Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1323

 

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/01322

 

 

 

 

 “Магна профит энд инвестмент ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2017/00855 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Магна профит энд инвестмент ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Сайнзаяа, Б.Булгантамир нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 16 080 000 төгрөг гаргуулах, барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Дэлгэрмаа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Мөнхболд

Хариуцагч: Т.Сайнзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Т.Сайнзаяа, Б.Булгантамир нар нь 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 10 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар, сарын 3,8 хувийн хүүтэй, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар Тахилтын 13-10 тоотод байрлах газар эзэмших эрхийн 000518664 дугаартай гэрчилгээтэй, 18628310359724 нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай газар, 000090061 дугаартай гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Г-2201017769 дугаарт бүртгэлтэй 600 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалан Т.Сайнзаяагийн хаан банкны 5005294272 тоот дансаар зээл олгосон болно.

Зээлдэгч нар өнөөдрийг хүртэл үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг төлөөгүй байна. Тиймээс хариуцагч нараас зээлийн төлбөрт 10 000 000, хүүгийн төлбөрт 6 080 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 216 000 төгрөг, нийт 17 296 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Мөн шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.Сайнзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч байгууллагаас 10 000 000 төгрөг авсан тухайд маргахгүй байна. Би “Магна профит энд инвестмент” ББСБ-ын дансанд 2 100 000 төгрөг, үүсгэн байгуулагч Л.Отгонбаярын дансанд 1 900 000 төгрөгний төлбөрийг төлсөн. Нэхэмжлэлийн дүнгээс хүүнд төлсөн 4 000 000 төгрөгийг хасаж тооцож өгнө үү.

Би Тахилтад байдаг хашаагаа зарж, мөн тэтгэвэрийн зээл авч зээлийг төлөх бодолтой байгаа. Дүү Б.Булгантамир зээлсэн мөнгөнөөс аваагүй, зөвхөн надад туслах зорилгоор газраа барьцаалуулсан тул түүний өмчлөлийн газрыг барьцаанаас гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Б.Булгантамир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.Сайнзаяа миний эгч бөгөөд 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр газрыг чинь барьцаалж 6 сарын хугацаагаар 10 000 000 төгрөг зээлээд буцаагаад аваад өгье гэхэд нь би зөвшөөрсөн. Гэтэл зээлээ төлөөгүй, мөн гэрээг дангаар сунгасан болохыг мэдээгүй. Мөнгийг би аваагүй тул өөрт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Сайнзаяагаас 16 080 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Магна профит энд инвестмент” ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 216 000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Б.Булган-Эрдэнэд холбогдох хэсгүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Т.Сайнзаяагийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар Тахилтын 13-10 тоотод байрлах, нэгж талбарын 18628310359724 дугаар бүхий, 700 м.кв талбайтай, газар эзэмших эрхийн 000518664 дугаартай гэрчилгээтэй  гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан худалдаж, худалдан борлуулсан үнийн дүнгээс  шаардлагыг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь  хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244 430 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Т.Сайнзаяагаас 238 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Магна профит энд инвестмент” ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

Шүүхийн шийдвэрт "... зээлийн гэрээг сунгахад Б.Булгантамир оролцоогүй гэх үндэслэлээр Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Булгантамирт холбогдох хэсэг буюу барьцаа хөрөнгө болох Г-2201017769 Улсын бүртгэлийн дугаартай, 600 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээнии газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах..." хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэгч байгууллагатай зээлийн харилцаанд орохдоо "хамтран зээлдэгчээр" оролцсон бөгөөд ингэснээр уг үүргийн гүйцэтгэлийг хэн аль нь хамтран хариуцах нөхцөлтэй гэрээ байгуулсан. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан журмын дагуу хамтран зээлдэгчдийн хэн нэг нь зээлийн үүргийг сунгаж буй явдал нь энэхүү зээлийн үүргийг сунгах процесст оролцоогүй этгээдийн үүрэг дуусгавар болох үндэслэл болохгүй юм.

Хэрвээ зээлийн гэрээг сунгах явцад нэмж буюу шинээр зээлийн үүрэг бий болоогүй л бол үндсэн үүрэг, түүний үлдэгдэл, түүнд ногдох хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг Б.Булгантамир өөрт ногдох хэмжээгээр буюу хамтран хариуцах үүрэг нь хэвээр байх юм. Уг нөхцөл байдлыг шүүх анхаарахгүй орхигдуулсан нь алдаатай шийдвэр болжээ.

Нэгэнтээ Б.Булгантамирын анх авсан зээлийн үүрэг дуусгавар болоогүй тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасан үндэслэл бий болсон гэж үзэхгүй тул түүний барьцааг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр алдаатай юм. Барьцаа нь хамтран ззэлсэн зээлийн үүрэг дуусгавар болох хүртэл хугацаанд уг барьцааны гэрээг сунгасан эсэхээс үл хамааран хүчинтэй байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт Б.Булгантамирт ногдох зээлийн болон барьцааны гэрээний үүргийг түүний барьцаа хөрөнгөөр хангуулах талаарх холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Магна профит энд инвестмент ББСБ” ХХК нь хариуцагч Т.Сайнзаяа, Б.Булгантамир нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16 080 000 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Талууд 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 10 000 000 төгрөгийг сарын 3.8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай олгохоор тохиролцож зээлийн гэрээг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Б.Булгантамирын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоо 38 дугаар гудамжны 24 тоот хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 600 м.кв талбай бүхий газар, Т.Сайнзаяагийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн, 22 дугаар хороо Тахилтын 13-10 тоот хаягт байршилтай, 700 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг тус тус барьцаалж барьцааны гэрээг бичгийн хэлбэрээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар гэрээний талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болжээ.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан барьцааны гэрээ байгуулагдсан байна.

 

Зээлдэгч Т.Сайнзаяа нь зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг ашигласан тул хамтран зээлдэгч Б.Булгантамир зээлийн үүргийг хариуцахгүй гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Зээлдэгч Б.Булгантамир нь эрх зүйн бүрэн чадамжтай байхад хамтран зээлдэгч биш гэж үзэх, гэрээгээр хүлээсэн үүргээ ойлгоогүй гэж үзэх боломжгүй. Анхан шатны шүүх хариуцагч Б.Булгантамирт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу юм.

 

Хариуцагч Т.Сайнзаяа 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж, талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гарын үсэг зурсан талаарх баримт хэрэгт авагдсан байна.

 

Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцоогүй, тооцож гаргаагүй байгаа тул зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүү 6 080 000, нийт 16 080 000 төгрөгийн хэмжээнд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж үзэх бөгөөд энэ агуулгаар 1 216 000 хэрэгсэхгүй болгох бус шаардлагаа багасгасан, өөрчилсөн гэж үзэж удиртгал болон тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 16 080 000 төгрөгийн хэмжээтэй гэсэн агуулгаар өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Хариуцагч Б.Булгантамирын өмчлөлийн газрыг мөн барьцаалсан тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын хэн алинаас нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй. Түүнчлэн зээлийн гэрээний хугацааг хариуцагч Т.Сайнзаяа ганцаараа сунгасан байгаа нь хариуцагч нарын барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй байдалд хүргэхгүй юм.

 

Түүнчлэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн нэрийг буруу бичснийг зөвтгөх шаардлагатай.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2017/00855 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Сайнзаяа, Б.Булгантамир нараас 16 080 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Магна профит энд инвестмент ББСБ” ХХК-д олгосугай” гэж ,

2 дахь заалтын “хариуцагч Т.Сайнзаяагийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар Тахилтын 13-10 тоотод байрлах, нэгж талбарын 18628310359724 дугаар бүхий, 700 м.кв талбайтай, газар эзэмших эрхийн 000518664 дугаартай гэрчилгээтэй ” гэсний дараа “газар эзэмших эрхийг, хариуцагч Б.Булгантамирын өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоо 38 дугаар гудамжны 24 тоот хаягт байршилтай, 600 м.кв талбайтай, газар өмчлөх эрхийн Г-2201017769 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай” гэж нэмж,

3 дахь заалтын “Улсын тэмдэгтийн тухай хуулийн” гэснийг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн” гэж, “Т.Сайнзаяагаас” гэснийг “Т.Сайнзаяа, Б.Булгантамир нараас” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Магна профит энд инвестмент ББСБ” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                                           А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                        Э.ЗОЛЗАЯА