Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2019/00420

 

“Ж” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 156/ШШ2017/00425 дугаар шийдвэр,

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 226/МА2018/00013 дугаар магадлалтай,

“Ж” ХХК-ний нэхэмжлэлтэй

А.Б т холбогдох

Дутагдуулсан барааны үнэ 1 146 842 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч А.Бын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэнчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч ““Ж”" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А.Б нь 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр "“Ж”” ХХК-ийн “Оч” хүнс барааны дэлгүүрт хүнсний кассчин, худалдагчаар ажилд орох хүсэлт гаргаснаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 02 сарыг хүртэл хугацаанд хүнсний барааны худалдагч кассаар ажиллахдаа нийт 1 146 842 /нэг сая нэг зуун дөчин зургаан мянга найман зуун дөчин хоёр/ төгрөгийн бараа дутагдуулсан. А.Б нь өөрийн дутагдуулсан барааны үнийг одоог болтол төлж барагдуулаагүй байна. Иймд А.Боос 1 146 842 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэнчимэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Бтой 2016.8.10-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан кассчин, худалдагчаар ажиллуулсан. Сарын цалинг 300 000 төгрөг, борлуулалтын орлогын 0.6 хувиар урамшуулж цалинжуулахаар тохиролцсон юм. А.Б нь 2016.8.12-ны өдрөөс 2017.01.15-ны өдрийг хүртэл 4 удаагийн суултанд 89 хоног ажилласан. Нэг дэх суулт: 2016.8.12-ны өдрөөс 2016.9.10-ны өдрийг хүртэл 30 хоног ажилласан. 431 992 төгрөгийн цалин бодогдсон, урьдчилгаанд 102 922 төгрөг авсан, үлдэгдэл 134 178 төгрөгийг А.Б цалин гэж хүлээж авсан. Энэ үед 194 891 төгрөгний дутагдал гаргасан. 2 дах суулт: 2016.9.27-ны өдрөөс 2016.10.20-ны өдрийг хүртэл 24 хоног ажилласан. Цалинд 410 427 төгрөг бодогдсноос А.Б урьдчилгаанд 86 233 төгрөг авсан. Бусад суутгалд 176 918 төгрөгийг суутгасан. Гарт нь 147 274 төгрөгийг өгсөн. Энэ үед 176 918 төгрөгийн дутагдал гаргасан. 3 дах суулт: 2016.11.11-ний өдрөөс 2016.11.25-ныг хүртэл 15 хоног ажилласан. Цалинд 208 372 төгрөг бодогдсон. Урьдчилгаанд 127 408 төгрөг А.Б авсан Үлдсэн 80 963 төгрөгийг өр дутагдалд суутгасан. Энэ үед 594 874 төгрөгийн дутагдал гаргасан. 4 дэх суулт: 2016.12.27-ны өдрөөс 2017.01.15-ны өдрийг хүртэл 20 хоног ажилласан. 284 093 төгрөгийн цалин бодогдсон. Урьдчилгаанд 64 700 төгрөг А.Б авсан. Суутгал 219 393 төгрөг суутгасан. Энэ үед 681 824 төгрөгийн дутагдал гаргасан. Нийтдээ 1 648 508 төгрөгийн дутагдал А.Б гаргасан ба түүний цалингаас суутгасан суутгалуудыг хасаад 1 146 842 төгрөгийн үлдэгдэл тооцоо байгаа юм. Үүний 976 342 төгрөг нь А.Бын өөрийнх нь гаргасан бараа материалын дутагдал, мөн хянах худалдагч Энхтуяатай гардаг байхдаа 170 500 төгрөгийн дутагдал үүнийг хариуцаж төлөхөөр А.Б өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Дутагдлыг тооцохдоо орлогын дэвтрүүд дээр тулгалт хийгээд бараа материалын үлдэгдэлтэй тооцоо нийлээд явдаг” гэжээ.

Хариуцагч А.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...”Ж” ХХК-нд би 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ажилд орсон. 6 сарын турш ажиллахдаа 250 000 төгрөгийн цалин авч байсан. Надад идэж ашигласан зүйл байхгүй. Компанид хохирол учруулаагүй учраас 1 146 842 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч А.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Эхний 2 суултанд гарсан дутагдлыг цалингаасаа суутгуулсан. Цалин багатай ажилд, өдөртөө ганцхан цай хоол идэж байсан. “Оч” дэлгүүрт ажилласан хүн болгон өрөнд ордог. Нийт хүмүүсийн өр 30 гаран сая болсон гэж байгаа. Надаас нэхэмжилж байгаа 1 146 842 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би төлж чадахгүй, боломжгүй, намайг дутагдуулсан бараа материалаа төл гээд цаг үргэлж шахаж дарамтлаад гэр орноор ирээд байхаар нь нялх хүүхэдтэй тул хэрүүл маргаан хийгээд яахав гээд төлнө гэсэн бичгийг бичиж өгч байсан” гэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 156/ШШ2017/00425 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч А.Боос 976 342 /есөн зуун далан зургаан мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ““Ж”” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 170 500 /нэг зуун далан мянга таван зуу/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч “Ж” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32 700 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.Боос 27 982 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ““Ж”” ХХК-нд олгохоор шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 226/МА2018/00013 дугаар магадлалаар Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 425 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “492 дугаар зүйлийн 492.1.1-т" гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3-т” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч А.Бын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Б хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Учир нь анхан болон давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж хуулийг нэхэмжлэгчид ашигтайгаар тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Яагаад гэхээр нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж нотлох баримт хэргийн материалд байхгүй. Нэхэмжлэгч яг ямар ямар баримтуудаар нэхэмжилж буй мөнгө нь нотлогдож байгааг заагаагүй. Зүгээр л амаар хэлсэн. Тэр ч бүү хэл намайг зөрчил гаргасан учир энэ мөнгийг төлөх нь зохистой гэх байр сууринаас хандсан. Үүнийгээ шүүх хурал дээр ч илэрхийлсэн. Харин ч хариуцагч би өөрийн буруугүйг нотлохоор тус компаниас холбогдох материалуудыг шүүхээр дамжуулан албадан гаргуулсан. Эдгээр баримтуудаар намайг дутагдуулсан гэж үзэх боломжгүй байсан. Мөн хөдөлмөрийн гэрээгээр хариуцагч намайг эд хөрөнгө хариуцна гэж гарын үсэг зурсан тул гээд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа нь үндэслэлгүй юм. Ажил олгогч намайг ажиллах хугацаанд ганц удаа миний нийгмийн даатгал болоод татвар төлж байгаагүй. Гэрээний нэг тал нь үүргээ биелүүлж, нөгөө тал нь буюу ажил олгогч хууль дүрмэнд заасны дагуу үүргээ биелүүлэхгүй байх боломжтой гэж үү. Бас ажил олгогч нь удаа дараа намайг дарамтлан, сүрдүүлж мөнгө төлөх баталгаа болон дахин ажил хийх өргөдлийг бичүүлж байсан. Гэтэл энэ нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй эдгээрийг миний эсрэг баримт болгож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэ байгууллагад орсон ажилласан хүн бүр ажиллаж ажилчихаад цалин ч үгүй гарах нь бүү хэл байнга өртэй дутагдалтай гардаг. Татвараас орлогоо нуун дарагдуулж зарагдсан барааны ebarimt-ийг худалдан авагчдад өгөхгүйгээр орой бүр буцаалт хийдэг. Энэ буцаалт хийхдээ барааны зарах үнээс өөр үнийн дүнгээр буцаалт хийдэг. Энэ мэтийн зүйлээс надад дутагдал гарсан гэж би бодож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж үзэв. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой байна.

Нэхэмжлэгч ““Ж”” ХХК нь хариуцагч А.Бт холбогдуулан хөдөлмөрлөх явцдаа дутагдуулсан бараа, бүтээгдэхүүний үнэ 1 142 842 төгрөгийг гаргуулах  нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ ажилтан А.Б нь эд хариуцагч мөн эсэх, ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулсан эсэх, эсвэл бүрэн хариуцлага хүлээлгэх талаар хөдөлмөрийн гэрээнд тусгасан эсэх, хөдөлмөрлөх явцдаа байгууллагад учруулсан хохирол нотлогдсон эсэх зэрэг эрх зүйн асуудлаар зайлшгүй хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй ба давж заалдах шатны шүүх дээрх алдааг бүрэн залруулж чадаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зохицуулжээ.

А.Б нь 2016 оны 8 дугаар сарын 12-наас 2017 оны 01 дүгээр сарын 25 хүртэл хугацаанд ““Ж”” ХХК-ийн “Оч” хүнсний дэлгүүрт кассчин, худалдагчаар ажиллахдаа 1 142 842 төгрөгийн дутагдал гаргасан нь бэлэн болон бэлэн бус тооцоо нийлсэн актууд, уг төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн баримт, гэрч Н.Алтаннавчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдсон гэж хоёр шатны шүүх үзэхдээ ажилтанд ямар эд хөрөнгийг хэрхэн хүлээлгэж өгсөн, дутагдлыг хэрхэн гаргасан талаар баримт байхгүй болохыг анхаараагүй нь учир дутагдалтай болжээ. Хариуцагч нь төлбөр төлөхийг зөвшөөрч баримт үйлдсэн хэдий ч маргасан тул эд хөрөнгө дутагдуулсан үйл баримт эргэлзээгүй тогтоогдох ёстой байна. Тооцоо нийлсэн гэх баримт нь мөнгөн дүнгээр илэрхийлсэн тооцооны баримт байх ба уг тооцоо санхүүгийн ямар баримтад үндэслэсэн нь тодорхой бус байв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцдэг. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогч өөрөө олж авах боломжгүй бол нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх талаар хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс судалж, маргааны үйл баримтыг бүрэн тогтоож чадаагүй, нэхэмжлэлийн талаарх бодит байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.3, 118.5-д заасан зохицуулалттай нийцээгүй тул хүчингүй болгож, дахин хянан хэлэлцүүлэхээр буцаав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 156/ШШ2017/00425 дугаар шийдвэр, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 226/МА2018/00013 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА