| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2021/0196/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/245 |
| Огноо | 2021-05-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/245
2021 05 12 2021/ШЦТ/245
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,
улсын яллагч Б.Гүнсэл,
хохирогч Х.С,
шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч В.Гэрэлт-Од нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
С овогт О-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 21100 0088 0027 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, .. настай, дээд боловсролтой, архитектор мэргэжилтэй, “...” ХХК-д архитектор ажилтай, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, “...” хотхоны 43/а-06 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С овогт О-ийн О /РД:ХЖ/.
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч О.О нь 2021 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хотхоны 43-А байрны 06 тоотод иргэн Х.Стай маргалдаж, улмаар толгой тус газар нь төмөр зүйлээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэгт:
Шүүгдэгч О.О мэдүүлэхдээ: “...С бид хоёр олон жилийн өмнөөс хамт ажиллаж байгаа, нэг мэргэжлийн хүмүүс юм. Би 2020 онд Сд нэг ажил даалгаж өгсөн. Тэр ажлаа С хийхгүй явсаар байгаад нэг өдөр тэр ажлын талаар ярих гээд, С манайд ирж 2021 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө нэг шил архи хувааж уугаад ажлаас болж бид хоёрын дунд маргаан үүссэн. 2020 оны 9 дүгээр сард С миний “Самсунг” маркийн гар утсыг түр хугацаагаар барьж байя гээд авсан. Би Сгаас утсаа үзье гээд автал утасны дэлгэцийг хагалсан байхаар нь буцаагаад авсан. Сгийн найз орж ирээд Сг дагуулаад явсан. С буцаж ирээд хаалга хүчтэй нүдээд байхаар нь эхнэр хаалга онгойлготол чанга дуугаар хэрүүл хийгээд байсан. Тухайн үед хүүхэд цочиж босч ирэхээр нь би сандарсандаа Сг айлгах гээд үүдэнд байсан төмөр саваар цохитол толгойноос нь цус гарсан. Би маргааш нь шүүх эмнэлэгт үзүүлж эмнэлэгт хэвтүүлж төлбөрийг нь төлсөн. Одоо яагаад ингэж их төлбөр нэхэж байгааг нь гайхаж байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэсэн;
Хохирогч Х.С мэдүүлэхдээ: “...2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн орой 20 цагт Оын эхнэр Уянга эгч залгаад чат бичээд хүрээд ир гэж дуудсан. Орой 21 цагийн үед О хариу өгөөрэй, уулзаж ажлаа ярилцъя гэсэн. 22 цагийн үед Уянга эгч дахин залгаад, чат бичээд дуудаад байхаар нь удаан харилцаж байгаа ах, эгч болохоор нь аргагүй эрхэнд очиход тэр 2 найман ширхэг пиво хувааж уусан гээд нэг шил архи тавьчихсан сууж байсан. Би гэрээс гарахдаа ажлаа ярилцахаар хэдэн зураг хэвлээд цүнхэндээ хийчихсэн байсан. Тэгээд очоод бид хэд ярилцаж суугаад эхний нэг шил архийг уусан. Шөнийн 03 цагийн үед энэ 2 согтчихоод хэцүү байна ирж аваач гэж найзыгаа дуудсан чинь машин олдохгүй байна гэж байгаад 05 цагийн үед очиж байна гараад ирээрэй гэсэн. О ах өмнө нь нэлээн хэдэн удаа миний утсыг булааж авч сим хүртэл авч зөндөө хохироодог байсан. Мөн уух болгондоо цохих, юм шидэх зэргээр байнга зохисгүй авир гаргадаг байсан. Согтуудаа ингэж байгаа юм байлгүй гэж бодоод дараа нь өөрт нь хэлээд өнгөрөөдөг байсан. Тухайн өдөр ах нь чамайг ширээний гэрлээр цохиж байсан уучлаарай гэж байсан. Би явах гэхэд утас байхгүй байсан учир буцаж очоод хаалгыг нь зөөлөн тогшоод О ахаа онгойлгочих, симээ авчихъя, та дандаа ингэж байх юм аа гээд хаалганы цаанаас нэлээн гуйсан. Тэгээд арай гэж хаалгаа тайлаад би симээ авъя гэсэн чинь өгөхгүй гээд надтай нэлээн маргалдсан. Бид хоёр ах дүүсийн болон ажлын харилцаатай хүмүүс юм. Тэгтэл 50.000, 100.000 төгрөгийн үнэтэй утасны дэлгэц хагалсан гэж хүний биед халдаж хүнд хохирол учруулна гэж бодоогүй. Би симээ аваад гарах гэтэл хойноос нэлээн хүчтэй цохиход нь буйдан дээр унасан. Нэг сэрэхэд би шалан дээр сэрсэн. 103 дуудсан боловч ирээгүй учир гадаа машинтай хүлээж байсан найзаараа гэмтэл рүү хүргүүлсэн...” гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.
Хоёр. Эрүүгийн 21100 0088 0027 дугаартай хэргээс:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Х.Сгийн өргөдөл /хх-2/,
2. Хохирогч Х.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хамт ажилдаг ах О.О гэртээ хүрээд ир гэж дуудахаар нь очтол эхнэрийнхээ хамт байсан. Бид гурав хоёр шил Хараа нэртэй архи уугаад ойр зуурын юм ярьж сууж байгаад гар утаснаас болж маргаан үүссэн. Тэгэхээр нь би найз болох Л-г дуудаж ирээд аваач гэж хэлтэл ирээд намайг авч явах гэж байхад О ах ингээд алчихъя гэж хэлээд араас толгойн орой хэсэг дээр төмөр саваар цохисон. Миний толгой язарч цус гарахаар нь Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв /цаашид ГССҮТ гэх/ явж толгойгоо оёулсан. Намайг цохиж байхыг найз Л болон О ахын эхнэр харсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
3. Гэрч Э.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө 06 цагийн үед найз С ирээд аваач гээд залгахаар нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ... хотхоны 43-А байрны 6 тоотоос авах гээд очтол С, О, түүний эхнэр гурав нэлээн согтуу, маргалдсан байдалтай байсан. Сгийн гар утсыг авчихсан өгөхгүй байна гээд, С утсаа авна гээд маргалдаад байсан. Тэгээд сим картаа авчхаад хаалга руу гарах гээд явж байтал араас нь О гэх залуу толгой руу нь хоолны төмөр саваар нэг удаа цохисон. Тэгтэл С буйдан руу унаад толгойноос нь цус гараад бид нар түргэн дуудахад удаад байхаар нь өөрсдөө ГССҮТ-д очиж үзүүлж оёдол тавиулахад эмч нь 4 см урагдалтай гүн шарх байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
4. Гэрч Д.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: “...2021 оны 01 сарын 05-ны өдөр нөхрийн ажлын дүү С руу шинэ оны мэнд мэдэж фэйсбүүк чатаар чаталж байгаад манай гэрт ирэхээр болоод 23 цагийн үед ирж нөхөр бид гурав нэг шил Хараа архи ууж дуусчхаад байж байтал С нэг шил архи аваад ууж байгаад нөхөр С хоёр барилгын зураг төслийн ажлаас болж үл ялиг маргалдаж эхэлсэн. Би байж байгаад хүүгийнхээ өрөөнд очоод хүүтэйгээ хамт унтаж байтал гэнэт чанга чанга орилох дуу сонсогдож эхэлсэн. Манай хүү сэрээд уйлаад байхаар нь Сг битгий орилоод хүүхэд айлгаад бай гэж хэлтэл улам орилоод чанга яриад байхаар нь за яв яв гэж хэлтэл С найзыгаа дуудчихсан байгаа явлаа гэж хэлсэн. Тэгээд байж байтал нэг найз нь гээд охин орж ирээд аваад гарсан. Тэгээд байж байснаа буцаж орж ирэхдээ хаалга чанга, чанга цохиж утсаа үлдээчихсэн байна, гap утсаа авмаар байна гэж хаалганы цаанаас хэлэхэд нөхөр энэ чинь миний утас гэж хэлтэл С ядаж сим картаа авчихъя гэж хэлэхээр нь хаалгаа нээтэл орж ирээд хоёр симээ аваад гарах гэж байхдаа “за У эгчээ байж бай, нэг татчихъя” гэж хэлэхээр нь “үгүй, үгүй хүүхэд айлгаад байна эртхэн яв” гэж хэлтэл нөхрийн уур хүрээд хоолны саваар толгойн тус газар нь нэг удаа цохьсон. Тэгтэл толгойноос нь цус гараад байхаар нь би алчуураар толгойг нь боож эмнэлэг дуудаж ГССҮТ-рүү авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 556 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлтэд:
- Х.Сгийн биед тархи доргилт, зүүн зулайн хуйханд няцарсан шарх, цус хуралт, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-25/,
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 110 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлтэд:
- Х.Сгийн биед тархи доргилт, зүүн зулайн хуйхны шарх, цус хуралт, баруун шуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн байна.
- Гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
- Шүүх эмнэлгийн 2021.01.07-ны 556 тоот дүгнэлт үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 31-32/,
7. Шүүгдэгч О.Оын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байгаа тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн өдөр С болон эхнэрийн хамт согтууруулах ундаа хэрэглэсэн, гурвуулаа нэлээн согтуу байсан. Сг найз нь ирж аваад гэрээс гараад явсан. Хэсэг байж байгаад буцаж ирээд хаалга маш хүчтэй нүдээд байхаар нь хаалгаа нээтэл гэрт орж ирээд чанга дуугаар хэрүүл хийгээд хүүхэд айлгаад уйлаад босоод ирэхээр нь уурандаа саваар толгой руу нь цохьсон. Миний буруу. Би Сг “Асралт мед” эмнэлэгт 10 хоног хэвтүүлж эмчилгээний зардал 1.500.000 орчим мянган төгрөг төлсөн. Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,
8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 50-59/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч: “...шүүгдэгч О.Оын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах...” гэсэн дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо” илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэлд, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Оын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч О.О нь 2021 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хотхоны 43-А байрны 06 тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Х.Стай маргалдаж, улмаар толгойн тус газар нь төмөр зүйлээр цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн зулайн хуйханд няцарсан шарх, цус хуралт, баруун шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Х.Сгийн өргөдөл /хх-2-3/,
- Хохирогч Х.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хамт ажилдаг ах О.О ...ах ингээд алчихъя гэж хэлээд араас толгойн орой хэсэг дээр төмөр саваар цохисон. Миний толгой язарч цус гарахаар нь ГССҮТ явж толгойгоо оёулсан. Намайг цохиж байхыг найз Лхамсүрэн болон О ахын эхнэр харсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
- Гэрч Э.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө 06 цагийн үед найз С ирээд аваач гээд залгахаар нь Хан-Уул дүүргийн ... дугаар хороо .... хотхоны 43-А байрны 6 тоотоос авах гээд очтол С, О, түүний эхнэр гурав нэлээн согтуу маргалдсан байдалтай байсан. Сгийн гар утсыг авчихсан өгөхгүй байна гээд С утсаа авна гээд маргалдаад байсан. Тэгээд сим картаа авчихаад хаалга руу гарах гээд явж байтал араас нь О гэх залуу толгой руу нь хоолны төмөр саваар нэг удаа цохисон. Тэгтэл С буйдан руу унаад толгойноос нь цус гараад бид нар түргэн дуудахад удаад байхаар нь өөрсдөө ГССҮТ-д очиж үзүүлж оёдол тавиулахад эмч нь 4 см урагдалтай гүн шарх байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
- Гэрч Д.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид гурав нэг шил Хараа архи ууж дуусчхаад байж байтал С нэг шил архи аваад ууж байгаад нөхөр С хоёр барилгын зураг төслийн ажлаас болж үл ялиг маргалдаж эхэлсэн. ...С ядаж сим картаа авчихъя гэж хэлэхээр нь хаалгаа нээтэл орж ирээд хоёр симээ аваад гарах гэж байхдаа за У эгчээ байж бай нэг татчихъя гэж хэлэхээр нь үгүй, үгүй хүүхэд айлгаад байна эртхэн яв гэж хэлтэл нөхрийн уур хүрээд хоолны саваар толгойн тус газар нь нэг удаа цохьсон. Тэгтэл толгойноос нь цус гараад байхаар нь алчуураар толгойг нь боож эмнэлэг дуудаж ГССҮТ-рүү авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 556 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт /хх-ийн 24-25/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 110 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт /хх-ийн 31-32/,
- Шүүгдэгч О.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байгаа тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...тухайн өдөр С болон эхнэрийн хамт согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуу байсан. Сг найз нь ирж аваад гэрээс гараад явсан, хэсэг байж байгаад буцаж ирээд хаалга маш хүчтэй нүдээд байхаар нь хаалгаа нээтэл гэрт орж ирээд чанга дуугаар хэрүүл хийгээд хүүхэд айлгаад уйлаад босоод ирэхээр нь уурандаа саваар толгой руу нь цохьсон. Миний буруу. Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,
Хэрэгт авагдсан дээр дурдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй үйл баримтыг нотолсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хууль зүйн хувьд шүүгдэгч О.О нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Х.Стай маргалдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Тухайн гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь зүй бус харьцахад нөлөөлж, улмаар хохирогч Х.Сгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах шалтгаан нөхцөл болсон байна.
Шүүгдэгч О.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэж улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,
- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эрүүл мэнд, ...болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.
Шүүх хуралдаанд улсын яллагч хохирлын талаар “хохирол төлбөртэй холбоотой хохирогч Х.Сгаас гарган өгсөн эм тарианы зардал 421,600 төгрөг, “Баяр” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 680,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах, харин хоол хүнс ахуйн хэрэглээний болон бусад зардал, ажил хөдөлмөр эрхлээгүй 2 сарын цалин хөлс, цаашид гарах эмчилгээний зардал зэргийг иргэний журмаар шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, орон сууцны түрээсийн төлбөр 800,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох” гэсэн саналыг;
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хохирол төлбөртэй холбоотой асуудлаар улсын яллагчийн хэлсэнтэй санал нэг байна” гэсэн саналыг тус тус гаргасан.
Тус хэргийн улмаас хохирогч Х.Сгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, хохирогч нь 12.804.098 төгрөг нэхэмжилсэн, үүнээс эм тарианы зардал 421.600 төгрөг, хоол хүнс ахуйн хэрэглээний болон бусад зардалд 582.498 төгрөг, ажил хөдөлмөр эрхлээгүй 2 сарын цалин хөлс 4.000.000 төгрөг, орон сууцны түрээсийн төлбөр 800.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 5.500.000 төгрөг, “Баяр” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр 680.000 төгрөг зэргийг нэхэмжилсэн. Үүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч О.Ооос 1.471.020 төгрөгийн нөхөн төлбөр төлсөн байх ба, хохирогч нь үлдэх хохиролд 11,333,078 нэхэмжилнэ гэж мэдүүлсэн.
Дээрх нэхэмжлэлээс хуулийн шаардлага хангасан нотлох баримтын хүрээнд эм тарианы зардал 421.600, “Баяр” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр 680.000 төгрөг, нийт 1.101.600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Харин хохирогч Х.С нь хоол хүнс ахуйн хэрэглээний болон бусад зардал 582.498 төгрөг, цалин хөлс 4.000.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 5.500.000 төгрөг, нийт 10.082.498 төгрөгийг бусад нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Мөн хохирогч Х.Сгийн нэхэмжлэлээс Орон сууцны түрээсийн төлбөрт нэхэмжилсэн 800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “...шүүгдэгч О.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “... Миний үйлчлүүлэгч бага насны 3 хүүхэдтэй. Хохирол төлбөрт 1.500.000 төгрөгийг төлж барагдуулсан. Улсын яллагчаас гаргасан торгох ялын саналыг дэмжиж байна” торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Шүүгдэгч О.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч О.Оыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрийн тодорхой хувийг төлж барагдуулсан байдал, нөгөө талаас эрхэлсэн тодорхой ажилтай буюу “Уран асар” ХХК-д архитектор ажил эрхэлдэг зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохимжтой гэж шүүх үзсэн болно.
Мөн шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
3. Бусад асуудлаар: Шүүгдэгч О.Оод холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.О-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. О.О-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-оос 1.101.600 /нэг сая нэг зуун нэг мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Х.Сд олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Х.Сгийн нэхэмжлэлээс Орон сууцны түрээсийн төлбөрт нэхэмжилсэн 800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.С нь энэ хэргийн улмаас учирсан хор уршгийн, цалин хөлс болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч О.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН