| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00466/и |
| Дугаар | 00512 |
| Огноо | 2017-05-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 00512
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт 1957 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багт оршин суух, Жажин овогт Банзрагчийн Цогдэлгэр /АВ57031517/-ийн
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2017/00466/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Б.Цогдэлгэр нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Цогдэлгэр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант Амьдрал” нэгдэлд 1975 оноос 1976 онд туслах малчнаар ажиллаж байгаад цэрэгт явж, 1979 онд цэргээс ирээд мөн Жаргалант сумын “Жаргалант Амьдрал” нэгдэлд 1979 оноос 1992 онд хоньчин, ямаачнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл миний хөдөлмөрийн дэвтэрт овог өөр бичигдсэн байгаа юм. Мөн ажиллаж байсан үеийн цалин хөлсний баримт Архангай аймгийн Жаргалант сумын архив шатахад шатаж холбогдох баримт гарч ирэхгүй байгаа болно.
Миний 1976 оны хөдөлмөрийн дэвтэр Дандарын Цогдэлгэр, 1981 оны хөдөлмөрийн дэвтэр Доржванчигийн Цогдэлгэр, 1992 оны хөдөлмөрийн дэвтэр Банзрагчийн Цогдэлгэр гэж бичигдсэн байсан. Түүнчлэн 1981 онд мал тууврын ажлаар Галт суманд ажиллах үед хөдөлмөрийн хөлсийг бичүүлэхээр Галт сумаас хөдөлмөрийн дэвтэр авч байсан. Тус дэвтрийг авахад хамт явсан Доржванчиг авга ахаар овоглоод биччихсэн байсан юм. Тухайн үедээ овог нэрэнд ач холбогдол өгөөгүй юм. Дандар нь миний өвөө, Банзрагч нь миний төрсөн эцэг, Доржванчиг нь миний аав Банзрагчийн төрсөн дүү нь юм. Хамт нэг дор ажиллаж амьдарч байхад миний овгийг хольж сольж бичсэн байсан. Дандар, Банзрагч, Доржванчиг нарт холбогдох төрөл садангийн лавлагааг шүүлгэж хэргийн материалд өгсөн. Цогдэлгэр миний төрсний бүртгэлд Дандар, Банзрагч, Доржванчиг нараар овоглосон бүртгэл байхгүй байгаа юм. Гэхдээ миний бүх бичиг баримт төрсөн эцэг Банзрагчаар овоглож явдаг.
Иймд Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдлээс 1976 оны 2 дугаар сарын 10-ны өдөр “Дандарын Цогдэлгэр” нэрээр олгосон №95 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн -Ундрал нэгдлээс 1981 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “Доржванчигийн Цогдэлгэр” нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Банзрагчийн Цогдэлгэр мөн болохыг тогтоож өгнө үү.
Мөн Б.Цогдэлгэр миний Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант Амьдрал” нэгдэлд 1975 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл туслах малчнаар, 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хоньчин ямаачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Цогдэлгэр нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн үр дагаварыг бий болгох бөгөөд нэхэмжлэгч Б.Цогдэлгэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.
Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Б.Цогдэлгэрийн төрсний бүртгэл улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь: Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “регистрийн дугаар: ав57031517, овог: Жажин, эцэг эхийн нэр: Банзрагч, нэр: Цогдэлгэр нь 1957/03/15-ны Хөвсгөл аймаг Галт суманд төрүүлсэн эх Пүрэвжалын Норовоор Хөвсгөл аймгийн Галт сумын 1957-1962 онуудын бүртгэл шалгаж үзэхэд төрөлт нь бүртгэгдээгүй байна” гэх бичилттэй 00/002385 дугаартай төрөлт бүртгэлгүй тухай лавлагаагаар,
Б.Цогдэлгэрт Дандар, Доржванчиг нараар овоглож хөдөлмөрийн дэвтэр олгосон боловч овог нэрний бүртгэлгүй болох нь: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “Дандарын Цогдэлгэр /ав57031517/, Доржванчигийн Цогдэлгэр /ав57031517/ овгоор төрөлтийн бүртгэлд бүртгэгдээгүй байна” гэх бичилттэй 1/476 дугаартай тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.
Иймд Б.Цогдэлгэрийн төрсний бүртгэл улсын бүртгэлд бүртгэгдээгүй боловч Банзрагчийн Цогдэлгэр овог нэрээр ажиллаж амьдарч байгаа болох нь Батлан хамгаалахын төв архивын 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “Банзрагчийн Цогдэлгэр БХЯ-ны сайдын 1976.06.30-ны өдрийн н/177 дугаар тушаалаар Архангай аймгаас 1976.07.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 022 дугаар ангид цэргийн алба хааж, мөн сайдын 1979.08.06-ны өдрийн ./364 дүгээр тушаалаар 1979.08.15-ны өдөр халагдсан” гэх бичилттэй 2816 дугаартай лавлагаа, Банзрагчийн Цогдэлгэр гэх овог нэрний бичилттэй Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, иргэний үнэмлэх, 1992 онд олгосон хөдөлмөрийн дэвтэр, Хөвсгөл аймгийн Галт сум байгуулагдсаны 90 жилийн ойн медалийн хуулбарууд, №А0679118 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, №1705000217 дугаартай 1992 оны 7 сараас 2000 оныг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцсон бичилттэй дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, №001556781 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбарууд болон гэрч Ж.Чимэддоржийн “...Банзрагчийн Цогдэлгэр гэдэг юм. Ээжийг нь Норов гэдэг. Энэ хоёр хөгшин одоо ч амьд сэрүүн байгаа. Хөдөлмөрийн баатар ямаачин Банзрагч гэж хөгшин байгаа даа. Дандарын Банзрагч гэдэг юм. Тэхээр Дандар нь Цогдэлгэрийн хөгшин аав болж байна. Доржванчиг нь Банзрагчтай төрсөн ах дүү. Дандарын хүүхдүүд. Тухайн үед хүн бүл цөөтэй айлд мал малладаг ч байсан. Ах дүү нараараа очиж ажиллах үед Дандар, Доржванчиг нараар нь овоглоод биччихсэн байх. Тэр үед тийм л замбараагүй, бичгийн соёлгүй байсан цаг юм. Би ч мөн ялгаагүй ах дүү нартайгаа хамт нэгдэлд ажиллаж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Хүрэлбаатарын “...Дандар нь Цогдэлгэрийн хөгшин аав, Банзрагч, Доржванчиг нар нь ах дүү хоёр, Дандарын хүүхдүүд. Банзрагч нь Цогдэлгэрийн эцэг юм. Нэгдлийн суурийг өрхөөрөө хамт малладаг байсан. Банзрагчийн Цогдэлгэр гэдэг юм. Яагаад Дандар, Доржванчиг гэж бичигдсэн талаар мэдэхгүй юм. Ах дүү төрөл садангаараа хамт мал малладаг байсан учир холиж сольж бичсэн байх...” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Ч.Дандарын төрсөн хүүхдүүд Д.Банзрагч, Д.Доржванчиг нар мөн болох нь Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Архангай аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн 40-р хуудсанд: өрхийн тэргүүн Чойжилын Дандар, эрэгтэй, 36 настай, эхнэр Сандуйн Даваацэрэн, 28 настай, хүү Дандарын Дорж, 5 настай, хүү Дандарын Банзрагч, 8 настай, охин Дандарын Нордог 22 настай, эмэгтэй гэж бүртгэгдсэн байна” гэх бичилттэй 03-2/765 дугаартай лавлагаа, “Архангай аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн 1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн 66-р хуудсанд: өрхийн тэргүүн Чойжилын Дандар, эрэгтэй, 47 настай, Сандуйн Даваа, 39 настай, эмэгтэй, Дандарын Доржванчиг 16 настай, эрэгтэй гэж бүртгэгдсэн байна” гэх бичилттэй 03-2/719 дугаартай лавлагаагаа, гэрч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдлоо.
Иймд нэхэмжлэгч нь “Банзрагчийн Цогдэлгэр” нэрээр ажиллаж амьдарч байгаа нь тогтоогдож байх тул 1976 онд “Дандарын Цогдэлгэр” нэрээр, 1981 онд “Доржванчигийн Цогдэлгэр” нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь “Банзрагчийн Цогдэлгэр” мөн болохыг тогтоож, дээрх хөдөлмөрийн дэвтрүүдийг нотлох баримтад үнэлэх үндэслэлтэй байна.
Мөн “Доржваанчигийн Цогдэлгэр” нэрээр гарсан баярын бичгүүдийн нотариатаар батлуулсан хуулбарууд, “Д.Цогдэлгэр” нэрээр гарсан 1985 оны 7 дугаар таван жилийн гавшгайчийн үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбаруудыг Б.Цогдэлгэрт холбогдох баримт гэж үзэн нотлох баримтад үнэлсэн болно.
Нэхэмжлэгч Б.Цогдэлгэр нь Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант Амьдрал” нэгдэлд 1975 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд туслах малчнаар, 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хоньчин ямаачнаар ажиллаж байсан болох нь:
Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант Амьдрал нэгдлээс 1976 оны 2 дугаар сарын 10-ны өдөр “Дандарын Цогдэлгэр” нэрээр нээж олгосон №95 дугаартай, 1975 оны 8 дугаар сараас 1976 оны 7 дугаар сарыг дуустал, 1979 оны 9 дүгээр сараас 1980 оныг дуустал хугацааны цалин хөлсний бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбарууд, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлээс 1981 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “Доржванчигийн Цогдэлгэр” нэрээр олгосон 1981 оны 01 сар, 1982 оны 9 дүгээр сараас 1990 оныг дуустал хугацааны цалин хөлсний бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбарууд, 1992 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Банзрагч Цогдэлгэр” нэрээр олгосон 1991 оны 01 дүгээр сараас 1992 оны 6 дугаар сарыг дуустал хугацааны цалин хөлсний бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбарууд, 1985 онд шагнасан 1981-1985 оны 7-р таван жилийн гавшгайчийн үнэмлэхний хуулбар, 1984, 1985 оны Баярын бичигүүдийн нотариатаар батлуулсан хуулбарууд,
Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант-Амьдрал” нэгдлийн даргын 1992 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №27 дугаартай “ХАА-н нэгдлийн гишүүдийг хавсралт №1-ээр 1992 оны 8 сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь тус тус чөлөөлсүгэй...” гэх бичилттэй тушаалын хуулбар болон “683. Б.Цогдэлгэр, малчин, эр, хоолт” гэх бичилттэй тус тушаалын хавсралтын хуулбар,
гэрч Ж.Чимэддоржийн “...Б.Цогдэлгэр нь Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1975 оны намар 8 сарын үеэс эхлэн 1976 оны 6 сард цэрэгт явах хүртэл туслах малчнаар ажиллаж байсан. 1976-1979 онд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд мөн тус нэгдэлд 1979 оны намар 9 сарын үеэс1992 оны 7 сар хүртэл хугацаанд хоньчин, ямаачнаар ажиллаж байсан... Тасралтгүй ажиллаж байсан. Тэр үед ажилгүй суух хүн гэж байдаггүй байлаа. Ажил хийхгүй бол арга хэмжээ авдаг байсан. Цогдэлгэр нь малнаас салаагүй, одоо ч хувийн малаа маллаж байна... Би Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1974 оны 06 сараас 1993 он хүртэл туслах малчин, хоньчноор ажиллаж байсан. Тэгээд нэгдлийн удирдагаас өгсөн үүрэг даалгаварыг хийж гүйцэтгэдэг байсан. Отор нүүдэл хийх, мал туух, эр сувай мал, төллөх мал, эм хонин суурь, 1 настай мал, содон мал маллах гээд бүх л малын ажил хийж байсан...” гэх мэдүүлэг,
гэрч Ж.Хүрэлбаатарын “...Б.Цогдэлгэр нь Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1975 оны 8 сараас 1976 оны 6 сард цэрэгт явах хүртэл туслах малчнаар ажиллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс ирээд мөн тус нэгдэлд 1979 оны 9 сараас 1992 оны 7 сар хүртэл хугацаанд хоньчин, ямаачнаар ажиллаж байсан... Тасралтгүй ажиллаж байсан. Хонин суурь болон ямаан суурь хариуцан малладаг байсан. Хувьчлалаас хойш хувийн малаа маллаж байгаа... Би Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1975 оны 01 сараас 1993 он хүртэл туслах малчин, хоньчноор ажиллаж байсан. Цогдэлгэр бид нэг бригадад мал маллаж байсан хүмүүс юм... Б.Цогдэлгэр нь баярын бичиг, сайшаалаар шагнагдаж байсан ба 5 жилийн гавшгайч болж байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Б.Цогдэлгэрт Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдлээс 1976 оны 2 дугаар сарын 10-ны өдөр “Дандарын Цогдэлгэр” нэрээр олгосон №95 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Хөвсгөл аймгийн Галт сумын Идрийн Ундрал нэгдлээс 1981 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “Доржванчигийн Цогдэлгэр” нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтэрүүдийн жинхэнэ эзэмшигч нь “Банзрагчийн Цогдэлгэр” мөн болохыг тогтоож, түүний Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант Амьдрал” нэгдэлд 1975 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд туслах малчнаар, 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хоньчин ямаачнаар ажиллаж байсан байдлыг тогтоов.
Б.Цогдэлгэрт холбогдох цалин хөлсний баримт шатаж үрэгдсэн болох нь Архангай аймгийн Онцгой байдлын газрын 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “Жаргалант сумын захиргааны нэгдсэн конторын барилга 1992 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр санхүүгийн тасгийн пийшингийн цонолтоос эд хогшлын хамт шатсан нь үнэн болохыг гал түймрийн нэгдсэн бүртгэлээс хянан үзэж тодорхойлов” гэх бичилттэй 11 дугаартай тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нийт 140.400 төгрөг төлөх бөгөөд үүнээс 70.200 төгрөгийг төлж, 70.200 төгрөгийг тус хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүгчийн захирамжаар хойшлуулсан байх тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70.200 төгрөгийг Б.Цогдэлгэрээс гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдлээс 1976 оны 2 дугаар сарын 10-ны өдөр “Дандарын Цогдэлгэр” нэрээр олгосон №95 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Хөвсгөл аймгийн Галт сумын Идрийн Ундрал нэгдлээс 1981 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “Доржванчигийн Цогдэлгэр” нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтэрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Банзрагчийн Цогдэлгэр /АВ57031517/ мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жажин овогт Банзрагчийн Цогдэлгэрийн Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант Амьдрал” нэгдэлд 1975 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд туслах малчнаар, 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хоньчин ямаачнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Цогдэлгэрээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА