Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 00522

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 12-9 тоотод оршин суух, Өвөр тогоруутан  овогт Дэмбэрэлийн Гэрэлчулуун / РБ64091901/-ийн хүсэлттэй,

            Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Д.Гэрэлчулуун нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч Д.Гэрэлчулуун шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Д.Гэрэлчулуун нь Төв аймгийн Зуун мод хотын 10 жилийн 1 дүгээр сургуулийн 8 дугаар ангийг 1981 онд төгсөөд улмаар Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт 1982 оны 12 дугар сарын 13-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байгаад Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 6 дугаар бригадад мал маллан амьдарч байсан ээжийн аав Пүрэв, ээжийн ээж Аюуш нарт хань болж мал ахуйд нь туслахаар ирсэн. Тэгээд Арбулаг сумын Мандал нэгдлийн 6 дугаар бригадад Бандангийн суурьт 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл туслах малчнаар ажиллаж байгаад тэндээсээ сумын 10-н жилийн дунд сургуулийн гал тогоонд угаагчаар 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Дараа нь би тус нэгдлийнхээ барилгын бригадад туслах ажилтнаар 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарынм 31-ний өдрийг дуустал тус тус ажилласан юм.

            Иймд миний ажилллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.  

            Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

               Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгох ба Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт 1982 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлс асрагчаар,  Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1985 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 01-нийг хүртэл малчнаар, Арбулаг сумын 8-н жилийн дунд сургуульд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 31-нийг хүртэл  гал тогоонд туслах ажилчнаар, Арбулаг сумын Мандал нэгдлийн барилгын бригадад   1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.

              Тухайлбал: Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгээс 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Д.Гэрэлчулуунд нээж олгосон 010884 дугаар хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй хэсгийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

               Арбулаг сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлын 1985 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 53 дугаартай “1 ... орон тоо дутуу хүмүүсийн оронд шинээр ... в/ Ж.Гэрэлчулууныг гал тогооны туслах ажилчнаар 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ...” гэх Ажилчин ажилд авах ба ажил өөрчилж ажиллуулах тухай тушаалын хуулбар,

           Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн барилгын бригадад 1987-1990 онуудад туслах ажилчнаар ажилласан жил, авсан цалин хөлсийг, мөн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд малчнаар 1985 оны тухайн сард ажилласан сар,авсан цалин хөлсийг Хөвсгөл аймгийн Арбулаг  сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн  гаргасан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн цалингийн түүвэр, 70 дугаар дансны хуулбар,

           Гэрч Д.Наранчимэгийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: “ ... Д.Гэрэлчулуун нь 1981 онд Төв аймагт 8 дугаар анги төгсөөд тэндээ эмнэлэгт ажил хийдэг гээд зуныхаа амралтаар ирж амрахдаа ярьж байсан юм. Тэгээд миний санахын өвөө Пүрэвжав, эмээ Аюуш нартаа туслаж, мал ахуйг нь хамжилцахаар 1983 оны намар Төв аймгаасаа шилжин ирж Арбулаг сумын Мандал нэгдлийн 6 дугаар бригадын Вандангийн суурьт туслах малчнаар ажиллах болсон юм. Тэр үеэс хойш 6 дугаар бригададаа туслах малчнаар ажиллаж байгаад нэгдлийн барилгын бригадад ажилладаг байсан Нямдаваа гэдэг залуутай гэр бүл болж сумын төвд амьдрахаар нүүж ороод сумын сургуулийн гал тогоонд угаагчаар ажилд орсон бөгөөд би бас тэр үед сургуулийн гар тогоонд цэвэрлэгчээр ажилладаг байсан. Тэгснээ Д.Гэрэлчулуун нь сургуулийн гал тогооны угаагчийн ажлаасаа 1986 оны хавар гараад нөхрийнхөө барилгын бригадад туслах ажилтнаар шилжин ажилласан бөгөөд тэндээ нэгдэл тарах хүртэл тасралгүй ажилласан” гэх,

            Гэрч Ц.Нямдоржийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн:”... Д.Гэрэлчулуун нь 1983 оноос 1985 оны хооронд Арбулаг сумын Мандал нэгдлийн 3 болон 6 дугаар бригадад туслах малчнаар ажиллаж байсан. Тэгээд 1985-1986 онуудад сумын 8 жилийн сургуульд тогоочоор ажиллаж байгаад тэндээсээ 1986 онд Мандал нэгдлийн туслах үйлдвэрийн барилгын бригадад засалчинаар ажилд ороод нэгдэл тарах хүртэл тасралтгүй ажилласан юм...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 10/174 дугаартай “....Тус аймгийн Арбулаг сумын 8–н жилийн сургуулийн захирлын 1986 оны тушаалд Д.Гэрэлчулууныг чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна ....” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

             Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Өвөр тогоруутан овогт Дэмбэрэлийн Гэрэлчулуун /РБ64091901/-г  Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт 1982 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл асрагчаар,  Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1985 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, Арбулаг сумын 8-н жилийн дунд сургуульд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл  гал тогоонд туслах ажилчнаар, Арбулаг сумын Мандал нэгдлийн барилгын бригадад   1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2.Нэхэмжлэгч Д.Гэрэлчулууны 1983 оны 9 дүгээр сарын 01 ний өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 01 ний өдрийг хүртэл барилгын туслах ажилчнаар,1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 31 ний өдрийг дуустал хүртэл барилгын туслах ажилтнаар ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Гэрэлчулууны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА