Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2023/0236

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Сын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0101 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа,

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч Э.С

Хариуцагч Төрийн албаны зөвлөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө,

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ш,

Хэргийн индекс: 122/2022/0472/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0101 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.2, 33 дугаар зүйлийн 33.3, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Э.Саас гаргасан “Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 173 дугаар тогтоолын Э.Ст холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/109 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, илт хууль бус шийдвэрийн улмаас ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч Э.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч Э.С ньТөрийн албаны зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 173 дугаар тогтоолын Э.Ст холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/109 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, илт хууль бус шийдвэрийн улмаас ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан. Анхан шатны шүүх хариуцагч Төрийн албан зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 173 дугаар тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад “ ... нэр бүхий ... албан хаагч, иргэдийг томилсон шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэжээ.

1. Э.Сыг 2019-2022 оны хооронд албан тушаалыг өөрчлөн үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь төрийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаа бус, харин хариуцагч байгууллагуудын Төрийн албаны хууль тогтоомж зөрчсөн буруутай үйл ажиллагаа болно. Харин нэхэмжлэгч Э.С нь 2012 онд Төрийн албаны хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан нэмэгдэл баталгаагаар хангагдах ёстой. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” зарчим үйлчлэх ёстой. Хамгийн сүүлд буюу Э.Сыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтан ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь Захиргааны байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй байх зарчмын хүрээнд захиргааны байгууллагын үйл ажиллагаа шийдвэр байсан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд захиргааны байгууллага, төрийн албаны хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байсан болно. Харин захиргааны байгууллага нь төрийн албаны тусгай шалгалтыг зохион байгуулах үүргээ гүйцэтгээгүй эс үйлдэхүй үзүүлсэн атлаа төрийн алба хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж байгааг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч Э.Сын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “3ахиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу захиргааны акт гаргахаас өмнө дараах нөхцөл байдлыг харгалзах тайлбарыг бичгээр аваагүй зэрэг нь Төрийн албаны зөвлөл болон Байгал орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын хууль бус үйл ажиллагаа байна. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журамд гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог: 2.3.1. шатлан дэвшүүлэх журмын дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас; 2.3.2. төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэдээс, 2.3.3. нээлттэй сонгон шалгаруулалт зарлах” гэж заасны дагуу тусгай шалгалт зарлагдах байсан. Мөн журмын 2.5-д “Эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарснаас хойш 21-ээс илүүгүй хоногийн дотор сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Зөвлөл, Салбар зөвлөлд гаргах”-аар зохицуулсан бөгөөд миний ажиллаж буй албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаагүй тул оролцох боломжгүй юм. Томилох эрх бүхий этгээдийн хуульд нийцээгүй шийдвэр үйл ажиллагааны улмаас буюу өөрөөс үл хамаарах шалтгаанаар төрийн албанд томилсон тушаалыг хүчингүй болгохыг томилох эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл төрийн захиргааны албан тушаалд сонгон шалгаруулж, томилох нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарч байгаа тул иргэнийг буруутгах, энэ шалтгаанаар төрийн албанаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэж байна.Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг баримтлахаар заасан. Намайг төрийн албанд томилсон тушаал нь миний хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт тул цаашид төрийн албанд тогтвортой ажиллана гэсэн миний хууль ёсны итгэл хамгаалагдах учиртай. Мөн ажиллаж буй албан тушаалын тусгай шалгалтыг Төрийн албаны Салбар зөвлөлөөс зарлаагүй байхад өгөх боломж бодит нөхцөлд байгаагүй, байгууллагын зүгээс надад энэ шаардлагыг тавьж байгаагүй учраас төрийн албанаас чөлөөлөх нь бодит нөхцөлд тохирохгүй тул Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэл журмыг шийдвэр гаргах ажиллагаанд мөрдөөгүй байх тул захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны үр дагаврыг төрийн албанд ажиллаж байсан иргэнд хариуцуулж, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 173 дугаар тогтоолын Э.Ст холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

2. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/109 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ уг актыг илт хууль бус актын шинжийг агуулаагүй гэх тухай хууль зүйн үндэслэлийг шийдвэртээ тусгаагүй байна.

Нэхэмжлэгч талаас илт хууль бус байх шинжүүдийг тайлбарлан мэтгэлцсэн, тухайлбал, нийтийн эрх зүйн салбарт хэрэгжих боломжгүй захиргааны актыг гаргаж, агентлагт шилжүүлсэн, акт нь шилжүүлэх болон чөлөөлөх алин болох нь тодорхойгүй хоёрдмол агуулгатай гарсан байхад энэ шаардлагыг үгүйсгэх үндэслэлийг шийдвэртээ тусгаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, үндэслэлийг мэдэх хэргийн оролцогчийн эрхийг зөрчжээ. Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны Б/109 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажпын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасныг, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах зарим арга хэмжээний тухай 173 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн болохыг тухайн өдөр мэдэгдсэн. Нэхэмжпэгчээс мэдэгдэх, сонсох ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн эрхийг зөрчсөн гэж маргасан бөгөөд ажиллагааны явцад хариуцагч татгалзлаа нотлох баримтыг хэрэгт өгөөгүй, хариуцагч нарын шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн үйл ажиллагаанд шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Маргаан бүхий актын үндэслэл болсон Төрийн албаны зөвлөлийн тогтоол хүчингүй болсон тохиолдолд уг акт хууль зүйн үндэслэлгүй болохын дээр Төрийн нарийн бичгийн даргын Б/109 дүгээр тушаал нь үндэслэл болгосон Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх заалтыг зөрчсөн. Тодруулбал, төрийн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэхэд албан ажлын зайлшгүй шаардлага, ажилтны бичгээр гаргасан зөвшөөрөл, удирдлага хоорондын тохиролцоо зэрэг урьдач нөхцөлийг маргаан бүхий акт хангаагүй байна, Тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил ажилласан байх нөхцөл нэхэмжлэгчид мөн хамаарахгүй. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгохоор хууль тогтоогч тайлбарлажээ. Мөн Төрийн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журамд төрийн албан хаагчийг шилжүүлэхээр тохиролцсон баримт бичгийг бичгээр үйлдэж баталгаажуулахаар, 1.4-д энэ журамд зааснаас бусад зорилгоор төрийн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулахыг хориглоно” гэж тус тус заасан бөгөөд ямар албан тушаалд шилжүүлсэн нь тодорхойгүй тушаал нь бодит нөхцөлд хэрэгжих боломжгүй. Шилжүүлсэн хэлбэртэй боловч бодит байдал дээр Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлж, төрийн албанаас чөлөөлсөн үр дагавартай учраас урьдчилан шийдвэрлэх журмаар Төрийн албаны зөвлөлд хандаж эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэх боломжгүй. Мөн Төрийн албаны зөвлөлийн маргаан бүхий захиргааны акт хүчингүй болгохгүйгээр зөрчигдсөн эрх сэргээгдэхгүй хэвээр байх юм. Энэ тохиолдолд намайг шилжүүлэн ажиллуулах урьдчилсан нөхцөл тогтоогдохгүй буюу надтай урьдчилан тохиролцоогүй, 2 төрийн байгууллагын удирдлага харилцан тохиролцсон зүйл байхгүй. Мөн Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдэлд шилжүүлэхдээ ямар албан тушаалд шилжүүлсэн нь тодорхойгүй, цалин хөлсний асуудлыг шийдвэрлээгүй. Үүнээс шалтгаалан Цаг уур орчны шинжилгээний газарт албан тушаалын орон тоо бодит байдалд байгаагүй юм. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт “ Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7 дахь хэсэгт “Захиргааны актыг биелүүлэх бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” байсан болно. Түүнчлэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу захиргааны акт гаргахаас өмнө дараах нөхцөл байдлыг харгалзах тайлбарыг бичгээр аваагүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг баримтлахаар заасан бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын Э.Сыг ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай Б/109 дүгээр тушаал нь хаана, ямар ажил, албан тушаалд томилж, ямар ангилал зэрэглэл, цалингийн сүлжээгээр ажиллуулах, тушаалын хэрэгжилтийг хэрхэн хангах талаар дурдаагүй тул хуулийн дээрх зарчмыг зөрчжээ. Төрийн албаны тухай хууль, Захиргааны өрөнхий хууль, захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоосноор ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй болно. Энэ нь Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан ажилтны эрхийг хамгаалах зохицуулалтад нийцнэ. Төрийн албанд 12 жил ажилласан төрийн жинхэнэ албан хаагчийг илтхууль бус захиргааны актаар Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн үйл ажиллагааг зөвтгөж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй. Захиргааны хэргийн шүүх болон процессын хуулийн зорилго нь тэгш бус харилцаанд зөрчигдсөн субьектив эрхийг сэргээхэд оршдог гэж итгэн, шүүхээс эрх зүйн хамгаалалт хүсэж нэхэмжлэл гаргасан боловч Үндсэн хуульд заасан суурь эрхийн зөрчлийг хэвээр үлдээн, төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг баталгааг алдагдуулж, нийтийн албанд 12 жил тасралтгүй, тангарагаа мөрдөж ажилласан албан хаагчийн эрхийг зөрчсөн шийдвэр болсон.

Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0101 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн “Хяналт шалгалтын мөрөөр авах авах арга хэмжээний тухай” 2022 оны 173 дугаар тогтоолын Э.Ст холбогдох хэсгийгхүчингүй болгож, түүнд үндэслэн гарсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/19 дүгээр Э.Сыг ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаалыг илт хууль бус акт болохыг тогтоож, илт хууль бус шийдвэрийн улмаас ажилгүй байсан хугацааны цалинг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулан, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

1. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 173 дугаар тогтоолын Э.Ст холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1. Анхан шатны шүүх уг 173 дугаар тогтоолыг бие даасан захиргааны акт мөн эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих үр дагаврыг шууд бий болгосон эсэх буюу захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэхийг анхаараагүй байна.

1.2. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 173 дугаар тогтоолд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн албан хаагч нарыг албан тушаалд томилсон шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 33 дугаар зүйлийн 33.3, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3, 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг зөрчсөнийг тогтоож, 21 албан хаагч иргэдийг томилсон шийдвэрийг хүчингүй болгохыг томилох эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болгосны дотор Э.С /хавсралтын 17-д/ оржээ.

1.3. Дээрх тогтоолыг Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө ...төрийн жинхэнэ албан хаагчийг ... томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ”, 30.2-т “Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж ... томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна”, 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 66.1.3-д “иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох”, 66.1.6-д “хууль тогтоомжид нийцүүлэн эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх, биелэлтийг хангах” гэж тус тус заасныг үндэслэн гаргасан байна.

1.4. Төрийн албаны зөвлөл уг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хяналт шалгалт явуулж төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад чиглэж төрийн жинхэнэ албан хаагчийн томилгоотой холбоотой гаргасан алдаагаа засахыг үүрэг болгосон тогтоол гаргасан нь Э.Ст чиглэж гараагүй, түүний эрх, ашиг сонирхол уг тогтоолын улмаас шууд зөрчигдөөгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын “эрх зүйн шууд үр дагавар бий болгосон байх” шинжийг агуулаагүй, өөрөөр хэлбэл уг тогтоолыг биелүүлж томилох эрх бүхий этгээдээс хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох зэргээр шийдвэр гараагүй байхад Э.Сын эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй тул захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахааргүй байна.

1.5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 173 дугаар тогтоолын Э.Ст холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

2. “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны Б/109 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, илт хууль бус шийдвэрийн улмаас ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1. Уг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/109 дүгээр тушаалаар Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, 9.8, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 65 дугаар зүйлийн 65.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 411, 2022 оны 173 дугаар тогтоолыг үндэслэн, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтан ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э-ын Сыг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдэлд шилжүүлжээ.

2.2. Анхан шатны шүүх дээрх тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн гомдлын дагуу хүчингүй болгох үндэслэлгүй байна.

2.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө давж заалдах гомдолдоо “Э.Сыг 2019-2022 оны хооронд албан тушаалыг өөрчилж томилсон нь төрийн албан хаагчийн буруу биш, хариуцагч байгууллагуудын Төрийн албаны хууль тогтоомж зөрчсөн буруутай үйл ажиллагаа болно ... төрийн алба тасралтгүй байх зарчмын хүрээнд сүүлийн албан тушаалд томилсон шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн хувьд төрийн албаны хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байсан болно. Төрийн албаны тухай хуульд заасан нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг зөрчиж байна” гэжээ.

2.3.1. Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар Э.Сыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтан ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 43 дугаар зүйлийн 43.3-т заасныг зөрчиж, уг албан тушаалд тавигдах мэргэжлийн шаардлагыг хангаагүй, төрийн жинхэнэ албаны тусгай шалгалт өгөөгүй байхад томилсон болох нь хэрэгт авагдсан албан тушаалын тодорхойлолт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

2.3.2. Энэ талаар шалгаж тогтоосон Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 173 дугаар тогтоолын дагуу хариуцагч нь дээрх хууль зөрчсөн алдаагаа засаж, Э.Сыг тухайн албан тушаалаас чөлөөлсөн маргаан бүхий актыг нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд хууль бусаар халдсан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан  “илт хууль бус акт” гэж үзэх үндэслэлгүй байна.

2.3.3. Мөн маргаан бүхий актаар Э.Сыг чөлөөлсөн дээрх шалтгаан нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангах тохиолдол биш тул энэхүү гомдлыг хангах боломжгүй.

2.4. Давж заалдах гомдолд “захиргааны байгууллага тусгай шалгалт зохион байгуулах үүргээ гүйцэтгээгүй” гэх боловч сул орон тоо гарсан тохиолдолд орлон гүйцэтгэх журмыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 43 дугаар зүйлийн 43.3-д зааснаар зохицуулсан, харин тухайн албан тушаалын шаардлага хангаагүй этгээдийг тусгай шалгалт зарлах хүртэл түр ажиллуулах хуулийн зохицуулалт байхгүй тул Э.Сыг тусгай шалгалт зохион байгуулах хүртэл тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах байсан гэж үзэхгүй.

2.5. Мөн давж заалдах гомдолд “... шийдвэр гаргахаас өмнө тайлбарыг бичгээр аваагүй нь хууль бус ажиллагаа ...” гэх боловч Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “... тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг заавал бичгээр тайлбар авах үүрэгтэй гэж үзэхгүй бөгөөд хариуцагчийн “... өөрийнх нь саналыг харгалзан Цаг уур, орчны шинжилгээний газарт томилсон” гэх тайлбарыг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй тул гомдлыг хангах үндэслэлгүй байна.

2.6. Түүнчлэн гомдолд Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцоогүй шилжүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан “Захиргааны актыг биелүүлэх бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” илт хууль бус акт болсон гэжээ.

2.6.1. Маргаан бүхий акт нь Төрийн албан хуулийн 44.1-д заасан төрийн албан хаагчийг чөлөөлж, өөр байгууллагад шилжүүлэх урьдчилсан нөхцөл болох  “албан ажлын зайлшгүй шаардлага” гарсан гэх үндэслэлээр шилжүүлээгүй, харин төрийн албан тушаалд томилох шаардлага хангаагүй байхад томилсонтой холбоотой нэхэмжлэгчийг чөлөөлсөн тул хариуцагчийг нөгөө байгууллагын удирдлагатай тохиролцоогүй шилжүүлсэн буюу уг хуулийн заалтыг зөв хэрэгжүүлээгүй “илт хууль бус акт” гэж үзэх үндэслэлгүй.

2.6.2. Учир нь маргаан бүхий актаар Э.Сыг төрийн байгууллага болох Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдэлд шилжүүлсэн зорилго нь түүнийг төрийн албанаас бүр мөсөн чөлөөлөхгүйгээр, төрийн албыг үргэлжлүүлэн хашиж, цалин хөлс авах эрхийг дордуулахгүй байх зорилгоор гаргасан гэж үзэхээр байна.

2.6.3. Харин хариуцагч нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар гаргасан шийдвэрийнхээ биелэлтийг хариуцах үүрэгтэй, биелүүлэх боломжгүй тохиолдолд өөрийн гаргасан шийдвэрийн тухайн хэсэгт өөрчлөлт оруулж, Э.С нь тухайн яаманд шаардлага хангасан албан тушаалд зохих журмаар томилогдон ажиллаж байсан бол тохирох албан тушаалын сул орон тоо байгаа тохиолдолд хуульд нийцүүлэн томилох зэргээр шийдвэрлэх бүрэн эрх нь нээлттэй байх тул давж заалдах гомдлыг хүлээн авч хангах үндэслэлгүй.

2.7. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0101 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “... Төрийн албаны зөвлөл болон ...”, “... тус тус ...”, “... Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 173 дугаар тогтоолын Э.Ст холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ...” гэж заасныг тус тус хасаж, “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 173 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Э.Сын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 3 дахь заалтыг нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгч Э.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                              Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ