Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/122

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Г.Цогтмагнай,

Шүүгдэгч Ц.Б түүний өмгөөлөгч Х.Мөнхбаатар

Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000280061 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц.Б,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 01 сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багт байх хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай байр буюу “Гон Гандан” дэдлин хийдэд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 617.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч А.Хгийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 18 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гон гандан” дэдлин хийдээс 6 ширхэг мөнгөн суурь, мөнгөн таг 1 ширхэг, мөнгө бумба 1 ширхэг зэргийг алдсан. Тухайн эд зүйлсийг Батаа гэх лам хувиараа айлд очиж ном уншихдаа ашигласан. Тэгээд айлд очиж ном уншиж буцаад төв гандан дээр ирээд дээрх эд зүйлсийг надад хүлээлгэж өгөөгүй. Харин С.Л гэх хурлын лам хүүхдэд өгөөд 2 давхрын өрөөнд оруулах гэснийг нь тус гандангийн 2 давхарт байрлах цонхны дэргэд С.Л үлдээгээд явсан байсныг нь хүн аваад явчихсан байна лээ. Дээрх эд зүйлсийг хүлээлцээгүй бид нарын хайхрамжгүй байдлаас болсон ... Гандангийн хоёр давхрын камерын бичлэг үзсэн нэг согтуу залуу авч байсан. Өмнө нь харж байгаагүй... Манай “Гон гандан” дэдлин хийдэд тухайн эд зүйлсийг авчирсан гэх ямар нэгэн баримт байхгүй. Ямар нэгэн баримтгүй аваад ирдэг учир ямар нэгэн баримт байхгүй. Манай алдсан мөнгөн бумба, тодовны суурь, арвайн цөгцний мөнгөн таг, цөгц зэрэг эд зүйлс нь түүх, соёлын үнэт эдлэлд орохгүй. Саяхан Энэтхэг улсаас шинээр захиалж авсан тул түүх соёлын үнэт эдлэлд орохгүй. Манай гандангаас алдагдсан эд зүйлсийг заримыг нь буцааж авхад нэг бумба байхгүй байсан учир холбогдогч Ц.Баас бумбаны үнэ болон 400.000 төгрөгийг гаргуулан авч ямар нэгэн хохиролгүй болсон тул ямар нэгэн нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 19, 31-32, 34/,

 

Гэрч Б.Эын мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 17 цагийн үед манай хүүхэд С.Л Б гэх лам төв хийд рүү оруулаад тавьчих гэсэн шашны эд зүйл болох цөгц, гүц зэргийг төв гандан руу оруулахаар явж байгаад 2 давхрын цонхон дээр тавьсан байсныг үл таних хүн аваад явчихсан учраас цагдаад хандсан. Би дээрх хүнийг танихгүй. Хэн хулгай хийсэн талаар би мэдэхгүй. Хяналтын камер байгаа. Хяналтын камерт үл таних хүн бичигдсэн байна лээ ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/,

 

Насанд хүрээгүй гэрч С.Лийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 01 сарын 19-ний өдөр 15 цагийн үед би Б ламын хамт Баянхонгор аймгийн Өлзийт сум руу айлд ном уншихаар “Гон гандан” дэдлин хийдээс эд зүйлс болох бумба, тодовны мөнгөн суурь, арвайн цөгцний таг, цөгц зэргийг авч яваад орой 17 цагийн үед Баянхонгор аймагт гандангийн гадаа ирээд Б лам намайг шашны эд зүйлс болох бумба, тодовны мөнгөн суурь, арвайн цөгцний таг, цөгц зэргийг “Гандан луу оруулаад А.Х ламд өгчих” гээд надад өгсөн. Би гандан луу ороод А.Х ламд шашны эд зүйлсийг өгөх гэтэл байхгүй 2 давхар цоожтой байхаар нь би 2 давхрын цонхны тавцан дээр шашны эд зүйлс болох бумба, тодовны мөнгөн суурь, арвайн цөгцний таг, цөгц зэрэг эд зүйлсийг тавьчхаад гараад явсан. Тэгтэл А.Х лам намайг дуудаад “Шашны эд зүйлс хаана тавьсан бэ” гэхээр нь “2 давхрын цонхны тавцан дээр тавьсан” гэж хэлсэн. Тэгээд цонхны тавцан дээр үзтэл алга болсон байхаар нь А.Х лам цагдаад дуудлага өгсөн юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47/,

 

Гэрч Г.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 13 цагийн үед би С.Лийн хамт Өлзийт суманд айлд ном унших гээд гандан шашны эд зүйлс авч гараад Өлзийт суманд ном уншчихаад орой 16 цагийн орчимд гандан дээр ирсэн. Би тухайн үедээ ажилтай байсан учир С.Лийг “Шашны эд зүйлсийг А.Х ламд оруулаад өгчхөөрэй. Би ажилтай болчихлоо” гээд гандангийн үүднээс яваад өгсөн. С.Л шашны эд зүйлсийг оруулж өгнө гээд аваад орсон. Тэгээд би маргааш нь гандан дээр хурал дээр очтол бид нарын авч явсан шашны эд зүйлс алдагдсан талаар мэдсэн … гэсэн мэдүүлэг /хх-ийн 50/,

Шүүгдэгч Ц.Бын мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 14 цагийн үед би н.Амарбат гэх найзтайгаа гудамжинд уулзаад дэлгүүрээс 1 шил архи, 1 пиво аваад н.Амарбаттай хамт 1 шил архи, 1 том пиво хувааж уусан. Архи, пиво хувааж уучхаад н.Амарбат “Ажилтай” гээд яваад өгсөн. Би ганцаараа үлдсэн. Надад 10.000 төгрөг байхаар нь дахин 1 шил архи аваад 5-6 дугаар багийн заалны гадаа архиа ганцаараа уусан. Би архиндаа согтоод тасарсан байсан учир Гандан орж эд зүйлс хулгай хийснээ санахгүй байна. Маргааш өглөө нь би гэртээ сэртэл миний харман дотор шашны 4 эд зүйлс байсан. Би уг 4 эд зүйлсийг хаанаас авснаа санахгүй байсан учир тухайн эд зүйлсийг гэртээ тавьчхаад Өвөрхангай аймаг руу яваад 12 хоноод ирэх үед цагдаагаас намайг дуудаад ирж уулзаад эд зүйлс авснаа яриад шашны 4 эд зүйлсийг хүлээлгэн өгсөн ба дахин шашны бумба гэх зүйл байхгүй байна гэхээр нь би төлж өгсөн. Би уг бумба гэх зүйлсийг согтуу авч явж байгаад хаясан юм шиг байна лээ санахгүй байна. Би гандангаас эд зүйлс авснаа бүрэн хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Алга болгосон гэх бумбыг ганданд төлж барагдуулсан. Би тухайн эд зүйлсийг ганцаараа хулгай хийсэн. Хэн нэгэнтэй хамтран үйлдсэн зүйл байхгүй … гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-16/,

Энх нахиа ХХК-ийн 2021 оны 01 сарын 26-ны өдрийн 30 дугаартай “Эд зүйлийн үнэлгээ тогтооход магадалгаа хийсэн тухай” дүгнэлт /хх-ийн 53/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 21/,

Хяналтын камерын бичлэг бүхий дискийг эд мөрийн баримтаар тооцож, эд мөрийн баримт хураан авсан тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 22-25/,

Шүүгдэгч Ц.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 61-63, 73-76, 83-85/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

 

Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 01 сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багт байрлах “Гон Гандан” дэдлин хийдийн 2 давхрын шатны хажууд байх цонхны тавцан дээр байсан шашны эд зүйлүүдийг хулгайлж бусдад 617.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Харин Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Бын үйлдэлд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

 

Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай байхыг анхааруулсан тэмдэг, тэмдэглээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр зөрчсөн, эсхүл тухайн орон байранд нэвтрэхдээ түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон тохиолдлыг хууль бус нэвтрэлт гэж үзнэ.

 

Гэтэл хохирогч А.Х, гэрч Б.Э, насанд хүрээгүй гэрч С.Л, гэрч Б нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг зэргээс үзвэл тухайн алдагдсан шашны эд зүйлүүдийг насанд хүрээгүй гэрч С.Л нь “Гон Гандан” дэдлин хийдийн 2 давхрын шатны хажууд байх цонхны тавцан дээр ил тавьж явсан, тухайн шашны эд зүйлүүдийг тавьсан хэсэг нь нийтийн орчинд тооцогдохоор буюу хурал номын өргөөний гаднах үүдэн /коридор/ хэсгийн цонхны тавцан байсан байх бөгөөд шүүгдэгч Ц.Бын хувьд тухайн “Гон Гандан” дэдлин хийдийн тухайн хэсэгт нэвтрэхийн тулд хэн нэгнээс тусгайлан зөвшөөрөл авах шаардлага үүсээгүй, хууль бус арга буюу түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, цонх хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах зэрэг аргуудыг хэрэглээгүй нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив талын нөхцөл бүрдээгүй байна.

 

Иймд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Ц.Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хохирогч А.Х нь алдагдсан шашны эд зүйлүүд болох тодовны мөнгөн суурь 1 ширхэг, арвайн цөгцний мөнгөн таг 1 ширхэг, цөгц 6 ширхэг зэрэг эд зүйлүүдийг шүүгдэгчээс буцаан авч эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлийг хэргийн 21 дүгээр хуудсанд хавсаргаж, мөнгөн бумбаны үнэ болох 400.000 төгрөгийг шүүгдэгчээс хүлээн авч цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.Быг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад төлөх төлбөргүй, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүх шүүгдэгч Ц.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий дискийг хэрэгт хадгалж, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Урианхай овогт Ц.Быг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Бд 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Бын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний зах, хүнсний дэлгүүр, эрхэлж буй ажил гэсэн чиглэлээр зорчихоор даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Бд мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий хатуу дискийг хэрэгт хадгалсугай.

 

7. Шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9 Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА