Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 337

 

“Номинтав трейд” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нямсүрэн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ганцогт нарыг оролцуулан хийж, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 319 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор “Номинтав трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг баримтлан Дорнод аймгийн Засаг даргад холбогдох, нэхэмжлэгч "Номинтав трейд" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Газрын хэмжээнд өөрчлөлт оруулах тухай Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/131 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 319 дүгээр магадлалаар: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч “Номинтав трейд” ХХК-ийн салбар болох Дорнод аймаг дахь “Хэрлэн номин бизнес төв” нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасны дагуу “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн хугацаанд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй”.

Гэтэл нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй субъект эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүгчийн захирамж 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр гарсан байхад 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр давж заалдах шатны журмаар гомдлоо гаргасан нь захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

Мөн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэртээ маргаан бүхий актыг өөрсдөө хүчингүй болгоно гэж итгэл найдвар төрүүлсэн гэж шүүх дүгнэсэн нь аливаа шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Газрын тухай хуулиар аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг зөвхөн аймгийн Засаг дарга шийдвэрлэхээр заасан байдаг тул энэ асуудалтай холбоотой итгэл найдвар төрүүлэх асуудал мөн адил аймгийн Засаг даргын эрх хэмжээний асуудал юм. Гэтэл нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргад өгсөн гомдлоо хэрхэн шийдвэрлэх гэж байгаа талаар аймгийн Засаг даргаас өөрөөс нь бус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас тодруулж мэдээлэл авч байсан нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад тогтоогдсон. Гэвч нэхэмжлэгч нь эрхгүй этгээдээс, бүрэн эцэслэн шийдвэрлээгүй асуудлаар мэдээлэл авсан, өөрийн хайхрамжгүй байдлаас үүдэн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан байтал шүүх дээрх байдлыг зөвтгөсөн шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд дээрх үүссэн асуудал нь анхнаасаа захиргааны хэрэг үүсгэх үндэслэлгүй байсан тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “Хэрлэн хивс” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Балжинням хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 21  дүгээр захирамж үндэслэлтэй, хуулийн дагуу гарсан. Уг захирамжид хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч тал хэтрүүлсэн, Засаг даргын захирамжийг эс зөвшөөрсөн тохиолдолд хуульд зааснаар дээд шатны Захиргааны байгууллага, албан тушаалтанд, эсхүл хуулийн хугацаанд шүүхэд хандах талаар хуульчлан заасан байхад захирамж гаргасан Засаг даргад гомдлоо гаргасан нь хууль бус, буруу бөгөөд энэ талаар тодорхой зааж хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байгаа.

2. Магадлалд “Нэхэмжлэгчид итгэл найдвар төрүүлсэн” гэсэн үндэслэлийг гаргаж ирсэн нь ойлгомжгүй бөгөөд гагцхүү хуульд заасан хугацаанд л бүх үйл явц явагдах ёстой.

3. Анхан шатны шүүх өөрийн гаргасан захирамжаа хамгаалах ёстой атал давж заалдах шатны шүүхийн тогтоолын дагуу шууд гаргасан шийдвэрээ өөрчилж байгаа нь итгэл үнэмшилгүй, шүүгчийн чадвараа гаргаж чадсангүй.

4. Мөн давж заалдах шатны шүүх нь гуравдагч этгээдийг өмгөөлөгчөөр хангах ажиллагаа хийгээгүй, бидэнд энэ талаар танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

5. Энэ маргаанд “Хэрлэн хивс” ХК-ны 1000 гаруй хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хөндөгдөж байгаа бөгөөд дээрх газар эзэмшсэнээр "Номинтав трейд" ХХК-ний эрх ашиг огт хөндөгдөөгүй, харин Дорнод аймгийн газрын албанаас танай харьяалах газар учраас газрын дуудлага худалдаа зарлахгүй, өөрсдөө “хүсэлт гарга” гэсний дагуу хүсэлт гаргаж дээрх талбайг эзэмших захирамж гарсан билээ.

Иймд магадлалд өөрчлөлт оруулж, Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/131 дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Номин тав трейд” ХХК нь Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/131 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Уг захирамжаар “Хэрлэн хивс” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээ 698 мкв байсныг 2464 мкв болгож нэмэгдүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс “нийтийн эзэмшилд үлдээсэн газрыг эзэмших хүсэлтэй, маргаантай байсан, дуудлага худалдаа зарлах байсан” гэсэн үндэслэлээр маргасан байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж зааснаар гэр бүлийн зориулалтаас өөр, илүү хэмжээтэй нийтийн эзэмшлийн газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг үндэслэн шийдвэрлэх ёстой. Энэ тохиолдолд маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлэхдээ хуульд заасан журмыг зөрчиж, ?шууд захирамж гаргах замаар эзэмшүүлсэн нь буруу болжээ.

Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээдийн “маргаан бүхий газар нь нийтийн эзэмшлийн газар биш, анхнаасаа манай эзэмшлийн газар байсан” гэх гомдол хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Уг маргаан бүхий газрыг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн аль нь эзэмшихээр хүсэлт гаргаж, өмнө нь шүүхийн шийдвэр гарч, энэ дагуу захиргааны байгууллагаас 2009 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 218 дугаар захирамж гаргаж, маргааныг шийдвэрлэж байжээ.

Энэ захирамжийн дагуу уг маргаан бүхий газар нийтийн эзэмшилд үлдсэн бөгөөд нэхэмжлэгч энэхүү захирамжийг эс зөвшөөрч, тухайн үед гомдол нэхэмжлэл гаргаагүй, уг захирамж хүчин төгөлдөр үйлчилсэн байх тул гомдлыг хангах үндэслэлгүй.

Захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн гомдолд тодорхой хариу өгөөгүй байдал нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах үндэслэл биш бөгөөд давж заалдах шатны шүүхээс энэ асуудлаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн тул гуравдагч этгээдийн “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн” тухай гомдол үндэслэлгүй.

“Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэлийг гаргасан” тухай гомдлын хувьд нэхэмжлэгч “Номин тав трейд” ХХК нь өөрийн компанийн Дорнод аймаг дахь салбар “Хэрлэн номин бизнес төв”-ийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсэгт заасантай нийцсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-ыг зөрчөөгүй юм. 

Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 319 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ  

ШҮҮГЧ                                                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ