Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2023/0277

 

Н.Аын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М

Нэхэмжлэгч: Н.А

Хариуцагч: МУДШ

Нэхэмжлэлийн шаардлага: “Н.Аын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, УДШ нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.12-т заасан мэдээлэл буюу улс төрийн намын эрх бүхий этгээдийн гишүүдийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэлийг улс төрийн намын хуулийн этгээдийн хувийн хэрэгт хэрхэн агуулдаг /оруулдаг/ талаар мэдээлэл өгөхийг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2023/0168 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/1065/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.А нь МУДШэд холбогдуулан “Н.Аын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, УДШ нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.12-т заасан мэдээлэл буюу улс төрийн намын эрх бүхий этгээдийн гишүүдийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэлийг улс төрийн намын хуулийн этгээдийн хувийн хэрэгт хэрхэн агуулдаг /оруулдаг/ талаар мэдээлэл өгөхийг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2023/0168 дугаар шийдвэрээр: Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.12, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасныг тус тус баримтлан Н.Аоос УДШэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, Н.Аын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, улс төрийн намын эрх бүхий этгээдийн гишүүдийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэлийг улс төрийн намын хуулийн этгээдийн хувийн хэрэгт хэрхэн агуулдаг /оруулдаг/ талаар мэдээлэл өгөхийг УДШэд даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2023/0168 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би дараах гомдлыг гаргаж байна.

3.1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Бүх шатны шүүх Ерөнхий шүүгч, шүүгчээс бүрдэнэ”, 15.2-т “Шүүхийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч тэргүүлнэ” гэж заасан бөгөөд Улсын дээд  шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг мөн хуулийн 27 дугаар зүйлд УДШийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг тусгайлан заахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан өргөдөл, гомдолд албан бичгээр хариу өгөх талаар хуульчилсан, харин уг хуулийн 86 дугаар зүйлийн 86.1.9-д “Тамгын газар нь иргэн, хуулийн этгээдээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуульд заасны дагуу шийдвэрлэж, хариу өгөх” чиг үүргийг УДШийн Тамгын газар хариуцдаг болно.

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь иргэн Н.Аын гаргасан “... улс төрийн намын эрх барих этгээдийн гишүүдийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэл”-ийг улс төрийн намын хуулийн этгээдийн хувийн хэрэгт хэрхэн агуулдаг /оруулдаг/ талаар мэдээлэл өгөх” нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан МУДШийг хариуцагчаас татсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна.

Шүүх Н.Аын нэхэмжлэлээр МУДШийг хариуцагчаар татан захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ”, 25.1-д “хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино” гэж заасныг зөрчсөн.

3.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийн хувийн хэргээс лавлагаа авах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор холбогдох этгээдэд лавлагааг олгоно” гэж заасныг үндэслэн “УДШ иргэн, хуулийн этгээдэд өгөх үүрэгтэй байна” гэсэн нь алдаатай, буруу дүгнэж гэж үзэж байна.

Учир нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “Улсын бүртгэлийн байгууллага” гэж энэ хуульд заасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг, улсын бүртгэлийн ажилтныг” ойлгохоор заасан байх ба УДШ улс төрийн намын бүртгэлийг хөтлөхдөө Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “УДШийн нийт шүүгчийн хуралдаанаар энэ хуулийн 25.7.3, 25.7.4, 25.8-д заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргана” гэж заасныг баримталдаг. Гэтэл шүүхийн шийдвэрт дурдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллагын чиг үүргийг хамааруулж, шийдвэрлэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан, үндэслэлгүй гэж үзэж байна.

3.3. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Гэвч УДШ нь улс төрийн намыг бүртгэх чиг үүргийнхээ дагуу хуулиар ил тод, нээлттэй байхаар заасан мэдээллийг авахаар хүссэн иргэнд үндэслэл бүхий хариуг өгөөгүй нь Нийтийн мэдээллийн илт тод байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасантай нийцээгүй” гэж дүгнэсэн нь алдаатай, буруу дүгнэлт гэж үзэж байна.

Учир нь иргэн Н.Аоос УДШэд 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан хүсэлтийн хариу албан бичгийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1.9-д “иргэн, хуулийн этгээдээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуульд заасны дагуу шийдвэрлэж, хариу” өгөх гэж заасны дагуу УДШийн Тамгын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 05/4887 дугаартай албан бичгээр “... Танаас ирүүлсэн удаа дараагийн хүсэлтүүдийн дагуу Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн бүртгэлийн талаарх мэдээллийг УДШийн Тамгын газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 5/4494, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 05/3503, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 05/3762 тоот албан бичгээр тус тус өгсөн байна.

Улс төрийн намын тухай хуульд УДШэд бүртгэх улс төрийн намын бүртгэлийн төрлүүдийг нэрлэн заасан эдгээр асуудлуудыг УДШ нь нийт шүүгчдийн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, улс төрийн намын бүртгэлд бүртгэдэг.

Хүсэлтэд дурдсан, улс төрийн намын салбар төлөөлөгчийн газар, улс төрийн намын эрх барих этгээдийн гишүүдийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэл зэргийг УДШ бүртгэхээр улс төрийн намын тухай хуульд заагаагүй тул эдгээр асуудлуудыг УДШ нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээгүй байна” гэсэн хариу хүргүүлсэн нь хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, Тамгын газраас өгөх өөр мэдээлэл байхгүй, хүсэлтийн хүрээнд мэдээллийг бүрэн өгсөн.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “улс төрийн намын эрх барих этгээдийн гишүүдийг сонгосон, өөрчилсөн, тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэл” зэргийг УДШ бүртгэдэггүй, эдгээртэй холбоотой асуудлыг Нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцдэггүй, хуулиар эдгээрийг бүртгэхээр заагаагүй, заавал хувийн хэрэгт авч хадгалах шаардлага тавигдаагүй, Хувийн хэрэгт зөвхөн УДШэд бүртгүүлэхээр заасан асуудлаар ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч хадгалдаг.

Улс төрийн нам нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд бүртгэхээр заасан бусад “хуулийн этгээд”-ээс ялгаатай, уг хуулиар хуулийн этгээдийн хувьд заавал бүртгүүлэхээр заасан зарим бүртгэл нь улс төрийн намын хувьд хамаарахгүй буюу УДШ бүртгэхгүй талаар Нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаар тогтоолоор тодорхой тайлбарлаж, шийдвэрлэсэн байдаг.

Түүнчлэн, дээрх асуудлуудаар УДШийн Нийт шүүгчийн хуралдааны тогтоол гардаггүй буюу манайх ийм бүртгэл хөтөлдөггүй гэж тодорхой хариуг өгсөөр байтал “мэдээллийг авахаар хүссэн иргэнд үндэслэл бүхий хариуг өгөөгүй нь Нийтийн мэдээллийн илт тод байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасантай нийцээгүй” гэж шүүхэд дүгнэсэн нь ойлгомжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.

УДШийн Тамгын газар нь Улс төрийн намын тухай хуульд заасан улс төрийн намын бүртгэл хөтлөхтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн Нийт шүүгчийн хуралдаанаас гарсан тогтоолын хүрээнд иргэн Н.Аод лавлагаа, мэдээлэл өгөх боломжтой бөгөөд энэ хүрээнд Н.Аын хүсэлтэд дурдсан, манайд байгаа мэдээллийн талаарх лавлагааг цаг тухайд нь гаргаж өгсөн, хүсэлтэд дурдсан зарим асуудал нь УДШийн Нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээгүй, бүртгэгдээгүй, манайд хадгалагддаггүй талаар тодорхой хариуг албан бичгээр өгсөөр байтал “үндэслэл бүхий хариуг өгөөгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу дүгнэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч Н.Аоос МУДШэд холбогдуулан “Н.Аын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, УДШ нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.12-т заасан мэдээлэл буюу улс төрийн намын эрх бүхий этгээдийн гишүүдийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэлийг улс төрийн намын хуулийн этгээдийн хувийн хэрэгт хэрхэн агуулдаг /оруулдаг/ талаар мэдээлэл өгөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна”, 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагаар хэргийг шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх нөхцлийг бүрдүүлнэ.

3.1. Нэхэмжлэлийн шаардлагыг үзвэл “... улс төрийн намын эрх бүхий этгээдийн гишүүдийг сонгосон өөрчилсөн тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэлийг улс төрийн намын хуулийн этгээдийн хувийн хэрэгт хэрхэн агуулдаг /оруулдаг/ талаар мэдээлэл өгөхийг ...” хариуцагчид даалгах гэжээ.

3.2. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь МУДШээс холбогдох шийдвэр, хурлын тэмдэглэлийг, эсхүл үүнтэй холбоотой аливаа эрхийн актыг гаргуулахыг хүсээгүй, харин улс төрийн намын эрх бүхий этгээдийн гишүүдийг сонгосон өөрчилсөн тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэлийг улс төрийн намын хуулийн этгээдийн хувийн хэрэгт хэрхэн агуулдаг /оруулдаг/ талаар буюу процессын шинжтэй мэдээлэл өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

3.3. Мөн нэхэмжлэгч Н.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... улс төрийн намын ... шийдвэр, хурлын тэмдэглэлийг гаргуулахыг хүсээгүй. Энэ талаарх баримтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар УДШээс гаргуулж авсан” гэж ижил агуулгаар тайлбарлаж байна.

3.3. Гэвч анхан шатны шүүх “... хуульд зааснаар улс төрийн намын эрх барих этгээдийн гишүүдийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэл нь тус намын хувийн хэрэг дэх мэдээлэл болохын хувьд энэ талаарх мэдээллийг УДШ иргэн, хуулийн этгээдэд өгөх үүрэгтэй” гэж нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй үндэслэлээр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцээгүй байна.

4. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйл “Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх хугацаа”, 16.1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно ...”, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлд “Мэдээлэл авах хүсэлт бүртгэх, шийдвэрлэх”, 15.3-д “Энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, эсхүл урд өмнө нь хариу өгсөн асуудлаар дахин хандсан, эсхүл хүсэлтэд дурдсан мэдээлэл байхгүй бөгөөд хүсэлтийг холбогдох байгууллагад шилжүүлэх боломжгүй бол уг хүсэлтийг буцааж болох ба үндэслэлийг тодорхой заана” гэж тус тус заасан.

4.1. Хэрэгт авагдсан МУДШийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 05/4488 дугаар албан бичгээр Н.Аын мэдээлэл авах тухай хүсэлтэд хариу өгсөн байх ба үүнд “... Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д УДШ нь “улс төрийн намын бүртгэл хөтлөх”-өөр заасан бөгөөд МУДШийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор “Улс төрийн намын бүртгэл хөтлөх журам”-ыг баталсан. Уг журмын 2.2-т “Улс төрийн намын бүртгэл хөтлөхтэй холбоотой өргөдлийг хүлээн авснаас хойш 1 хоногийн дотор зохих журмын дагуу Захиргааны хэргийн Танхимын тэргүүний туслах-ахлах шинжээчид шилжүүлнэ” гэж, 2.3-т “Захиргааны хэргийн Танхимын тэргүүний туслах-ахлах шинжээч өргөдлийг Захиргааны хэргийн Танхимын тэргүүнд танилцуулж, урьдчилсан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилна” гэж, 5.5-д “Улс төрийн намын бүртгэлийн талаар лавлагаа авах, намын хувийн хэргээс бичиг баримт хуулбарлах, намын хувийн хэрэгтэй танилцах зэрэг асуудлаар гаргасан хүсэлтийг Захиргааны хэргийн танхимын тэргүүн болон УДШийн тамгын газрын даргад танилцуулснаар Захиргааны хэргийн Танхимын тэргүүний туслах-ахлах шинжээч зохих журмын дагуу ажиллагаа явуулна” гэж заасны дагуу Захиргааны хэргийн Танхимын тэргүүний туслах-ахлах шинжээч хариуцан ажилладаг болно” гэжээ.

4.2. Дээрх албан бичгийн агуулгаас үзэхэд МУДШийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор батлагдсан “Улсын төрийн намын бүртгэл хөтлөх журам”-д улс төрийн намын бүртгэл хөтлөхтэй холбоотой өргөдлийг хүлээн авснаас хойш хэрхэн бүртгэдэг, хуваарилдаг, ажиллагаа явуулдаг талаар процессын мэдээлэл өгсөн байх тул нэхэмжлэгч Н.Аын хүсэлтийн хариуг хуульд заасны дагуу өгсөн гэж үзнэ.

4.3. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Н.Аын хүсэлтэд дурдсан манайд байгаа мэдээллийн талаарх лавлагааг цаг тухайд нь гаргаж өгсөн, хүсэлтэд дурдсан зарим асуудал нь УДШийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээгүй, бүртгээгүй, манайд хадгалагддаггүй талаар тодорхой хариуг албан ёсоор өгсөөр байтал “үндэслэл бүхий хариу өгөөгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ...” гэсэн гомдол үндэслэлтэй.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана”, 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухай захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заасан.

5.1. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд захиргааны байгууллагын эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн тохиолдолд шаардагдах захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэхээр зохицуулсан байх боловч энэ тохиолдолд МУДШээс нэхэмжлэгч Н.Аын эрхийг зөрчөөгүй, түүний хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргаагүй байхад анхан шатны шүүхээс даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 168 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Аоос МУДШэд холбогдуулан гаргасан “Н.Аын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, УДШ нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.12-т заасан мэдээлэл буюу улс төрийн намын эрх бүхий этгээдийн гишүүдийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэлийг улс төрийн намын хуулийн этгээдийн хувийн хэрэгт хэрхэн агуулдаг /оруулдаг/ талаар мэдээлэл өгөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг УДШийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор УДШийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

    

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ