Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 28

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааы хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Бурмаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Шанд нөхөрлөл

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох

Ойн сан эзэмших эрхэд халдсан Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 111 дугаартай Нөхөрлөл аж ахуйн нэгжийн ойн санд өөрчлөлт оруулах тухай тогтоолын 1 дүгээр заалтыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: А.Тодгэрэл

Хариуцагч: Т.Эрдэнэбат

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түмэнжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Шанд нөхөрлөлийн ахлагч А.Тодгэрэл шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... А.Тодгэрэл би ойн санг хамгаалах эзэмших зорилгоор 2008 онд Шанд нөхөрлөл байгуулж улмаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаартай тогтоолоор 6000 га газрыг эзэмшүүлэхээр тогтоол гарсан юм. Энэ дагуу өдийг хүртэл тус ойн санг хамгаалж, эзэмшиж байгаа юм. Гэтэл миний нөхөрлөлийн эзэмшиж буй газрын хил хязгаар, эзэмшил ашиглалттай холбоотой ямар нэгэн маргаантай асуудал шүүхээр шийдвэрлэгдээгүй энэ талаар миний бие огт мэдээгүй байхад 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 111 дугаартай тогтоол гаргаж миний эзэмшлийн ойн сангаас 63 дугаар хэсэглэлийн 1319 га ойн санг Хүдэр амжаа ХХК-д эзэмшүүлэхээр болсон. Энэ хууль бус үндэслэлгүй, хууль зөрчсөн тогтоолыг би 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр сонсож мэдсэн.

Иймд миний хуулиар олгогдсон газар, ойн санг эзэмших эрхийг зөрчсөн дээрх хууль бус тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ...гэжээ.

Нэхэмждэгч А.Тодгэрэл шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар миний эзэмшлийн 700 га газрыг надад мэдэгдэлгүй хасав гэж тогтоол гарсан байдаг юм. Энэ 700 га газрыг 2008 оноос хойш манай нөхөрлөл эзэмшиж байгаа. Энэ жил гэнэт хасав гэсэн шийдвэр гарчээ.Энэхүү шийдвэр үнэн зөв эсэхийг шалгуулах гэж шүүхэд хандсан гэв.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Т.Эрдэнэбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа : ...Ойн санг гэрээгээр эзэмшүүлэх асуудал анх Ойн тухай хуулийн дугуу Хүдэр суманд 2007 оны 12 дугаар сараас эхэлсэн бөгөөд иргэдийн нөхөрлөлүүд байгуулагдан материалуудаа бүрдүүлж, багийн иргэдийн Нийтийн Хуралд хүсэлтээ гарган хэлэлцүүлж эхэлсэн. Шанд нөхөрлөлийн тухайд 2008 онд байгуулагдан Тарвагатай багийн иргэдийн Нийтийн Хуралд хүсэлтээ гаргаж тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2008 оны 04 дүээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар асуудал нь хэлэлцэгдэн хуралдаанд оролцсон иргэдийн 98 хувь нь дэмжиж, тухайн нөхөрлөлд сумын нутаг дэвсгэрийн Баруун Шанд, Зүүн Шанд, Сөдтэй гэх газруудад нийт 6000 мянган га ойн санг эзэмшүүлэхээр дэмжсэнийг 01 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ирүүлснийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн төлөөлөгчид 100 хувь дэмжиж, Ойн санг гэрээгээр эзэмших иргэдийн нөхөрлөлийг баталгаажуулах тухай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 32 дугаар тогтоол гарган Шанд болон нийт 6 нөхөрлөлд ойн сан эзэмшүүлсэн байгаа.

Хүдэр амжаа ХХК нь анх 2009 оны 03 дугаар сард Тарвагатай 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд ойн сан эзэмших хүсэлтээ гарган багийн иргэдийн Нийтийн Хурал нь 03 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж сумын нутаг дэвсгэрийн Сайдын ам, Их Тарвагатай, Бага Тарвагатай гэх газруудад нийт 6000 га ойн санг эзэмшүүлэхээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 26 дугаар тогтоолд тусган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ирүүлснийг 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаанаараа хэлэлцэн дэмжиж газрын нэрээр нь Сайдын ам, их Тарвагатай, бага Тарвагатай гэх газруудад нийт 6000 га ойн санг эзэмшүүлсэн Ойн санг аж ахуйн нэгжид гэрээгээр эзэмшүүлэх тухай 07 дугаар тогтоол гаргасан.

  • иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дээрх нөхөрлөл, аж ахуйн нэгжид ойн сан эзэмшүүлэх тухай шийдвэрийг гаргахдаа Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5, Ойн тухай хууль /2007.05.17-ны өдөр батлагдсан/-ийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх заалтуудыг үндэслэсэн болно.

Тухайн үед буюу 2008-2009 онуудад Хүдэр сумын ой зохион байгуулалт хийгдээгүй байснаас Ой зохион байгуулалтын баримт бичиг болон ойн менежментийн төлөвлөгөө гараагүйгээс ойн сангийн хэсэглэл, ялгаралын дугааргүй байсан. Иймээс нөхөрлөл, ААН-үүдийн эзэмших ойн сангийн хил хязгаарыг гол горхи, уул даваагаар зааглан газар усны нэрээр нь тогтоон олгож байсан.

Хүдэр сумын ой зохион байгуулалтын баримт бичиг 2009 онд хийгдэж Байгаль орчны яамаар батлагдаж, 2010 оноос мөрдөгдөж эхэлснээр ойн сан эзэмшсэн нөхөрлөл, аж ахуйн нэгжүүд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тогтоол шийдвэрийнхээ дагуу холбогдох мэргэжлийн байгууллагаар өөрийн эзэмшсэн ойн сангийн ОМТ-г хийлгэж, аймгийн Байгаль орчны газраар батлуулан 1 хувийг сумын Ойн ангид ирүүлж, хэрэгжүүлж ажиллаж эхэлсэн юм. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2010 оноос эхлэн нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдийн ойн сангийн гэрээний биелэлт, ойн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг жил бүр хэлэлцэн дүгнэж ирсэн бөгөөд Шанд нөхөрлөл нь 2015 он хүртэл ОМТ-гөө хийлгээгүйгээс Баруун, зүүн Шанд, Сөдтэйд хэд хэд дүгээр хэсэглэлтэй байгаа нь нарийвчлан тогтоогдоогүй байсан. Хүдэр Амжаа ХХК-ийн 2013 онд хийлгэсэн ойн менежментийн төлөвлөгөөгөөр ойн сангийн 18, 28, 29, 30, 31, 63, 66-р хэсэглэлүүд бүхий 6119 га талбайг хариуцан хамгаалж, ашиглалт явуулж ирсэн байгаа.

Нөхөрлөл, аж ахуйн нэгжүүд нь газар усны нэрээр олгосон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор ойн менежментийн төлөвлөгөө хийлгэхдээ анх эзэмшүүлсэн тогтоолд тусгаагүй газрын хэсэглэлийг ОМТ-ндөө оруулсан зэргээс ойн сангийн хэмжээ нь нэмэгдэх, хэсэглэл нь давхцах тохиолдол хэд хэд гарсан бөгөөд үүнийг цэгцлэх, давхардлыг арилгах, нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдэд ойн сан эзэмшүүлсэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007-2015 оны тогтоолуудыг өөрчлөн хэсэглэлийн дугаараар нь болгож баталгаажуулах зорилгоор 2015 онд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин-газрын бодлогын хороо Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд ойн сан эзэмшиж буй нийт нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдийн ойн менежментийн төлөвлөгөөг анх ойн сан олгосон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолтой тулгаж, хэсэглэлийн давхардлыг тогтоох шалгалтын ажлыг хийж, санал, дүгнэлт гаргасныг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж Монгол Улсын Ойн тухай хууль /2012.05.17-ны өдөр батлагдсан/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т заасан ойн сан эзэмшүүлэх, хяналт тавих эрх болон Засгийн газрын 2009 оны 227-р тогтоолоор батлагдсан ойн сан гэрээгээр эзэмшүүлэх журам-ын 1.5 дахь заалтыг тус тус үндэслэл болгон 2015 он хүртэл хугацаанд ойн сан эзэмшиж байсан бүх нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдийн ойн санг газар усны нэр болон түүнд хамаарах хэсэглэлийн дугаараар болгон өөрчилж Аж ахуйн нэгжүүдийн ойн сангийн хэмжээг баталгаажуулах тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 142, Нөхөрлөлийн ойн сангийн хэмжээг баталгаажуулах тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 146 дугаар тогтоолуудыг тус тус гарган баталгаажуулсан. Энэхүү аж ахуйн нэгжүүдийн ойн санг баталгаажуулсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 142-р тогтоолд Хүдэр амжаа ХХК-ийг оруулаагүй бөгөөд тус хуралдаанаар Баянцагаан 2-р багийн иргэдийн Нийтийн Хурлаас ирүүлсэн Хүдэр амжаа ХХК-ийн ойн санг цуцлах саналыг хэлэлцээд дэмжиж Аж ахуйн нэгжийн ойн санг цуцлах тухай сумын ИТХ-ын 147-р тогтоол гаргаж Хүдэр амжаа ХХК-ийн эзэмшиж буй Тарвагатай, Сайдын ам, Жаргалант орчмын 18, 28, 29, 30, 31, 63, 66-р хэсэглэлийн 6119 га ойн санг эзэмших эрхийг цуцалсан шийдвэр гаргасан. Цуцлах тогтоолд тус компанийн эзэмшиж байсан ойн сангийн хэсэглэлүүдийг тодорхой тусгасан бөгөөд үүнд 63-р хэсэглэл орж байсан.

Хүдэр амжаа ХХК сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018.12.17-ны өдрийн 147 дугаар тогтоолын талаар Захиргааны хэргийн шүүхэд хандан хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, тус нэхэмжлэлийг шүүхийн байгууллагаас тодруулан шүүж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны Аж ахуйн нэгжийн ойн санг цуцлах тухай 147 дугаар тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэн хүчингүй болгосноор Хүдэр амжаа ХХК ойн сангаа өмнөх хэмжээ, хэсэглэлээр нь эзэмших эрх сэргэсэн. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас энэ асуудлаар давж заалдах шатны шүүхэд хандсан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хүдэр амжаа ХХК шүүхийн шийдвэрийг биелүүлж ойн санг нь баталгаажуулж өгөхийг хүссэн хүсэлтээ албан бичгээр 2016.12.14-ний өдөр гурван шатны шүүхийн шийдвэрийн хамт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ирүүлсэн. Мөн сумын Ойн анги 2017.01.19-ний өдрийн 02 тоот албан бичгээр Хүдэр амжаа ХХК-ийн ойн санг цуцалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015.12.17-ны өдрийн 147-р тогтоолыг шүүхээс хүчингүй болгосон тул Хүдэр амжаа компанийн эзэмшиж буй 18, 28, 29, 30, 31, 63, 66-р хэсэглэлийн ойн санг баталгаажуулж өгөхийг хүссэн хүсэлтийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ирүүлсэн. Эдгээр хүсэлтийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01-р сарын 20-ны өдрийн 4-р хуралдаанаар хэлэлцэн Хүдэр амжаа ХХК-ийн ойн санг баталгаажуулахдаа 63-р хэсэглэлийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015.12.17-ны өдрийн 146-р тогтоолоор Шанд нөхөрлөлд олгон баталгаажуулсан байсан тул давхардуулж олголгүйгээр хасч баталгаажуулсан. Гэвч Хүдэр амжаа ХХК нь Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандснаар тус ШШГГ-аас манай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлгээгүй байгааг дурьдаж, 63-р хэсэглэлийг Хүдэр амжаа ХХК-нд нэмж баталгаажуулах талаар албан мэдэгдэл, шаардлага ирүүлсэн.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг биөлүүлэх үүрэгтэй учраас энэ асуудлыг 2018.12.19-ний өдрийн хуралдаанаар хуралдаанаар дахин хэлэлцэж төлөөлөгчдөд тайлбарлан таниулж 63-р хэсэглэлийг Хүдэр амжаа ХХК-нд олгож шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн байгаа. Ингэснээр ойн сангийн 63-р хэсэглэл Хүдэр амжаа ХХК, Шанд нөхөрлөл хоёрт давхардсан тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 146-р тогтоолоор Шанд нөхөрлөлд баталгаажуулаад байсан 63-р хэсэглэлийг хассан болно гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2017 оны 12 дугаар сард Хүдэр амжаа ХХК-аас 2015 оны нэхэмжлэлтэй холбоотой шүүхийн шийдвэрээр цуцалсан тогтоол, буцаад олборлох тухай шүүхийн шийдвэрийн тогтоол ирсний дагуу Хүдэр амжаа ХХК-ийн хүсэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар авч хэлэлцээд тухайн үеийн шүүхийн шийдвэрийн шаардлагын дагуу 6000 га газрын квартал хэсэгт гэснийг баталсан байгаа юм. Үүнд 63 дугаар кварталыг тухайн үеийн Шанд нөхөрлөл төвийн ойролцоо давхцаж байна, энэ кварталыг дахин тусгайлан авч үлдээд нутгийн ойн анги болон мэргэжлийн байгууллагуудаар хянуулаад зөвшилцөөд дахин шийдвэрлэнэ гэж үлдээсэн. Жил гаруй хугацаанд Хүдэр амжаа ХХК-аас удаа дараа хүсэлт ирсэн. Энэ квартал хэсэг чинь шүүхийн шийдвэрт тусгагдсан тогтоол байвал авчир гэж шаардлага тавьсны дагуу 2018 оны 10 сард 63 дугаар квартал Хүдэр амжаа ХХК-д олгох нь зүйтэй гэсэн шүүхийн шийдвэрийн тогтоол ирсэн. Үүний дагуу 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар авч хэлэлцээд хууль ёсны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь зүйтэй юм байна гэж үзсэн.

Мөн хоёрдугаарт ойн ангиас менежментийн төлөвлөгөөнд тусгасны дагуу Хүдэр амжаа ХХК-д өгөх зүйтэй юм, Шанд нөхөрлөл нь 2007 онд ойн сангийн багийн Нийтийн Хурлаар авсан боловч тодорхой тооны хэсэглэлүүдийг менежментийн төлөвлөгөөндөө тодорхойлоогүй, тусгаагүй, маргаан байгаа юм гэсэн тайлбарыг ойн ангиас өгсөн. Гэвч иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллах нь зүйтэй гэж үзэн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол хууль ёсны гарсан гэж үзэж байгаа гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түмэнжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа : Тус компани нь Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд компани сумын ойн сангийн 28, 29, 30, 31, 63, 66-р хэсэглэл газрыг 2009 оны 7 дугаар тогтоолоор эзэмшиж байсныг 2015.12.17-ны өдрийн 147 дугаар тогтоолоор ойн сан газрыг цуцалсан. Манай компани захиргааны хэргийн шүүхэд хандан захиргааны хэргийн шүүх 2016 оны 07-р сарын 29-ны өдрийн 14 тоот шийдвэрээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015.12.17-ны өдрийн 147 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2017.01.20-ны өдрийн 19 тоот тогтоолоор баталгаажуулсан боловч 63 дугаар хэсэглэл нь Шанд нөхөрлөл дээр байгаа гэдэг шалтгаанаар хасаж баталгаажуулсан.

Хүдэр Амжаа ХХК нь дахин сумын ойн ангиар дамжуулан ИТХ-н 2018.03.02-ны өдрийн 14-р хуралдаанд хүсэлт, 63-р хэсэглэлийг Хүдэр Амжаа ХХК-ийн ойн сан газарт багтаж байсныг нотлох 15 хуудас бичиг баримтыг өгсөн боловч мөн адилхан шалтаг тоочоод баталгаажуулаагүй тул компанийн хүсэлтийн хариуг сумын ойн анги, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бичгээр авч, манай компанийн зүгээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байна гэж үзэн Захиргааны хэргийн шүүхэд хандан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх бичгийг хүргүүлэн 63 дугаар хэсэглэлийг Хүдэр Амжаа ХХК-нд буцаан олгосон. Энэ бүхнээс үзэхэд Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 147 дугаар тогтоолоор Хүдэр Амжаа ХХК-ийн ойн санг хууль бусаар цуцалсан өдрөө 2015.12.17-ны өдрийн 146-р тогтоолын хавсралтанд Шанд нөхөрлөлийн ойн санд 63 дугаар хэсэглэлийг оруулан баталсан нь хууль бус шийдвэр гаргасан гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:. 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 147 дугаар тогтоолоор Хүдэр амжаа ХХК-ийн ойн санг цуцалсан байдаг. Улмаар Хүдэр амжаа ХХК нь Захиргааны хэргийн шүүхэд хандсаны дагуу 147 дугаар тогтоол нь хууль бус шийдвэр байна гэж үзэн шүүхийн шийдвэр гарсан юм. 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр буцаад ойн сангаа баталгаажуулах гээд иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандахад Шанд нөхөрлөлтэй давхцсан гэсэн шалтгаанаар өгөөгүй. Манай компаниас эргээд шүүхэд шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байна гэж хандахад шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас бичиж өгсөн юм. Ингээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бичиг хүргүүлснээр 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хүдэр амжаа ХХК-нд олгосон байдаг... гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь :

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заажээ.

Нэхэмжлэгч Шанд нөхөрлөл нь Ойн сан эзэмших эрхэд халдсан Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 111 дугаартай Нөхөрлөл аж ахуйн нэгжийн ойн санд өөрчлөлт оруулах тухай тогтоолын 1 дүгээр заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Шанд нөхөрлөлийн ахдагч А.Тодгэрэлийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д ...нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа... бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болох тухай заасан.

Сэлэнгэ айгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 147 дугаар тогтоолоор тус хэргийн гуравдагч этгээд Хүдэр амжаа ХХК-д эзэмшүүлсэн Тарвагатай, Сайдын ам, Жаргалант орчмын 28, 29, 30, 31, 18, 63, 66 дугаар хэсэглэл нийт 6119 га газрын ойн санг эзэмших эрхийг цуцалж шийдвэрлэснийг Хүдэр амжаа ХХК нь эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 11 дугаартай шийдвэрээр нэхэжлэлийн шаардлагыг бүхэлд гь хангаж шийдвэрлэсэн байна.

Иймд нэхэмжлэгч Шанд нөхөрлөлийн маргаан бүхий 63 дугаар хэсэглэлийг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан Шанд нөхөрлөлийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох Ойн сан эзэмших эрхэд халдсан Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 111 дугаартай Нөхөрлөл аж ахуйн нэгжийн ойн санд өөрчлөлт оруулах тухай тогтоолын 1 дүгээр заалтыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 / далан мянга хоёр зуун / төгрөгийг Төрийн сангийн данснаас гаргуулан буцаан олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дүгээр зүйлийн 122.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл захирамж гарсан өдрөөс хойш 07 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ж.БУРМАА