Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/39

 

курорт буцаах

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч А.Оргилбаяр

Шүүгдэгч Д.Б-нөмгөөлөгч М.Энхзаяа

Шүүгдэгч Д.М-нөмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

Шүүгдэгч Д.Б, Д.Мнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж овогт Дийн М, Ж овогт Дын Бнарт холбогдох 2116000130033 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.М, Д.Б нар нь согтуурсан үедээ бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 25-ны шөнө 22 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Оргил 10 дугаар баг, 5-10б тоотод иргэн Д.Пг үл ялих зүйлээр шалтаглан Д.Б нь толгой шанаа, тус газарт нь гараараа олон удаа цохих, хөл гуя хэсэгрүү нь өшиглөх, боож унагаах зэргээр, Д.Мнь толгой нүүрэн тус газар нь олон удаа цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь “... тархи доргилт, тархины даралт ихсэлт, толгой орой, дагзанд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Он сараа мартсан байна. Цэнхэр хашаанд манай адуу байдаг байсан. Тэгээд М, бас нэг залуутай бид гурав талаад адуу гаргачихаад гурван пиво уусан. Тэгээд орой ирээд морьдоо тэжээчихээд Амгаа, М бид гурав доошоо манай эгчийн байранд очсон. Үүдэн дээр ирчихээд Амгаа түрүүлээд орсон. Би араас нь ороход манай эгч байхгүй, хоёр хүүхэд нь байсан. Тэгэхэд П ирсэн байсан. Орой болсон байхад та юу хийж байгаа юм бэ гэхэд би байрны эзэн байна гэж хэлсэн. Та тэгвэл гарчих гэхэд би байрны эзэн байна яахаа мэднэ гэж хэлсэн. Тэгээд ноцолдож байхад гаднаас М орж ирээд ганжаар толгойг нь хага цохисон. Тэгээд цагдаа ирээд бид хоёрыг аваад явсан гэв.

Шүүгдэгч Д.Мшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 39-42-рт/,

Д.П нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт анхан шатны тусламж үйлчилгээ авсан талаарх яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 20-рт/

Хохирогч Д.Пгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Дээлтэй хүрэмтэй залуу үгийн зөрүүгүй миний шанаа руу цохисон, тэгэхээр нь би тэр залууд учирлаж надад энэ хүүхнүүд ямар нэгэн хамаа байхгүй Бүжхандыг хамт яваад өгөөч гэхээр нь хамт явсан гэж хэлсэн. Тэгэхэд надаас юм асуугаагүй, хувцсаа тайлж намайг зодож эхэлсэн, миний нүүр, шанаа, хөл гар, гуя руу өшиглөж эхэлсэн. Би биеэ хамгаалж зогссон. Үүдэн дээр зогсож байсан залуу нь намайг ирж бариад авахад цээж нүцгэн залуу нь зодсон, тэр дотор байсан 4 хүүхэн салгах гэж оролдсон боловч дийлээгүй. Би хойд талын буланд шахагдаж доошоо хараад өвдөг дээрээ сөхөрч суусан байдалтай зодуулсан. Тэгээд байж байтал гаднаас хаалга нүдсэн. Тэгээд тэгээд 4 эмэгтэйн нэг нь хаалга нээж өгсөн. Тэгэхэд гаднаас ажлын цэнхэр хувцастай залуу орж ирээд шууд миний нүүр рүү 2-3 удаа цохиж өшиглөсөн. Тэгээд буцаж гүйгээд гал тогооны хэсгээс заазуур барьж ирээд миний нүүр болон цээжин хэсэг рүү чичилж ална гэж заналхийлж дайрсан. Тэгэхээр нь тэр хүүхнүүд заазуурыг нь булааж авсан. Бүжханд над руу заазуур бариад дайраад байсан залууг индүүгээр цохисон. Тэгсэн дахиж хутга авчирч над руу дайрсан. Хутга барьж дайрч байсан залуу төмөр ганж барьсан зогсож байсан. Тэгээд миний зүүн мөр хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэгтэл миний дээрээс нэг залуу нь дарсан. Тэгтэл толгой руу 7-8 удаа ганжаар цохисон тэгээд цус их хэмжээгээр гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-рт/,

 

Гэрч Р.Өын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Дуудлагын дагуу Оргил баг 5-106 тоотод очиход гурван залуу 2 хүүхэн, 2 хүүхэд байсан. М, П хоёр хоорондоо барилцаж зодолдож байсан. Бүжханд болон бас нэг хүүхэн салгах гээд байсан. Бид нар тэр хоёрыг салгаж байхад Бнь П руу зодох гээд дайраад байсан. Эрүүлжүүлэх саатуулах байранд авч ирж драгер үлээлгэхэд Д.П согтолтын зэрэг байхгүй, Д.М1.32 хувийн согтолттой, Д.Б 1.08 хувийн согтолттой, Б.А2.35 хувийн согтолтын зэрэгтэй байсан. Тэгээд Д.М, Д.Б, Б.Анарыг эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгсөн. Д.Пгийн толгойноос цус гарсан байсан. Мгийн гар нь цус болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 75-рт/

Гэрч Д.Бын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Манай дүү Борж ирчхээд манай эгчийнд юу хийж байгаа юм яагаад манай эхнэртэй хамт явж байгаа юм. Чи хэн юм бэ гэхэд П би байрны эзэн нь байна гэж хэлэхэд чи яахаараа байрны эзэн байдаг юм, байрны эзнийг танина гэж хэлээд хүзүүгээр нь тэврэхэд буйдан дээр утсаараа оролдоод суугаад байсан. Тэгээд тэр хоёр барилцаад босоод нэгийгээ хөөгөөд зууралдаад хана руу шахагдаад байж байх үед М гаднаас орж ирсэн ...М толгой руу нь 2 удаа төмөр ганжаар цохисон. ...Яг цохисон эсэхийг нь сайн хараагүй барилцаж буйдан дээрээс хоёулаа давхралдаж унасан тэгэхэд бид нар салгаж Пг гар гэж хэлэхэд гарахгүй байж бай гээд байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-рт/,

Гэрч Ц.Цын “...БП 2 орон дээр суугаад хүзүүгээр нь тэврээд орон дээр зууралдаад босоод хана налаад зогсож байхад М гаднаас орж ирээд Птой зодолдсон” гэх мэдүүлэг /хх-ийн 63-рт/,

Гэрч Г.Бийн “...Бчи танихгүй юм бол өдий болсон том охинтой айлд яах гэж орж ирсэн юм гээд л тэр хоёр барилцаад авсан. Тэгэхээр нь би дээд давхраас Пгийн ах нарыг дуудах гээд гараад гүйсэн. Д.Б нэг удаа цохиж байсан, яг хаашаа цохисныг хараагүй. Би гаднаас хүн дуудаад цуг ирэх үед П, М хоёрын толгойноос цус гарсанбайсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 65, 67-рт/,

Гэрч Б.Аийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Гаднаас Борж ирээд тэр залуутай мэнд ус мэдэж байсан тэгснээ айлын эзгүй гэрт юу хийж яваа юм гээд хувцсаа тайлаад тэр залууг заамдаж босож ирээд барилцаж аваад орон дээр унасан, тэгэхэд нь би зүгээр бай гэж хэлээд салгах гэсэн М гаднаас орж ирсэн тэгээд тэр гурав барилцаж авсан. Тэнд байсан хүүхнүүд боль гэж хэлээд салгах гэж оролдсон би салгах гэсэн боловч хүүхнүүд орилолдож миний урдуур ороод байхаар нь би хойшоо болж хаалганы хажууд зогсож байхад гаднаас 2 цагдаа орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73-рт/,

Шинжээч Д.Даваахүүгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Д.Пгийн биед учирсан гэмтлүүдээс тархины доргилт, толгойн орой, дагзанд үүссэн гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цохиж буй цохилтын хүчээс хамаарч тархи доргилт үүсэх эсэхийг тогтоох боломжгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 87-рт/,

Д.Пгийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Даваахүүгийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 24 дугаартай “...1. Д.Пгийн биед тархи доргилт, тархины даралт ихсэлт, толгой орой, дагзанд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. .3 Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 81-82-рт/,

Д.М, Д.Б нараар 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 23 цаг 03 минутанд драгер үлээлгэхэд Д.Мнь 1.32 хувь, Д.Б нь 1.08 хувийн согтолтын зэрэгтэй байсан талаарх драгер үлээлгэсэн тэмдэглэл /хх-ийн 36-рт/,

Шүүгдэгч Д.М, Д.Б нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх166-167/, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Засаг даргын тодорхойлолт /хх-124-рт/, Мандал голомт ХХК-ны тодорхойлолт /хх-125-рт/, Эд хөрөнгийн жагсаалт /хх-143-рт/, аймгийн авто тээврийн төвийн лавлагаа /хх-145-рт/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Б-нөмгөөлөгч М.Энхзаяа дүгнэлтдээ: Хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учруулсандаа гэмшиж байгаа. Учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа. Бэхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Тодорхой хэмжээний малтай, хурдан морь уядаг амьжиргааны боломжтой. Урд нь хууль зүйн туслалцаа үзүүлж байхад өөрийнхөө үйлдлийг үнэн зөвөөр хэлдэг. 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох санал оруулж байна гэв.

Шүүгдэгч Д.М-нөмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ дүгнэлтдээ: М гэрээс ганцаараа ажил хийдэг. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирлоо нэхэмжлээд ороод ирвэл төлөх боломжтой. Мгийн хувьд ялаас чөлөөлөх боломжтой гэж харж байна. Нөхцөл байдал хувийн байдлыг харгалзан үзээд ялаас чөлөөлөх арга хэмжээг авч хэрэглэнэ үү гэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Д.М, Д.Б нар нь согтуурсан үедээ бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 25-ны шөнө 22 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Оргил 10 дугаар баг, 5-10б тоотод иргэн Д.Пг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь “... тархи доргилт, тархины даралт ихсэлт, толгой орой, дагзанд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримтууд тогтоогдлоо.

Дээрхи үйл баримт нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд шүүгдэгч Д.М, Д.Б нар нь бүлэглэж үйлдсэн болох нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

Иймд шүүгдэгч Д.М, Д.Б нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй бөгөөд энэ нь талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Д.П нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт анхан шатны тусламж үйлчилгээ авсан талаарх яаралтай тусламжийн хуудас, хохирогч Д.П, гэрч Р.Ө, Д.Б,  Ц.Ц, Г.Б, Б.А мэдүүлэг, Шинжээч Д.Даваахүүгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Даваахүүгийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 24 дугаартай дүгнэлт, Д.М, Д.Б нарын драгер үлээлгэсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Хохирогч Б.Пүрэвтогтоо нь мөрдөн шалгах ажиллагаанд 7.000.000 төгрөг нэхэмжилж байгаа гэж мэдүүлж байгаа боловч энэ талаар холбогдох баримт хэрэгт байхгүй байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Д.М, Д.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутай  болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Б нь урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 2019/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж  ял шийтгүүлсэн байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдож байх тул ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзсэн болно.  Харин шүүгдэгч Д.Б-нүйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.М-нхувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1- д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүгдэгч Д.М-нөмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ “ Д.Мнь гэрээсээ ганцаараа ажил хийдэг.Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирлоо нэхэмжлээд ороод ирвэл төлөх боломжтой. Мгийн хувьд ялаас чөлөөлөх боломжтой гэж харж байна. Нөхцөл байдал хувийн байдлыг харгалзан үзээд ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн саналыг шүүхэд гаргажээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүгдэгч Д.Мг ялаас чөлөөлөх үндэслэлгүй байна гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1-д “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Мнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Д.Б-нөмгөөлөгч М.Энхзаяа “....600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргасан бөгөөд шүүх Д.Б-нхөрөнгө, тогтмол орлогогүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг байдлыг нь харгалзан торгох ял оногдуулах боломжгүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан төмөр ганж 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ж овогт Дийн М, Жалайр овогт Дн Бнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутай  болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Д.Мг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 5.4 дүгээр зүйлийн 4-д тус тус зааснаар шүүгдэгч Д.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг  1 хоногоор тооцож хорих ялаар солих, шүүгдэгч Д.Мнь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус мэдэгдсүгэй.

5. Хохирогч Д.П нь учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан төмөр ганж 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б, Д.Мнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА