Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 00518

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

        Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2 дугаар багт оршин суух, Эрдэнэ овогт Должингий Далайсайхан /РН68101669/-ын хүсэлттэй

        Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Д.Далайсайхан шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Д.Далайсайхан нь 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд  малчнаар  томилогдож 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл  тасралтгүй ажилласан юм. Ажиллаж байх үедээ хөдөлмөрийн дэвтэр авч байсан боловч хаяж үрэгдүүлсэн, манай сумын архив шатаж тухайн үед ажиллаж байсан хүмүүсийн холбогдох материалууд устсан учир миний миний ажилд томилогдсон, чөлөөлсөн тушаал, цалин хөлсний тодорхойлолт зэрэг  баримтуудыг гаргаж өгөх боломжгүй зэргээс миний ажилласан жил тооцогдохгүй байна. Тус нэгдэлд надтай хамт ажиллаж байсан миний ажил байдлын талаар сайн мэдэх, гэрчлэх хүмүүс байгаа юм.

         Иймд миний Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд  1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тасралтгүй малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ. 

       Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

           Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1987 оны 5 дугаар сарын 20-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь  хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.

         Тухайлбал: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн даргын 1987 оны 5 дугаар сарын 20-ний өдрийн 14 дугаартай “ 1. Заводны тос цохигч, тасаг фермийн эрхлэгч, цагаан идээний ажилчдыг 1 дүгээр хавсралтаар баталсугай ... 14 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт ...Цагаан идээнд ...2. Д.Далайсайхан VII/15 –аас ...” гэх Ажилд томилох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,

         Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн даргын 1989 оны 7 дугаар сарын 17-ний өдрийн 42 дугаартай “ 1. Мал зүйчдийн хамтлагаас сүү тосны заводыг гэрээдэн ажиллах болсон тул цагаан идээний ажилтнаар ... Д.Далайсайхан ... нарыг 6 сарын 1-нээс ... томилсугай... ” гэх Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалын хуулбар,

          Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн гишүүдийн 1991 оны “... 195. Должий Далайсайхан, нас-26, хүйс-эм, нэгдэлд анх орсон-1987, ажилласан жил-3 ...” гэх   Шинэчилсэн бүртгэлийн хуулбар                                                                                                                                                                                                       Гэрч Л.Гүмээбаатарын 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “... сумын төв рүү орж сүү тосны заводод ажиллаж байсан. Миний мэдэхийн Д.Далайсайхан нь  нэгдэлд 1985 оноос нэгдэл тарах хүртэл буюу 1992 он хүртэл саальчин, тос цохигчоор тасралтгүй ажилласан юм...” гэх, 

         Гэрч Б.Цэвэлийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “...сумын төв рүү орж сүү тосны заводын цагаан идээний тасагт ажиллаж улмаар тэндээ нэгдэл тарах хүртэл тасралтгүй ажилласан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

          Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан гэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

       Учир нь: Дээрх хугацаанд нэхэмжлэгч Д.Далайсайхан нь 1977-1985 онд Улаан-Уул сумын 8-н жилийн сургуульд сурч байсан болох нь хэрэгт авагдсан төгсөлтийн зургийн цомогоор, мөн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн гишүүдийн 1991 оны шинэчилсэн бүртгэлээр Д.Далайсайханыг 1987 онд нэгдэлд орсон гэдэг нь тогтоогдож байна.

        Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 11/105 дугаартай  “... Тус сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн Тоом хэсэгт 1984 оны 6 сараас 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл төлчин, саальчнаар ажиллаж байсан Должий овогтой Далайсайханы цалин хөлсний лавлагаа ЗДТГ-ын архивт хадгалагдаж үлдээгүй болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт,

           Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 10/191 дугаартай “....Тус аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн даргын 1984-1989 оны тушаал шүүж үзэхэд Д.Далайсайханыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна....” гэх тодорхойлолт

         Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн "...Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нэгдсэн конторын санхүү тасгийн өрөө 1984 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шатаж 615000 төгрөгийн хохирол учирсан галын хэрэг гарсан тухай 141/28 дугаар нотломж үйлдэж, цагдаагийн газарт шилжүүлсэн болохыг тодорхойлов....” гэх тодорхойлолт зэрэг  хэрэгт авагдсан байна.

           Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Эрдэнэ овогт Должингийн Далайсайхан /РН68101669/-г Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн сүү тосны заводод 1987 оны 5 дугаар сарын 20-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал  цагаан идээний ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, харин түүний 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны  5 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгосугай.

       2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Далайсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацаагтоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                        Б.МӨНХТУЯА