Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/196

 

2021          07             20                                            2021/ШЦТ/196

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма,

Улсын яллагч П.Отгонбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ууганбаяр,

Шүүгдэгч М.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.О-т холбогдох эрүүгийн 2138000000078 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М.О.

Шүүгдэгч М.О- нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цахир булаг” гэх газраас 2020 оны 11 дүгээр сард иргэн Б.Б-гийн эзэмшлийн хаваржааны хашаанд байсан Портер маркийн автомашины 1 тэвш хэмжээтэй өвсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа өөрийн хууль бус үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, өөрийн биеэр авч явж чадахгүй өвсийг зөөж тээвэрлэх, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч М.О- нь шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цахир булаг” гэх газраас 2020 оны 11 дүгээр сард иргэн Б.Б-гийн эзэмшлийн хаваржааны хашаанд байсан Портер маркийн автомашины 1 тэвш хэмжээтэй өвсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа өөрийн хууль бус үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, өөрийн биеэр авч явж чадахгүй өвсийг зөөж тээвэрлэх, учрах саадыг арилгах зорилгоор өөрийн өмчлөлийн ... улсын дугаартай Портер маркийн автомашин ашиглаж хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 дугаар хуудас/,

- Тээврийн хэрэгслийн гэрэл зураг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

- 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 11 дүгээр хуудас/,

- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, битүүмжилсэн эд хөрөнгийн гэрэл зураг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,

- Хохирогч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх сумын 1 дүгээр багт байрлах өөрийн эзэмшлийн хаваржааны хашаан дээрээ очиход хашааны сөр дээр байсан өвс алга болсон байсан. ...сөр дээр байсан бүх өвс алга болсон байсан. ..манай хаваржааны хашааны сөр 7 харьцах 4 метр орчим хэмжээтэй. ...Би өөрийн алдсан өвсөө буцаагаад М.О-ээс авчихсан. М.О- миний өвсийг өөрөө ачиж авч ирээд манай хаваржааны хашаан дээр буулгаж өгсөн. ...Нэг портер өвс л байсан. ...Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28, 108 дугаар хуудас/,

- Гэрч Э.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай нөхөр болох Б.Б- хаваржааныхаа хашаа руу явж ирээд өвс алга болсон байна гэсэн. ...Хаваржааны хашааны сөрөн дээр байсан. Манай хаваржааны хашааны сөр 6 харьцах 7 орчим хэмжээтэй. ..яг хэдэн бухал байсныг сайн мэдэхгүй. ...нэг портер өвсийг тусад нь сөрөн дээр хурааж төл малдаа өгөх гэж байсан юм. Тэр сөрөн дээр хураасан өвс хулгайд алдагдсан болохоос 40 бухал өвс нийтдээ хулгайд алдагдаагүй. Манай гэр бүлийн зүгээс М.О- гэдэг залууд ямар ч гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32, 111 дүгээр хуудас/,

- Хулгайд алдагдсан намар бэлдсэн Портер маркийн автомашинд ачсан 1 тэвш өвсийг 280.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 117-118 дугаар хуудас/,

- 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээчний “Хөвсгөл аймгийн Арбулаг сумын иргэн М.О-ийн ... улсын дугаартай Хуандай портер маркийн автомашины үнийг 2.210.000 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

- Улсын дугаар ..., марк, модель Hyundai Porter, өмчлөгч М.О- гэх тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 65 дугаар хуудас/,

- Хашаа саравч, сөрд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 103-104 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч М.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “2020 оны 11 сарын дундуур би Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1 дүгээр баг Цахир булаг гэх газарт байх эзэнгүй хаваржааны сөрөн дээр хураалттай байсан хуурай өвсийг өөрийн эзэмшлийн 22- 91ХӨҮ улсын дугаартай супер портер маркийн машинд ачаад Арбулаг сумын төвд байх хашаандаа буулгасан юм. Би тухайн үед хэний хаваржаа, хэний өвс байсныг мэдээгүй, малдаа өгөх гээд авчихсан. Тэгээд энэ оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тухайн авсан өвсөө буцаагаад өвсний эзэн Баянзүрх сумын 1 дүгээр багийн харьяа Б.Б- гэдэг хүнд эргүүлэн өгсөн. Би тухайн үед өвсийг авахдаа хэн нэгнээс зөвшөөрөл аваагүй, малдаа өгөх гээд л авчихсан юм. Би тухайн үед хүний юмыг зөвшөөрөлгүй авах нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэдгийг мэдсэн ч гэсэн хэдэн малаа онд оруулах гээд авчихсан юм. Би энэ үйлдэлдээ маш их харамсаж байгаа. ...миний өвс авсан хаваржааны хашаа, манай гэрийн хашаа хоёрын хооронд 30 орчим км зайтай байсан. Би хэн нэгэнтэй өвсийг ачаагүй ганцаараа ачиж авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 57, 124-125 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 62 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Урт булаг багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 63 дугаар хуудас/,

- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр хуудас/,

- Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай нөхөр ааш зангийн хувьд бусадтай эелдэг зөөлөн зантай, ажилсаг, найз нөхөд, хамт олон, нутгийнхан дундаа нэр хүнд сайтай” гэх мэдүүлэг /хх-ийн 114-115 дугаар хуудас/

- Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Урт булаг багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 134 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч М.О- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч М.О- нь шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цахир булаг” гэх газраас 2020 оны 11 дүгээр сард иргэн Б.Б-гийн эзэмшлийн хаваржааны хашаанд байсан Портер маркийн автомашины 1 тэвш хэмжээтэй өвсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа өөрийн хууль бус үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, өөрийн биеэр авч явж чадахгүй өвсийг зөөж тээвэрлэх, учрах саадыг арилгах зорилгоор өөрийн өмчлөлийн ... улсын дугаартай Портер маркийн автомашин ашиглаж хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн гэрэл зураг /хх-ийн 9 дүгээр хуудас/, 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 11 дүгээр хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, битүүмжилсэн эд хөрөнгийн гэрэл зураг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/, хохирогч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-28, 108 дугаар хуудас/, гэрч Э.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32, 111 дүгээр хуудас/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 117-118 дугаар хуудас/, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээчний “Хөвсгөл аймгийн Арбулаг сумын иргэн М.О-ийн ... улсын дугаартай Хуандай портер маркийн автомашины үнийг 2.210.000 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан /хх-ийн 45-46 дугаар хуудас/, Улсын дугаар ..., марк, модель Hyundai Porter, өмчлөгч М.О- гэх тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 65 дугаар хуудас/, Хашаа саравч, сөрд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 103-104 дүгээр хуудас/, шүүгдэгч М.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 57, 124-125 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгчийн мэдүүлж байгаа “..малдаа өгөх гээд хулгай хийсэн” гэх мэдүүлгээс үзвэл шүүгдэгчийн хувьд амар хялбар аргаар эд хөрөнгө олох, иргэд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг байдал, эд хөрөнгөө хайхрамжгүй байдлаар орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч М.О- нь шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цахир булаг” гэх газраас 2020 оны 11 дүгээр сард иргэн Б.Б-гийн эзэмшлийн хаваржааны хашаанд байсан Портер маркийн автомашины 1 тэвш хэмжээтэй өвсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа өөрийн хууль бус үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, өөрийн биеэр авч явж чадахгүй өвсийг зөөж тээвэрлэх, учрах саадыг арилгах зорилгоор өөрийн өмчлөлийн ... улсын дугаартай Портер маркийн автомашин ашиглаж хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэн  280.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна.  

Шүүгдэгч М.О-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 280.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Б-, шүүгдэгч М.О- нар 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “М.О- нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хохирол бүрэн төлсөн. Хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй. Талууд харилцан тохиролцож эвлэрсэн” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 66/ байгуулсан байх тул шүүгдэгч М.О-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар,  Прокурорын газраас “албан бланк, бичгийн цаас, хэвлэмэл хуудас”-ны үнэ 10.750 төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож /хх-ийн 18, 77/ шүүгдэгчээс гаргуулахаар ирүүлсэн байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.2, 1.3, 1.4 1.5-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал”-ыг хуульчилсан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдох гарах бусад зардлыг Монгол улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.7-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардалд хэргийн газар, орон байр, хүний бие, цогцост үзлэг, нэгжлэг, шинжилгээ хийх, цогцсыг оршуулсан газраас нь гаргаж шинжлэх, мөрдөн шалгах туршилт хийх, мэдүүлгийг газар дээр нь шалгах, таньж олуулах ажиллагаа явуулах, ялтныг хорих ангид очиж байцаах, дуудлагаар явахад гарсан болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны үр дүнд үүссэн ажил гүйцэтгэсний хөлс, зардал багтана” гэж зааснаас үзэхэд дээрх 10.750 төгрөгийн баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, /бусад зардал/-д тооцох үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч М.О-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч М.О- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүхээс шүүгдэгч М.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас түүнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу улсын орлого болгох” санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “...миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/, ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан үзлээ.

Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 -т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заажээ.

Шүүгдэгч М.О- нь 2020 оны 11 дүгээр сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг хамаарахгүй, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/, ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж зааснаар шүүгдэгч М.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.О-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Арбулаг сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгчийг 1 жилийн хугацаанд Арбулаг сумаас гадагш явахыг хориглох үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.О- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...албадан гаргуулна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, 3 дахь хэсэг “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...” гэж заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Цагдаагийн хэсгийн кабонд битүүмжилсэн шүүгдэгч М.О-ийн өмчлөлийн Хуандай портер маркийн /аралын дугаар: .../ ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч М.О-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч М.О-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-ийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Арбулаг сумын хилийн дээсээр тогтоож, 1 /нэг/ жилийн хугацаанд Хөвсгөл аймгийн Арбулаг сумаас гадагш явахыг хориглосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч М.О-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан М.О-ийн өмчлөлийн Хуандай портер маркийн /аралын дугаар: .../ ... улсын дугаартай 2.210.000 /хоёр сая хоёр зуун арван мянга/ төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЧИР