Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 101/2014/00326/и |
Дугаар | 001/ХТ2019/00423 |
Огноо | 2019-03-28 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2019/00423
Г.Өгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/02823 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2170 дугаар магадлалтай,
Г.Өгийн нэхэмжлэлтэй
Г.Цэд холбогдох
2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Автомашин худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 01-05 УНЛ улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг биет байдлын доголдолгүй буцааж өгөх, улсын бүртгэлд нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлж бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Нинжбатын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мандах, хариуцагчийн өмгөөлөгч Л.Нинжбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.Ц нь 2011 оны 9 дүгээр сард Капитал банкны захирал А.Ариунболдын зуучлалаар миний өмчлөлийн УНЛ 01-05 улсын дугаартай Ланд круйзеj 200 маркийн автомашиныг 75,000 ам.доллартай тэнцэх төгрөгөөр худалдан авахаар тохирч авч явсан бөгөөд 2012 оны 6 дугаар сард тээврийн хэрэгслийн гэрчилгээнд түүний гуйлтаар өөрчлөлт оруулж нэр дээр нь шилжүүлж өгсөн боловч өнөөдрийг болтол мөнгийг төлсөнгүй.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрийн өмчлөлийн 01-05 УНЛ улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг Г.Цийн гуйлтаар Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж уг гэрээний үндсэн дээр автомашиныг хариуцагч улсын бүртгэлийн байгууллагаар өөрийн нэр шилжүүлэн авсан ч өнөөдрийг болтол автомашины үнийг төлөөгүй, 25 000 000 төгрөгөөр худалдсан, төлбөр төлөгдсөн хэмээн бичиж хэлцэл хийсэн,Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасны дагуу дүр үзүүлж хийсэн хэлцэл, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж гэж үзэж байгаа тул 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсантай хамааралтайгаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах зорилгоор 01-05 УНЛ улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг биет байдлын доголдолгүй буцааж өгөх, улсын бүртгэлд нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлж бүртгүүлэхийг даалгах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2011 оны 9 дүгээр сард хүлээн авсан билээ. Ингэхдээ намайг тухайн үед автомашиныг хүлээн авч буй үнэ нөхцөлийг сонирхоход А.Ариунболд нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж авч өгч байгаа бөгөөд төлбөрийн асуудал надад хамааралгүй хэмээн хэлж ойлгуулж байсан болно. Тухайн автомашиныг 1 жил орчим унаж хэрэглэсний дараа, 2012 онд А.Ариунболдын зааварчилсны дагуу тухайн үед "Бишрэлт Холдинг" ХХК-ийн охин компани болох "Эрдэнэ зам" компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан Г.Өтэй Худалдах, худалдан авах гэрээг байгуулан уг автомашиныг өөрийн нэр дээр улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлэн авсан бөгөөд ингэх явцад Г.Ө нь төлбөр бүрэн төлөгдсөн, чиний нэр дээр шилжүүлж өг гэж А.Ариунболд захирал хэлсэн. Мөн 25 000 000 төгрөг хэмээх үнийн дүнг ч өөрөө хэлж бичүүлсэн бөгөөд тухайн үед надад ХАОАТ-тай холбогдуулан тайлбарлаж байсан болно. Тэгэхээр тухайн үедээ Г.Ө нь автомашины төлбөрийг ямар нэг байдлаар А.Ариунболдоос авсан болох нь тодорхой болдог ба надаас давхар нэхэмжлэх нь үндэслэлгүй юм. Энэ хэрэг анх үүсгэх нэхэмжлэл гаргатлаа уг Г.Ө нь нэг ч удаа энэ автомашины үнэ, мөнгө гэж надад нэг ч удаа хандаж байгаагүй бөгөөд илт худал агуулга бүхий нэхэмжлэл гаргах болсон шалтгааныг нь тухайн үед миний бие дээр дурдсан компаниас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөн, эргүүлээд ажилласан хугацаандаа хөдөлмөрийн гэрээний дагуу авах байсан авч чадаагүй 6 сарын цалин, нэг жил хагасын урамшуулал, мөн өөрийн хадгаламжаас авч тухайн компанийн эргэлтэд оруулсан мөнгө зэрэг нийт 200 гаран сая төгрөгийг Бишрэлт Холдинг ХХК-иаснэхэмжлэн тухайн үеийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд хандан хэрэг хэлэлцэгдэж байх явцад А.Ариунболд болон түүнтэй гэрээгээр ажиллаж байсан өмгөөлөгч Н.Мандах нарын зохиосон арга гэдэгт би бүрэн итгэдэг. Тэдний тухайн үед тавьсан зорилго нь миний эсрэг сөрөг хэрэг гаргаж төлбөрийг тэнцвэржүүлж хаах зорилготой байсан нь олон зүйл дээрээс харагддаг. Иймд Г.Ц нь тухайн автомашины төлбөрийг төлөх ямарваа нэгэн үүрэг хүлээгээгүй, уг автомашиныг А.Ариунболд нь миний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд Г.Өтэй хэлцэл хийн надад авч өгсөн үйлдэл нь тодорхой байгаа бөгөөд уг надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг миний хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгон өгч, удаа дараа шат шатны шүүхээр худалдан авсан үйлдэл нь тогтоогдох боломжгүй гэдэг нь нотлогдсон хэргийг хааж өгөхийг хичээнгүйлэн хүсье. 2011 оны 9 дүгээр сард авто машиныг хүлээн авсан, 25 000 000 төгрөг төлөөгүй нь үнэн боловч Бишрэлт холдинг ХХК-ийн үүсгэн байгуулагч Бишрэлт групп ХХК-ийн захирал А.Ариунболд надад уг авто машиныг Г.Өгээс авч өгсөн тул үнийг нь хариуцах ёстой, эдгээр хүмүүс найз нөхдийн холбоотой, тооцоо дууссан гэж бичсэн байгааг анхаарч үзнэ үү. Уг авто машин одоо миний өмчлөлд байгаа, захирамжийн дагуу захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байна гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/02823 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Ө, Г.Ц нарын хооронд байгуулагдсан 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, 01-05 УНЛ улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг хариуцагч Г.Цээс биет байдлын доголдолгүй гаргуулж нэхэмжлэгч Г.Өд буцаан олгож, 01-05 УНЛ улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн авто машиныг улсын бүртгэлд Г.Өгийн нэр дээр буцаан шилжүүлж бүртгүүлэхийг хариуцагч Г.Цэд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээ-г өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 142 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Цээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 423 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Өд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлсөнд нэхэмжлэгч тал 80 000 төгрөг, хариуцагч тал 100 000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2170 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/02823 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 423 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Нинжбат хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэг. Шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүгч “...Харин хариуцагч Г.Ц нэхэмжлэгч Г.Өгийн өмчлөлийн 2010 онд үйлдвэрлэгдсэн 2010 оны 9 сарын 3-нд Монгол Улсад орж ирсэн 01-05 УНЛ улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг 2011 оны 9 сард хүлээн авч эзэмшиж байгаад 2012 оны 10 сарын 25-нд “авто машин худалдах, худалдан авах гэрээ” байгуулан нэр дээрээ улсын бүртгэлд бүртгүүлсэн, одоог хүртэл эзэмшиж, өмчилж байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан 2012.10.25-ны өдрийн “авто машин худалдах, худалдан авах гэрээ”, Авто тээврийн үндэсний төвийн 2015.11.03-ны 01 дугаартай албан бичиг, тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийг бүртгэх хаягт зэргээр тогтоогдож байна. Хариуцагч Г.Ц нэхэмжлэгч Г.Өгийн өмчлөлийн 2010 онд үйлдвэрлэгдсэн 2010 оны 9 сарын 3-нд Монгол Улсад орж ирсэн 01-05 УНЛ улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг 2011 оны 9 дүгээр сард хүлээн авч эзэмшиж байгаад улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхийн тулд 2012 оны 10 сарын 25-нд “авто машин худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан /үнийг 25 000 000 төгрөг, тооцоо бүрэн дууссан гэх/ болох нь зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн 2012 оны 10 сарын 25- ны өдрийн “авто машин худалдах, худалдан авах гэрээ”-г дүр үзүүлсэн хийсэн автомашины худалдах үнийг 25 000 000 /хорин таван сая/ төгрөгөөр хоёр тал харилцан тохиролцсон бөгөөд төлбөрийг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлж дуусгана” гэж зааснаар төлбөр төлөх үүрэг хүлээсэн байна. Г.Ц энэхүү 25 000 000 төгрөгийг төлөх гэж байтал шүүхийн зарга эхэлсэн тул өнөөдрийг хүртэл энэ төлбөрийг төлөөгүй байж байгаа юм. Энэ нь хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл биш юм. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл 1 зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно” гэсэн заалт бий. Энэ нөхцөл байдал бий болоогүй тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсон нь буруу юм. Гэрээний үүргээ биелүүлээгүй бол гэрээний үүргийн биелэлтийг л шаарддаг болохоос хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцдоггүй. Өөрөөр хэлбэл шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэснээс хуулийг буруу ойлгож хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан байна гэж бид үзэж байна. Шүүхийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсон үндэслэл нь ойлгомжгүй, үндэслэлгүй байх тул худалдагдсан эд зүйлийг буцаан олгох шийдвэр нь мөн үндэслэлгүй болчихож байгаа юм. Хоёр. Хэлбэрийн хувьд 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Авто машин худалдах, худалдан авах гэрээ” нь талуудын гарын үсэг зурагдсан, гэрээний гол нөхцлүүдийн талаар харилцан тохиролцсон, нотариатаар баталгаажуулсан байх тул хуульд бүрэн нийцсэн байгаа болохыг зориуд тэмдэглэж байна. Гурав. Хууль хэрэглээний тухайд бас хачирхалтай зүйл ажиглагдана. Анхан шатны шүүхийн 02823 дугаартай шийдвэрт хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2. дах хэсгийг баримтлахаас гадна Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3. дахь хэсгийг үндэслэн шийдвэр гаргана. Энэ заалтад “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэж байгаа юм. Чухам ямар өөр хэлцлийг халхавчлах зорилготой хийгээд байгааг анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр, магадлалдаа дурьдаагүй байдаг. Шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3. дахь хэсгийг үндэслэн шийдвэр гаргаж байгаа тохиолдолд заавал тэр халхавчлагдаад байгаа “өөр хэлцлийн” талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийх ёстой. Дөрөв. Хэрэв шүүх гэрээний үүргийн биелэлтийн маргааныг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох хэлбэрээр шийдээд эхэлчихвэл шүүхийн шинэ жишиг үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн байна. Ийнхүү дүгнээд шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дах хэсгийг баримтлан 2012 оны 10 сарын 25-ны өдрийн “Авто машин худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхийн 2170 магадлалд “Талууд эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийг хийхдээ тухайн хэлцлээр бий болох үр дагаврыг хэн аль нь бий болгох зорилгогүйгээр хийсэн тул ... дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзнэ” гэж дүгнэсэн байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дах хэсэг нь “дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх” тухай заалт юм. Улсын дээд шүүхийн 2010 оны 17 дугаар тогтоолын 5.2-т “... Энэ зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно” гэж хэлцлийн тухай тодорхойлсон байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй, хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсдэггүй, гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэхийг урьдал болгодог шинжтэй байдаг. Нэхэмжлэгч Г.Ө, хариуцагч Г.Ц нарын хооронд 2012 оны ,10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Авто машин худалдах, худалдан авах гэрээ” нь “дүр үзүүлсэн хэлцэл” огт биш юм. “Дүр үзүүлсэн хэлцэл” гэдэг нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хийсэн хэлцлийг хэлдэг. Гэтэл энэ гэрээний хувьд худалдан авагч Г.Ц нь Ланд круйзер 200 маркийн автомашин 25 000 000 төгрөгөөр худалдан авах хүсэлтэй байсан, худалдагч Г.Ө өөрийн эзэмшлийн автомашинаа Г.Цэд худалдах хүсэл эрмэлзэлтэй байсан. Тийм ч учраас худалдагч Г.Ө нь энэ гэрээнд заасан үүргийнхээ дагуу худалдах-худалдан авах гэрээний эд зүйл болох автомашиныг худалдан авагч талын өмчлөлд биет байдлаар нь шилжүүлэн өгөхөөс гадна улсын бүртгэлд баримт бичгийг худалдан авагчийн нэр дээр шилжүүлэн өгөх бодит үйлдлийг хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн, бусдын дарамт шахалтгүйгээр, сайн дураараа хийж гэрээнийхээ үүргийг гүйцэтгэсэн болох нь гэрээ, түүнийг нотариатаар гэрчлүүлсэн байдал бусад хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, автомашины эзэмшигчийн гэрчилгээ зэрэг нотлох баримтаар тогтоогддог. Худалдан авагч Г.Ц нь 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Авто машин худалдах, худалдан авах гэрээ”-ний 3 дах заалтад тогтоно, Ийм жишиг тогтвол цаашид худалдах-худалдан авах, зээлийн, ажил гүйцэтгэх гэрээний оролцогчид үүргийн биелэлтийг шаардахгүй, харин хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж өгсөн авснаа буцаах нэхэмжлэлийн шаардлага түлхүү болох үзэгдэл газар авахыг шүүхээс анхаарахыг хүсч байна. Иймд шүүхээс дээр дурьдсан нөхцөл байдал, үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Г.Ө хариуцагч Г.Цэд холбогдуулан 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн автомашин худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 01-05 УНЛ улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг биет байдлын доголдолгүй буцаан гаргуулах, улсын бүртгэлд нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхийг даалгуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй, маргажээ.
Анхан шатны шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, хариуцагчаас биет байдлын доголдолгүй автомашиныг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан байх ба нэхэмжлэлийн шаардлагад Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэхдээ хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул зөвтгөж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.
Зохигчид нь 2011 оны 09 сард автомашин, уг эд хөрөнгийн эзэмших эрхийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримтыг маргаагүй юм.
Харин нэхэмжлэгч нь 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний дагуу 01-05 УНЛ улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн, хариуцагч үнийг төлөөгүй тул эд хөрөнгөө буцаан гаргуулна гэсэн бол хариуцагч маргаж, Бишрэлт холдинг ХХК-д ажиллаж байхдаа албан үүрэгтэй холбогдуулан урамшуулалаар, уг машиныг олгосон, эзэмших эрхийг шилжүүлж авахад хожим нь худалдах-худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд үнийг төлөх ёсгүй тул гэрээнд “төлбөр тооцоо дууссан” гэж тусгасан, нэхэмжлэл үндэслэлгүй гэж мэтгэлцжээ.
Хариуцагч Г.Ц нь автомашиныг 2011 оны 09 сард хүлээн авсан, хожим нь эзэмших эрхийг шилжүүлэхдээ 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр худалдах-худалдан авах гэрээг хэлбэрийн хувьд байгуулсан гэж маргасан боловч нэхэмжлэлийн үндэслэл болох худалдах-худалдан авах гэрээг баримтаар үгүйсгэж чадаагүй байна. Гэрээнд худалдаж буй автомашины төрөл, машины дугаар, үнэ зэрэг нөхцөлүүдийг тусгаж, талууд гарын үсгээ зуржээ. Уг гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх баримт байхгүй байна.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “...бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсгээ зурснаар хүчин төгөлдөр болно.” гэж заасан ба автомашин худалдах-худалдан авах гэрээнд талууд гарын үсгээ зурсан, зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Гэрээнд автомашины үнийг 25 000 000 төгрөг гэж заасан боловч нэхэмжлэгч нь 2010 онд үйлдвэрлэгдсэн машины үнэ 75 000 ам.долларын үнэтэй байсан, уг үнийг хариуцагч төлөх ёстой гэж анх нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, автомашиныг буцаан гаргуулахаар өөрчилсөн, шүүх нэхэмжлэлийн хүрээнд маргааныг хянан шийдвэрлэжээ.
Талууд гэрээний зорилго, гэрээ байгуулсан хүсэл зоригийн талаар өөр өөр тайлбар гаргасан хэдий ч бичгээр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хариуцагч үгүйсгэж чадаагүй байхад зохигчдын хэн аль нь үр дүн бий болгох зорилгогүйгээр, дүр үзүүлэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 196 дугаар зүйлийн 196.1.2, 56 дугаар зүйлийн 56.1.2-т нийцээгүй байна.
Хариуцагч Г.Ц нь автомашиныг худалдан авах хүсэл зориг байгаагүй, албан үүргийн дагуу урамшуулалд авсан гэх татгалзлаа баримтаар нотлоогүй тул худалдах-худалдан авах гэрээний дагуу эд хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдан авагч нь худалдан авсан эд хөрөнгийн үнийг худалдагч талд төлөх ёстой бөгөөд хариуцагч үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, эд хөрөнгөө буцааж авах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь 2011 онд шилжүүлсэн автомашиныг биечлэн үзэж, буцаан авах шаардлагыг гаргасан байхад биет байдлын доголдолгүй, анхны байдлаар буцаан гаргуулах ёстой гэж үзсэн шүүхийн шийдвэр нэхэмжлэлийн шаардлага, маргааны бодит үйл баримтад нийцээгүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан зохицуулалтаар гэрээний зүйлийг буцаан гаргуулахаар зөвтгөх үндэслэлтэй гэж үзэв.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2170 дугаар магадлал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/02823 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Г.Цээс 01-05 УНЛ улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг гаргуулж нэхэмжлэгч Г.Өд олгож, машины эзэмших эрхийг Г.Өгийн нэр дээр шилжүүлж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 423 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА