Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/121

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Г.Цогтмагнай,

Шүүгдэгч Ц.Ү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа,

Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ц.Үд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 20140003450417 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ц.Ү,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ү нь 2020 оны 07 сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг “Онийн булан” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуулыг 0.7 га хэмжээ бүхий талбайд ухаж нүх үүсгэн явуулж байгаль орчинд байгаль экологид 1.490.585 төгрөгийн хохирол учруулж, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахыг завдах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Оийн мөрдөн байцаалтад өгсөн ... Бууцагаан сумын Наран 5 дугаар багийн нутагт “Онийн булан” гэх газар нь дүгнэлттэй талбай байгаа, тухайн дүгнэлттэй талбай дээр бол “Шөвгийн худаг” гэх зохион байгуулалттай нөхөрлөл сумын засаг даргатай бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулдаг. Тухайн газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй талбай дээр Ү гэх хүн нь 2019 онд гэрээ байгуулж 2019 онд тухайн газар нэг сар үйл ажиллагаа явуулсан тэгээд буцаад буусан. Харин 2020 онд үйл ажиллагаа явуулаагүй. Тухайн талбай нь урд нь эвдэгдсэн талбай байсан. Тухайн газарт хатуу цэгийг газрын даамал тогтоож өгсөн. Манай байгууллагаас 2020 оны 08 сарын 05-ны өдөр шалгалтаар очих үед ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байсан. Тухайн нөхөрлөл нь дүгнэлттэй талбай дотроо үйл ажиллагаа явуулсан ... тухайн үйл ажиллагаа явуулсан талбай нь өмнө нь эвдэгдсэн талбай буюу дүгнэлттэй талбай учир нэхэмжлэх зүйл байхгүй .... гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-36/,

 

Иргэний нэхэмжлэгч П.Гийн мөрдөн байцаалтад өгсөн ... Би хувиараа том техникүүд түрээслэлдэг юм аа. Тэгээд би Ү гэх хүнтэй 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэрээ хийж 2020 оны 06 дугаар сарын 26-нд Улаанбаатараас Баянхонгор аймаг руу ачигдаад Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд 2020 оны 06 сарын 29-ний өдөр манай техникүүд ирсэн. Надад тухайн Ү гэх хүнтэй ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Анх техникээ түрээслэхдээ л таньдаг болсон. Тэрнээс өөр зүйл байхгүй. Би Ц.Ү гэх хүнд 2 авто ачигч түрээсэлсэн. 12-36 УН, 17-92 УБ гэх 2 техникийг түрээсэлсэн байсан. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 17-92 УБ гэх авто ачигчийг өөр ажилд явуулах гэж Улаанбаатар хот руу буцаан авсан. Тэгээд манай 12-36 УН гэх техник үлдсэн юм аа. Надад 2020 оны 07 дугаар сарын 05-ны орой над руу манай жолооч залгасан байсан. Би тэгээд маргааш өглөө нь жолооч руугаа ярьж байж мэдсэн. Би тухайн хүнтэй авто ачигчаа 1 сарын 15 сая төгрөг гэж гэрээгээ хийсэн. Нийт 4 сарын хугацаатай гэрээ хийсэн. Надад одоо нэхэмжлэх зүйл гэвэл 1 сар 20 хоногийн түрээсээ төлүүлмээр байна. тэрнээс өөр нэхэмжлэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23/,

 

Иргэний нэхэмжлэгч Г.Лийн мөрдөн байцаалтад өгсөн ... Би хувиараа экскаватор түрээсэлдэг юм аа. Миний эзэмшилд нийт DOOSAN-500 1 ширхэг, Hundiu LC-9S 1 ширхэг байдаг юмаа. Тэгээд би Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэн Ү гэх хүнд Hundiu LC-9S 1 гэх экскаватороо 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу ачиж явуулсан. 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “Онийн булан” гэх уурхай дээр очсон. Тэгээд очоод ажил нь эхэлж өгөхгүй байна гэж манай экскаваторын жолооч яриад би Үлэмж- Эрдэнэ гэх хүн лүү ярьсан. Ажил чинь яагаад эхлэхгүй байгаа юм бэ. Тэгэхэд Ү гэх хүн энд жоохон дотоод асуудалтай байна. Түрээс мөнгө чинь гүйж байгаа санаа зоволтгүй гэж хэлсэн. Тэгээд би өөрөө хөдөө хувийн ажлаар яваад 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ирээд Ү гэх хүнтэй ярьсан чинь техникүүд чинь цагдаагийн журмын хашаанд орсон гэж хэлсэн. Тэгээд би одоо тэгээд яах юм бэ гэсэн чинь чи санаа зоволтгүй байж бай би өөрөө аргалаад авчихна гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс хойш одоог хүртэл одоо болно болох гэж байна гээд л яриад байсан. Би техникээ түрээслэхээс өмнө энэ хүнийг таньдаггүй байсан. Манай нэг таньдаг ах Наранбат гэх хүнээр дамжуулан танилцсан. Тэгээд техникээ түрээслүүлэх болсон юм аа. Тэрнээс өөр ямар нэгэн холбоо байхгүй. Би хууль ёсны гэрээ хийж гарын үсэг зурсан юм байхгүй. Аман гэрээгээр гэрээ хийсэн юм аа. Учир нь техникийн гэрчилгээ нь ББСБ-д техникийн бичиг баримтын нэр шилжсэн байсан болохоор гэрээ хийж нотариатаар баталгаажуулах боломжгүй байсан юм аа. Би тухайн хүнээс одоо болтол түрээсийн тооцоогоо авч чадаагүй юм аа. 2020 оны 07 дугаар сарын 07-ноос 2020 оны 08 дугаар сарын 14-ны хүртэл түрээсийн төлбөрөө авмаар байна. Нийт 55.500.000 төгрөг болсон. Нийт түрээс нь нийлээд тэрнээс өөр надад нэхэмжлэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/,

 

Гэрч Х.Мийн мөрдөн байцаалтад өгсөн ... Би 2020 оны 06 сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг “Онийн булаг” гэх газарт Ү гэх хүний нөхөрлөлийн хүмүүсийг ахалж нүүж очсон. Тус газарт нүүж очоод гэр барьсан, усан бууг суурьлуулсан өөр үйл ажиллагаа явуулаагүй. Үгүй. Бид нар тухайн газар тийм үйл ажиллагаа явуулаагүй. Биднийг нүүж очоод удаагүй байх үед 2020 оны 07 сарын 02-нд байхаа мэргэжлийн хяналтын алба хаагчид цагаан өнгийн пурган авто машинтай Онийн булаг гэх газарт шалгалтаар ирсэн. Тухайн үед мэргэжлийн хяналтын дарга Бямбадорж гэх хүн машинаас бууж ирээд ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар асууж тодруулаад манай нөхөрлөлийн экскаватор, хово хоёрыг паркалж тавиад үйл ажиллагаа явуулж болохгүй гээд явсан. Тэгээд 3 хоногийн дараа цагдаа, мэргэжлийн хяналтын алба хаагчид ирж манай техник хэрэгслийг буулгаад ачаад аваад явсан. Тухайн газарт овоолготой шороо байсан түүнийг түрж тэгшилсэн юм аа. Өөр ямар нэгэн техник хэрэгслээр газар ухаж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаагүй. Сумаас тэгшил гэсэн гээд Ү өөрөө тэгшлүүлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 170-171/,

 

Гэрч Б.Дын мөрдөн байцаалтад өгсөн ... Үгүй. Би 2020 оны 06 дугаар сарын 03-наас эхлэн амралтаа аваад 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ажилдаа орсон. Би тухайн үед амралттай байсан. Мэдэхгүй явсан байж магадгүй би ажилдаа орсоныхоо дараа 2020 оны 07 сарын 04-ний өдрөөс эхлээд нэгдсэн шалгалтаар явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 174/,

 

Гэрч Д.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн ... Манай байгууллага 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тухайн газарт шалгалтаар очоогүй. Харин 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шалгалтаар очих үед кемп байгуулсан. Ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байсан талаар манай ажилчны бичсэн тэмдэглэл байна лээ ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 177/,

 

Гэрч М.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн ... Манай сумаас сумынхаа багийг тойрч ажиллаж байгаад “Онийн булан” гэх газраар очиж үзсэн. Тухайн үед бид нар шалгалтаар очих үед ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байсан. Бүх техник, төхөөрөмжүүдээ буулгаад нүүсэн байсан. Ү гэх хүн нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй нөхөрлөл нь буусан байсан. Үийн дүгнэлттэй “Онийн булан” гэх газарт нь 2004 оны үед уурхайн үйл ажиллагаа явуулж байгаад нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа хийгээгүй явсан байсан эвдэгдсэн газар байсан. Онийн булан гэх газар нь бол уурхайн үйл ажиллагаа явуулж байгаад эвдрэлд оруулаад хаясан газар болохоор ойр орчимд нь их овоолго шороо байсан. Ү гэх хүн нь манай сумтай гэрээ хийхдээ тухайн эвдрэлд оруулсан талбайг нөхөн сэргээх гэж орсон. Тухайн газрыг нөхөн сэргээлт явуулна гэж ороод нөхөн сэргээлтээ дутуу хийсэн болохоор гүйцээж хийгээрэй, тухайн овоолго шороог түрж тэгшил гэж хэлсэн байсан. Ү гэх хүн нь 2019 онд Онийн булан гэх дүгнэлттэй талбай дээр нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулна гэж гэрээ байгуулж байсан. 2019 онд 05 сарын 23-ны өдөр гэрээ байгуулаад 2021 оны 05 сарын 23-ны өдөр дуусах хүртэл хүчинтэй гэрээ байгуулж байсан. Би 2020 оны 01 сарын үед багуудаа тойрч явах үед очиж байсан. Тухайн үед овоолготой шороог тэгшилж янзалсан байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 180-182/,

 

Гэрч У.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн ... Ү гэх хүн нь надад санал тавихдаа Бууцагаан сумын 5 дугаар багт дүгнэлттэй газарт ажиллах гэж байгаа тэнд очоод гэр хараад байж бай гэж хэлсэн. Би Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг Онийн булан гэх газарт 2020 оны 06 сарын 30-ны өдөр очиж байсан. Намайг тус газарт очих үед усан буугаа угсарч янзлаагүй байсан. Намайг очоод нэг хонож байхад Ү өөрөө аймгаас хүн авчирч угсарч усан бууг суурилуулсан. Усан бууг угсарснаас хойш усан буугаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Намайг очих үед тухайн нүх нь ухагдсан хуучин нүх байсан. Хэн ухсан гэдгийг би мэдэхгүй. Ү гэх хүн нь Онийн булаг гэх газарт байгаагүй. Техник хэрэгслийн сэлбэг авна гээд усан буу суурилуулсан хүнээ аваад аймаг явсан. Аймаг ороод шууд Улаанбаатар хот руу сэлбэг авна гэж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 185-186/,

 

Шүүгдэгч Ц.Үийн мөрдөн байцаалтад өгсөн ... Ашигт малтмал эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулах, олборлохыг завдсан үйл ажиллагаа явуулаагүй болохоор хүлээн зөвшөөрөхгүй байна. Ухагдсан байгаа газар бол 2007 онд уурхай үйл ажиллагаа явуулж байгаад нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон газар байгаа юм аа тэр талаар сумын захиргаа болон эрх бүхий албан тушаалтай хүмүүс бүгд мэднэ. Уг “Онийн булан” гэх газар 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Баянхонгор аймгийн засаг даргын А/393 дугаартай захирамж, Бууцагаан сумын засаг даргатай хийсэн 2019 оны 05 дугаар сард хийсэн гэрээний дагуу очиж буусан, буугаад гэрүүд барьж усан буу суулгахаас өөр үйл ажиллагаа явуулаагүй, 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр аймгийн шалгалтын ажлын хэсэг шалгалтаар очиж техник хэрэгслийг аймгийн төв рүү нүүлгэн авч ирсэн. Тухайн газарт манай хүмүүс очоод гэрээ буулгаад барьж байхад нь буюу 2020 оны 07 дугаар сарын 01-02-ны хооронд мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирсэн гэж намайг аймагт байхад ажилчин М гэх хүн надад хэлсэн юм аа. Манайхыг очих үед тухайн газарт өмнө нь ухсан нүх, шуудуу байна гэж байсан. Үүнийг нь мэргэжлийн хяналтын шалгалтаар очсон мэргэжлийн хяналтын дарга, улсын хяналтын байцаагч Д гэх хүмүүс тухайн газрын өмнө ухагдсан байсан гэдгийг үзээд явсан учраас ямар байдалтай байсныг мэдэж байгаа. Мэргэжлийн хяналтын алба хаагчид очоод явсны дараа 3 хоногийн дараа дахиад шалгалт ирээд манай техник хэрэгслийг хураагаад явсан байсан. Манай сумын засаг дарга 2019 оны 07 дугаар сарын 14-ний үед байхаа нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байсан буюу одоогийн шинжээчийн дүгнэлтээр эвдэгдсэн гээд байгаа газарт хуучин овоолго байсныг намсаг гэсэн шаардлага тавьсан. Тухайн үед техник хэрэгсэл байгаагүй болохоор намсгаж чадаагүй. 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гэрээний дагуу очоод өмнө жил засаг даргын намсгаж тэгшил гэсэн газрыг нь нөхөж нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг хийсэн байсан. Би тухайн газарт 2018 онд нөхөн сэргээлтийн уйл ажиллагаа явуулаад сумдаа хүлээлгэн өгч байсан. 2019 онд нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах гэж очоод түрээсийн техник хэрэгсэл олдохгүй байсан болохоор ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй буугаад явсан. 2019 онд гэрээтэй талбай дээр очоод буцаж буухаас өмнө засаг дарга ирээд хуучин овоолгыг намсгаж тэгшил гэсэн тэгээд чадаагүй буусан тийм болохоор 2019 онд сумд тухайн газрыг хүлээлгэн өгөөгүй. Тус газар аймгаас нэгдсэн шалгалт очих үед усан буу дутуу угсрагдсан нуур ус байхгүй хуурай ямар ч үйл ажиллагаа явагдаагүй байсан болохоор тухайн газарт шалгалтаар очсон харсан болохоор үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг мэдэж байгаа байх. Шинжээчийн дүгнэлтэд заагдсан хуучин эвдрэлтэй газар гэх газарт нь би 2017 онд аймгийн засаг даргатай гэрээ хийж тухайн газрыг нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулж буцаан хүлээлгэн өгч байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 150-151/,

 

Байгаль орчны мэргэжлийн байгууллага Сайхан Ариун дэлхий ХХК-ны 2020 оны 08 сарын 11-ний өдрийн 03/11 тоот шинжээчийн ... 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Нуман алтай ХХК-ны гаргасан №01/52 тоот шинжээчийн дүгнэлттэй бидний хийсэн шинжилгээний дүгнэлт тохирохгүй байна. Иргэн Ц.Ү Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг Онийн булан гэх газарт 0,7 га талбайд эвдрэл үүсгэсэн байна. Байгаль орчинд нийт 1.490.585,6 төгрөгийн хохирол учруулсан байна. Нөхөн сэргээлтийн нийт зардал 1.304.000 төгрөг болох бөгөөд орон нутгийн байгаль орчны албанд хяналт мониторингийн зардалд 104.320 төгрөг төлөх шаардлагатай байна. Эвдрэлд орсон талбай нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцалтай эсэх талаарх лавлагааг Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газраас гаргуулан авах шаардлагатай тул дүгнэлт гаргах боломжгүй байна. Энэ талбайн дэргэд өмнө нь эвдрэл үүсгэсэн ухаш овоолго байсан бөгөөд түүнтэй залгаа байдлаар 0,7 га талбайд эвдрэл үүсгэж 0,3 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг шинээр хийсэн байна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 83-103/,

 

Байгаль орчны мэргэжлийн байгууллага Сайхан Ариун дэлхий ХХК-ны 2021 оны 01 сарын 15-ны өдрийн 03/02 тоот нэмэлт шинжээчийн ... Хариулт 1. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2014003450417 дугаартай хэрэгт нэмэлт шинжилгээ хийлгэхээр заасан асуултад байгаа эхний нэгж талбарын соливцол дахь 5 эргэлтийн цэгүүдээр холбогдсон талбайн хэмжээ 0.2 га байна. Энэ талбай нь манай байгууллагаас 2020 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн 03/11 дугаартай шинжээчийн дүгнэлтээр эвдрэлд орсон гэж тодорхойлогдсон талбайтай давхцаж байна. Нуурын соливцол гэж өгсөн нэгж талбарын цэг соливцол нь манай байгууллагаас 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 03/11 дугаартай шинжээчийн дүгнэлтээр эвдрэлд орсон ухаш 1 гэж тодорхойлогдсон талбайтай /тайлангийн 1-р хуудаст дурдсан/ давхцаж байна. Харин ашигт малтмалын газраас Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа Г.Батаад 2020 оны 09 дүгээр сарын 30 -ны өдрийн 8/4496 тоотоор ирүүлсэн 2018.07.05-ны өдрийн 7/4818 тоотын хавсралтад дурдсан Онийн булан 1, Онийн булан 2 гэх талбайн цэг соливцол бүхий талбайд хамаарахгүй байна. Ашигт малтмалын газраас ирүүлсэн цэг соливцол эвдрэл оруулсан талбар хамааралгүй байгаа түүнчлэн нэмэлт шинжилгээ хийлгэхээр заасан цэг соливцол нь манай байгууллагаас гаргаж өгсөн цэг соливцолтой давхцалтай байгаа тул нэмэлтээр байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг дахин хийх шаардлагагүй гэж үзэж байна. Хариулт 2. Манай байгууллагын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 03/11 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан эвдэгдсэн гэх 0,7 га талбай нь ухаш, овоолгод дарагдаж байгалийн төрхөө өөрчилсөн байсан тул эвдрэлд орсон гэж дүгнэлт гарган байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг батлагдсан арга зүйн дагуу гүйцэтгэж дүгнэлтээ явуулсан байгаа. Харин энэ талбайн дэргэд 0,3 га газарт шинээр техникийн нөхөн сэргээлт хийсэн байсан. Биднийг судалгаа хийх үед ашигт малтмал олборлосон, хайсан, ашиглалт явуулсан, алт олборлосон байх гэж үзэх нөхцөл байдал байгаагүй. Хариулт 3. Иргэн Ц.Үийн үйл ажиллагаа явуулсан гэх Онийн булан гэх нэртэй газарт усан буу угсрагдсан байсан боловч ажиллагаа хийгдээгүй, усан бууны тоноглол бүрэн хангагдаагүй ажиллах нөхцөл бүрдээгүй байсан. Үүнийг би тайланд тусгаж зургийг нь авч баталгаажуулсан /хуудас 5,6,7-р хуудасны зураг 5.7.9-р зургийг харна уу?/. Усан бууны алттай шороог угаахаар бэлтгэсэн боловч гүйцэд угсрагдаагүй, тоноглогдоогүй байсан тул үйл ажиллагаа огт явуулаагүй байсан гэсэн дүгнэлтийг өгч байна. Хариулт 4. Монгол улсын “Хөрс хамгаалах цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 4.1.1-т “Хөрс гэж газрын гадаргын өнгөн хэсгийн үржил шимт давхарга бүхий сэгсгэр хэсгийг;” Газрын хэвлийн тухай хуулийн 4.1-т “Хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс /бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж/-ийг газрын хэвлий гэнэ. Гэсэн байдаг. Иймд хөрс бол ургамлыг ургуулдаг газрын гадаргуугийн өнгө сэвсгэр хэсэг. Газрын хэвлий бол хөрснөөс доош үргэлжлэх дэлхийн төвд оройтой орон зайн давхарга юм. Үийн гүйцэтгэсэн 0,3 талбайд хийсэн нөхөн сэргээлт бол хэвлийд үүссэн ухшийг дүүргэн газрын гадаргууг байгалийн төрхөд нь буцаан оруулж хийсэн ажиллагаа тул техникийн нөхөн сэргээлтэд хамаарна. Хариулт 5. Биднийг 8 сард судалгаа хийж очих үед Онийн булан гэх тэр газарт бий болсон ухаш, овоолго бол хуучин байсан гэхээр эд мөртэй эвдрэлтүүд байсан боловч бидний хэмжилт хийсэн 0,7 га талбайд 1 ухаш үүсгэн түүнээс гарсан шороогоор усан бууг ажиллуулахад шаардлагатай шуудууг татан газрын гадаргуугийн хэлбэрийг өөрчилсөн байсан тул бид эвдрэл үүсгэсэн гэж үзэж болно. Мөн шуудуу татсан талбайд урд өмнө нь усан буу ашиглаж угаах үйл ажиллагаа явуулсан эфел, галь гэж нэрлэгдэх алтгүй хаягдал овоолго байсныг тэгшилж, гадаргууг шуудуу татах байдлаар зассан байсан тул бид ажиллагаа явагдаж талбай бэлдсэн гэж үзээд нийт 0,7 га талбайд эвдрэл үүсгэсэн гэж хохирлын үнэлгээг гаргасан болно. Хариулт 6. байгаль орчинд нийт 1.490.585 төгрөгийн хохирол учруулсан байна. Хариулт 7. Нөхөн сэргээлтийн зардал 1.304.000 төгрөг болно. Хариулт 8. Уг эвдрэлд орсон талбай нь хуучин ухагдсан талбай байсан бөгөөд иргэн Ц.Ү уг талбайд дахин ажиллагаа явуулахаар бэлтгэн хангахдаа газрын хэвлийд эвдрэл үүсгэсэн байсан тул бид байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг хийж дүгнэлт гаргасан болно ... гэсэн дүгнэлт /хх-ийн 190-195/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 6-12/,

Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ны 2020 оны 07 сарын 16-ны өдрийн 1/52 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-68/,

Энх-Нахиа ХХК-ны 2020 оны 08 сарын 18-ны өдрийн 403 тоот эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73-74/,

Шүүгдэгч Ц.Үийн нэр дээр бүртгэлтэй Шөвгийн худаг нөхөрлөлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 120-127/,

Иргэн П.Г, Ц.Ү нарын хооронд байгуулсан авто машины түрээсийн гэрээ /хх-ийн 117-119/,

Ашигт малтмал, газрын тосны газрын 2018.07.05-ны өдрийн 7/4818 тоот дүгнэлтийн хуулбар /хх-ийн 128/,

Шөвгийн худаг нөхөрлөлийг төлөөлж Ц.Ү болон Баянхонгор аймгийн Бууцагаан сумын засаг дарга Ж.Алтанцэцэг нарын хооронд байгуулсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” гэрээний хуулбар /хх-ийн 129-132/,

Шүүгдэгч Ц.Үийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 1099-114/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг Онийн булан гэх газарт эвдрэл үүссэн 0,7 га талбайд Байгаль орчны мэргэжлийн байгууллага Сайхан Ариун дэлхий ХХК нь анхан болон нэмэлтээр гаргасан шинжээчийн дүгнэлтэд “... байгаль орчинд 1.490.585,6 төгрөгийн хохирол учруулсан, нөхөн сэргээлтийн нийт зардал 1.304.000 төгрөг, ... Ашигт малтмалын газраас ирүүлсэн цэг соливцол эвдрэл оруулсан талбар хамааралгүй байгаа ... Харин энэ талбайн дэргэд 0,3 га газарт шинээр техникийн нөхөн сэргээлт хийсэн байсан. Биднийг судалгаа хийх үед ашигт малтмал олборлосон, хайсан, ашиглалт явуулсан, алт олборлосон байх гэж үзэх нөхцөл байдал байгаагүй. ... Иргэн Ц.Үийн үйл ажиллагаа явуулсан гэх Онийн булан гэх нэртэй газарт усан буу угсрагдсан байсан боловч ажиллагаа хийгдээгүй, усан бууны тоноглол бүрэн хангагдаагүй ажиллах нөхцөл бүрдээгүй байсан ... Усан бууны алттай шороог угаахаар бэлтгэсэн боловч гүйцэд угсрагдаагүй, тоноглогдоогүй байсан тул үйл ажиллагаа огт явуулаагүй байсан гэсэн дүгнэлтийг өгч байна ... Онийн булан гэх тэр газарт бий болсон ухаш, овоолго бол хуучин байсан гэхээр эд мөртэй эвдрэлтүүд байсан боловч бидний хэмжилт хийсэн 0,7 га талбайд 1 ухаш үүсгэн түүнээс гарсан шороогоор усан бууг ажиллуулахад шаардлагатай шуудууг татан газрын гадаргуугийн хэлбэрийг өөрчилсөн байсан тул бид эвдрэл үүсгэсэн гэж үзэж болно. Мөн шуудуу татсан талбайд урд өмнө нь усан буу ашиглаж угаах үйл ажиллагаа явуулсан эфел, галь гэж нэрлэгдэх алтгүй хаягдал овоолго байсныг тэгшилж, гадаргууг шуудуу татах байдлаар зассан байсан тул бид ажиллагаа явагдаж талбай бэлдсэн гэж үзээд нийт 0,7 га талбайд эвдрэл үүсгэсэн гэж хохирлын үнэлгээг гаргасан болно ... Уг эвдрэлд орсон талбай нь хуучин ухагдсан талбай байсан бөгөөд иргэн Ц.Ү уг талбайд дахин ажиллагаа явуулахаар бэлтгэн хангахдаа газрын хэвлийд эвдрэл үүсгэсэн байсан тул бид байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг хийж дүгнэлт гаргасан болно ... гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас хархад Ц.Ү нь “Шөвгийн худаг” нөхөрлөлийг үүсгэн байгуулж Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Засаг даргатай тус сумын Онийн булан нэртэй газарт 0.56 гектар талбайд 2019 оны 05 сарын 23-ны өдрөөс 2021 оны 05 сарын 23-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаанд “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ” байгуулж, шүүгдэгч Ц.Ү нь гэрээнд заасан бичил уурхайн үйл ажиллагаа явуулахаар техник тоног төхөөрөмж буюу экскаватор, ковш, усан буу зэргийг 2020 оны 06 сарын 29-нөөс 2020 оны 07 сарын 05-ны өдрүүдэд байршуулжээ.

 

Шүүгдэгч Ц.Ү нь 2020 оны 06 сарын 29-нөөс 2020 оны 07 сарын 05-ны өдрүүдэд техник тоног төхөөрөмж буюу экскаватор, ковш, усан буу зэргийг байршуулсан боловч ашигт малтмал олборлосон, хайсан, ашиглалт явуулсан, алт олборлосон гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээгүй нотлох баримт хэрэгт авагдаагүй, нотлогдоогүй байна.

 

Тухайлбал хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.О, иргэний нэхэмжлэгч П.Г, Г.Лэ, гэрч Х.М, Б.Д, Д.М, М.С, У.Д гэсэн нэр бүхий хүмүүс хохирогч, иргэний нэхэмжлэгч болон гэрчээр мөрдөн байцаалтад тус тус мэдүүлэг өгсөн бөгөөд хохирогч Д.О нь “тухайн талбай нь урд нь эвдэгдсэн талбай байсан, ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй тухайгаа илэрхийлсэн” мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч П.Г, Г.Лэ нар нь “өөрсдийн техникийг Ц.Үд түрээслүүлсэн” талаарх мэдүүлэг, гэрч Х.М нь “Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг “Онийн булаг” гэх газарт бичил уурхайн нөхөрлөлийн хүмүүсийг ахалж очоод гэр барьж, усан буу суурилуулснаас өөр үйл ажиллагаа явуулаагүй” талаарх мэдүүлэг, гэрч Б.Д, Д.М нар нь “Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг “Онийн булаг” гэх газарт хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр албаны шалгалтаар очсон эсэхээ сайн мэдэхгүй байгаа” талаарх мэдүүлэг, гэрч М.С нь “Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг “Онийн булаг” гэх газар нь уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлтэй, овоолго шороо ихтэй газар, уг газарт Ц.Ү нь бичил уурхайн нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан, нөхөн сэргээлтээ дутуу хийсэн болохоор гүйцээж хийгээрэй, тухайн овоолго шороог түрж тэгшил гэж хэлсэн байсан. Би 2020 оны 01 сарын үед багуудаа тойрч явах үед очиж байсан. Тухайн үед овоолготой шороог тэгшилж янзалсан байсан” талаарх мэдүүлэг, гэрч У.Д нь “тухайн газар Ц.Ү нь усан бууг угсарснаас хойш усан буугаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Тухайн нүх нь ухагдсан хуучин нүх байсан. Хэн ухсан гэдгийг би мэдэхгүй” талаарх мэдүүлгүүд тус тус хавтаст хэргийн материалд тусгагджээ.

 

Хавтаст хэргийн материалд тусгагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэгт шүүгдэгч Ц.Үийг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлосон гэж яллах ач холбогдол бүхий мэдүүлэг байхгүй, Ц.Ү нь гэрээний дагуу бичил уурхайн үйл ажиллагаа явуулахаар техник тоног төхөөрөмж буюу экскаватор, ковш, усан буу зэргийг 2020 оны 06 сарын 29-нөөс 2020 оны 07 сарын 05-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Онийн булан нэртэй газарт байршуулсан талаар дээр дурдсан нэр бүхий хүмүүс мэдүүлсэн, Ц.Үийн техник тоног төхөөрөмж байршуулсан явдал нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Засаг даргатай байгуулсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ”-ний дагуу тул хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлохоор техник тоног төхөөрөмж байршуулж бэлтгэл ажил хийсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Байгаль орчны мэргэжлийн байгууллага Сайхан Ариун дэлхий ХХК-нь Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг Онийн булан гэх газарт 0,7 га талбайд эвдрэл үүссэнийг тогтоосон боловч хэний үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тухайн 0,7 га талбайд эвдрэл үүссэн эсэхийг эргэлзээгүй нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй, эвдрэл үүссэн гэх 0,7 га талбайг хэн хэзээ, хэний удирдлага дор ухсан эсэх, ухах үүргийг холбогдох нөхөрлөлийн ажилтнуудад даалгасан эсэх, даалгасан бол хэн хэзээ даалгасан эсэх зэрэг ач холбогдол бүхий нөхцөл огт тогтоогдоогүй, хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Ц.Ү нь хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээгүй нотлох баримт хэрэгт авагдаагүй, нотлогдоогүй байх тул түүнд ашигтайгаар шийдвэрлэв.

 

Нөгөөтэйгүүр улсын яллагчийн зүгээс шинжээчийн дүгнэлтэд дурдсан Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг Онийн булан гэх газарт эвдрэл үүссэн 0,7 га талбай нь Ц.Үийн буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн гэж үзэж буй бол тухайн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэрэгт тооцох үндсэн шалгуур, мөн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүн байгаа эсэхэд хууль ёсны дүгнэлт өгөөгүй гэж үзхээр байна.

 

Ашигт малтмалын тухай хуульд "ашигт малтмал” гэдэг нь “геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг хэлнэ” гэж заасан бол Газрын хэвлийн тухай хуульд “газрын хэвлий” гэж “газрын хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс, тухайлбал бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламжийг хэлнэ” хэмээн тус тус томъёолжээ.

 

Газрын гадаргуу, түүний хэвлий дэх эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоож, ашигт малтмалын агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах зорилгоор эрэл хайгуул хийн олборлолт хийх явцдаа хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр дээрх үйл ажиллагааг явуулсан эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийд халдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан.

 

Харин тусгай зөвшөөрөлтэй боловч ашигт малтмалын хэмжээг нуун дарагдуулсан, ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа хуульд заасан нийтлэг үүргээ биелүүлээгүй, хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, ашигт малтмалын нөөцийг зохистой ашиглах шаардлагыг зөрчсөн эсхүл бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах талаар тогтоосон журам зөрчсөн бол холбогдох бусад хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх учиртай.

 

Шүүгдэгч Ц.Үийн хувьд Шөвгийн худаг” нөхөрлөлийг үүсгэн байгуулж урьд өмнө ухагдаж эвдэрсэн талбайд ашигт малтмалыг зүй зохистойгоор байгаль экологид хал багатай аргаар бичил уурхайн ашигт малтмал, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эрхлэхээр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Засаг даргатай “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ” байгуулсан нь төрийн захиргааны холбогдох байгууллагын тусгай зөвшөөрөл гэж үзнэ.

 

Гэтэл мөрдөн байцаалт болон прокурорын шатанд Шөвгийн худаг” нөхөрлөлийн үйл ажиллагааны талаар бус Ц.Үд холбогдуулж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь учир дутагдалтай болсон гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн хяналтын прокурорын зүгээс шүүгдэгч Ц.Үд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэхийн өмнө түүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахыг завдсан гэж үзэн яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан боловч яллах дүгнэлтийнхээ тогтоох хэсэгт тухайн гэмт хэргийг төгссөн гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, яллах дүгнэлтдээ ямар нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй гэж үзэн завдалт эсхүл гэмт хэрэг төгс үйлдэгдсэн аль нь болох талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй.

 

Иймд хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ц.Үд ашигтай шийдвэрлэгдэх “үндэслэл бүхий эргэлзээтэй байдлууд”-ыг нотлох хүрэлцээтэй баримтууд хэрэгт хангалттай цугларсан гэж дүгнэж Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Үд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ц.Үд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ү нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2, 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлд тус тус заасны удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Баянхонгор аймгийн прокурорын газраас Цэрэндоржийн Үд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Ц.Үд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шүүгдэгч Ц.Ү нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА