Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 00521

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 37-6 тоотод оршин суух, Бүүвэй овогт Болдын Адъяа / РЭ74090378/-ийн хүсэлттэй,

      Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Б.Адъяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Б.Адъяа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Б.Адъяа нь Батлах хамгаалахын сайдын 1992 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 395 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдөр  хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 012 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1993 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 311 дүгээр тушаалаар 1993 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 1315189 дугаар цэргийн батлахтай халагдсан юм. Тухайн үед цэрэг татлагад ажиллаж байсан хүн нь миний нэрийг Адъяасүрэн гэж бүртгэж бичсэнээс болж миний цэргийн архиваас авсан лавлагаа Адъяасүрэн нэрээр гарч ирж байна.Миний бие цэргийн байгууллагад ажиллаж байгаад одоо цэргийн тэтгэвэрээ тогтоолгох гэсэн юм. Гэтэл уг цэргийн  алба хаасан жил нь ажилласан жилд орж тооцогдох шаардлагатай болоход нэр зөрсөн асуудал үүсээд байгаа юм. Миний бусад бүх бичиг баримтууд Б.Адъяа нэрээр байдаг.

       Иймд Б.Адъяа миний 1992 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.

    Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

        Нэхэмжлэгч нь цэргийн алба хаасан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх Улаанбаатар хотын Барилгын цэргийн 012 дугаар ангид 1992 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:

       Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет Батлан хамгаалахын тав архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсаныг ирүүлсэн бөгөөд үүнд Болдын Адьяасүрэн гэж овог нэр тавигдсан бөгөөд ам бүл-6, аав галын албанд жолооч, ээж барилгачинд нярав, дүү лам, ах цагдаа, нэг дүү сургуульд, мөрөн сумын 10 жилийн 2-р дунд сургууль 10-р анги төгсөв... гэжээ. Болдын Адьяа нь шүүх хуралдаанд би Мөрөн 10 жилийн сургууль төгссөн, мөн манай аав галд ээж барилгачинд нярваар ажиллаж байсан гэж тайлбарладаг.

       Гэрч Д.Өлзийбаатарын  2017 оны 5 дугаар сарын 6-ны өдөр өгсөн: “...Би Б.Адъяатай хамт 1992 оны 6 дугаар сард цэргийн алба хаахаар би Ханх сумаас, Б.Адъяа нь Мөрөн сумаас тус тус татагдсан бөгөөд бид хоёр Улаанбаатар хотын Барилгын цэргийн Амгалан дахь 012 дугаар ангид, мөн 3 дугаар салаанд хувирлагдан 1992-1993 онуудад цэргийн албыг хамт хаасан юм. Цэрэгт татагдахад би түүнийг сайн таньдаггүй байсан, харин цэрэгт очиж танилцаад нэг салаад алба хаахад түүнийг “Адъяа” гэд дууддаг байсан. Хөвсгөлөөс Улаан-Уулын Ганзориг, Цагаан-Уул сумын Чулуундаваа, Рэнчинлхүмбийн Бадуушийн Хүрэлбаатар, Юрагийн Баатар, манай сумаас Түмэнбаяр зэрэг нийт 25 хүн цэргийн албанд татагдсан бөгөөд түүний дотор Болдын Адъяасүрэн гэдэг хүн байгаагүй...” гэх,

         Гэрч П.Батнасангийн  2017 оны 5 дугаар сарын 6-ны өдөр өгсөн: Бид хоёр 1992 оны 6 дугаар сард 10 дугаар ангиа төгссөн бөгөөд тэр зунаа  Б.Адъяатай цэрэгт явсан юм. Хаана, ямар ангид цэргийн алба хаасныг сайн санахгүй байна. Гэхдээ би түүнийг цэрэгт байхад нь нэг удаа захиа бичиж байсан. Бид хоёрыг сургуульд нэг ангид сурч байхад түүний журналын нэр нь Болдын Адъяа, үе тэнгийнхэн нь мөн Адъяа гэж дууддаг байсан. Харин намайг захиа бичиж түүнд явуулахад нэр нь өөрчлөгдсөн гээд би захиагаа “Адъяасүрэнд” гэх хаяглан явуулж байсан. Миний мэдэхийн  Адъяа нь дээрээ Амгалан гэдэг цагдаа ахтай, Батаа гэдэг дүүтэй, бас нэг эмэгтэй дүүтэй байсан. Аавыг Болд гэдэг хүн байсан бөгөөд бид нарыг сургуульд сурч байхад Барилга угсралтын трестэд жолооч, ээж мөн тус байгууллагад ажилладаг байсан, чухам ямар ажил хийдэг байсныг нь мэдэхгүй байна. Би 10 дугаар ангиа 1992 онд төгсөөд Гал командад гал сөнөөгчөөр 1994 он хүртэл ажилласан бөгөөд намайг тэнд ажиллаж байхад Адъяагийн аав Болд нь механик-жолоочоор мөн ажилладаг байсан. Миний үе тэнгийнхэн буюу 1992 оны төгсөлт дотор Болдын Адъяасүрэн гэдэг хүүхэд байгаагүй...” гэх мэдүүлэг,

       Б.Адъяагийн Улаанбаатар хотын Барилгын цэргийн 012 дугаар ангид  1992-1993 онд цэргийн алба хааж байхдаа Хөвсгөл аймгаас татагдсан цэргүүдийн хамт авахуулсан гэрэл зураг, иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баоитуудаад тогтоогдож байна.

        Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Бүүвэй овогт Болдын Адъяа / РЭ74090378/-г Улаанбаатар хотын Барилгын цэргийн 012 дугаар ангид 1992 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.

       2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Адъяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА