Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 127

 

И.Гантөрд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгсүрэн, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 189 дүгээр магадлалтай, 201626021894 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Одонтунгалагийн гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1969 онд төрсөн, эрэгтэй, 2001 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр 60,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигоно овогт Ичинхорлоогийн Гантөр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх И.Гантөрийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар И.Гантөрд 10 жил 1 сар хорих ял оногдуулж, уг хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “218 хоног” гэснийг “188 хоног” болгон өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж,  шүүгдэгч И.Гантөр, түүний өмгөөлөгч Б.Баттөмөр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, өмгөөлөгч П.Одонтунгалаг, Д.Одонтунгалаг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: Мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэт биш хийсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлүүдээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Хавтаст хэргийн 134 дүгээр хуудсанд гэрч Батхуягт хууль сануулан авсан гэрчийн мэдүүлэгт заагдсан хутга нь И.Гантөрд холбогдох хэрэгт огт шалгагдаагүй, энэхүү хутгын талаар бусад гэрч нараас тодруулаагүй юм. Уг хутгыг эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар олж бэхжүүлэх ямар ч ажиллагаа хийгдээгүй байна. Гэрч н.Батхуягийн хутга байсан гэсэн мэдүүлгийн ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа нь тодорхой бус, мэдүүлгийг огт шалгаагүй, гэрч, хохирогч нарын мэдүүлэгт ноцтой зөрүү байсаар байхад нүүрэлдүүлэн байцаагаагүй, хутга бариагүй болох нь тогтоогдвол гэрч н.Батхуяг яагаад хууль сануулж мэдүүлэг авч байхад харсан үзсэн зүйлийнхээ тухай зориуд хутга байсан гэж худал мэдүүлсэн болох, хэрэв зориуд худал мэдүүлсэн бол Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлтэй юм. Талийгаачийн амь насыг нь хохироосон амьд үед нь үүссэн гэмтлийг хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх тул хутга энэ хэрэгт хамааралгүй гэж үзэх нь учир дутагдалтай юм. Учир нь гэмт хэргийн сэдэлт, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн тогтоогоогүй, мөрдөн байцаалтын ажиллагааг тал бүрээс нь бодитой тогтоох зарчмыг баримтлалгүй, мөрдөн байцаалтыг хэт нэг талыг барьсанд гомдолтой байна.

 Уг хутгыг яагаад И.Гантөр барьж ирсэн болох, уг хутга барсан үйлдэл нь Улсын дээд шүүхийн 14 дүгээр тогтоолын 5.4-д заасан хохирогчийн хэлсэн үг, хийсэн үйлдэлд гэмт этгээд өөрийнх нь үзэл бодол, үнэлэмжинд нийцээгүй гэж дургүйцэн түүнээс хариу авах, хорсол тайлах зорилгыг агуулсан эсэхийг тогтоох шаардлагатай. Хэрэв өс хонзонгийн санаа зорилго агуулаагүй бол гудамж талбай, олон нийтийн газар хүйтэн зэвсэг авч явсан үйлдэл нь бие даасан танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй аль нь болох тодорхойгүй байна.

Шүүгдэгч И.Гантөрийн биеэс авсан шээсэнд хийсэн химийн шинжилгээгээр сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис болох “диазепам” илэрснийг хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс ял завших нөхцөл үүсч байгаа тул түүнийг шалгуулах хүсэлт гаргахад шүүх, прокуророос И.Гантөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг хэлэлцэх ажиллагаа явуулах тул өмгөөлөгчийн хэлсэн үндэслэлийг хэлэлцэх боломжгүй гэж И.Гантөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг хууль бусаар борлуулах зорилгогүйгээр олж авсан гэмт хэрэгт ял завших боломжийг бүрдүүлжээ. И.Гантөр зүрх өвддөг даралт ихсээд эмчийн бичсэн эмийг уусан гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт шинжээч эмч н.Номинцэцэг нь зүрхний болон даралтын эмийн найрлаганд сэтгэцэд нөлөөлөх бодис болох “диазепам” гэдэг бодис байдаггүй гэж хэрэгт мэдүүлсэн байдаг. Шүүх яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хэмжээний дотор хэрэг хэлэлцсэн гэж байгаа боловч уг яллах дүгнэлттэй хэрэгт И.Гантөрөөс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илэрсэн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан, энэ хэргээс тусгаарлаж шалгаж байгаа эрүүгийн хэрэг байхгүй байхад мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн эсэхэд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчим алдагдсанд гомдолтой байна. НҮБ-ын 1971 оны 02 дугаар сарын 21-нд батлагдсан “Мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх тухай конвенцийн 4-р бүлгийн жагсаалтанд “диазепам” гэдэг бодис орсон бөгөөд химийн нэршил “Н-1,4” гэсэн нэршилтэй байна. Уг олон улсын гэрээнд манай улс нэгдэн орж мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан үйлдлийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан билээ. Гэтэл манай улс соёрхон нэгдсэн НҮБ-ын конвенцид заасан мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис И.Гантөрийн биеэс шинжилгээний хариугаар илэрсээр байтал шалгаж шийдвэрлэхгүй яллах дүгнэлтийн хүрээнд гэсэн үгээр ял завшуулж байна. Хохирогчийг санаатай алах үед шүүгдэгч мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлаж хүндрүүлэх нөхцөл байдалд тооцолгүй яллах дүгнэлт үйлдсэн зүйл хэсгийн хамгийн доод ялыг өгсөнд гомдолтой байна. Шүүгдэгч И.Гантөр нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисоос гадна архи ууж согтуурсан үедээ бусдыг санаатай алсан байхад Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй. Хүндрүүлэх нөхцөл байдал байсаар байтал шүүх ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзээгүй байж, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулсан нь шүүх хэт нэг талыг барьсан болохыг нотолж байна.

Эрүүгийн хуулийн зорилтуудын нэг болох “Хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалж, гэм бурууг тогтоож гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд оршдог” бол энэхүү шийтгэх тогтоол шүүгдэгчид давуу байдал бий болгож шалгах шаардлагатай асуудлуудыг бүрэн гүйцэт шалгалгүй, хүндрүүлэх нөхцөл байдлуудад дүгнэлт хийлгүйгээр хэт хөнгөн ял оногдууллаа.

Давж заалдах шатны шүүх шинжээч Т.Номинцэцэгийн “Диазепам нь седуксин гэх эмийн найрлаганд байдаг тайвшуурлах булчин сулруулах үйлчилгээтэй байдаг” гэж мэдүүлснийг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг хууль бусаар олж авсан хадгалсан гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэлт нь бодит байдалтай нийцэхгүй, нарийвчлан мухарлаж шалгаагүйд гомдолтой байна. И.Гантөр нь анхан шатны шүүх хурал дээр манай эхнэр эмийн сангаас өвчин намдаах тайвшруулах эм авч өгснийг уусан гэж мэдүүлж байсан боловч давж заалдах шатны шүүх хуралд онлайнаар оролцохдоо “Би АНУ-аас ирэхдээ БНСУ-аар дамжин ирсэн. Би өөрөө БНСУ-аас өвчин намдаах конверс гэх эм авсан түүнийгээ уусан байсан” гэж мэдүүлдэг. Ийнхүү И.Гөнтөрийн шээснээсээ илэрсэн “диазепам” гэх бодисыг эмийн хэрэглээгээр хэрэглэсэн болохыг баттай нотлоогүй. Хэрэв эмийн журмаар хэрэглэсэн эм нь “диазепам” гэдэг бодис агуулагдаж байсан гэх юм бол БНСУ-аас авчирсан эсэх, БНСУ-аас авчирсан бол Монгол Улсын эмийн жагсаалтанд багтсан эсэх, хэрэв Монгол улсаас авсан бол тайвшруулах сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламжтай эм био бэлдмэлийг хэрэглэх, борлуулах талаарх эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас батлагдсан журмын дагуу хэрэглэгдсэн эсэхийг тогтоох шаардлагатай. Өөрөөр хэлбэл эмчийн жорыг ямар заалттай өвчтөнд бичиж өгдөг эсэх, жорын дагуу худалдан авч хэрэглэсэн эсэхийг шалгах шаардлагатай гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Мөн “Диазепам” гэх бодис нь эмийн агууламжинд байдагаас гадна мансууруулах төрлийн ямар өвч ургамалд байдгийг хиймийн шинжээчээс асуугаагүй, зөвхөн шинжээч эмчээс эмийн найрлаганд байдаг уу гэж асууснаар шалгаж нотлох ажиллагааг хязгаарласан. Давж заалдах шатны шүүх хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо гомдол гаргасан үндэслэл бүхэнд дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Ял оногдуулахад шүүгчийн дотоод итгэл үнэмшилдээ үндэслэж өгч байгаа нь хуулийн хүрээнд боловч хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцлүүдийг яагаад ялгамжтай хэрэглэсэн болох нь ойлгомжгүй байна.

Давж заалдах шатны шүүх хутга барьсан эсэхийг шалгах нь энэ гэмт хэргийн хувьд ач холбогдолгүй гэж үзэж байгаад гомдолтой байна. И.Гантөр нь талийгаачтай муудалцан гэрээсээ хутга бэлдэж ирсэн болох нь тогтоогдвол хохирогчийн хэлсэн үг, хийсэн үйлдлийнхэн төлөө өөрт нь таалагдаагүй гэх сэдэлт үндэслэлээр дургүйцэн, өсөрхөж хохирогчоос хариу авах хорсол тайлах гэсэн зорилгоор талийгаачийг айлгах хорсол тайлах хариу авах үүднээс хутга гэрээсээ авч ирсэн байсан эсэх, өс хонзонгийн сэдэлттэй бусдыг санаатай алсан эсэхийг шалгаж тогтоогоогүй байна.

Иймд И.Гантөрд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, гомдолд заагдсан дээрх нөхцөл байдлуудыг шалгуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг хяналтын шатны шүүх хуралдаанд: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд: “...И.Гантөрийн үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч И.Гантөр нь 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 17-19 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 96 дугаар сургуулийн хашаанд архи ууж согтуурсан үедээ Д.Болдбаатарыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийг зөв зүйлчилсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс И.Гантөрийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Одонтунгалагийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 189 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Одонтунгалагийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                 Ч.ХОСБАЯР