| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00334/и |
| Дугаар | 00439 |
| Огноо | 2017-04-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 00439
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Хас банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 02 дугаар багийн 26 дугаар гудамжны 14 тоотод оршин суух, Дарьтан овогт Түчинсүрэнгийн Бурмаа /РЭ74050304/ ,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 02 дугаар багийн 26 дугаар гудамжны 14 тоотод оршин суух Хатгин овогт Зэстбалжирын Мөнхбат /РЭ73041715/ нарт холбогдох
Зээлийн төлбөр 5.008.429 /таван сая найман мянга дөрвөн зуун хорин ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2017/00334/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.Бурмаа, З.Мөнхбат нар нь тус банкнаас 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1170015486 тоот зээлийн гэрээ байгуулж 15.000.000 /Арван таван сая/ төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтай, 36 сарын хугацаатай, 365 хоногт 27,6 хувийн хүүтэйгээр авсан.
Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч энэхүү хуваарийн дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2016 оны 11 дугаар сарын 30-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгч Т.Бурмаа, З.Мөнхбат нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрч 3 сар буюу 105 хоног хугацаа хэтрүүлж, гэрээг зөрчсөөр байна.
Цаашид зээлийн 1170015486 дугаар гэрээг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж, зээлдэгч Т.Бурмаа, З.Мөнхбат нар нь зээлийн 1170015486 дугаар гэрээний 3.2.1-д заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс зайлсхийж зээлээ тохирсны дагуу төлөхгүй байна.
Зээлдэгч Т.Бурмаа, З.Мөнхбат нарын зээлийн үлдэгдэл 2017.03.20-ны өдрийн байдлаар 1170015486 дугаар гэрээний зээлийн үндсэн төлбөр 4,583,333.25 төгрөг, хүү 412,219 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12.877 төгрөг. Нийт 5,008,429.25 төгрөг болоод байна. Зээлдэгч Т.Бурмаа, З.Мөнхбат нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байгаа тул зээлийн гэрээний 5.1.1 дэх заалтын дагуу банкны санаачлагаар 1170015486 тоот зээлийн гэрээг цуцлаж байна.
...Иймд Т.Бурмаа, З.Мөнхбат нараас зээлийн нийт төлбөр болох 5,008,429.25 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Бурмаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Түчинсүрэн овогтой Бурмаа нь 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1170015486 тоот зээлийн гэрээ байгуулж 15 сая төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалттай 36 сарын хугацаатай 365 хоногт 27.6 хувийн хүүтэй авсан. Одоо үлдэгдэл 5.008.429.25 төгрөгийг төлөх нь үнэн тул ямар нэгэн байдлаар төлж барагдуулах тул энэ хүсэлтийг минь харгалзан үзэж хугацааны асуудал дээр арай нааштай шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хас банкны Хөвсгөл 117-р салбар нь иргэн Т.Бурмаа болон хамтран үүрэг гүйцэтгэгч З.Мөнхбат нараас зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд Т.Бурмаа, З.Мөнхбат нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулах журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.
Хариуцагч З.Мөнхбат шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1170015486 тоот зээлийн гэрээ байгуулж 15 сая төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалттай 36 сарын хугацаатай 365 хоногт 27.6 хувийн хүүтэй авсан. Одоо үлдэгдэл болон хүү нийлсэн 5.008.429.25 төгрөгийг одоогоос 6 сарын хугацаатай болгож өгнө үү. Энэ хугацаанд хашаа байшингаа зарж төлбөрийг барагдуулахаар байгаа тул хүсэлтийг минь харгалзаж үзнэ үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбар нь Т.Бурмаа, З.Мөнхбат нарт холбогдуулан зээлийн төлбөр 5.008.429 /таван сая найман мянга дөрвөн зуун хорин ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Бурмаа, З.Мөнхбат нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн төлбөр 5.008.429 /таван сая найман мянга дөрвөн зуун хорин ес/ төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн зээлийн төлбөр 5.008.429 /таван сая найман мянга дөрвөн зуун хорин ес/ төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 95.084 /ерэн таван мянга наян дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Бурмаа, З.Мөнхбат нараас 47.542 /дөчин долоон мянга таван зуун дөчин хоёр/ төгрөгийг, улсын орлогоос 47.542 / дөчин долоон мянга таван зуун дөчин хоёр /төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбарын нэхэмжилсэн зээлийн төлбөр 5.008.429 /таван сая найман мянга дөрвөн зуун хорин ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Бурмаа, З.Мөнхбат нар 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95.084 /ерэн таван мянга наян дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Бурмаа, З.Мөнхбат нараас 47.542 / дөчин долоон мянга таван зуун дөчин хоёр/ төгрөгийг, улсын орлогоос 47.542 / дөчин долоон мянга таван зуун дөчин хоёр/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН