| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2021/0082/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/80 |
| Огноо | 2021-06-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/80
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг,
улсын яллагч А.Баясгалан,
өсвөр насны шүүгдэгч Н.Хүчитбаатар,
өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Нэргүй,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд хаалттай явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Нэргүйн Хүчитбаатарт холбогдох эрүүгийн 2131000000094 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Нэргүйн Хүчитбаатар /РД:ТА04321216/;
Үйлдсэн хэргийн талаар. /Яллах дүгнэлтээр/
Өсвөр насны шүүгдэгч Н.Хүчитбаатар нь 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг Жавхлант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Элстэй толгой” гэх газарт иргэн Б.Отгонбаярыг төрсөн дүү Н.Өсөхбаярыг загнаж, зодсон гэх маргааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохин, хөлөөрөө өшиглөж биед нь зүүн дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, баруун чамархай, уруул, хүзүүнд улаан хүрэн өнгийн зулгаралтын зөөлөн эдийн няцралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд өсвөр насны шүүгдэгч Н.Хүчитбаатар нь 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг Жавхлант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Элстэй толгой” гэх газарт иргэн Б.Отгонбаярыг төрсөн дүү Н.Өсөхбаярыг загнаж, зодсон гэх маргааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохин, хөлөөрөө өшиглөж биед нь зүүн дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, баруун чамархай, уруул, хүзүүнд улаан хүрэн өнгийн зулгаралтын зөөлөн эдийн няцралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт Н.Хүчитбаатар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Н.Хүчитбаатарын өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр адуугаа услаад явж байсан урд хонь мал нийлчихсэн байхаар нь очтол миний төрсөн дүү болох Н.Өсөхбаяр уйлчихсан зогсож байхаар нь юу болсон юм, яагаад уйлсан бэ? гэж асуутал намайг Отгонбаяр ах загнаж зодсон гэхээр нь би Отгонбаяр ахаас яагаад хүүхэд загнасан юм. Жоохон хүүхэдтэй учраа олж байхаар надтай ярилцаач гэхэд Отгонбаяр ах намайг хараагаад цулбуур бариад дайраад байсан. Тэгээд л ийм зүйл болчихсон.” гэх мэдүүлэг[1],
2. Хохирогч Б.Отгонбаярын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр сумын төв рүү эхнэр И.Баттуяа, 2 хүүхдийн хамт явж хоол хүнсний зүйлээ цуглуулчихаад өдөр 16 цагийн орчим сумын төвөөс буцаж гараад замдаа найз Ганбаярын гэрийн гадаа очиж хүрэн зүсмийн үрээгээ авч эхнэр Баттуяад машинаа бариулж, би өөрөө морио унаад гэр рүүгээ явсан. Тэгээд гэр рүүгээ явж байх замд манай гэрийн ойролцоо “Элстэй овоо” дээр очиж, өөрийн хонио харахад мотоцикльтой 2-3 хүн хонь туугаад Ганболд ахын өвөлжөө рүү шахаад байж байсан. Тэгээд намайг очиход Монхооноо, Баганаа, манай малчин Мэндээ нар хонио нийлүүлчихсэн ялгаад байж байсан. Тэгээд би Монхооноо гээд хүүхдийг “чи яагаад хонь, малаа нийлүүлсэн юм бэ? хонь малаа сайн харахгүй яасан юм” гэж зэмлэхэд Мохооноотай хамт байсан Баганаа гэх хүүхэд мотоцикль унаад яваад өгсөн. Тэгээд удалгүй Монхооноогийн ах Хүчитбаатар, Бат-Эрдэнэ нар мотоцикльтой хүрч ирсэн. Тэгээд Хүчитбаатар над руу ирээд “Яагаад манай дүүг зодоод байгаа юм” гэж хэлэхэд нь “Би хонь малаа харахгүй яасан юм” гэж хэлсэн. Өөр юу хэлсэн юм” гэж хэлэхэд Хүчитбаатар намайг “морьноосоо буугаад ир” гэж хэлэхээр нь би морьноосоо буух гэтэл Хүчитбаатар намайг гэнэт заамдаж аваад үгийн зөрүүгүй миний нүүр рүү цохиж, намайг 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би Хүчитбаатартай зууралдаад байж байтал Бат-Эрдэнэ араас ирээд миний 2 суганаас татаж газар унагааж өшиглөх шиг болсон. Тэгээд би газар унаж босох гэж байтал миний нүүр рүү Хүчитбаатар хөлөөрөө өшиглөх үед миний оюун санаа балартаж, бага зэрэг ухаангүй болчихсон байсан...” гэх мэдүүлэг[2],
3. Гэрч Н.Өсөхбаярын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...“...2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хониндоо явж байсан юм. Тэгээд би хэсэг хонио орхиж гэртээ орж цайгаа уучихаад гэрээсээ гартал манай хониноос хэсэг ямаа салаад Отгонбаяр ахын хонинд нийлсэн байхаар нь би Баганаа ахыг дуудчихаад түрүүлж очиж Отгонбаярын малчин Мэндээтэй хонио ялгаж байтал Отгонбаяр ах хүрэн морьтой ирээд “пизда минь яагаад хонь малаа нийлүүлж байгаа юм” гээд намайг 1-2 удаа цулбуураар ороолгож, элдэв үгээр хараахаар нь би айж уйлчихаад байж байтал манай ах Хүчитбаатар хээр үрээтэй ирээд Отгонбаяраас юу болсон талаар асуугаад цааш хамт явсан. Тэр 2 юм ярьж байх зуур Баганаа, Мэндээ ах бид 3 хонио салгаж байтал манай ах Хүчитбаатар, Отгонбаяр нар гэнэт зодолдоод эхэлсэн. Тэр үед манай нагац ах Бат-Эрдэнэ ирээд Отгонбаяр, Хүчитбаатар нарыг салгаад Отгонбаяр ахыг хойш нь татаж унагааж байхыг харсан...” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч Г.Бат-Эрдэний 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Ерөө гол гэх газар руу дүү Хүчитбаатартай хамт явсан. Манай өвөө Ганболдын өвөлжөөний урд мотоцикльтэй явж байхад өвөлжөөний урдхан талд хэдэн хүмүүс хонь ялгаж байсан. Тэгээд тэр хүмүүс дундаас Баганаа гэх залуу хар мотоцикльтой бид 2 дээр хүрч ирээд “Болдоо ахын хүүхэд Отгонбаяр танай дүү Монхооноог зодоод байна” гэж бид 2-т хэлсэн. Тэгээд бид 2-ыг очиход манай дүү Монхооноо уйлчихсан байж байсан. Тэгээд би юу болсон талаар Монхооноогоос асууж тодруулахад “Отгонбаяр ах намайг хонь нийлүүлсэн гэж загинаж, мориороо дайрчих гээд байсан” гэж хэлсэн. Тэгээд намайг Монхооноотой юм ярьж байх хооронд Хүчитбаатар Отгонбаяр дээр очиж зууралдаад байхаар нь би очиж Отгонбаярыг Хүчитбаатараас салгаж хойш нь татаж газар унагаахад Хүчитбаатар, Отгонбаярын толгойны зүүн талын шанаа хэсэгт хөлөөрөө цохьсон...” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч Т.Алтанбаганы 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “.....Ерөө гол гэх газраас сумын төв орох гээд Хүчитбаатарын мотоцикльтой явж байтал Хүчитбаатарын дүү Өсөхбаяр /Монхооноо/ нь хонь нийлсэн байна та хамт ялгаад өгчих гэхээр нь би хамт явсан. Тэгээд Отгонбаярын ахын малчин Мэндээ, Өсөхбаяр бид 3 хонио ялгах гээд байж байтал Отгонбаяр ах морьтой ирээд Өсөхбаярыг яагаад малаа нийлүүлсэн юм гээд цулбуураар 1-2 удаа ороолгосон юм. Тэгээд над руу ирж уурлаад мотоциклиор мал хөөсөн гэж дайраад байхаар нь би ямар нэгэн зүйл Отгонбаяртай ярилгүй цааш явахад Отгонбаяр ах малаа туугаад цааш явсан. Тэгээд намагнаас Өсөхбаярын ах Хүчитбаатар намайг дуудахаар нь би мотоциклтой очиход Хүчитбаатар юу болсон талаар асуухад би хонь малаа нийлүүлсэн гэж Отгонбаяр ах уурлаад байна гэж хэлэхэд Хүчитбаатар хамт очье гэж хэлээд мотоцикль дээр сундалж хамт очсон. Тэгээд Хүчитбаатар, Отгонбаяр ах дээр очиж юу болоод байгаа юм гэж асуухад Отгонбаяр энэ хэд хонь малаа нийлүүлсэн байна гэж хэлж байсан. Тэгээд тэр 2 юм яриад цааш явахаар нь Өсөхбаяр, Мэндээ бид 3 малаа туугаад өвөлжөө рүү явсан. Тэгээд бид нар хонь малаа ялгаж байтал Хүчитбаатар, Отгонбаяр ах нар гэнэт зодолдоод ирсэн. Тэгээд тэр 2 зодолдоод байж байхад цаанаас Хүчитбаатарын ах Бат-Эрдэнэ хонгор морьтой ирээд Отгонбаяр, Хүчитбаатар 2-луу очиж, тэр 2-ыг салгаж байсан...” гэх мэдүүлэг[5],
6.Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 154 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.Б.Отгонбаярын биед зүүн дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, баруун чамархай, уруул, хүзүүнд улаан хүрэн өнгийн зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт[6], 7.Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол[7], 8.Иргэний үнэмлэхийн лавлагаа[8], 9.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан байсан эсэхийг шалгах хуудас[9], 10.Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10], 11.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[11] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, өсвөр насны шүүгдэгч гэм буруу, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар болохыг маргаагүй дурьдах нь зүйтэй.
Өсвөр насны шүүгдэгч Н.Хүчитбаатарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний эцэг Г.Нэргүй шүүхийн хэлэлцүүлэгт оролцож, өөрийн төрсөн хүүгийн хувийн байдлын талаар “Миний хүү Н.Хүчитбаатар нь их нийтэч, зан аашны хувьд төлөв даруу хүүхэд, хохирогч Б.Отгонбаяр гэх залуу одоо 30 нас хүрч байгаа миний хүүг насанд хүрээгүй тул дээрэлхэж байгаад ийм зүйл болчихсон байх. Би хохирол төлбөрийг нь нөхөн төлөхдөө уулзахад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж надад хэлсэн. ...Миний хүү сургуульдаа дээгүүр, онц сурлагатанд тооцогддог. Спортоор хичээллэдэг” гэж мэдүүлжээ[12].
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч Б.Отгонбаяр нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний зардалд 275,200 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хохирол төлбөр бүрэн төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч Н.Хүчитбаатарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх өсвөр насны шүүгдэгч Н.Хүчитбаатарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: “...Шүүгдэгч Н.Хүчитбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 8.3 дугаар зүйлд заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, өсвөр насны шүүгдэгч зэрэг нөхцөл байдлыг харгалзаж хуульд заасан хөнгөн ялыг оногдуулах саналтай байна” гэсэн эрүүгийн хариуцлагын саналыг гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Өсвөр насны шүүгдэгч Н.Хүчитбаатар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчид гэмтэл учруулсныхаа дараа би таныг эмнэлэгт хүргээд өгье гэхэд хохирогч эмнэлэг рүү хүргүүлэхгүй, гэртээ хүргүүлье гэсэн байна. Хохирогч Б.Отгонбаярын хохирол төлбөр болох 275,200 төгрөгийг бүрэн төлж барагдуулж хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, хохирлыг нөхөн төлсөн”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” тул тус хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас, 4 сар, 16 хоногтой байсан. Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн гишүүн гэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд түүний насны онцлогийг харгалзан алдаагаа засах боломжийг олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтт заасан прокурорын санал болгож байгаа ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг хуульд заасан дарааллын дагуу гаргажээ.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Н.Хүчитбаатарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан: “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”;
6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан: “гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, хохирлыг нөхөн төлсөн”;
6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан: “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” болон өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал зэргийг (өсвөр насны шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас, 4 сар, 16 хоногтой байсан бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангид суралцдаг, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн гишүүн) тус тус хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, өсвөр насны онцлогийг харгалзан хүмүүжих, алдаагаа засах боломж олгоход чиглэсэн байх бөгөөд өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа, төрсөн дүүгээ бусдаас хамгаалах ах хүний ойлгож ухамсарласан үйлдэл нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм.
Харин өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Хүчитбаатарт 240 цаг нийтэд тустай ял оногдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Хүчитбаатарт оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас Н.Хүчитбаатарыг чөлөөлж шийдвэрлэсэн.
Н.Хүчитбаатар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Дөрөв. Бусад
Шүүхээс өсвөр насны шүүгдэгчийн нэр хүндийг хүндэтгэн харьцаж, эрүүгийн шүүх хуралдааныг хаалттай явуулж, ердийн журмаар явагдах ажиллагаанаас шуурхай, богино хугацаанд өөрөөр хэлбэл шүүх хуралдааныг нэг завсарлагаантайгаар явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Нэргүйн Хүчитбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Хүчитбаатарт 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Хүчитбаатарт оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас Н.Хүчитбаатарыг чөлөөлсүгэй.
4. Өсвөр насны шүүгдэгч Н.Хүчитбаатар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Хүчитбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
6. Өсвөр насны шүүгдэгч Н.Хүчитбаатарын хууль ёсны төлөөлөгч Г.Нэргүй нь хохирогч Б.Отгонбаярын эмчилгээний зардалд 275,200 /хоёр зуун далан таван мянга хоёр зуун-/ төгрөгийг нөхөн төлснийг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ