Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/322

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Одонтуяа,

шүүгдэгч Б.Д-өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д- овогт Б-ын Дөлгөөнд холбогдох эрүүгийн 2110004700000 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй “Э” тавилгын үйлдвэрт гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* хотхон 00-00 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Д- овогт Б-ын Дөлгөөн

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Д-нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Ц” худалдааны төвийн түрдэг тэрэг дээр орхисон байсан иргэн Р.Д-гийн эзэмшлийн “Iphone 12 pro” маркийн gold өнгийн гар утсыг авч, түүнд 3.106.500 төгрөгийн хохирол учруулж, гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Д-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

Эрүүгийн 2110004700231 дугаартай хавтаст хэргээс:

Гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 8-р хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-12-р хуудас/,

Хохирогч Р.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

“Д” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27-28-р хуудас/,

Шүүгдэгч Б.Дий мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 41-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 42-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 43-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 44-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Дий гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Б.Д-нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Ц” худалдааны төв дээр хохирогч Р.Д-гийн гээгдүүлсэн “Iphone 12 pro” маркийн гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж авч, 3.106.500 төгрөгийн хохирол учруулж, гээгдэл эд хөрөнгө завшсан болох нь:

Имарт худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...цэнхэр өнгийн амны хаалттай, улаан өнгийн хар өнгийн шоотой өмдтэй, ногоон, шар, үзмэн ягаан өнгийн бэлтгэлийн цамцтай, цагаан өнгийн кэттэй, хар өнгийн жижиг үүргэвч үүрсэн эрэгтэй түрж явсан сагсан дотор байсан гар утсыг баруун гараараа авч, цамцныхаа баруун талын халаасанд хийж байв” /хх-ийн 10-12-р хуудас/,

Хохирогч Р.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Emart худалдааны төвийн 2 давхарт хувцасны сейфт гадуур хувцсаа хадгалуулах хэсэг дээр хувцсаа хийгээд утсаа түрдэг тэргэн дээр орхисон байсан. Би өөрийн утсаа гээгдүүлснээ мэдээд гадуур хувцасны халаасанд орхисон байж магадгүй гэж бодоод шалгахад байхгүй болохоор нь 1 давхарт зогсож байсан хамгаалалтын ажилтанд хэлэхэд камерын өрөө рүү оч гэсэн. Тэнд очоод камерын бичлэг шүүгээд өөрийн гар утсаа гээгдүүлснээ мэдсэн. Хамгийн сүүлд өөрийн гар утсаа хувцасны сейфийн урд байрлах шар тэрэгнүүд дээр үсний боолт, утсаа хамт тавьснаа санаж байна. ...Би өөрийн гар утсаа 3,000,000 төгрөгөөр үнэлж байна. ...Өөрийн гээгдүүлсэн Iphone 12 pro маркийн гар утсаа эргүүлэн авсандаа баяртай байна. Миний гар утсыг олж өгч хохиролгүй болгосонд баярлаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

Гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: “...Б-ын Дөлгөөнөөс Iphone 12 pro маркийн Gold өнгийн гар утсыг хураан авч, Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, ******* хотхоны энгельс гудамжны 12 дугаар байрны 71 тоотод оршин суух хаягтай, Равдангийн *******д хүлээлгэн өгөв” /хх-ийн 8-р хуудас/,

“Д” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хадлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 3.106.500 төгрөгөөр үнэлэгдэв” /хх-ийн 27-28-р хуудас/,

Шүүгдэгч Б.Дий мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би хүлээн зөвшөөрч байна. Би өөрийнхөө хийсэн үйлдэлд харамсаж байна. Тухайн үед унтраахгүйгээр буцаагаад залгасан дугаар руу нь залгаад өгчих ёстой байж. Би гар утсыг цагдаагаас залгахад хүлээлгэж өгсөн байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гээгдэл эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон, санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч ашигласан, тодруулбал гэмт этгээд бусдын өмчийг өөртөө олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулан захиран зарцуулсан үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч Б.Д-нь хохирогч Р.Д-гийн гээгдүүлсэн гар утсыг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч, өөртөө авч завшсан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон, бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

 Иймд шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завших” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирол төлбөрийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.

Шүүгдэгч Б.Дий гэмт үйлдлийн улмаас хохирогч Р.Д-д 3.106.500 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь гар утсыг хохирогчид биет байдлаар буцаан өгсөн /хх-ийн 8-р хуудас/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч Б.Д-нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцов.

Шүүгдэгч Б.Д-нь гэм буруугийн талаар маргаагүй ба тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Дд мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Д-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хавтаст хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэсэн болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Д- овогт Б-ын Дөлгөөнийг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Дд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Д-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хавтаст хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР