| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2021/0084/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/256 |
| Огноо | 2021-05-17 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Ганчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/256
2021 05 17 2021/ШЦТ/256
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,
улсын яллагч Ц.Ганчимэг,
хохирогчийн өмгөөлөгч М.Энхбаяр,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Хишигсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
С овогт Б-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 20100 1080 0679 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, .. настай, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, ам бүл 1, ганцаараа, Хан-Уул дүүргийн ... хороо, “....” хотхоны 38-А тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С овогт Б-ийн Б /РД:/.
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч Б.Б нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны орой Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “...” хотхоны 38-А тоотын гадна талд Ц.Э-ыг “нохой зодлоо” гэснээс болж маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохих, гарыг нь хазах зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхины цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, доод уруулын цус хуралт, буйлны цус хуралт, баруун гарын 2 дугаар хуруу, зүүн гарын 3 дугаар хурууны шарх, 41,42, 31, 32 дугаар шүд унасан гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:
“...Би Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирогчийн 31, 32, 41, 42 дугаартай шүдэнд гэмтэл учруулж, цохиж унагаагүй. Хохирогчийн уг шүднүүд нь анхнаасаа байгаагүй, би өөр шүдийг нь цохисон гэж бодсон...” гэсэн мэдүүлэг гаргасан.
Хоёр. Эрүүгийн 20100 1080 0679 дугаартай хэргээс:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасаг, 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3/,
2. Хохирогч Ц.Эын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо “...” хотхоны 376 тоотод амьдардаг. 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байж байтал танил Г, Х нар ирсэн. Би хоол хийж өгөөд гэрт байсан 1 шил архины үлдэгдлийг гаргаж өгтөл тэр хоёр амсаад одоо ажилтай, явлаа гээд явсан. Би үлдсэн архийг ганцаараа уучхаад амарч байгаад орой 21 цаг 30 минутын үед гэрт байсан хоолны үлдэгдлийг хөрш айлын нохойнд гарч өгчхөөд нохойтой нь тоглоод байж байтал нохойны эзэн Б.Б гэх залуу ирээд яагаад нохой зодоод байгаа юм гэж хэлээд надтай маргалдаж улмаар миний хоёр нүд, хамар, ам толгой руу гараараа хэд хэдэн удаа цохихоор нь би өөрийгөө хамгаалж Б гэх залууг заамдаж ноцолдож байгаад газар унагаад заамдаад байж байтал миний баруун гарын 2 дугаар, зүүн гарын 3 дугаар хурууг хазсан. Энэ үед Б.Б гэх хүнийг хүргэж ирсэн жолооч бид хоёрыг салгаж хэрүүл маргаан, зодоон дууссан. ...тухайн үед Бийг хүргэж өгсөн залуу байсан. Өөр хүн байгаагүй. Шинжээч эмч Б.Ундармаагийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гаргасан №6143 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг Б миний биед учруулсан. Би өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролд багцаагаар нийт 500.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн санагдаж байна. Эмчилгээ хийлгэсэн баримтыг дараа нь хэргийн материалд хавсаргуулна. Би гомдолтой байна. Мөн эмчилгээний зардлыг баримтаар нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
- Хохирогчоор 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дахин өгсөн: “.2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 6143 дугаар дүгнэлттэй холбоотой санал гомдол байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байгаа. Би шүүгдэгчээс эмчилгээний баримтын дагуу 520.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 74/,
3. Гэрч Д.Б-ийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.Би 2020 оны 05 дугаар сарын 22-ны орой гэгээ тасарч байхад хамт ажилладаг Бийг Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “...” хотхонд байдаг гэрт нь хүргэж өгтөл Б ахын хашаанд халзан толгойтой, өндөр, махлаг Ц.Э гэх залуу нохойг нь зодоод, хүзүүн дээр нь хөлөөрөө гишгэчихсэн байхаар нь Б ах чи яагаад нохойн дээр гишгээд байгаа юм боль гээд маргалдсан. Тэгтэл Ц.Э гэх хүн Б ахыг заамдаж цамцны захаар нь боож газарт унагахаар нь би салгасан чинь над руу Ц.Э дайраад байхаар нь холдоод зогсож байтал нөгөө хоёр дахин маргалдаж хоорондоо зодолдоод эхлэхээр нь очоод салгачхаад хартал Б ахын хамраас, Ц.Э-ын хоёр гарнаас нь цус гарсан байсан. Б.Б ах Ц.Э-ын биеийн аль хэсэгт нь юугаар, хэдэн удаа цохисныг би сайн харж чадаагүй. Учир нь гадаа харанхуй, гэрэлтүүлэггүй байсан. Ямар ч байсан дээр дороо ороод зодолдоод байсан. Тухайн үед тэнд бид гурваас өөр хүн байгаагүй. Ц.Э гэх хүн Б.Б ахыг цохиж байхыг хараагүй. Харин боож унагааж байхыг нь харсан. Тухайн үед хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нэлээн согтсон байсан. Харин би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би тэр хоёрыг салгах үедээ Ц.Э гэх хүнийг цохиогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6143 дугаартай хүний биед хийсэн дүгнэлтийн:
“...хэсэг газрын үзлэгт “...дээд талын баруун 1-р шүд булгарсан, буйланд цус хуралттай, хонхорхойтой, доод талын баруун 1, 2-р, зүүн 1-р шүд хөдөлгөөнтэй, эмзэглэлтэй, ...”
Дүгнэлтэд: Ц.Э-ын биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхины цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, доод уруулын цус хуралт, 1 шүдний булгаралт, буйлны цус хуралт, 3 шүдний сулрал, баруун гарын 2-р хуруу, зүүн гарын 3-р хурууны шарх гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо ба мохоо ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
- Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /шинжээч Б.Ундармаа/ /хх-ийн 19-21/,
5. Шинжээч Б.Ундармаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“... намайг үзэх үед 11-р шүд /томъёогоор бичвэл/ булгарч унасан. 31, 41, 42 дугаар шүднүүд хөдөлгөөнтэй суларсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 120/,
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 3 шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 887 дугаартай хэргийн материалаар хийсэн дүгнэлтэд:
Эмнэлгийн бичиг баримтаас:“...2/ 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Глобал дент” шүдний эмнэлгийн зураг болон тодорхойлолтод 41, 42, 31, 32-р шүд авсан байна.
Дүгнэлт: Ц.Э-од шүүх эмнэлгийн 6143 дугаартай шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдээс гадна 41, 42, 31, 32-р шүд унасан гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
- Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.52.3-д зааснаар хөдөлмөрийн чадварыг тогтмол 15 хувь сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно.
- Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байж болох шинэ гэмтэл байна...” /шинжээч Б.Ариунзул, Ө.Сарангэрэл, Н.Туяа / гэсэн дүгнэлт /хх-ийн 70-71/,
Шинжээч Ө.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Олон улсын стандартын нэр томъёогоор дугаарлахад 41, 42, 31, 32 гэж дугаарлаж бичсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 121/
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн дахин шинжилгээний дүгнэлтэд:
- шинжээч эмч Б.Ундармаагийн гаргасан 6143 дугаартай дүгнэлтэд Ц.Э-ын баруун дээд 1-р (11-р шүд) шүдний булгарал, баруун доод 1, 2-р (31,32-р шүд) шүд, зүүн доод 1-р (41-р) шүд хөдөлгөөнтэй байсан нь тогтоогдсон байх ба дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Дүгнэлт гаргах үед уг шүднүүдийг авхуулаагүй байсан тул нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №6143 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна.
- “Булган дент” шүдний эмнэлгийн тодорхойлолтоос харахад Ц.Э нь 41,42-р буюу зүүн доод 1,2-р шүднүүдийг, 31,32-р буюу баруун доод 1,2-р шүднүүдийг 60 хувийн хөдөлгөөнтэй байсан тул авхуулсан байна. Эдгээр 41, 42, 31, 32 шүднүүдээс урьд нь гаргасан 6143 дүгнэлтэд зүүн доод 2-р шүднээс бусад шүд буюу баруун доод 1, 2-р (31,32-р) шүд, зүүн доод 1-р шүд (41-р) шүд хөдөлгөөнтэй гэж дурдагдсан байна. Иймд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ариунзул, Ө.Сарангэрэл, Н.Туяа нарын гаргасан 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 887 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
- 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 887 дугаартай дүгнэлтэд дурдсан 41, 42, 31, 32 шүднүүдээс урьд нь гаргасан 6143 тоот дүгнэлтэд баруун доод 1, 2-р буюу 31, 32-р шүд, зүүн доод 1-р шүд буюу 41-р шүд хөдөлгөөнтэй гэж дурдагдсан байх тул дээрх 41, 42, 31, 32 шүднүүд нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №6143 дугаартай дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүд мөн байх боломжтой. Дээрх гэмтлүүдийн улмаас уг шүднүүдийг авхуулсан байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1-д (ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 52.3-т) зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15 хувь тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” /шинжээч Ц.Ганболд, М.Энхбаяр, Г.Энхбаатар/ гэсэн дүгнэлт /хх-ийн 131-135/,
8. Шүүгдэгч Б.Бийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна.
Болсон хэргийн талаар гэвэл 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ажлаа тараад найз нартайгаа архи ууж байгаад хамт ажилладаг Д.Б гэх залуугаар гэртээ хүргүүлээд Д.Б-ний машинаас буутал манай нохойг хажуу айлын Ц.Э гэх залуу зодож байгаа харагдахаар нь очоод яагаад нохой зодоод байгаа юм гэж хэлтэл яадаг юм энийг чинь алчихна шүү гээд уурласан. Үүнээс болж бид хоёр маргалдаж зодолдсон. Би Ц.Э-ын нүүр рүү гараараа 1-2 цохисон. Мөн хоёр хурууг нь хазсан. Энхтогтох хоёр гараараа намайг заамдаад газар унагаад боогоод байхаар нь ноцолдож байхдаа хоёр гарыг нь тавиулах санаатай хазсан. Бид хоёрыг зодолдож байхад Б салгасан. Би Ц.Э-ын нүүрэн тус газарт баруун, зүүн гараараа тус бүрдээ нэг, нэг удаа цохисон. Мөн хоёр гарынх нь нэг нэг хурууг хазсан. Ц.Э надтай зодолдох үедээ миний нүүрэн тус газарт баруун гараараа 1 удаа цохисон. Мөн намайг заамдаж байгаад газар унагаад дээр гараад боосон. Тэрнээс өөрөөр зодож цохисон асуудал байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгуулахгүй. Тухайн үед тэнд бид гурваас өөр хүн байгаагүй. Би нэлээн согтуу байсан. Гэхдээ болсон үйл явдлыг санаж байгаа. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг би Ц.Э-той зодолдож байх үедээ учруулсан. Би Ц.Э-ын эрүүл мэндэд учирсан хохиролд одоохондоо эмчилгээний зардал өгөөгүй байгаа. Би Ц.Э-ын эрүүл мэндэд учирсан хохирлын эмчилгээний бодит зардлыг өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,
- Яллагдагчаар 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дахин өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ял өөрчлөн сонсгож байгаатай холбоотой санал гомдол байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84/,
9. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 24-27/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч “шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрдөггүй тул дахин 02 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргуулсан. 6143 дугаартай дүгнэлтийн хохирогчийн баруун дээд шүдний булгаралтыг хүлээн зөвшөөрөөгүй, 887 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан. Уг дүгнэлтэд хохирогчийн 41, 42, 31, 32 шүдийг хөдөлгөөнтэй байна гэж гарсан. Ингээд шинжээчдийн 02 дугаартай дүгнэлтээр маргаантай байсан дүгнэлтийг эцэслэн дүгнэсэн. “Булган дент” эмнэлгийн дүгнэлтээр мөн хохирогчийн 41, 42, 31, 32 дугаартай шүдийг хөдөлгөөнтэй байсан гэж дүгнэсэн. 3 удаагийн шинжээчийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлд заасан шинжээчийн дүгнэлтийг шаардлагыг хангасан. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг;
Хохирогчийн өмгөөлөгч М.Энхбаяраас “...Шүүгдэгчийн гэрч, яллагдагчаар өгсөн болон шүүх хуралд өгсөн мэдүүлгүүд нь зөрүүтэй байна. Харилцан цохилцсон асуудал байдаггүй. Хэдий шүүгдэгч худал мэдүүлэг өгч байгаа ч хэрэгт авагдсан гэрч Б-ийн мэдүүлэгт “хохирогч Б-ийг цохиж байсныг хараагүй гэж мэдүүлсэн” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хишигсүрэнгээс “Шүүгдэгч Б.Б нь хохирогчийн хуруу хазсан буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин шүд унасан асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн шинжээчдийн 3 дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй. Учир нь шинжээч унаагүй шүдийг унасан болгож 41, 42, 31, 32 дугаар шүд унасан гэж дүгнэлт гаргаж байгаа нь хариуцлагагүй, шаардлага хангаагүй шинжээчийн дүгнэлтээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Б.Б нь Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “...” хотхоны 38-А тоотын гадна талд 2020 оны 05 дугаар сарын 22-ны орой Ц.Э-той “нохой зодлоо” гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар гараараа 1-2 удаа цохих, гарыг нь хазах зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхины цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, доод уруулын цус хуралт, буйлны цус хуралт, баруун гарын 2 дугаар хуруу, зүүн гарын 3 дугаар хурууны шарх, 41, 42, 31, 32 дугаар шүдийг гэмтээж, унагасан гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
- Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасаг, 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3/,
- Хохирогч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.Б гэх залуу ирээд яагаад нохой зодоод байгаа юм гэж хэлээд надтай маргалдаж улмаар миний хоёр нүд, хамар, ам толгой руу гараараа хэд хэдэн удаа цохихоор нь би өөрийгөө хамгаалж Б гэх залууг заамдаж ноцолдож байгаад газар унагаад заамдаад байж байтал миний баруун гарын 2 дугаар хуруу, зүүн гарын 3 дугаар хурууг хазсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/ болон хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 74/,
- Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би тэр хоёрыг салгачхаад хартал Б ахын хамраас, Ц.Э-ын хоёр гарнаас нь цус гарсан байсан. ...Ямар ч байсан тэр хоёр дээр дороо ороод зодолдоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6143 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт /хх-ийн 19-21/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн гурван шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 887 дугаартай хэргийн материалаар хийсэн дүгнэлт /хх-ийн 70-71/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гурван шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн дахин шинжилгээний дүгнэлт /хх-ийн 131-135/,
- Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Болсон хэргийн талаар гэвэл ...Би Ц.Эын нүүрэн тус газар баруун, зүүн гараараа тус бүрдээ нэг, нэг удаа цохисон. Мөн хоёр гарынх нь нэг нэг хурууг хазсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,
- яллагдагчаар дахин өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б нь Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, хохирогчийн 31, 32, 41, 42 дугаартай шүдэнд гэмтэл учруулаагүй. Хохирогчийн уг шүднүүд нь анхнаасаа байгаагүй, би өөр шүдийг нь цохисон. ...” гэсэн мэдүүлэг гаргаж, гэм буруугийн талаар маргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хишигсүрэнгээс “хуулийн шаардлага хангаагүй шинжээчийн дүгнэлтээр яллах дүгнэлт үйлдсэн, шинжээчдийн дүгнэлт өөр хоорондоо зөрүүтэй” тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж дүгнэлээ.
Учир нь шинжээчийн 6143 дугаартай дүгнэлтэд “хохирогчид үзлэг хийхэд баруун 1-р шүд булгарсан, буйланд цус хуралттай, хонхорхойтой, доод талын баруун 1, 2-р, зүүн 1-р шүд хөдөлгөөнтэй, эмзэглэлтэй талаар дурдаж, 1 шүдний булгаралт, буйлны цус хуралт, 3 шүдний сулрал гэмтэл учирсан талаар дүгнэсэн, улмаар уг дүгнэлтийг үндэслэлтэй эсэх талаарх дахин гурван шинжээчийг томилж дүгнэлт гаргуулахад 887 дугаартай дүгнэлтээр “хохирогчид 6143 дугаартай шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдээс гадна 41, 42, 31, 32-р шүд унасан гэмтэл тогтоогдсон талаар дүгнэсэн, дээрх дүгнэлтүүд үндэслэлтэй эсэхийг нягтлахаар дахин өөр гурван шинжээчийг томилон 02 дугаартай дүгнэлт гаргуулахад 6143, 887 дугаартай дүгнэлтүүдийг үгүйсгээгүй, 6143 дугаартай дүгнэлт нь тухайн үедээ үндэслэлтэй байсан байх бөгөөд уг дүгнэлтийн дараа хохирогч нь булгарсан болон суларсан шүдийг авхуулсан болох нь эмнэлгийн байгууллагын оношилгоогоор тогтоогдсон байх бөгөөд 887 дугаартай дүгнэлтийг үндэслэлтэй талаар дүгнэжээ.
Дээрх шинжээчдийн дүгнэлтүүдийг үгүйсгэх няцаах үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд гурван шинжээчийн 887 дугаартай дүгнэлтийг үндэслэлтэй эсэх талаар гаргасан 02 дугаартай дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй, буюу харшаалгүй гэж дүгнэж шүүх нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинжээчдийн гаргасан дүгнэлтэд маргах боловч удаа дараа товлогдсон шүүх хуралдаанд шинжээчдийн оролцуулах талаар хүсэлт гаргаагүй.
Мөн Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдоогүй.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн заалтыг баримтлан, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “.Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэснийг үндэслэн шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийг дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.
Хууль зүйн хувьд хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шүүгдэгчийн үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Тухайн гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь хоорондоо зүй бус харьцахад нөлөөлж, улмаар хохирогч Ц.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах шалтгаан нөхцөл болсон байна.
Иймд шүүгдэгч Б.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Улсын яллагчаас “шүүгдэгчээс 12.541.000 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгох” саналтай. Хохирлын баримтад хохирогчийн нэр байхгүй талаар шүүгдэгчийн өмгөөлөгч маргаж байгаа боловч баримтыг нэрээрээ бүртгүүлдэггүй, “Булган дент” эмнэлэгт үзүүлсэн тодорхойлолт хэрэгт авагдсан. 6143 дугаартай дүгнэлтээр хэрэг болсон үед гарсан байх боломжтой шинэ гэмтэл гэж дүгнэсэн. Хамгийн сүүлийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 41, 42, 31, 32 дугаартай шүд гэмтсэн талаар тогтоогдсон гэж дүгнэсэн. Иймд хохирогчийн нэг шүд хийлгэх зардал 3.000.000 төгрөг, нийт 4 шүд хийлгэх зардал 12.000.000 төгрөг, эмчилгээний зардалд гарсан 541.000 төгрөг, нийт 12.541.000 төгрөгийн хохирлыг гаргуулах” гэсэн саналыг;
Хохирогчийн өмгөөлөгч М.Энхбаяраас “Булган дент” эмнэлгийн тодорхойлолт болон анхны шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн шүдийг бүрэн суларсан гэж дүгнэсэн. Хохирогчийн шүд бүрэн суларсан тул шүдээ авхуулсан. Хохирогч шүд авхуулсан, “Булган дент” эмнэлэгт шүд хийлгэсэн, “Халиун” эмнэлэгт 15.000 төгрөгөөр зураг авхуулсан. “Булган дент”-д шүдний зураг авхуулсан. 6143 дугаартай шинжээчийн дүгнэлтийн үзлэгийн төлбөрт 8000 төгрөг төлсөн. Хохирогч нийт 15.500.000 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүгдэгч хохирол барагдуулаагүй. Иймд 12.500.000 төгрөгийг гаргуулах саналаа дэмжинэ” гэсэн саналыг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хишигсүрэнгээс “Хохирогчийн хохирол нэхэмжилсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Учир нь “Глобал” шүдний эмнэлгээр үйлчлүүлэгч Ц.Э нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 11 цагт үзүүлсэн 20,000 төгрөгийн баримтад хохирогчийн нэр бичигдсэн, харин хохирогчийн бусад гаргаж өгсөн баримтуудад хохирогчийг нэр бичигдээгүй байна. Иймд хохирогчийн нэхэмжилж буй 526.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн саналыг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,
- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эрүүл мэнд, ...болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.
Тус хэргийн улмаас хохирогч Ц.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба хэрэгт ирүүлсэн баримтаар хохирогчийн эмчилгээний зардалд 541.000 төгрөгийн зардал гарсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч М.Энхбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан 541.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал буюу нэг шүд хийлгэхэд 3.000.000 төгрөг 4 шүдний зардалд 12.000.000 төгрөг, эмчилгээтэй холбоотой бусад зардалд 3.000.000 төгрөгийн зардлыг тооцон нийт 15.541.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүхээс нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Бээс 541.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Эод олгохоор шийдвэрлэв.
Харин хохирогч Ц.Э нь цаашид гарах хор уршгийн болон эмчилгээний зардал 15.000.000 төгрөг болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Улсын яллагч дүгнэлтдээ “... шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4200 нэгж буюу 4.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” тухай,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хишигсүрэнгээс “...шүүгдэгчийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Шүүгдэгч Б.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тус тус харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүхээс шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөр төлж барагдуулаагүй, хохирогч нь гомдол саналтай зэргийг харгалзан, нөгөө талаас гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлөөгүй, хохирогчид учирсан гэм хорыг арилгаагүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагч болон өмгөөлөгчийн гаргасан торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж шүүх дүгнэв.
3. Бусад асуудлаар: Тус хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Б-ийн Б-ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б-ийг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага“-д даалгасугай.
5. Шүүгдэгч Б.Бт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бээс 541.000 /таван зуун дөчин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Эод олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Э нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршиг болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН