| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00362/И |
| Дугаар | 00444 |
| Огноо | 2017-04-25 |
| Маргааны төрөл | Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 00444
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1974 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 36-17 тоотод оршин суух, Боржигон овогт Төмөрбаатарын Ганболд /РЭ74123115/ -ын
Талийгаач эцэг Г.Төмөрбаатарын нас барсан тухай бүртгэлгүй болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч 155/2017/00362/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагч Т.Ганболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Ганболд шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав Гунгаа овогтой Төмөрбаатар нь 2002 оны 06 дугаар сарын 20-нд гэртээ нас барсан. Тухайн үед улсын бүртгэлийн байгууллагад хандаж нас барсан талаар хасалт хийлгэх учиртайг мэддэггүйн улмаас хасалт хийлгээгүй юм билээ. Миний аав амьд сэрүүндээ миний төрсөн ахад Улаанбаатар хотод газар худалдаж авч өгч байсан ба уг газар нь талийгаач эцэг Г.Төмөрбаатарын нэр дээр бүртгэлтэй байдаг ба уг газрыг өөр хүнд шилжүүлэх гэтэл аавын маань нас барсан талаарх лавлагаа гарч ирэхгүй байгаа юм. Иймд миний аав Гунгаа овогтой Төмөрбаатарыг 2002 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нас барсан тухай бүртгэлгүй болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Т.Ганболд нь талийгаач эцэг Гунгаа овогтой Төмөрбаатарыг 2002 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нас барсан тухай бүртгэлгүй болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-т зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Т.Ганболдын талийгаач эцэг Гунгаа овогтой Төмөрбаатар нь 2002 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нас барсан болох нь Хөвсгөл аймгийн Энх-Үйлс өрхийн эрүүл мэндийн төвийн лавлагаа, гэрч Ё.Отгонбаяр, Т.Цогт-Эрдэнэ нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар,
Талийгаач Гунгаа овогтой Төмөрбаатарыг нас барсныг бүртгэсэн бүртгэл байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1/406 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-д зааснаар РЭ44100619 дугаар регистртэй Гунгаагийн Төмөрбаатар 2002 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нас барсан тухай бүртгэлгүй болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Ганболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН