| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00354/и |
| Дугаар | 00523 |
| Огноо | 2017-05-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 00523
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багт оршин суух, Жамбынхан овогт Загдсүрэнгийн Пүрэвсүрэн /РЦ56121576/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч З.Пүрэвсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие З.Пүрэвсүрэн нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ерөнхий боловсролын 7-н жилийн дунд сургуулийн 7 дугаар ангийг 1971 онд төгсөж МХЗЭ-ийн илгээлтээр Рэнчинлхүмбэ сумын нутаг дахь Цагааннуурын Улсын агнуурын аж ахуйд ажиллахаар хувиарлагдан 1971 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 09960 тоот албан хуудас авч хувиарт газраа очиж ажилласан. Энэ цагаас хойш нормын ажилтнаар ажиллах хугацаанд байгууллагаас хөдөлмөрийн насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ажилд томилсон тушаал гаргахгүй явсаар 1973 оны 12 дугаар сарын 25-нд ажилд авсан тушаал гаргасан юм. Тэгээд би цэргийн албанд тэнцсэн гэсэн үндэслэлээр 1974 оны 05 дугаар сарын 25-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм. ... Хөвсгөл аймгийн Хүнсний үйлдвэрийн Цагааннуур дахь загасны цехэд жолоочоор ажиллаж байгаад шинээр зохион байгуулагдсан Цагааннуурын ан агнуур, цаа бугын аж ахуйд цех хамт олноороо шилжин 1985 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн автын жолоочоор 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл аж ахуй үйлдвэрийн үйл ажиллаа зогсох хүртэл хугацаанд ажиллаж байсан.
Иймд З.Пүрэвсүрэн миний дээрх ажиллаж байсан байдлуудыг минь сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутаг дахь Цагааннуурын Улсын агнуурын аж ахуйд 1971 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл туслах ажилтан, цаа бугын аж ахуйд 1985 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: 1971 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №09960 дугаартай ”... Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ерөнхий боловсролын сургуулийн 7 дугаар анги төгссөн Загдсүрэн овогтой Пүрэвсүрэнг Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын шууд үйлдвэрлэлд хувиарлав ...” гэх Техник мэргэжлийн сургууль үйлдвэрлэлд хуваарилагдагсдад олгох хуудасыг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Цагааннуурын Улсын агнуурын аж ахуйн захиргааны даргын 1974 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 22 дугаартай “... 1. ... З.Пүрэвсүрэнг 1973 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс тасралтгүй ажилласнаар тооцож 1974 оны ээлжийн амралтыг 1974 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс нөхөж 26 хоногоор олгосугай...” гэх Ээлжийн амралт олгох, амралтын дутууг нөхөн олгох тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Цагааннуурын Улсын агнуурын аж ахуйн захиргаанаас 1974 оны 5 дугаар сарын 09-ний өдөр нээж олгосон №172 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй хэсгийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Цагааннуурын Улсын агнуурын аж ахуйн захиргааны даргын 1974 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаартай “... Ардын цэргийн албанд нас тэнцэж явж байгаа загасчин-анчин .... З.Пүрэвсүрэн нарыг 1974 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсүгэй...” гэх тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харъяа Хөвсгөл аймаг дахь Хүнсний үйлдвэрийн захиргааны даргын 1985 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаартай “... 1. Цагааннуурын загасны цехийн ажиллагсад 74 хүнийг / нэгдүгээр хавсралтаар/ 1985 оны 2 дугаар сарын 15-наар тасалбар болгон Цагааннуурын ан агнуурын-цаа бугын сангийн аж ахуйн мэдэлд шилжүүлсүгэй..” гэх Ажиллагсдыг шилжүүлэх тухай, Хүнсний үйдвэрийн харъяа Цагааннуурын загасны цехээс шилжих ажиллагсадын бүртгэл бүхий тушаалын 1 дүгээр хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Цагааннуурын ан агуур, цаа бугын аж ахуйн даргын 09 дугаартай “ Загдсүрэн овогтой Пүрэвсүрэнг 1985 оны 02 дугаар сарын 15-наас Ан агнуур, цаа бугын аж ахуйн автын жолоочоор томилсугай” гэх Ажилд томилох тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Цагааннуурын Улсын агнуурын аж ахуйн захиргаанд 1971-1974, 1977-1985 онуудад туслах ажилчин, загасчинаар, Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харъяа Хөвсгөл аймаг дахь Хүнсний үйлдвэрийн захиргаанд 1985-1995 онуудад автын жолоочоор ажилласан жил, авсан цалин хөлсийг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн гаргасан Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 49 дугаартай цалин хөлсний лавлагаа, цалингийн тооцооны хүснэгт, 70 дугаар дансны хуулбарууд,
Гэрч Д.Бадрал 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “ ...1987 онд ... эхнэр маань Цагааннуур сумын Хүн эмнэлэгийн эрхлэгчээр, би Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын ан агнуур, цаа бугын аж ахуйн автын механикаар тус тус ажиллахаар томилогдон очиход З.Пүрэвсүрэн нь ГАЗ-66 машинтай, жолоочоор ажиллаж байсан бөгөөд намайг 1987 оноос 1993 оныг хүртэл автын механикаар ажиллаж байхад мөн л надтай хамт тасралтгүй ажилласан. Энэ хугацаанд миний санахын манай ан агнуур, цаа бугын аж ахуйд 1987 он шинэ ЗИЛ-130 хувиралагдан очиход З.Пүрэвсүрэн маань тэр машины жолоочоор томилогдож байсан бөгөөд сүүлд аж ахуй тарахад тэр машинаа хувьчилж авсан байсан. Мөн манайхыг 1994 онд аймгийн төв рүү шилжин орж ирэхэд З.Пүрэвсүрэн нь тэндээ үлдэж ажилласан...” гэх ,
Гэрч П.Нансалмаа 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “Намайг Цагааннуур сумын Загасны үйлдвэрийн загас боловсруулах цехэд ажиллаж байхад З.Пүрэвсүрэн нь Рэнчинлхүмбэ сумын 7 жилийн сургуулийг 1971 онд төгсөөд эвлэлийн илгээлтээр тус үйлдвэрийн загас боловсруулах цехэд туслах ажилтнаар томилогдож ирсэн. Тэр үед З.Пүрэвсүрэн нь 15 настай байсан учраас үндсэн ажилтнаар томилоогүй бөгөөд түүнийн 16 насанд хүргэж байж тушаал гаргаж, мөн ээлжийн амралт олгож байсан юм. Тэгээд З.Пүрэвсүрэн нь загасны цехэд ажиллаж байгаад 1974 онд хугацаат цэргийн албанд явсан бөгөөд 1977 онд цэргээс халагдаж ирээд хуучин газартаа эргээд ажилдаа орж загасчинаар ажиллаж байгаад 1979 онд автын курссэд яваад 1981 онд төгсөж ирээд жолоочоор Ан, агнуур цаа бугын аж ахуй тартал ажилласан... “ гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жамбынхан овогт Загдсүрэнгийн Пүрэвсүрэн/РЦ56121576/-г Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутаг дахь Цагааннуурын Улсын агнуурын аж ахуйд 1971 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл туслах ажилчнаар, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын ан агнуур, цаа бугын аж ахуйд 1985 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.Пүрэвсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА