Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/361

 

   

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзий /томилолтоор/,

шүүгдэгч О.Г-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт О-ийн Г-д холбогдох эрүүгийн 2110001400000 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Герман Монголын хамтарсан Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн гагнуурын Б ангид оюутан, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо *******ийн 16-р гудамжны 00 тоотод оршин суудаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б- овогт О-ийн Г-

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/-

Шүүгдэгч О.Г-нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүрэг 6 дугаар хороо *******ийн 25 гудамж 000 тоотод оршин суух иргэн А.Б-ий эзэмшлийн Хаан банкны *******-тоот дансны интернэт банканд хууль бусаар нэвтэрч түүний данснаас 1.350.000 төгрөгийн зарлагын гүйлгээг нэр бүхий хүмүүсийн данс руу шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Г-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2110001400000 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/,

Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 8, 33-34-р хуудас/,

Хохирогч А.Б-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/

Шүүгдэгч О.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-42-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 27-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 35-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Г-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч О.Г-нь Хан-Уул дүүрэг 6 дугаар хороо, *******ийн 25 гудамж 000 тоотод оршин суух хохирогч А.Б-ий Хаан банк дахь.............. данс руу интернэт банкны эрхээр хууль бусаар нэвтэрч, харилцах данснаас нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1000 төгрөг, 62.000 төгрөг, 435.100 төгрөг, 100.170 төгрөг, 217.600 төгрөг, 217.600 төгрөг, 22.230 төгрөг, 209.000 төгрөг нийт 1.264.700 төгрөг, интернэт банкны хураамж нийт 800 төгрөг, бүгд 1.265.500 төгрөгийн зарлага гаргаж нэр бүхий хүмүүсийн данс руу шилжүүлж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 1.265.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/,

Хаан банк дахь хохирогч А.Б-ий депозит дансны дэлгэрэнгүй хуулганд: 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр /хх-ийн 8, 33-34-р хуудас/,

Хохирогч А.Б-ий мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо *******ийн 25-р гудамжны 443 тоотод оршин суудаг. 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн үед хүнсний дэлгүүр ороод юм аваад үнийг нь төлөх гэхэд миний Хаан банкны *******-дугаартай дансанд 600,000 төгрөг үлдсэн байсан. Би тухайн үедээ дансанд байсан 620.000 төгрөгийг өөрийн эгч Одмаагийн 5070107000- дугаартай данс руу шилжүүлсэн. Дансны гүйлгээний хуулгаа хартал 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 11 цаг 30 минутад Хаан банкны 57007900000 дугаартай данс руу 62.000 төгрөгийг “Ulziinaran *******” гэх гүйлгээний утгатай шилжүүлж, 12 цаг 02 минутад 435,000 төгрөгийг “Ulziinaran 880550900” гэх гүйлгээний утгатай шилжүүлж шилжүүлсэн. 12 цаг 16 минутад 503290720200 дугаартай данс руу 100,170 төгрөгийг “Ulziinaran *******” гэх гүйлгээний утгатай шилжүүлж, 12 цаг 33 минутад тус данснаас 100,170 төгрөгийг “yondon butsaalt” гэх гүйлгээний утгатай орлогдож 12 цаг 36 минутад 5028549000 дугаартай данс руу 217,600 төгрөгийг “Ulziinaran” гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн, 12 цаг 39 минутад дахин 217,600 төгрөгийг “Ulziinaran” гэх гүйлгээний утгатай 5028549000 дугаартай шилжүүлсэн байсан. Дээрх гүйлгээнүүдийг би хийгээгүй бөгөөд тухайн данс эзэмшигч нарыг таньж мэдэхгүй миний Хаан банканд бүртгэлтэй 80221000 дугаартай гар утсанд гүйлгээний талаар хийгдсэн мэдээлэл ирдэг байсан боловч ухаалаг мэдээ ирэхээ байсан байна лээ. Тэгэхээр нь миний интернэт банканд хэн нэвтэрсэн талаар Хаан банкны лавлах руу утсаар ярьж энэ асуудлыг тодруулахад таны нууцлал алдагдсан байна гэж надад хэлсэн. Би хувьдаа өөрийн нууцлалаа алдаагүй гэж бодож байна. Интернэт банканд нэвтрэх нэр нууц үгийг надаас өөр хүн мэдэхгүй. Би өөрийн гар утаснаасаа орохдоо нэвтрэх нэрээ бичиж нууц үгээ өөрийн face id буюу царай таних хэсгийг идэвхжүүлсэн байсан. Миний интернэт банкны нууц үг нэвтрэх нэр өөрчлөгдөөгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/

  Шүүгдэгч О.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 41 дүгээр сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Би А.Б-тэй нэг ангид сурч байсан найзууд юм. 2020 оны 12 сарын сүүлээр ангийнхаа 3 хүүхдийн хамт Мөнхсүхийн гэрт плэйстешн тоглохоор очицгоосон. Бид нар тоглоом тоглож байх үед найз Билгүүний утас хажууд байхаар нь аваад доторх зүйлсийг нь үзэж байтал өдрийн тэмдэглэлийн апликешн дотор нь Хаан банкны интернэт банкны нэвтрэх нэр, нууц код нь бичээтэй байсан. Би Хаан банкны данс руу нь нэвтэрч оръё гэж бодоод нууцаар өөрийн гар утсаараа тухайн хэсгийн зургийг нь дарж авсан. Бид нар тэр шөнө  тоглоом тоглож хоноод маргааш нь гэр гэртээ харьцгаасан. Би гэртээ очоод өөрийн компьютероос Билгүүний Хаан банкны интернэт банк руу нэвтэрч орж үзэхэд 2 сая орчим төгрөг байсан. Тэр мөнгийг нь хараад миний шунал хөдлөөд тухайн мөнгөөр нь дота-2 тоглоомын айтем /item/ худалдаж авчихъя гэж бодоод айтем зардаг пэйжүүд рүү хуурамч хаяг болох Ulziinaran гэсэн хаягаас нэвтэрч 4-5 удаа хүмүүс рүү айтем худалдаж авъя гээд Билгүүний Хаан банкны интернэт банк руу нэвтэрч ороод кодуудаар нь явуулсан данс руу мөнгө шилжүүлсэн. Ойролцоогоор 1,300,000 орчим төгрөг шилжүүлсэн. Би мөнгөө шилжүүлсний дараа намайг иргэний үнэмлэхийнхээ зураг явуул гэсэн. Бас чиний дансны эзэмшигч Билгүүн гэсэн мөртлөө фейсбүүк хаяг чинь Өлзийнаран гээд нэр чинь зөрөөд байна гэж хэлээд айтемаа явуулахаа болиод мөнгийг нь ч буцааж өгөөгүй. Бүтэхгүй юм байна гээд Билгүүний данс руу дахин ороогүй. Яагаад гэхээр маргааш нь би Билгүүний интернэт банк руу орж болох нуу үзэхэд кодоо сольсон байсан. Надад өөр үйлдсэн хэрэг байхгүй. Олон жил найзалсан найзынхаа итгэлийг алдсандаа харамсаж байна. Надад яаралтай мөнгөний хэрэг байгаагүй. Тухайн үедээ шуналтаад л ийм зүйл хийчихлээ” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч О.Г-нь хохирогч А.Б-ий банк дахь харилцах данснаас мөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд уг гэмт хэргийг үйлдэхдээ “Хаан” банк дахь мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрсэн үйлдлийн улмаас хохирогчийн дансанд байрших мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах эрх нь хязгаарлагдаж хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулсан байна.

Прокуророос шүүгдэгч О.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давхар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч О.Г-нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Прокуророос шүүгдэгч О.Г-ий гэмт хэргийн улмаас хохирогчид 1.350.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн боловч ХААН банк дахь хохирогч А.Б-ий харилцах дансны хуулгаас үзэхэд:  2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1000 төгрөг, 62.000 төгрөг, 435.100 төгрөг, 100.170 төгрөг, 217.600 төгрөг, 217.600 төгрөг, 22.230 төгрөг, 209.000 төгрөг нийт 1.264.700 төгрөг, интернэт банкны хураамж нийт 800 төгрөг, бүгд 1.265.500 төгрөгийн зарлага гарсан байх тул гэмт хэргийн улмаас хохирогч А.Б-д 1.265.500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх тул зөвтгөж шийдвэрлэв.

 Иймд шүүгдэгч О.Г-ийг мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж системд нэвтэрсэн, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Б-д нийт 1.265.500 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч А.Б-ий “2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр миний бие О.Г-эс 1.350.000 төгрөгийг хохиролдоо бүрэн авсан. Надад гомдол санал байхгүй. О.Г-нь миний 10 жилийн найз бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгож хөнгөн шийдвэрлэж өгнө үү” гэх бичгийн хүсэлтээр /хх-ийн 45-р хуудас/ нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Улсын яллагчаас: Шүүгдэгч О.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 09 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 5 сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар О.Г-нь мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн лавлагаа гарсан байх тул түүнийг анх удаа ял шийтгэгдэж байгаа гэж үзнэ. /хх-ийн 35-р хуудас/

Шүүгдэгч О.Г-д холбогдох хэргийг хэлэлцэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч О.Г-д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч О.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.Г-нь Герман Монголын хамтарсан Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн гагнуурын ангид сургалцдаг бөгөөд түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Г-д мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч О.Г-нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Б- овогт О-ийн Г-ийг мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж системд нэвтэрсэн гэмт хэргийг,

 мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг  тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч О.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.  

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Г-д мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Г-д мэдэгдсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-нь хохирогч А.Б-д 1.350.000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч О.Г-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч  нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР