Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1321

 

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/01321

 

 

 

 

Б.Мартжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/01000 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Мартжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Цахархүү” ХХК-д холбогдох,

 

Гэрээнээс татгалзсны үр дагаварт 37 955 320 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.Батжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Мартжаргал нь “Цахархүү” ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхэд байрлах өөрийн газарт, сонгосон зураг төсвийн дагуу гүйцэтгэгчийн материалаар нийт 31 320 000 төгрөгөөр амины орон сууцыг барьж гүйцэтгүүлэхээр тохиролцсон.

Гэрээний дагуу урьдчилгаа хөлсний 22 831 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 24-ний хооронд гүйцэтгэгчид төлсөн.

Ажил гүйцэтгэх гэрээний 1.1.3, 3.3.3 дугаар зүйлийн дагуу уг амины орон сууцыг 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөх байсан боловч суурийн ажлыг дутуу, чанарын шаардлага хангахгүйгээр гүйцэтгэсэн. Мөн гэрээний дагуу ажлын гүйцэтгэл явагдахгүй олон сараар үргэлжилж хэзээ, хэн хариуцаж ажиллах нь тодорхой бус байсан учир 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэрээг цуцлах тухай гүйцэтгэгчид мэдэгдэж, урьдчилгаанд төлсөн төлбөр болон гэрээнд заасан алдангийг төлөхийг шаардсан бөгөөд хариуцагч тал энэхүү төлбөрийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төлөхөөр албан бичгээр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй.

Гэрээний 7.3, 1.1.3 дахь хэсэгт ажлыг хийж гүйцэтгэх хугацаа болон алдангийн талаар тохиролцсон тул гүйцэтгэгчийн хүлээсэн үүрэг болох 31 320 000 төгрөгөөс хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцоход 15 124 320 төгрөг, нийт 37 955 320 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Хариуцагч тал суурийн цутгалтын ажилд 3 596 000 төгрөг зарцуулсан, үүнийг төлөх ёстой 22 831 000 төгрөгөөс хасуулна гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь гүйцэтгэгч “Цахархүү” ХХК суурийн цутгалтын ажлыг хийсэн гэх боловч зориулалтын бус материалаар /блокоор/ маш болхи хийсэн нь фото зургаас тодорхой харагдаж байна. Блокоор хэзээ ч суурийг хийдэггүй, блок хагарах юм бол сууринд хоосон орон зай үүснэ, блок нураад унавал суурь нь дагаад унах магадлалтай. Энэ талаар и-мэйлээр хэлж байсан.

Суурийн ажилд 500 000 төгрөгийн шороо, 300 000 төгрөгийн хайрга орсон гэж байгаа боловч дээрх материалууд ороогүй. Суурийг шаардлага хангахгүй, өнгө үзэмжгүй хийснээс болж талуудын хооронд маргаан гарч гэрээгээ цуцлах болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цахархүү” ХХК нь Б.Мартжаргалтай 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх 048 тоот гэрээ байгуулж, гүйцэтгэгчийн материалаар 31 320 000 төгрөгөөр амины орон сууцыг барьж гүйцэтгэхээр тохирч нэхэмжлэгч тал манайд 22 831 000 төгрөгийг шилжүүлсэн. Бид гэрээний дагуу бэлтгэлээ ханган, ажлаа эхлүүлэх гэтэл маш их цас орж, газар хөлдүү байснаас ажлыг арай хожуу эхэлсэн ба захиалагч талын нэмэлт захиалга, гэрээнд өөрчлөлт орох, хугацаандаа төлбөр нь бүрэн шилжүүлээгүйн улмаас суурийн ажил заасан хугацаанд эхлээгүй боловч манайх гэрээний дагуу тодорхой хэмжээний ажлыг хийж гүйцэтгэсэн.

Гэтэл захиалагч тал дахин хийсэн нэмэлт гэрээнээс татгалзах, хийж буй ажлаас өө хайх, хэл амаар доромжлох зэрэг зохисгүй харилцаа үүсгэн бидний хооронд үл ойлголцол бий болсон учир ажил хэвийн явагдах боломжгүй саатсанаас захиалагч тал өөрийн хүсэлтээр гэрээгээ цуцлах талаар мэдэгдсэн.

Бид барилгын суурийн ажилд орсон материалын зардлыг тооцон 3 596 000 төгрөг үндсэн иэхэмжлэлээс хасуулах хүсэлтэй байна. Блокыг тэгшитгээний зориулалтаар хийсэн болохоос биш даацын байдлаар хийгээгүй, бетон цутгалт бүгд хийгдсэн ба даац сайтай гэдэг утгаар нь блок хийж өгсөн. Нэхэмжлэгч талаас 5 удаагийн бэлэн мөнгөний шилжүүлэг байдаг ба 2015 оны 12 дугаар сарын 18-наас 2016 оны 03 дугаар сарын 24-ний хооронд 22 000 000 төгрөг, хамгийн сүүлд 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 831 000 төгрөг бартераар өгсөн. 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх алданги буюу 13 хоногийн 858 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.

Иймд бэлэн тушаасан 22 831 000 төгрөгөөс 3 596 000 төгрөгийг хасч, үүн дээр алданги 858 000 төгрөгийг нэмж 20 093 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байх тул үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Цахархүү” ХХК-иас 22 831 000 төгрөг гаргуулж Б.Мартжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15 124 320 төгрөгийг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх  хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390 171 төгрөгөөс 347 726 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, “Цахархүү” ХХК-иас 233 571 төгрөг, улсын төсвийн данснаас илүү төлсөн 42 444 төгрөгийг тус тус гаргуулж, Б.Мартжаргалд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Талуудын хооронд байгуулсан 3.2 дахь хэсгээр ямар ажлыг, хэдий хугацаанд хийж гүйцэтгэх талаар тохиролцсон. Суурь цутгах, бохирын шугам татах ажлыг 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 25-ны өдөр хүртэл, өрлөг эхлэх хугацааг 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрүүдэд хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна.

Гэтэл хариуцагч тал гэрээнд заасан хугацааны дагуу 2016 оны 03 дугаар сарын 26-наас өрлөг эхлэх ажлыг хийж гүйцэтгээгүй байх тул хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдал нь гэрээний 7.3 дахь хэсэгт заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлийг бий болгож, нэхэмжлэгч тал хариуцлага буюу анз төлөхийг шаардах эрхийг нээж өгсөн гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээг 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөр цуцлагдсан гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч тал гэрээ хүчин  төгөлдөр байсан үеийн буюу 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны хариуцлагыг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт зааснаар 118 хоногийн алданги буюу 11 087 280 төгрөгийг гаргуулан авах эрхтэй гэж үзэж байна.

Түүнчлэн хариуцагч тал гэрээний дагуу хүлээсэн хариуцлагаа ухамсарлан алданги төлөхийг хүлээн зөвшөөрч байсныг анхан шатны шүүхээс харгалзан үзээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан алдангийн төлбөрт 11 087 280 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Мартжаргал нь хариуцагч “Цахархүү” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзсаны үр дагаварт 37 955 320 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч буюу “Цахархүү” ХХК нь захиалагч буюу Б.Мартжаргалын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхэд байрлах 0.7 га газар дээр амины орон сууцыг сонгосон зураг төслийн дагуу 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд барьж дуусгах, захиалагч буюу нэхэмжлэгч Б.Мартжаргал нь ажлын хөлс 31 320 000 төгрөгийг төлбөр төлөх хуваарьт заасны дагуу төлөхөөр тус тус тохиролцсон үйл баримт тогтоогдсон. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Захиалагч Б.Мартжаргал нь гэрээний урьдчилгаа төлбөрт 22 831 000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй. Харин хариуцагч буюу гүйцэтггэгч гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, барилгын суурийн ажлыг дутуу, чанарын шаардлага хангахгүй гүйцэтгэсэн тул нэхэмжлэгч Б.Мартжаргал нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Цахархүү” ХХК-д гэрээг цуцлах тухай мэдэгдсэн нь и-мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу хийгдсэн ажлын үр дүн шаардлага хангаагүй, Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт заасан биет байдлын доголдолтой гэж үзэж зохих хэмжээнд хэсэг ажил хийгдсэн, түүнтэй холбоотой ажлыг хүлээж авахгүй, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө авна гэсэн ийм агуулгатай шаардлага гаргаж байгаа. Гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг бол гэрээг цуцалсан тохиолдолд цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойшхи үр дагаврыг талууд шийдвэрлэдэг ялгаатай тул нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд уг гэрээний дагуу алданги шаардах эрхгүй. Харин гэрээг цуцлах тохиолдолд гэрээний үүрэг, түүнтэй холбоотойгоор алдангийг буцаан нэхэмжлэх боломжтой юм.

 

Нэхэмжлэгчийн гэрээний үр дүн нь огт гараагүй байгаа учир гэрээнээс бүрэн татгалзаж байна гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх тул энэ хүрээнд анхан шатны шүүх дүгнэж шийдвэрлэсэн байна.

 

Иймд хариуцагч “Цахархүү” ХХК-иас 22 831 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Мартжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15 124 320 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

 

Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсэгтээ хуулийн нэр давхардуулан, буруу бичснийг залруулах боломжтой байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/01000 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын “Монгол Улсын Иргэний хуулийн” гэснийг,

3 дахь заалтын “Монгол Улсын” гэснийг тус тус хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 233 571 төгйрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА