| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2020/0196/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/79 |
| Огноо | 2021-06-21 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/79
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, улсын яллагч О.Эрхэмбаяр, шүүгдэгч Б.*******, Б.*******, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Хорхон овогт *******ын *******, Боржигин овогт *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 2031002530189 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт /яллах дүгнэлтээр/,
1. Монгол улсын иргэн *******ын *******, РД:/*******/;
2. Монгол улсын иргэн *******ын *******, РД:/*******/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” сумын 3 дугаар багийн нутаг “Давст” гэх газраас 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн II жагсаалтад орсон “Дельта-9” тетра-гидро-каннабинол” ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн нутаг “Давст” гэх газраас 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн II жагсаалтад орсон “Дельта-9” тетра-гидро-каннабинол” ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэсэн” гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв...” гэснээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдийг шинжлэн судлав[1],
2.Шүүгдэгч Б.*******ын 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр *******ий ээжийн машинаар “Хяраан” гэх газар руу голд орох болон газар үзэхээр явсан. Гол руу явах замдаа тэр хавиар ургадаг “Канабис” гэсэн мансууруулах ургамал байгаа эсэхийг хайж үзье гэж хоорондоо ярилцсан. “Хяраан” гэх газраасаа цаашаа өнгөрөөд нэг уулын бэлд айлын өвөлжөөний дэргэд ирсэн. Өмнө интернет болон цамцны лого дээр байдаг навчтай ургамал тэр газарт дүрээрээ ургасан байсан. Тэгээд бид хоёр тэр ургамлыг уутанд түүсэн. Тэгээд ургамал түүж байтал тэр газарт Зил-131 машинтай хэсэг бүлэг хүмүүс ирээд бид нарыг барьж авсан...” гэх мэдүүлэг[2],
3.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэснээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдийг шинжлэн судлав [3],
4.Шүүгдэгч Б.******* 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би уг гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал нийлэхгүй байгаа зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч Ч.*******гийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Маргааш нь буюу 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 12-13 цагийн үед би аавынхаа хашаанд зэрлэг зулгааж байтал ******* над руу утасдаад “******* бид хоёр гол орчихоод ирье, машинаа өгөөч” гэхээр нь би 80-23 СЭҮ улсын дугаартай машинаа тэр хоёрт хүргэж өгсөн. Машиныг ******* жолоодоод явсан. Тэр хоёр гэртээ ирэхгүй удаад байхаар нь би *******ий утас руу утасдахад утас нь холбогдохгүй байсан. Ор сураггүй алга болчихсон болохоор нөхөр бид хоёрын санаа зовж байтал шөнийн 02 цаг өнгөрч байхад над руу нэг танихгүй дугаар утасдахаар нь утсаа автал “Хутаг өндрөөс ярьж байна” гээд нэг хилийн цэргийн алба хаагч ярьсан. Тэр алба хаагч *******, ******* хоёрыг хил зөрчөөд ургамал түүсэн талаар хэлсэн...” гэх мэдүүлэг[5],
6. Гэрч С.*******ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ганцаараа албаны мотоцикль жолоодоод явж байтал 16 цагийн үед Алтанбулаг сумын 3 дугаар баг, “Давст” гэх хилийн зурвас газар буюу улсын хилээс 2 километр орчим зайд айлын эзгүй өвөлжөөний дэргэд өндөр өвсөн дунд нэг цагаан өнгийн суудлын машин зогсож байхаар нь ямар учиртай автомашин зогсож байгааг нь холоос хэсэг ажиглахад хоёр эрэгтэй хүн тонгойгоод газраас юм түүгээд байсан. Удалгүй тэр өвөлжөөний тэнд бор өнгийн 3ил-131 маркийн автомашин ирэхэд тэр цагаан өнгийн автомашин хөдлөөд бага зэрэг цаашаа явчихаад эргээд хүрээд ирсэн. Ингээд би тэр машинтай хүмүүс рүү очихоор мотоциклоо асаах гэтэл асахгүй 20 орчим минут болж арай гэж асаагаад тухайн өвөлжөөний тэнд очиход хэсэг бүлэг хүмүүс өвөлжөөний мод машинд ачиж байхаар нь би тэдгээр хүмүүсээс цагаан өнгийн суудлын машинтай хүмүүс ямар учиртай хүмүүс болох талаар асуухад 20 орчим насны хоёр залуу тэр машинтай явж байгаа талаараа хэлсэн. Ингээд тэр хоёр залууд машинаа шалгуулах шаардлага тавихад машинаа онгойлгож өгөхөөр нь харахад жолоочийн хажууд талын суудлын урд хэсэгт, шалан дээр хоёр ширхэг хөх өнгийн уутанд ногоон өнгийн нойтон ургамал түүж тавьсан байхаар нь ямар учиртай ургамал талаар тэр хоёр хүнээс асуухад “Канабис” гэсэн хар тамхины ургамал юм аа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[6],
7. Гэрч Б.ы 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр заставын дарга ахмад С.******* хилийн торны бүрэн бүтэн байдал шалгаж яваад 18 цаг 30 минутын үед застав дээр цагаан өнгийн машинтай 20 орчим насны хоёр залуугийн хамт ирсэн. Ингээд ямар учиртай хүмүүс болох талаар асуухад тэр хоёр залууг Хилийн 664 дүгээр тэмдэгтийн чиглэлд айлын өвөлжөөний урд талд ямар ургамал нь мэдэгдэхгүй ургамал түүж байхаар нь аваад ирлээ гэж хэлсэн. Ингээд тухайн болсон үйл явдлын талаар ангийн удирдлагад танилцуулаад тухайн хоёр залуугийн хамт ургамлыг түүсэн газар руу нь эргэж очиж ямар ургамал түүсэн талаар өөрсдөөр нь залгаж гэрэл зургийг нь дарж баримтжуулсан. Тэгээд заставын дарга бид хоёр нотломж бичиж өгсөн. Би тэр хоёр залуугаас тухайн ургамлыг ямар учиртай ургамал болох талаар асуухад хар тамхины төрлийн “Канабис” нэртэй ургамал гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[7],
8. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 4770 тоот дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.4.5. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 203100253 дугаартай Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг, “Давс” нэртэй газраас 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр сэтгэцэд нөлөөлөх бодис түүхий эд байж болзошгүй ургамал хууль бусаар түүсэн гэх” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс “Дельта 9” тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. 2.3.6. Эдгээр асуулт нь манай лабораторийн тодорхойлох хүрээнд хамаарахгүй тул шинжилгээ хийх боломжгүй...” гэх дүгнэлт[8], 9.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол[9], 10.Зөрчил шалган шийдвэрлэсэн ажиллагааны бүртгэл[10], 11.Эд зүйлд үзлэг хийж хүлээн авсан тэмдэглэл[11], 12.Гэрэл зургийн үзүүлэлт[12], 13.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[13], 14.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[14], 15.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[15] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.*******, Б.******* нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,
2 дахь хэсэгт: “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Харин энэхүү гэмт хэргийн улмаас байгаль орчинд шууд учирсан хохирол байхгүй байна. Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Б.*******, Б.******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэг улсын яллагчаас: “...Шүүгдэгч Б.*******, Б.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тухайн оногдуулсан ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд шууд учирсан хохирол байхгүй...” гэсэн эрүүгийн хариуцлагын саналыг хэлжээ.[16]
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байдал тогтоогдож байна. Тухайн гэмт хэрэгт хохирол төлбөрийн асуудал байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа үнэн зөв мэдүүлэг өгсөн. Энэ байдлуудыг харгалзан үзэх нь зүйтэй байх, мөн тухайн хар тамхийг түүж явахад нь таслан зогсоосон албан хаагч нарт ч мөн баярлах хэрэгтэй. Үүнийг бас шүүгдэгч нар маань эргэцүүлэх хэрэгтэй. Мөн прокурорын байгууллагаас өсвөр насны хүүхдүүдэд хор уршгийн мэдүүлэх хэрэгтэй гэж миний зүгээс боддог. Тийм учраас шүүгдэгч нарын ар гэрийн байдлыг харгалзан үзээд оногдуулсан ял шийтгэлийг тэнсэж өгөхийг хүсэж байна. *******ын хувьд залуу хүн удахгүй эхнэр нь төрөх гэж байна. *******ий хувьд бичиг үсгийн чадвар муу багаасаа хүнд өвчний улмаас бие нь өвддөг байсан болохоор сургуульд сайн сууж чадаагүй. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг хийсэн.[17]
Шүүгдэгч Б.*******, Б.******* нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа үйлдсэн” болон тэдгээрийн хувийн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл харгалзан үзсэн болно.
Харин шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшсэн, энэ гэмт хэргийн улмаас тэдгээр нь бусдад төлөх хохирол төлбөргүй, байгаль орчинд шууд учирсан хохирол байхгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.
Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг; -тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дугаар зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тэдгээрт тус тус анхааруулсан болно.
Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах” комисст даалгах нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хорхон овогт *******ын *******, Боржигин овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэж хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ тус бүрт авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дугаар зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******, Б.******* нарт анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******, Б.******* нарт анхааруулсугай.
5. Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах” комисст даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ