| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 102/2016/04865/И |
| Дугаар | 184/ШШ2017/00310 |
| Огноо | 2017-02-06 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2017/00310
| 2017 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 184/ШШ2017/00310 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 13 дугаар байрны 84 тоот хаягт оршин суух, Базарсадын Базарханд /рд: ХГ50031876/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Алтан тариа ХХК-ийн урд талд байрлах, Донж хацу ХХК /рд: 3738906/-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээг цуцласанаас учирсан хохиролд 75.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие Донж хацу ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 13/112 дугаар бүхий барилгын захиалга авах гэрээ байгуулж, уг гэрээгээр 133 м.кв талбайтай Гачуурт хотхонд Канад амины орон сууц /байшин №8/-ыг захиалж, гэрээний дагуу нийт 53.000.000 төгрөг төлсөн боловч бичмэл баримтаар нотлогдож байгаа 45.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа болно. Энэ мөнгийг би өөрийн төрсөн эгчийн охин болох *******гийн Голомт банк дахь дансаар дамжуулан Донж хацу ХХК-ийн дансанд 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн юм. Гэтэл Донж хацу ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй 2015 оны 7 дугаар сард миний захиалсан байрыг өөр этгээдэд зарсан ба өнөөдрийг хүртэл уг байрны өмчлөх эрхийг надад шилжүүлж өгөөгүй. Иймд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй Донж хацу ХХК-иас үндсэн төлбөр 45.000.000 төгрөг, алданги 22.000.000 төгрөг, нийт 67.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Донж хацу ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Донж хацу ХХК нь 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр *******тай 13/112 дугаартай “Барилгын захиалга авах гэрээ”-г байгуулсан. Тус гэрээгээр манай компани нь
Баянзүрх дүүргийн Бага хуандайн аманд байрлах Гацуурт тосгоны амины орон сууцнаас 8 тоот сууцыг захиалагч *******ад гэрээний үнэ болох 96.000.000 төгрөгийг бүрэн төлмөгц 100%-ийн гүйцэтгэлтэйгээр хүлээлгэн өгөхөөр, захиалагч ******* нь гэрээний хавсралт-1-д заасны дагуу 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гэрээний нийт үнийн 50% болох 48.000.000 төгрөгийг, 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр үлдэгдэл 50%-ийн төлбөр болох 48.000.000 төгрөгийг төлж 8 тоот амины орон сууцыг хүлээн авахаар тохиролцсон. Гэтэл захиалагч ******* нь бүтэн 1 жил байшинд амьдарсан боловч гэрээний дагуу тохиролцсон мөнгөө төлөөгүй. Манай компани *******тай байгуулсан гэрээгээ цуцлаж 8 тоот орон сууцанд дахин бүтэн засвар хийж дараагийн худалдан авагчид санал болгосон. Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгч *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Донж хацу ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан 45.000.000 төгрөгийг ******* нь төлөөгүй, ******* гэгч төлсөн учир бид *******д уг мөнгийг буцааж өгнө. Манай компани байшингийн түлхүүрийг гэрээ байгуулахдаа нэхэмжлэгч *******ад гардуулж өгсөн бөгөөд энэ үед барилга 95%-ийн гүйцэтгэлтэй болсон байсан. Иймд талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Нэхэмжлэгч нь төлбөр төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигч нь *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтээсээ татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжүүлэх хүсэлт гаргасан,
Зохигчдын тайлбар, гэрч ******* мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд хандаж, 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Барилгын захиалга авах гэрээ”-ний хохиролд нийт 75.000.000 төгрөгийг шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу шаардлагаа багасгаж, гэрээний дагуу төлсөн төлбөрт 45.000.000 төгрөг, гэрээг цуцласнаас учирсан хохирол буюу алдангид 22.000.000 төгрөг, нийт 67.000.000 төгрөгийг нэхэмжилжээ.
Хариуцагч Донж хацу ХХК нь “45.000.000 төгрөгийг ******* шилжүүлсэн”, “*******аас төлбөр төлөгдөөгүй”, гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна.
Маргаагүй үйл баримтын тухайд:
Талууд 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “Барилгын захиалга авах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр хариуцагч Донж хацу ХХК нь Баянзүрх дүүргийн Гачуурт тосгон, Бага хуандайн аманд, 133 м.кв талбайтай, 8 тоот дугаарлал бүхий байшинг барьж нэхэмжлэгч *******ын өмчлөлд, гэрээ байгуулагдсанаас хойш 2 сарын дотор шилжүүлж өгөх, ******* нь гэрээгээр харилцан тохиролцсон үнэ 96.000.000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн талаар маргаагүй ба хүлээсэн үүргийн агуулгаас үзвэл талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ. /хх 4-5 дугаар тал/
Маргасан болон тогтоогдсон үйл баримтын тухайд:
Зохигчид ажлын хөлсийг хэзээ хэрхэн яаж төлөх, тухайлбал гэрээний 1.2-т заасны дагуу, эсхүл хавсралтад заасан хуваарийн дагуу төлөх эсэх дээр буюу хүсэл зоригийн илэрхийлэлийн талаар маргажээ. Гэрээний 1.2-т бичигдсэн төлбөрийн талаарх тохиролцоо нь ерөнхий байдлаар илэрхийлэгдсэн, өмнөх 90%-ийн төлбөрийг хэзээ хэрхэн төлөх нь тодорхойгүй байх ба харин хавсралтаар талууд гэрээний нийт төлбөрийг төлөх хугацаа болон хэмжээг нарийвчлан тохиролцож гарын үсэг зурсан байгаа нь төлбөр төлөх хугацаа хэмжээг талууд гэрээний хавсралтад нарийвчлан тохиролцсон гэж үзэхээр байна. /хх 5 дугаар талын арын нүүр/
Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлаа үндэслэх боловч нэхэмжлэгч ******* нь 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээс зарим хэсгийг гүйцэтгэж, 45.000.000 төгрөгийг хариуцагч талд төлсөн болох нь нэхэмжлэгчийн: “...45.000.000 төгрөгийг гэрээгээр тохирсон №8 тоот байшингийн захиалгын төлбөрт, өөрийн зээ дүү *******гийн данснаас Донж хацу ХХК-ийн дансанд шилжүүлсэн...” гэх тайлбар, Чулууны Сарангийн данснаас, “Гачуурт хотхон байшин №8” гэсэн утгатай 45.000.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн Голомт банкны дансны хуулга болон хариуцагч Донж хацу ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн бичмэл баримт, гэрч ******* мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хх 57,135-138 дугаар тал/
Нөгөө талаас, хариуцагч нь уг төлбөр / *******гийн данснаас Донж хацу ХХК-ийн дансанд шилжүүлсэн, “Гачуурт хотхон байшин №8” гэх гүйлгээний утга бүхий 45.000.000 төгрөгийн шилжүүлэг/-ийг 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн, №8 тоот байшинг захиалгаар бариулах тухай, 13/112 дугаартай “Барилгын захиалгын гэрээ”-ний төлбөрт хамааралгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ биелүүлж чадаагүй.
Энэ тохиолдолд ******* болон ******* нарын хоорондын төлбөр тооцооны асуудал нь *******ын нэхэмжлэлтэй Донж хацу ХХК-д холбогдох иргэний хэрэгт хамааралгүй болно.
Түүнчлэн талуудын тохиролцооноос үзвэл, хариуцагч буюу гүйцэтгэгч Донж хацу ХХК нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгийг барьж захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн гэж үзэх ба Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр үүсдэг болно. Хариуцагч тал ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэг болох үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлж өгөх үүргээ хуульд заасан журмын дагуу гүйцэтгэсэн болохоо нотлож чадаагүй.
Шаардах эрхийн тухайд:
Дээр дурдсанаар хариуцагч Донж хацу ХХК нь гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэг болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй нь үүргийн ноцтой зөрчилд тооцогдох тул нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээг цуцлаж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Барилгын захиалгын гэрээ”-ний дагуу төлсөн 45.000.000 төгрөгийг өөрт учирсан хохирлын хамтаар буцаан шаардах эрхтэй байна.
Хохирол шаардсан шаардлагын тухайд:
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алданги буюу анзын зохицуулалт нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга болохоос гадна үүрэг гүйцэтгүүлэгч нотлогоо шаардахгүйгээр өөрт учирсан хохирол буюу эрсдлээ шаардах эрх зүйн боломжийг давхар агуулдаг. Энэ утгаараа нэхэмжлэгчийн шаардаж буй алдангийн төлбөрийг түүнд учирсан хохирол гэж үзэх боломжтой.
Өөрт учирсан хохирлоо анзын хэлбэрээр шаардаж буй энэ тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан, Донж хацу ХХК-ийн “гүйцэтгээгүй үүрэг”-ийн дүнг гэрээний нийт дүн болох 96.000.000 төгрөг гэж тодорхойлох нь буруу юм. Учир нь нэхэмжлэгч ******* нь Донж хацу ХХК-д 45.000.000 төгрөг шилжүүлсэн, энэ 45.000.000 төгрөгийнхөө өртөг, хэмжээгээр хохирол хүлээсэн гэж үзэх нь дээрх эрх зүйн зохицуулалтын агуулгад нийцэх юм.
Анзыг тооцох хугацааны тухайд:
Нэхэмжлэгч ******* нь үүргийн зөрчилтэй холбогдуулан гэрээг цуцлах хүсэлтээ Донж хацу ХХК-д гаргаж, улмаар Донж хацу ХХК нь хүсэлтийг 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар энэ үеэс гэрээг цуцлагдсан гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь гэрээг цуцлах хүртэлх хугацааны буюу 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны алдангийг шаардах эрхтэй. /хх 57 дугаар тал/
Нэхэмжлэлийн шаардлага хангагдах хэмжээ:
Иймд үүргийн зөрчилтэй холбогдуулан гэрээг цуцласнаас буцаан шаардах шаардлагад хамаарах 45.000.000 төгрөг, үүрэг гүйцэтгэхээр тохиролцсон хугацаа болох 2013 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэрээ цуцлагдах хүртэл нийт 725 хоногийн алдангид 16.312.500 төгрөгийг, нийт 61.312.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Талуудын гэрээгээр хүлээсэн үүргийн харилцан хамаарал, үүргийн зөрчлийн шалтгаант холбооны тухайд:
Гүйцэтгэгчийн эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх үүрэг болон захиалагчийн төлбөр төлөх үүрэг, төлбөр төлөх хугацаа нь бие биенээсээ харилцан хамааралгүй, Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д заасан үүрэг гүйцэтгэх дарааллын шинжийг агуулаагүй, Донж хацу ХХК барилгыг барьж захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй нь *******ын төлбөр төлөх хуваарийн зөрчлөөс шалтгаалаагүй байх ба ажил гүйцэтгэгч Донж хацу ХХК нь захиалагч *******ын үүргийн зөрчлийн талаар сөрөг шаардлага гаргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Донж хацу ХХК-иас 61.312.500 төгрөгийг гаргуулан *******ад олгож, нэхэмжлэлээс 5.687.500 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 532.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Донж хацу ХХК-иас 464.512 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР