Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 25

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     Т.Жд холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

       

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                                        Н.Цогтбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Ц.Бат-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга                                  Ш.Ганзориг нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Жамбалсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн, Т.Жд холбогдох 201603000280 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, эрэгтэй, 29 настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, ээж, 3 дүүгийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг, Уугийн ам гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 24-ний өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан  хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овгийн Тын Ж

 

Т.Ж нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Горхин дэнж гэх газарт Мустанг-5 маркийн мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч Н.Дашдэлгэрийн амь насыг хохироосон,

2016 оны 06 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг, Горхин дэнж гэх газарт Мустанг-5 маркийн мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Н.Дашдэлгэрийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдэж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Т.Жд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б овгийн Тын Жыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон,  хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож;

Шүүгдэгч Т.Жыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 / гурван/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 / хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу 660 /зургаан зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж;

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т заасны дагуу Т.Жд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч Т.Жы 2018 оны 01 сарын 05-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 75 хоногийн 1 / нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман/ цагаар тооцож эдлэх ялд оруулан тооцож;

Т.Жд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж;

Шүүгдэгч Т.Ж нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан мотоциклийн хойд гэрэл, дохионы хагархайг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж;

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжпэх эрхтэй болохыг дурдаж;

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж;

Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Жд авсан цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Ерөнхий прокурор Д.Жамбалсүрэнгийн бичсэн эсэргүүцэлд: “Архангай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Жамбалсүрэн би, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолыг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянавал:

Шүүгдэгч Т.Ж нь:

-2016 оны 06 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Горхин дэнж гэх газарт Мустанг-5 маркийн мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч Н.Дашдэлгэрийн амь насыг хохироосон,

2016 оны 06 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг, Горхин дэнж гэх газарт Мустанг-5 маркийн мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Н.Дашдэлгэрийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдэж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Тус прокурорын газраас яллагдагч Т.Жыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 48 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.Жд холбогдох хэргийг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд 166 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Жыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, дээрх гэмт хэргийг үйлдэж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, улмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна.

Шүүгдэгч Т.Ж нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн байх ба автотээврийн гэмт хэрэг үйлдэж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т хамаарч, хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх үед хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Жы үйлдсэн автотээврийн гэмт хэргийн, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад анхан шатны шүүх шүүгдэгч Т.Жыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, улмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Т.Жд холбогдох эрүүгийн 201603000280 дугаартай хэргийг шийдвэрлэсэн Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсэгт зохих өөрчлөлтийг оруулуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд томилогдсон прокурорыг оролцуулж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогтбаяр би Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйл, Монгол Улсын прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн Т.Жд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд прокуророор оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Т.Ж нь  2016 оны 06 дугаар сарны 21-ний орой Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний зохих зүйл, заалтуудыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцож явахдаа осол гаргасан. Осол гаргасны улмаас иргэн Дашдэлгэрийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдсон. Мөн энэ гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргүүдэд яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Т.Жыг  зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироосон, хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тус тус тооцоод эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Т.Жы зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироосон. Гэмт хэрэг үйлдэж хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг нь 2016 оны 06 дугаар сарны 21-ний орой үйлдэгдсэн. Гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг 1 жил байхаар тогтоосон. 1 жилийн хугацаа дууссан байхад энэ гэмт хэрэгт 660 цагийн  хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр гарсан. Тийм учраас анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Прокурорын дүгнэлтийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн 73 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Т.Ж нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Горхин дэнж гэх газарт Мустанг-5 маркийн мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч Н.Дашдэлгэрийн амь нас хохирсон, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Т.Жыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

 

Архангай аймгийн прокурор шүүгдэгч Т.Жы холбогдсон Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад Т.Жыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, улмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна гэж эсэргүүцэл бичсэн байна.

 

  Давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолно гэж заасан.

 

Хэрэгт авагдсан хохирогч Д.Сын мэдүүлгээс /хх-ийн 19-20/ үзэхэд талийгаачийн буяны ажилд гарсан зардал, нааш цааш явсан шатахууны зардалд гарсан 5.000.000 төгрөг, мотоциклийн эвдрэлд гарсан зардлыг нэхэмжилнэ гэсэн байна.

 

Гэтэл мөрдөн байцаалтын шатанд хохирогч нас барснаас учирсан хохирлын хэр хэмжээг нотлоогүй, прокурорын яллах дүгнэлтэд хохирол, хор уршгийн талаархи мэдээлэл тусгагдаагүй, түүнчлэн шүүх хуралдааны шатанд шүүх хуралдаан даргалагчаас гэмт хэргийн улмаас үүссэн хохирол төлбөрийг төлөх үү гэсэн асуултанд шүүгдэгч төлнө гэж хариулсан /шүүх хуралдааны тэмдэглэл 2-р хх-ийн 3/ байх ба гэмт хэргийн улмаас үүссэн хохирол төлбөр хэдэн төгрөг болох, шүүгдэгч аль хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлээд байгааг шүүх хуралдаанаар тодруулаагүй,  шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ...Т.Жы хувьд хохирогчоос нэхэмжилсэн хохирол төлбөрийг бүрэн төлнө гэдгээ хэлсэн...гэсэн /2-р хх-ийн 7/  байгааг анхааралгүй хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Улмаар мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад хохирогч нас барснаас учирсан оршуулгын зардлын хэр хэмжээг нотлоогүй атал иргэний журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй гэж дүгнээд, зөвхөн мотоциклийн эвдрэлийн үнэ болох 160.000 төгрөг төлснийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн гэж дүгнэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн шүүгдэгч Т.Жыг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн  байна.

 

Хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох үүргийг хуулиар хүлээлгээгүй байхад хохирогч нас барснаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэй гэж орхин, бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т заасан үндэслэлээр авч үзвэл дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй боловч энэ тохиолдолд дээрх заалтыг хэрэглэхдээ мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2-т заасныг анхаарах шаардлагатай.

 

Түүнчлэн хэрэгт авагдсан гэрч Б.Хажидын...Талийгаач Ж 2 нэлээн согтуу байсан, бараг тасарсан байсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 22/, гэрч Т.Мөнхсайханы...Талийгаач өврөөсөө 2.5 л савтай пиво гаргаж ирээд уусан, гэхдээ дуусгаагүй...Талийгаач 2 аягыг, Ж 1 аягыг уусан гэж байсан...Тэр 2 нэлээн согтуу манайхаар ирсэн... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 24-25/, гэрч С.Эрдэнэпүрэвийн...Ж, Дашдэлгэр нар манайд орж ирэхдээ  согтуу байсан... гэсэн мэдүүлэг /1- хх-ийн 31/, гэрч С.Ганбаатарын... 2016 оны 06 сарын 21-ний орой 16-17 цагийн үед Ж нь талийгаачийн мотоциклийг уначихсан согтуу орж ирсэн...гэсэн мэдүүлэгүүдээр /1- хх-ийн 44/ шүүгдэгч Т.Жыг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл байгааг  дурдаж байна.

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т тус тус заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Т.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Т.ДАВААСҮРЭН

    ШҮҮГЧИД                                                    Д.БЯМБАСҮРЭН

                                                                         Н.ЭНХМАА