| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2021/0172/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/195 |
| Огноо | 2021-07-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма,
Улсын яллагч Г.Чанцалдулам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,
Хохирогч Б.Э-,
Шинжээч Ц.Б-,
Шүүгдэгч Д.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т-д холбогдох эрүүгийн 2038000000274 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.Т.
Шүүгдэгч Д.Т- нь 2018 оны 04 дүгээр сарын 15-наас 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн “Хойд цагаан” гэх газарт байрлах хохирогч Б.Э-н хаваржааны 8 байр 8 давхар хашааг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Т- нь шунахайн сэдэлтээр 2018 оны 04 дүгээр сарын 15-наас 20-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн “Хойд цагаан” гэх газарт байрлах хохирогч Б.Э-н хаваржааны 8 байр 8 давхар хашааг өөрийн эзэмшлийн Зил-130 маркийн ... улсын дугаартай автомашин ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Д.Т-ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 65 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Жаргалант багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 67 дугаар хуудас/,
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 69 дүгээр хуудас/,
- Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-ийн 70 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн албан тоот /2-р хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар ашиг хонжоо олох санаа зорилго нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Д.Т- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Т- нь шунахайн сэдэлтээр 2018 оны 04 дүгээр сарын 15-наас 20-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн “Хойд цагаан” гэх газарт байрлах хохирогч Б.Э-н хаваржааны 8 байр 8 давхар хашааг өөрийн эзэмшлийн Зил-130 маркийн ... улсын дугаартай автомашин ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 8 дугаар хуудас/, хохирогч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-17 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 19-21, 170-171, 2-р хх-ийн 6-7 дугаар хуудас/, гэрч Х.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 24-25 дугаар хуудас/, гэрч Ц-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 26-27 дугаар хуудас/, гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 28-29, 167 дугаар хуудас, 2-р хх-ийн 13 дугаар хуудас/, гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 30-31 дүгээр хуудас/, гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 34-35 дугаар хуудас/, гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 155-156 дугаар хуудас/, гэрч Т.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 163 дугаар хуудас/, гэрч Ц.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 165 дугаар хуудас/, гэрч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 11 дүгээр хуудас/, гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 17 дугаар хуудас/, гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 21дүгээр хуудас/, “Итгэл эстимэт” ХХК Хөвсгөл салбарын албан бичиг /1-р хх-ийн 45 дугаар хуудас/, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 89 дүгээр хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 92-94 дүгээр хуудас/, бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 185-187 дугаар хуудас/, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /2-р хх-ийн 22-25 дугаар хуудас/, шинжээч Р.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 35 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хх-ийн 48 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 56-63 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн: “...гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч Д.Т-ын мэдүүлж байгаа “...миний газрын үнийг өгөхгүй юм байна гэж бодоод хашааг нь ачсан” гэх мэдүүлгээс үзвэл шүүгдэгч нь амар хялбар аргаар ашиг хонжоо олох, иргэдийн хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг, эд хөрөнгөө хараа хяналтгүй орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Д.Т- нь шунахайн сэдэлтээр 2018 оны 04 дүгээр сарын 15-наас 20-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн “Хойд цагаан” гэх газарт байрлах хохирогч Б.Э-н хаваржааны 8 байр 8 давхар хашааг өөрийн эзэмшлийн Зил-130 маркийн ... улсын дугаартай автомашин ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн
адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна.
Шүүгдэгч Д.Т-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 900.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Т- нь хохирогч Б.Э-н малын хашааны үнэ болох 900.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.М-ын нэхэмжилсэн бэлэн 500.000 төгрөг, хязаалан насны үхрийн үнэ, хашаа бариулах зардал зэрэг нийт 1.700.000 төгрөгөөс хохирол төлбөрт мөнгө төгрөг огт өгөөгүй болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Т-аас малын хашааны үнэ болох 900.000 төгрөгийг гаргуулж хохирогч Баярын Б.Э-д олгож,
Хавтаст хэрэгт иргэний нэхэмжлэгч Ц.М-ын: “...Би Д.Т- гэдэг хүнд бэлэн 500,000 төгрөг өгөөд нэг шүдлэн үхэр өгөхөөр тохиролцсон. ...Би Д.Т- гэдэг хүнтэй анх ярихдаа шүдлэн настай үхэр өгөхөөр байсан боловч тухайн үед хязаалан настай үхэр өгсөн. ...Д.Т- гэдэг хүн надаас үхэр авахдаа зөрүүг нь өгнө гэсэн өгөөгүй байгаа. Хашааны асуудал дээр хэрэв хашааны модоо авна гэвэл би хашаа бариулсан зардал, худалдаж авсан гэх мэт зардалд 1,500,000 төгрөг нийт 1,700,000 төгрөг нэхэмжилмээр байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21/ авагдсан байх боловч 500.000 төгрөгийг Д.Т-д өгсөн эсэх, хашааны үнэд ямар настай, хэдэн төгрөгийн үнэлгээтэй үхэр өгсөн, уг хашааг худалдаж авах болон барихад хэдэн төгрөгийн зардал гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй, иргэний нэхэмжлэлийн талаар тодорхой тооцоо гаргах боломжгүй байх тул иргэний нэхэмжлэгч Ц.М- нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нь гэмт хэргийг санаатайгаар хүсэж үйлдсэн, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг автомашин ашиглаж үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Д.Т- нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх шүүгдэгч Д.Т-д ял оногдуулахдаа улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх” санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж, Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Т-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 -т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заажээ.
Шүүгдэгч Д.Т- нь 2018 оны 04 дүгээр сарын 15-наас 20-ны үед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг хамаарахгүй, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/, ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж зааснаар шүүгдэгч Д.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Т-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгчийг 1 жилийн хугацаанд Төмөрбулаг сумаас гадагш явахыг хориглох үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Т- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Хавтаст хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын албан тоот /1-р хх-ийн 84/, гэрч Д.А- /2-р хх-ийн 13/, Б.М- /2-р хх-ийн 20-21/ нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүдийг шүүх үнэн зөв гэж дүгнэж шүүгдэгч Д.Т-аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 500.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...албадан гаргуулна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, 3 дахь хэсэг “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...” гэж заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 3.8м2 хэмжээтэй, 7 давхарласан 8 хавирга малын хашааг хохирогч Б.Э-д 900.000 төгрөгийн хохиролд тооцон шилжүүлэхийг,
Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх Зил-130 маркийн ... улсын дугаартай автомашины үнэ болох 500.000 төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Ц.М- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Т-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Т-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын хилийн дээсээр тогтоож, 1 /нэг/ жилийн хугацаанд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумаас гадагш явахыг хориглосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч Д.Т-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 3.8м2 хэмжээтэй, 7 давхарласан 8 хавирга малын хашааг хохирогч Б.Э-д 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн хохиролд тооцон шилжүүлэхийг,
Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх Зил-130 маркийн ... улсын дугаартай автомашины үнэ болох 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Ц.М- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР