Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 159ШШ2019/0031

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад холбогдох

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2015 оны 01 д үгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаартай захирамжийн ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Гуравдагч этгээд *******

Гуравдагч этгээд ******* өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... ******* ХХК нь Сэлэнгэ аймгийн Аптанбулаг суманд 515.28 га тариалангийн газар эзэмшдэг бөгөөд жил бүр тухайн газраа зохих хуулийн дагуу тариа тарьж эзэмшиж байсан. 2015 онд компанийн үйл ажиллагаа хэсэг доголдож эзэмшлийн тариалангийн талбайн тал хувийг бусдад түр хугацаагаар түрээслүүлж болно гэсэн зөвшөөрлийг захирал миний бие хувьцаа эзэмшигч *******эд өгч байсан билээ.

Гэтэл ******* нь өөрт олгосон эрх хэмжээг дураараа хэтрүүлж, компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гараагүй байхад зарим хувьцаа эзэмшигчдэд огт мэдэгдэлгүй, компаний тамга ашиглан хуурамч бичиг баримт үйлдэн, компаний өмч хөрөнгийг компаний тухай хууль, газрын тухай хууль, бүртгэлийн тухай хуулиудыг ноцтойгоор зөрчин бусдад хуйвалдааны шинжтэйгээр 300 га газрыг 2015 оны 01 дугаар сарын 20-ны өдөр Алтанбулаг сумын Засаг дарга захирамж гарган шилжүүлсэн байна. Энэ захирамжийн талаар 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаартай прокурорын тогтоолоос мэдсэн.

Энэ талаар Алтанбулаг сумын Засаг даргад 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр албан тоотоор өргөдөл гарган хандаж хэдэн тоот ямар захирамж гарган манай компанийн газар эзэмших эрхийг бусдад шилжсэн талаар нь тодорхой мэдээлэл авахыг хүсэхэд хариу хүргүүлнэ гэсэн боловч засаг дарга нь хариу өгөхгүй юм. Ингээд өргөдөл, гомдолд хариу өгөх хуулийн хугацаа дууссан тул шүүхээр нотлох баримтууд болон өргөдлийн хариуг албадан гаргуулж асуудлыг хянан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан ч Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг жил шахам хугацаанд явуулсны дараа Захиргааны ерөнхий хуулийн 54.1.3-т ... Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой ... гэж, мөн Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэгт ... газар эзэмших ашиглах талаар иргэн, аж аж ахуй нэгж байгууллага болон засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн засаг даргын дээд шатны Засаг дарга ... гэж зааснаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А-07 тоот захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл дээд шатны засаг дарга буюу Сэлэнгэ аймгийн Засаг даргад гомдолоо гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байна гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тогтоол гаргасан.

Ингээд бид шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02 тоот тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А-07 тоот захирамжийн ******* ХХК-д холбогдох хэсэгт гаргах гомдлоо Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлж гомдлын хариуг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан. Уг хүргүүлсэн хариу нь бидний хүсэл зорилгод нийцээгүй тул түүнийг эс зөвшөөрөөд тус захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин хандаж нэхэмжлэлээ гаргаж байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А-07 тоот захирамжийн ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа: ... Сэлэнгэ хөх чоно ХХК-ийн хувьцаа эзэмшигч ******* өөрөө 2005 он хүртэл ажилласан гэж байна. Энэ компанийн газрыг 2005 онд алдсан байсан. С.Баяраа захирал тухайн үед шүүхээр явж газрыг буцаан авч, 2006 онд Сэлэнгэ хөх чоно ХХК-ийг хоёр гишүүнтэй болгож үүсэн байгуулсан. Хувь нийлүүлэгчдийн хурлын протокол хавтас хэрэгт авагдсан байдаг. ******* компанийн эзэмшлийн 598 га газрын тавин хувь болох 249 метр квадрат газрыг иргэн Ё.Саранцэцэгт түрээслүүлэх талаар хүсэлт тавихад С.Баяраа захирал нэг жилийн хугацаатай түрээсэлж болно гэж зөвшөөрч баталгаа хийж өгсөн. Гэтэл ******* тавин хувь биш 300 га болгон түрээслээд, дараа нь худалдан борлуулсан байдаг. С.Баяраа захирал түрээслүүлж болно гэснээс худалдахыг зөвшөөрөөгүй. Компанийн өмчийг худалдан борлуулахад хувь нийлүүлэгчдийн хурлаар шийдвэрлэнэ гэж Компанийн тухай хуульд заасан байдаг. Энэ маргаан шүүхээр хоёр жилийн турш хэлэлцэгдэж байна. Анх нэхэмжлэлийн шаардлага 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгоно гэж гаргаж байсан бол одоо Баян Ундарга ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулъя гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Хариуцагч Алтанбулаг сумын Засаг дарга энэхүү захирамж гарсан талаар бидэнд мэдэгдээгүй, нуун дарагдуулсан, Ё.Саранцэцэг нар нь хуйвалдсан, бид прокурор, шүүхийн байгууллагаас тухайн захирамж гарсан талаар олж мэдсэн ...гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн шүүхэд Сэлэнгэ хөх чоно ХХК-иас 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч доорх тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Мойлт гуунд байрлах Сэлэнгэ хөх чоно ХХК-ийн эзэмшлийн 495 га тариалангийн газрын 300 га газрыг 2015 оны 1 дүгээр сард тус компанийг үүсгэн байгуулагч захирал Дашдоржийн Гансүх Баян-ундарга ХХК-д хэсэгчлэн шилжүүлэх тухай хүсэлт бусад бичиг баримтыг бүрдүүлэн сумын засаг дарга Д.Сундуйд өргөдөл гаргаж байсан байна.

Тухайн үеийн сумын засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг ******* ХХК-д шилжүүлэх тухай захирамж гарч 000308818 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож байсан байна.

Гэтэл Сэлэнгэ хөх чоно ХХК-г төлөөлж С.Баяраа гэгч иргэн манай компанийн газрыг хууль бусаар шилжүүллээ гэж Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн газарт гомдол гаргуулж шалгуулсан. Шалгалтаар хууль бус үйлдэл хийгээгүй нь нотлогдсон. Дараа нь Захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргаж маргаан үүсгэсэн. Шүүхээр бүтэн жил гаруй маргаан үргэлжилж Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02 тоот тогтоолоор хэргийг хүлээн авахаас татгалзсан тухай шийдвэр гарч байсан болно.

Дараа нь Сэлэнгэ аймгийн Засаг даргад уг асуудлын талаар Сэлэнгэ хөх чоно ХХК-г төлөөлж иргэн С.Баяраа нь гомдол гаргасан байна.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1/356 тоот албан бичгээр Сэлэнгэ хөх чоно ХХК-ийн эзэмшлийн 300 га газрыг ******* ХХК-д шилжүүлсэн үйл ажиллагаа нь хуулийн хүрээнд хийгдсэн байна газар шилжүүлсэн захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж хариу хүргүүлсэн байна.

Иймд ******* ХХК-ийн ******* ХХК-д мойлт гууны 300 га тариалангийн газрыг шилжүүлсэн захирамжийн шийдвэрий цуцлах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа: ... Би Алтанбулаг суманд 30 гаруй жил амьдарч байна. 2000 онд Алтанбулаг сумын Засаг даргын тамгын газарт ажилд орсон. 1998 оноос эхлэн Сэлэнгэ хөх чоно ХХК-ийн захирал ******* гэдгийг мэднэ. 2005 онд энэхүү компани нь газраа ашиглаагүй гэсэн үндэслэлээр хураагдсан. Газар эзэмших, ашиглах эрх нь сэргээгдэж, тухайн үед ******* захирал газраа Ё.Саранцэцэгт шилжүүлье гээд тамга тэмдгээ авч ирээд шилжүүлгийг хуулийн дагуу хийсэн...гэв.

Гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан хариу болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа: ... Сэлэнгэ хөх чоно ХХК-ийг үүсгэн байгуулагч ******* би эс хүлээн зөвшөөрч доорх тайлбар гаргаж байна.

1.С.Баяраа нь компанийн тамга тэмдгийг ашиглан надад мэдэгдэлгүйгээр захиргааны хэргийн шүүхэд Сэлэнгэ хөх чоно ХХК-ийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргасан байна.

2.С.Баяраа нь Сэлэнгэ хөх чоно ХХК-ийг төлөөлөх эрхгүй, хувьцаа эзэмшигч биш. С.Баяраад итгэмжлэл олгоогүй.

3.С.Баяраа нь Сэлэнгэ хөх чоно ХХК-ийн газар эзэмшигч биш учраас түүний эрх ашиг хөндөгдөөгүй.

4.С.Баяраа нь Сэлэнгэ хөх чоно ХХК-ийн захирал биш. 2018 онд Сэлэнгэ хөх чоно ХХК-д холбогдох иргэний хэрэг үүсэх явцад Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Сэлэнгэ хөх чоно ХХК-тай холбоотой лавлагаа авахад Сэлэнгэ хөх чоно ХХК нь 2 гишүүнтэй, гүйцэтгэх захирал С.Баяраа гэсэн тодорхойлолтыг олж мэдсэн. Сэлэнгэ хөх чоно ХХК-ийн дүрэмд 2006 онд өөрчлөлт оруулж, үүсгэн байгуулагч нэг гишүүн надад мэдэгдэлгүйгээр минии гарын үсгийг хуурамчаар үйлдэн хууль бус ажиллагаа хийгдсэн байна. Энэ талаар би хууль хяналтын байгууллага болон зохих шатны хариуцсан байгууллагуудад гомдол гарган шалгуулж байгаа.

5. Сэлэнгэ хөх чоно ХХК-ийн 2000776 регистрийн дугаартай 1311004047 улсын бүртгэлийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиараа надад хадгалагдаж байгаа. Миний бие өөр ажилд шилжсэн учраас 2015 оны 10 дугаар сард компанийн тамгыг С.Баяраад түр шилжүүлсэн.

6.******* миний бие Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд үйл ажиллагаа эрхэлдэг Сэлэнгэ хөх чоно ХХК-ийг анх 1993 онд үүсгэн байгуулсан ба нэг гишүүнтэй.

7. Сэлэнгэ хөх чоно ХХК нь Алтанбулаг сумын Мойлт-гуу гэдэг газар газар тариалангийн зориулалтаар 515.28 га талбай эзэмшдэг ба 2011-2015 оны хооронд 5 жил дараалан тариалалт эрхлээгүй, тариалалт эрхлэх санхүүгийн чадваргүй болсон учраас Сэлэнгэ хох чоно ХХК-ийн захирал ******* би өөрийн эзэмшлийн талбайгаас 300 га талбайг Монгол улсын Иргэний хуулийн 327 дугаар зүйлд заасны дагуу улсын ургацын аварга Баян-ундарга ХХК-ийн захирал Саранцэцэгтэй харилцан тохиролцож, ХАА-н эдэлбэр газрыг газар тариалангийн зориулалтаар ашиглуулахаар 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулсан юм.

8.Дээрх түрээсийн гэрээний 2.5-д ******* нь өөрийн эзэмшлийн газрынхаа эзэмших эрхийг түрээслүүлэх хугацаанд Баян-ундарга ХХК-нд түр шилжүүлнэ гэж заасны дагуу уг хүсэлтийг 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Алтанбулаг сумын засаг даргад гаргасан ба энэ хүсэлтийг холбогдох мэргэжилтнүүд судалж үзээд Монгол улсын газрын тухай хуулийн 27, 38 дугаар зүйлийг үндэслэн Алтанбулаг сумын засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаартай захирамж гарч, газар эзэмших эрх Баян-ундарга ХХК-д шилжсэн юм.

9.******* би С.Баяраатай олон жил найз нөхөр явсны хувьд манай компанийн Алтанбулаг суманд байршилтай газар тариалангийн талбайн тал орчим газарт тариа тарихыг С.Баяраад хувиараа зөвшөөрсөн.

10.Харин би өөрийн эзэмшлийн 300 га талбай тариалангийн газрыг өөр бусдад тариа тарихаар шилжүүлэхдээ найзыгаа хүндэтгэж, С.Баяраагаас албан ёсны нотариатаар батлуулсан зөвшөөрлийг 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр авч Алтанбулаг сумын ЗДТГазарт өгсөн.

11.Одоо С.Баяраад өөрт нь хуваарилж өгсөн газар тариалангийн газар нь хадгалагдан үлдсэн ба миний хувьд С.Баяраагаас газраа буцааж аваагүй учраас түүний эрх ашиг хөндөгдөөгүй.

12.Газар тариалангийн албан ёсны эзэмшигч нь Сэлэнгэ хөх чоно ХХК. Энэ компанийг хууль ёсны төлөөлөх эрх бүхий этгээд нь *******...

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж заасны дагуу Сэлэнгэ хөх чоно ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох С.Баяраа гэгчийн захиргааны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...гэжээ.

Гуравдагч этгээд ******* шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа: ... С.Баяраа бол Сэлэнгэ хөх чоно ХХК-нд ямар ч хамааралгүй этгээд. Шүүхийн шинжилгээний шинжээчийн төвөөс батлагдаж байна. 2006 оны Улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн. Компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын протокол, дүрэм, баримт бичигт зурсан гарын үсэг *******ийн гарын үсэг биш байна гэдгийг тогтоосон дүгнэлт гарсан. Хууль бус шийдвэрээр компанийг бүртгэсэн талаар шүүхэд гомдлоо гаргахаар бэлтгэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5.нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байна. Сая нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьж байна ...нэг жилийн хугацаатай түрээслэхээр С.Баяраагаас зөвшөөрөл авсан... гэж, тухайн үед би С.Баярааг сайн найзын хувьд газрынхаа талд нь чи үйл ажиллагаа явуулж болно гэж хэлсэн. Одоо бодоход Ё.Саранцэцэгт газраа түрээслэхдээ С.Баяраагаас зөвшөөрөл авах хэрэггүй байсан байна, найзыгаа хүндэлсэн. Компанийн жинхэнэ өмчлөгч нь би учир өөрөө мэдэн шийдэх ёстой байсан юм. Найзыгаа хүндлээд С.Баяраагаас албан ёсны зөвшөөрөл аван, нотариатаар батлуулаад сумын тамгын газар өгсөн. С.Баяраа газрын эзэмшигч биш, Сэлэнгэ хөх чоно ХХК-ийн эзэн ч биш, төлөөлөх эрхгүй, одоо миний цүнхэнд гэрчилгээ баримт бичгүүд байна. Би тухайн үед төрийн байгууллагад ажилд орохоор болоод явахдаа тамга тэмдгээ С.Баяраад түр өгсөн. Гэтэл намайг ашиглаад хуурамч бичиг баримт үйлдэн компанийг өөртөө шилжүүлэн авч, хуулийн байгууллагад маргаан үүсгэн явж байгаад санал нийлэхгүй ... гэжээ.

 

Гуравдагч этгээд Ё.Саранцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа ******* ХХК-ийн захирал Ё Саранцэцэг би нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй байна гэж үзэж байгаа юм.

Учир нь Сэлэнгэ хөх чоно ХХК-ийг анх үүсгэн байгуулсан иргэн ******* нь тус компанийн 50 хувийг эзэмшдэг хүн тул өөрийнхөө эзэмшлийн газраа манай компанид түрээслүүлсэн болохоор хууль журам зөрчсөн ямар нэгэн зүйл байхгүй байна. Мөн нэхэмжлэл гаргаад байгаа С.Баяраа нь өөрөө Алтанбулаг сумын Засаг даргын тамгын газарт хандаж өөрийнхөө эзэмшдэг талбайгаа *******эд эзэмшүүлэхэд татгалзах зүйлгүй гэж зөвшөөрөл бичиг хийж өгсөн байгаа юм.

Ийм болохоор Алтанбулаг сумын засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаартай захирамж хуулийн дагуу зарсан байна гэж үзэж байна. Энэ нэхэмжлэлтэй хэргийг урьд өмнө нь шүүхээр шийдвэрлэгдэж байх үед манай ******* ХХК-ийн зүгээс дэлгэрэнгүй тайлбар, гомдол бичиж өгч байсан юм.

Тухайлбал: нэхэмжлэл гаргаад байгаа Сэлэнгэ хөх чоно ХХК нь 2011 оноос хойш 7 жилийн хугацаанд тариалалт хийгээгүй гэсэн албан ёсны баримтууд хэргийн материалд байгаа, нэхэмжлэл гаргасан хөөн хэлэлцэх хугацаа нь илт хэтэрсэн байгаа, манай ******* ХХК нь тариалалт хийж байгаа тухай... зэрэг зүйлүүдийг тодорхой бичиж өгсөн байгаа билээ. Нэхэмжлэгч нь бодит үнэнд нийцэхгүй зүйлүүд бичиж байгаа нь харагдаж байна. Жишээлбэл: 7 жилийн хугацаанд тариа тариагүй гэдэг нь баримтаар нотлогдсон байхад жил бүр газартаа тариа тарьдаг гэх, захирамж гарсныг прокурорын тогтоолоос мэдсэн гэсэн атлаа үүнээс өмнө нь захирамжийн талаар мэдээд Алтанбулаг сумын Засаг даргад өргөдөл бичиж өгч байсан баримт нь хэргийн материалд байдаг юм. Алтанбулаг сумын Засаг даргын захирамж хууль зөрчөөгүй байна гэж үзээд Сэлэнгэ аймгийн Засаг дарга нэхэмжлэгчид хариу өгсөн нь хууль зүйн үндэслэлтэй зөв шийдвэр гэж үзэж байна. Нэхэмжлэгч С.Баяраагийн өөрийн нь эзэмшлийн талбай нь өөрт нь одоо хэвээрээ байгаа, түүнийг С.Баяраагаас өөр хэч ч эзэмшиж ашиглаагүй байгаа тул С.Баяраагийн эрх зөрчигдөөгүй байгаа юм. Эдгээр нөхцөл байдлуудыг анхааран үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

Гуравдагч этгээд Ё.Саранцэцэгийн өмгөөлөгч ******* шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч талын гаргаж буй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл байхгүй гэсэн тайлбарыг гаргаж байна. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд нэхэмжлэгчийн эрх, үүргийн талаар тусгайлан заасан байдаг. Тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4 дэх хэсэгт зааснаар ...шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах... гэж заасан байдаг. Үнэн зөв тайлбар гаргаагүй гэдэг нь дараах нотлох баримтаар батлагддаг. Үүнд: Нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргахдаа 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаартай захирамжийг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Прокурорын тогтоолоос мэдсэн гэдэг. Хэргийн материалд хөдөлшгүй нэг нотлох баримт байгаа нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 17/11 тоот албан бичгээр Сэлэнгэ хөх чоно ХХК-ийн захирал нь Алтанбулаг сумын Засаг дарга Батсайхан танаа ...хууль бус захирамжийн тухай... гээд өөрөө өргөдөл өгч байсан нь батлагдсан. Үүнд бичихдээ ...хууль бус захирамж гарсны уршгаар газар тариалангийн үйл ажиллагаа алдагдаж, хохирч байгаад 2018 оныг хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын жил болгон зарласнаар таны зүгээс дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллана гэдэгт найдаж байна... гэсэн бичиг хүргүүлсэн байдаг. Гэтэл А/07 дугаартай захирамж гарсныг 2018 онд прокурорын тогтоолоос мэдсэн гэж худал мэдүүлэг өгч байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хөөн хэлэлцэх хугацаа бүрэн дууссан гэдгийг баталж байна. Анхан шатны шүүх урд нь нэхэмжлэгч талд боломж олгосон хөөн хэлэлцэх хугацаан дээр анхаараарай гэж, гэтэл шүүх нэхэмжлэгчийн эрх ашгийг хүндэтгээд, та дээд шатны Засаг даргад гомдол гаргах юм байна гээд нэхэмжлэлийг буцаасан. Аймгийн засаг даргад нэхэмжлэгч тал хандаж, аймгийн Засаг даргаас ...сумын Засаг даргын А/07 дугаартай захирамж хууль ёсны, хүчин төгөлдөр байна... гэсэн хариу мэдэгдсэн. Алтанбулаг сумын Засаг даргын А/07 дугаартай захирамж иргэдийн эрх ашиг, хууль зөрчсөн үү гэхээр, хууль зөрчсөн зүйл байхгүй, учир нь С.Баяраагийн 2015 оны 01 дүгээр сарын 11-нд Алтанбулаг сумын засаг даргад хандан бичсэн ...тариа тарихад татгалзах зүйлгүй... байна гэсэн бичиг байдаг. Мөн адил *******ийн бичиг байдаг. Сэлэнгэ хөх чоно ХХК-ийн 50, 50 хувь эзэмшдэг этгээдүүд энэ газрыг бусдад түрээслүүлэхийг зөвшөөрсөн бичиг байдаг. Иймд талуудын зөвшөөрлийг үндэслээд Засаг дарга А/07 дугаартай захирамж гарсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Газрын тухай хуульд зааснаар талууд өргөдлөө өгөх, нотариатаар батлуулах гэсэн шаардлагын дагуу хэлбэр болон агуулгын хувьд энэхүү захирамж нийцсэн.

Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тайлбарыг сонсоход иргэд хоорондын маргаан тул Засаг даргын захирамжтай холбоотой маргаан биш гэдэг нь харагдаж байна.

Иймд хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт хуульд зааснаар дууссан, компанийн жинхэнэ эзэн мөн, биш гэсэн нь иргэд хоорондын маргаан гэж үзэж байна...гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийн ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0498 дугаартай магадлалд заагдсан шаардлагатай нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсны эцэст дараах зүйлүүд тогтоогдож байна.

Нэг: Газар эзэмших эрх шилжсэн талаар

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаартай захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг баримтлан Сэлэнгэ хөх чоно ХХК-ийн эзэмшлийн Мойлт гуу хэмээх газарт байрлах газар тариалангийн зориулалттай 300 га газрыг ******* ХХК-д 20 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Ингэж газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ Сэлэнгэ хөх чоно ХХК-ийн захирал С.Баяраагийн 2015 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газарт гаргаж өгсөн ..... Сэлэнгэ хөх чоно ХХК-ийн эзэмшлийн 515.28 га талбайн 50% буюу 257.64 га талбайг Сэлэнгэ хөх чоно ХХК-ийн гишүүн Дашдоржийн Гансүх эзэмшдэг ба түүнд эзэмшүүлэхэд татгалзах зүйлгүй / бусдад тариа тарихад татгалзах зүйлгүй / ..... гэх хүсэлт, мөн *******ийн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газарт гаргаж өгсөн ... Сэлэнгэ хөх чоно ХХК-ийн эзэмшлийн ... Мойлт гуунд байрлах 515 га газраас 300 га газрыг пойлны баруун, зүүн талаар хуваан авч ******* ХХК-д эзэмших эрхийг шилжүүлэв. Үлдэх 215 га газар нь Сэлэнгэ Хөх чоно ХХК-д үлдээв зөвшөөрсөн захирал ******* ... гэх хүсэлтийг үндэслэн шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т ...эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана... гэж заасныг зөрчжээ.

Өөрөөр хэлбэл Сэлэнгэ хөх чоно ХХК-иас ******* ХХК-д Мойлтын гуунд байрлах 257.64 га эзэмшлийн газраа шилжүүлэх тухай хүсэлтийг гаргаагүй, Сэлэнгэ хөх чоно ХХК-ийн захирал С.Баяраагийн хүсэлтийн тухайд компанийн гишүүн *******эд 257.64 га газрыг шилжүүлэн эзэмшүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн агуулгатай хүсэлтийг гаргасан, харин ******* ХХК-ийн хувьд шилжүүлэн авч эзэмшихийг хүссэн хүсэлт гаргаагүй, тус компаниудын хооронд газар эзэмшүүлэх эрх шилжүүлэхтэй холбоотой нотариатаар гэрчлүүлсэн гэрээ хийгдээгүй, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд буюу ******* ХХК нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо гаргаж өгөөгүй зэрэг дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэгж талбарын хувийн хэрэгт хийсэн үзлэг болон бусад цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн хариуцагч буюу Алтанбулаг сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.1-т заасны дагуу мөн хуулийн 38.2-т заасныг тодруулахгүйгээр А/07 дугаартай захирамжийг гаргасан нь буруу болжээ.

Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 67 дугаартай албан бичигт хавсарган ирүүлсэн Сэлэнгэ хөх чоно ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн талаарх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар Самбуугийн Баяраа нь Сэлэнгэ хөх чоно ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй бөгөөд 2006 оны 05 дугаар сарын 09-нөөс хойш уг компанийн захирлаар ажиллаж байгаа тухай баримтыг шүүхэд ирүүлжээ.

Үүнээс дүгнэхэд тус компанийн гишүүн Д,Гансүх нь эрх зүйн байдлын хувьд Сэлэнгэ хөх чоно ХХК-ийн үүсгэн байгуулагчийн нэг мөн боловч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй, мөн уг компанийн захирал биш болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар / компанийн дүрэм, улсын бүртгэлийн лавлагаа ... г.м / тогтоогдож байх бөгөөд Сэлэнгэ хөх чоно ХХК-ийн эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх эрхгүй байна.

Дээрх Сэлэнгэ хөх чоно ХХК-ийн захирал С.Баяраагийн гаргасан хүсэлт, *******ийн гаргасан хүсэлтүүдийг харахад Сэлэнгэ хөх чоно ХХК нь өөрийн эзэмшлийн газраас 257.64 га газрыг *******эд газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан шаардлагыг ханган эзэмших эрхээ хоорондоо шилжүүлэх эрх нээлттэй байна.

Хоёр: Хөөн хэлэлцэх хугацааны тухайд

Сэлэнгэ хөх чоно ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Алтанбулаг сумын Засаг дарга П.Батсайханд өмнөх Засаг дарга Сундуй тус компанийн эзэмшлийн газрыг бусдад шилжүүлсэн хууль бус захирамж гаргасан тул хүчингүй болгож өгнө үү гэх утгатай 17/11 дугаартай албан бичгийг гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн талаар нотлох баримт цуглуулах явцад дараах зүйлүүд тогтоогдож байна.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэрэгт ирсэн, явсан бичгийн бүртгэлд хийсэн баримтын үзлэгээр Сэлэнгэ хөх чоно ХХК-ийн 17/11 дугаартай албан бичиг Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газарт ирсэн болох нь тогтоогдож байх бөгөөд явсан бичигт хийсэн үзлэгээр дээрх 17/11 дугаартай албан бичгийн хариуг Сэлэнгэ хөх чоно ХХК-д албан ёсоор буцаан хүргүүлээгүй, мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20 ны өдрийн А/07 дугаартай захирамжийг Сэлэнгэ хөх чоно ХХК-д албан ёсоор мэдэгдээгүй, хүргүүлээгүй, гардуулаагүй болох нь хариуцагч Алтанбулаг сумын Засаг дарга П.Батсайханы тайлбар, газрын даамал *******ын тодорхойлолт, ирсэн болон явсан бичгийн бүртгэл зэргээр нотлогдож байна.

Дээрх нөхцөл байдал нь Монгол Улсын Их Хурлаас 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д ... иргэн , хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас ... гомдлоо гаргана гэж заасныг зөрчиж, нэхэмжлэгчийн урьдчилан шийдвэрлүүлэх журмаар дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргах, цаашлаад шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг зөрчсөн, шүүхээр эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, маргаанаа шийдвэрлүүлэх боломжийг хязгаарласан хариуцагчийн буруутай үйл ажиллагаа юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаартай захирамжийн ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Сэлэнгэ хөх чоно ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.ОДБААТАР