үед өөрийнхөө 99895799 дугаарын утаснаас дахиад залгаад 4 зам өнгөрөөд явж байна гэж хэлсэн юм. Би нөхөр Н.*******ыг хүлээгээд унтаагүй байж байтал 2020 оны 07 сарын 09-нд шилжих шөнийн 02 цагийн үед гаднаас ганцаараа орж ирсэн. Тэгээд миний нөхөр ******* нь толгой, гар, нүүрээ угаагаад, хоол цайгаа уусны дараа барьж ирсэн 0.5 литрийн “Хараа” архиа задлаад бид 2 ууцгаасан. Би тэр архинаас 50 граммын хундагаар 2 удаа уусан. Ингээд би үүрээр 04 цагийн орчимд хэсэг зүйрмэглэж байтал миний нөхөр ******* нь “...чи хүн дөнгөж саяхан ирж байхад унтах гэлээ, ганц шөнийн нойр даахгүй байна уу?” гээд зүүн шанаа руу гараараа цохисон. Тэгэхээр нь би гэрээсээ гараад саравчинд ороод нуугдсан. Манай нөхөр хэсэг хугацааны дараа хашаан дотроо гарч ирснээ “Ука хаана байна аа” гээд орилоод байхаар нь би хашаанаас гараад гэрийнхээ ойролцоох усны үерийн жалганд ороод нуугдаад сууж байтал Н.******* нь ээжийнхээ буюу урд талын хашаанаас гараад ирж байхыг нь би хараад саравч руу буцаад орсон. Миний нөхөр Н.******* нь тэр хавиар холхиод байсан ба гэнэт цонхны шил хагарах чимээ гарахаар нь саравчны завсраар харахад манай хөрш айл болох Тулгаагийн байшингаас Н.******* гарч гүйгээд манай байшин руу гүйгээд орж байсан. Тэгээд цонх хагарсны дараа нэлээн нам гүм болчихоор нь би нөхрийгөө унтчих шиг боллоо гээд байшингийн цонхоор харахад манай 3 хүүхэд байшингийнхаа цонхоор бодвол аав, ээж нар нь гэртээ харагдахгүй болохоор нь харж байгаа бололтой зогсож байсан. Бага хүү уйлж байхаар нь “аав чинь байна уу” гэхэд гараад явсан гэж хэлсэн. Би эргээд харсан чинь хадам ээж *******гийн хашаанаас Н.******* гараад над руу хараад “гэр лүү ор, хаанаас ирж байгаа юм бэ” гэж хэлэхэд нь би гэртээ орсон. Намайг гэрт ороход ******* эхлээд 1 удаа өшиглөөд, тэгэнгүүт нь би арагшаа саваад шалан дээр унасан. Тэгээд Н.******* “хэнтэй янхандсан бэ? чамайг 3 хүнтэй янхандсан гэнэ, үнэнийг чинь заавал хэлүүлнэ” гээд гараа ам руу хийж завжнаас татаж бариад хэрүүл хийгээд байсан. Тэр хооронд би хүүхдүүдээ эмээгээ дуудаад ир гэж хадам ээжийнх рүүгээ явуулсан. Тэр хооронд манай нөхөр “хүүхдүүд чамайг өөр хүнтэй унтсан гэж хэлж байна шүү” гээд ам руу гараа хийгээд татсан юм. Тэгээд том хүү орж ирээд “эмээ гарцгаа, яв гэж байна” гэж хэлж байсныг санаж байна. Манай нөхөр намайг газар унасан байхад дээрээс дарж хөл дээр суучихаад гар хуруугаа ам руу хийж татаж бариад байхаар нь ямар ч байсан хүүхдүүдээ гэрээс гар гэж хэлээд гэрээс гаргуулсан. Тэгсэн манай нөхөр “чи үнэнээ хэлдэггүй юм бол тэр залуучуудыг чинь алнаа” гээд шургуулгаас цэнхэр өнгийн иштэй хутга авахад нь би очоод “хүүхдүүдээ айлгаад яах гээд байгаа юм, хүн амьтан алчихвал яана” гээд гараас нь барихад Н.******* миний хэвлий рүү нэг удаа хатгаад, цааш эргэхэд араас хатгасан. Би яг тэр үед нурууны араасаа хатгуулснаа мэдээгүй. Хутга булаацалдаж байх хооронд л хатгасан юм шиг байна лээ.Тэгээд ямар ч байсан миний гэдэс хэвлийнээс цус гараад өвдөлт мэдрэгдээд хойд талын газар зассан ор, гудас дээр унаад өгсөн юм. Тэгээд удалгүй миний нөхөр Н.******* нь цагдаа руу залгаад “би эхнэрээ хутгалчихлаа” гэж яриад байсан ба тун удалгүй цагдаа ирээд түүнийг гавлаж байсан. Түүний дараа хадам ээж ирсэн юм. Болсон асуудал ердөө энэ. Би энэ асуудлаас болж аймгийн Нэгдсэн эмнэлэгт 07 дугаар сарын 9-ний өдрөөс 17-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Надад өөр хэлж ярих ямар нэгэн санал хүсэлт гомдол бас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг ,
3.Иргэний нэхэмжлэгч Г.Отгонсүрэнгийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хашаа руугаа ороод байшин руугаа очиход манай нэг цонх хагарсан байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд 2 цагдаа ирээд тиймээ манай гэрийн цонхыг ******* гэдэг хүн хагалсан юм өдөр ажлын хэсэг ирж үзлэг хийсэн гээд төв рүү утасдаад гэрт оролгүй явсан. Би гэртээ ороход шалан дээр шилний хагархай, цэцгийн сав унаад шороо асгарсан цонхны ирмэг дээр цус болсон. Мөн шал, өрөөний хаалганы бариул нэлэнхүйдээ цусаар бохирлогдсон, цусан дусал байсан. Тэгээд хойд өрөөний цонхыг хагалсан байсан. Манай гэрээс алга болсон зүйл байхгүй. Миний хувьд хагарсан цонхны зах зээлийн үнийг төлүүлмээр байна. Манайх “Ашид Билгүүн” ХХК-нд эд зүйл цонхны үнэлгээ хийлгэсэн юм. Н.******* нь цонхны үнийг төлж өгөөгүй, би хохирлоо яаралтай төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг ,
4.Гэрч Б.*******гийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* одоогоос 3-4 хоногийн өмнө Бугант явсан юм. Гэтэл өнөө өглөө буюу 2020 оны 07 дугаар сарын 09-ний өглөө 07 цагийн үед бороо орж байхад хаалга татаж орж ирээд тамхи, гал байна уу гээд нэлээн согтуу уцаарласан байдалтай тамхи аваад гарсан хэсэг хугацааны дараа дахин орж ирээд “Ука муу газрын гай утас, мөнгө аваад явчихлаа” гэх мэтийн юм яриад уурлаад байсан. Тэгэж байгаад буцаад гараад явсан. Тэгээд 11 цагийн орчимд дахин орж ирээд ...би эхнэрээ алчихлаа... гэх мэт юм хэлэхээр нь би уурлаад “чи юу яриад хуцаад байгаа юм, цаашаа яв толгой тархи өвдөөд, даралт ихсээд байна” гэж хэлээд явуулсан. Удалгүй цагдаа ирээд та *******ын ээж мөн үү? гэрээс нь ороод хүүхдүүдийг нь авчихаач гэхэд би гарч хамт гэрт нь орсон ...” гэх мэдүүлэг ,
5.Гэрч О.*******ын 2020 оны 07 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 09-ний 10 цаг 50 минутанд түргэн тусламжийн 103-аар ******* гэх эмэгтэй ирсэн. Тэгээд жижүүрийн эмч /гэмтлийн эмч *******/ эмчийн зааварчилгаагаар эмчилгээ хийж шинжилгээ авсан. ******* гэх эмэгтэй ирэх үедээ хэвлийн тус газар буюу хүйсний доод талд хутганы шархтай. Өвдөлт ихтэй шоктой ирсэн...” гэх мэдүүлэг ,
6.Гэрч Б.*******ын 2020 оны 07 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 40 минутын үед амбулаторын өрөөнд ажлаа хийж байх үед миний утсаар хүлээн авахын сувилагч залгаж, “энд хутгалуулсан хүн ирлээ” гэж хэлээд би очиж үзэхэд өвчтөн нь хэвлийдээ хутгалуулж, цус алдсан, хэвлийгээр өвдөлт ихтэй, өвдөлтийн шоктой байсан. Амин үзүүлэлтийг яаралтай үзүүлж шинж тэмдгийн эсрэг эмчилгээ хийж яаралтай шарханд анхдагч цэгцлэлт хийсэн. Хэвлийд сул шингэн байсан тул яаралтай хэвлийн хөндийг нээж, шалгах мэс засалд орохоор шийдвэрлэсэн...” гэх мэдүүлэг ,
7.Гэрч Б.*******ийн 2020 оны 07 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн үед Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгээс манай төрсөн ах руу утсаар залгаж “*******гийн ар гэрийн хүн мөн үү танай дүү хүнд хутгалуулсан байна” гэж залгасан гэж ах надад хэлсэн. Тэгээд би эгч хүргэн ах, ******* эгчийн охины хамт 19 цагт ирсэн. ******* эгчийн нүүр, ам хавдсан байдалтай байсан ба эмч хагалгаанаас ороод ирлээ, бие нь хүндэвтэр байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг ,
8.Гэрч Ж.*******гийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 12 цагийн үед над руу утсаар залгаж “Укаг Адъяа хутгалчихлаа гэнэ чи эмнэлэгт хурдан оч” гэж хэлэхээр би шууд эмнэлэгт очсон. Тэр үед Б.*******гийн нүүр, ам хавдсан байдалтай, ёолоод эмнэлгийн орон дээр хэвтэж байсан. Сувилагч нь надад хандаж “одоо өвчтөн хагалгаанд орох гэж байна хувийн хэрэгцээт зүйлийг авч ирж өг” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг ,
9.Гэрч Ц.ийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Н.******* нь даруу төлөв ажилсаг залуу байгаа юм. Харин уухаараа Н.******* догшин зантай болчихдог юм. Манайд нэг удаа агсам тавьж байсан. Н.******* нь хааяа хашааныхаа гадна чанга, чанга дуугараад хашгирч байхыг харж байсан. Хоорондоо зодолдог эсэхийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг ,
10.Гэрч А.ын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Манай багийн бүртгэлд Н.******* ам бүл 5, эхнэр Б.******* болон 2-6 настай хүүхдүүдтэйгээ байдаг. Амьжиргааны түшингээс доогуур орлоготой өрх байгаа юм...” гэх мэдүүлэг ,
11.Гэрч Н.ын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Н.*******ыг 2006 оноос хойш мэднэ. Ээждээ агсам тавилаа гээд ойрхон эрүүлжүүлэгдэж байсан. Архи уусан үедээ хэрэг, зөрчилд холбогдох магадлалтай, догшин, ширүүн зантай хүн байгаа юм. Гэр бүлийн хувьд амьжиргааны түшингээс доогуур орлоготой өрхөд хамаардаг...гэх мэдүүлэг ,
12.Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргал 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 219 дугаартай дүгнэлтийн : “...1. Б.*******гийн биед хэвлийн урд хананд хатгагдаж, хэвлийн хөндийд нэвтэрсэн ил шархтай, зүүн зовхинд хөх өнгийн цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт , 13.Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл , 16.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт , 17.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас , 18.2001 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 250 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол , 19.Хохирогчийн Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх , 20.Шүүгдэгчийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар , 21.Аюулын зэргийн үнэлгээний маягт , 22.Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт , 23.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримт болно.
Гэм буруугийн талаар улсын яллагч “Шүүгдэгч Н.******* нь 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 08 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум Хонгорморьт 1 дүгээр баг 2 дугаар хэсэг, 139 тоотод байрлах өөрийн гэртээ согтуугаар эхнэр Б.*******г бусадтай хардаж хэрүүл маргаан үүсгэн зодож, улмаар хутгаар хэвлийн тус газарт нь хутгалж /зэвсэг хэрэглэж/ биед нь хэвлийн урд хананд хатгагдаж, хэвлийн хөндийд нэвтэрсэн ил шарх, зүүн зовхинд хөх өнгийн цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Хохирогчийн биед санаатайгаар зэвсэг ашигласан мөн эхнэрийн биед хүч хэрэглэн хутгалж байгаа үйлдэл нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний бие махбодод хүч хэрэглэсэн үйлдэл буюу гэр бүлийн хүчирхийлэл гэж тодорхойлогдож байгаа иймд шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/, 2.4 дэх /зэвсэг хэрэглэн/ гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутай гэв.
Гэм буруугийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч “Н.*******ын хувьд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа хохирогчид учирсан хор уршиг болон хохирол арилсан. Иргэний нэхэмжлэгчийн хувьд хохирол төлбөрийг барагдуулсан. Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй” гэв.
Иргэдийн төлөөлөгч Б.Амаржаргал: “Шүүгдэгч Н.*******ыг гэм буруутай” гэж дүгнэсэн.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч гэм буруу, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.
Хавтаст хэргийн 24-25 дугаар талд хохирогч Б.*******гийн өгсөн: “...би үүрээр 04 цагийн орчимд хэсэг зүүрмэглэж байтал миний нөхөр ******* нь “...чи хүн дөнгөж саяхан ирж байхад унтах гэлээ, ганц шөнийн нойр даахгүй байна уу?” гээд зүүн шанаа руу гараараа цохисон. Тэгэхээр нь би гэрээсээ гараад саравчинд ороод нуугдсан. Манай нөхөр хэсэг хугацааны дараа хашаан дотроо гарч ирснээ “Ука хаана байна аа” гээд орилоод байхаар нь би хашаанаас гараад гэрийнхээ ойролцоох усны үерийн жалганд ороод нуугдаад сууж байтал Н.******* нь ээжийнхээ буюу урд талын хашаанаас гараад ирж байхыг нь би хараад саравч руу буцаад орсон” гэсэн мэдүүлгээс дүгнэхэд тухайн үед хохирогч нөхрөөсөө айгаад үүрээр гэрийнхээ ойролцоо үерийн жалганд ороод нуугдаж байгаа үйлдэл нь сэтгэл санааны асар их хүчирхийлэл дарамтад айдас,түгшүүртэй амьдарч байсныг харуулж байна.
Шүүгдэгчийн гэр бүлийн хүрээнд үйлддэг хүчирхийллийн үйлдэл даамжирсны улмаас хохирогч Б.*******г хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршигтай шууд шалтгаант холбоотой болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.******* нь архи ууж согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж , гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хохирогч Б.*******гийн эрүүл мэндийн эсрэг, зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн, түүний эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирол, төлбөрийн баримт гаргаж өгөөгүй ба шүүгдэгчид гомдол саналгүй гэжээ.
Харин иргэний нэхэмжлэгчид учирсан “Ашид Билгүүн” ХХК-ний 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ДХҮ/120-19 дугаартай “...Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 01 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 139 тоотод байрлах байшингийн цонхнуудыг хагалсны улмаас учирсан хохирол 120,950 /нэг зуун хорин мянга есөн зуун тавин/ төгрөг болно...” гэж үнэлгээ тогтоосныг шүүгдэгч нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй байна.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Н.*******ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: “Шүүгдэгч Н.Адьяабатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/, 2.4 дэх /зэвсэг хэрэглэн/ зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалтай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэв .
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Н.*******ын хувьд үйлдсэн гэм хэрэгтэй өөрөө сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Түүнд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг мөн 1.2-т зааснаар хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн. Тухайн хэрэг явдал болоход Н.******* нь өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.5-т зааснаар өөрийгөө илчилсэн гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэгчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. ...Шүүгдэгч Н.******* нь өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна гэж заасан тул аль болох хөнгөн шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна” гэв.
Шүүгдэгч Н.*******ад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг нь хүчирхийлэл үйлдэгчийн байнгын шинжтэй үйлдлээс хохирогч нь сэтгэл санаа, бие эрхтэн, эдийн засгийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирдог. Шүүгдэгч нь эхнэр Б.*******гийн эсрэг сэтгэл санаа, бие эрхтний эсрэг хүчирхийлэл үйлдсэн нь байдал тогтоогдсон. Шүүгдэгч нь хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн гэж байгаа ч эмнэлгийн тусламжийн үр дүнд амь нас аврагдсан байдаг. Энэ байдал нь амь биед аюултай гэсэн шалгуур шинжийг өөрчлөхгүй. Иймд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хор уршиг болон хохирол арилсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, гэмт хэргээ илчилсэн гэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлаж, эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү” гэж дүгнэж байгаа өмгөөлөгчийн саналыг хүлээж авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон тусгай ангид заасан тул хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй.
Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй, Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Дээрх нөхцөл байдлуудыг дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч Н.*******ад 06 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Ялтан Н.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 117 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг өөрчилж, цагдан хорьж түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь хуульд нийцнэ.
Энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн бариултай, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгав.
Шүүгдэгч Н.******* болон түүний өмгөөлөгч нарын зүгээс хохирогчийн биеийн байдал одоо ямар байгаа, хор уршиг арилсан эсэхийг асуух зорилгоор шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулах санал гаргасан бөгөөд улсын яллагчаас хохирогчоос хэргийн талаар хууль сануулж авсан мэдүүлгээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэсэн дүгнэлтэд үндэслэн;
Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт ирүүлсэн тохиолдолд хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулна. Шүүх хуралдаанд хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэж хуульчилсан тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Мянган овогт *******гийн *******ыг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч Н.*******ад 06 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Н.*******ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Н.*******ын энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 117 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг өөрчилж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс цонхны үнэ 120,950 /нэг зуун хорин мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан, иргэний нэхэмжлэгч Т.Отгонсүрэнд нөхөн төлснийг дурьдсугай.
7.Энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн бариултай, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
11.Гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ