| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2021/0244/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/258 |
| Огноо | 2021-05-18 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/258
2021 05 18 2021/ШЦТ/258
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Б.Одонтуяа,
шүүгдэгч Э.Ч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогтой Э-н Ч-д холбогдох эрүүгийн 2006036620030 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, нэг хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
- 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 547 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, А овогт Э-н Ч /РД:/
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч Э.Ч нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр, 04 дүгээр сарын 14-ний өдрүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа хорих 421 дүгээр ангид ял эдэлж байгаа ялтан Ж.Э-од хэргийг нь дахин хянуулж хэрэгсэхгүй болгуулж өгнө гэж бодит байдлыг нууж, хуурч мэхэлж өөрийн эхнэр Ц.Х-ийн данс руу 1.000.000 төгрөг шилжүүлэн авч, даалингийн материал 15 ширхэг 225.000 төгрөг, өвлийн гутал 1 ширхэг 70.000 төгрөг нийт 295.000 төгрөгийн эд зүйл авах зэргээр залилж “Залилах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Чаас: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Хоёр: Эрүүгийн 2006036620030 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:
1. Хохирогч Ж.Эын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “...Би хорих ангид 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ирж хоригдох болсон. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хоригдол Э.Ч нь миний ажлын байранд орж ирж хувцсаа индүүдэх болж бид хоёр хоорондоо ойр зуурын юм ярилцдаг болсон. Би тухайн үед өөрт холбогдох хэргийг дахин шалгуулах зорилгоор Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид хүсэлт бичдэг байсан. Тэгсэн Э.Ч надаас ямар хэрэгт шалгагдаж байгаа талаар асуухаар нь хэлэхэд тэрээр та ямар ч буруугүй юм байна. Улсын дээд шүүхэд манай танилууд ажилладаг. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тоо бүртгэлийн албанд дэд хурандаа Н.Ж гэж найз байгаа. Мөн Улсын ерөнхий прокурорт ажилладаг Б.Э гэх хяналтын прокурор нь найз дэд хурандаа Н.Ж-ийн төрсөн эгч юм. Дээрх хүнээр дамжуулаад Улсын дээд шүүхэд байх Ц-ийн Х шүүгчтэй ярихад таны хэргийг дахин шалгах боломжтой юм байна гэсэн. Дахин шалгуулахаар судалсан гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Э.Чаас юу болж байгаа талаар асуухад Н.Ж бид хоёр яриад хамтран жуулчны баазаасаа 25.000.000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн ч хэнд шилжүүлснээ хэлээгүй. Э.Ч одоо та Ц-ийн Х-ийн дансанд 1.000.000 төгрөг шилжүүлчих гээд 5024631557 тоот Хаан банкны дансны дугаар өгөхөөр нь өөрийн төрсөн дүү Ж.У-р ээжийн тэтгэврийн зээлийг авхуулж байгаад 1.000.000 төгрөгийг тухайн данс руу 2020 оны 3 дугаар сарын сүүлээр шилжүүлсэн. 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Э.Ч надад Улсын дээд шүүхийн зөвлөл хуралдсан, таны хэрэг ярьснаар болсон. Та бараг цагаатгагдсан байх, эндээс гарч байгаад шалгуулах зүйлээ шалгуулаарай, одоо тогтоолоо хүлээгээд байж бай гэж хэлсэн. Удаагүй 2020 оны 05 дугаар сард Э.Ч та 15 ширхэг дайлангийн бэлдэц олоод өг гэж хэлсэн. Тэгэхээр нь дүү Ж.Ундрах-Эрдэнэтэй яриад 450.000 төгрөгийн дайлангийн бэлдцийг 2 удаагийн илгээмжээр авч Э.Чад өгсөн. Дараа нь 70.000 төгрөгөөр авсан хагас түрүүтэй өвлийн дотортой гутлаа Э.Чыг гуталгүй болчихлоо гэхээр нь өгсөн. Тэр үеэс би өөрийн нэр дээр орж ирсэн мөнгөнөөс 230.000 төгрөгийн тамхи, ундаа, бэлэн гоймон зэрэг зүйлсийг авч өгдөг байсан. Э.Ч нь нийт 750.000 төгрөгийн эд зүйлс надаар авхуулсан. Би сүүлдээ Э.Чад итгэхээ байж Н.Ж-тэй уулзуул гэж хэлсэн чинь ийм ажилтай, тийм ажилтай байгаа гээд шалтаг хэлээд хойшлогдоод байсан. Э.Ч надад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 421-р ангийн төлөөлөгч Н.Х-н гар утсаар ярилаа гэж хэлэхээр нь би Х төлөөлөгч дээр очоод таны утсаар хоригдол Э.Ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тоо бүртгэлийн дэд хурандаа Н.Ж-тэй ярьсан уу гэж асуухад юу яриад байгаа юм гээд Э.Чыг дуудаад худлаа яриад байгааг нь мэдээд намайг өргөдөл гаргаж өг гэхээр нь өргөдөл гаргаж өгч материал бүрдүүлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагаар шалгуулах болсон. Э.Ч надтай хэн нэг албан тушаалтан уулзуулж байгаагүй. Тэр яриад байсан хүмүүс нь байдаггүй юм байна лээ. Анхнаасаа надад худал ярьсан байх. Би Сонгинохайрхан дүүргийн шүүхээс хүн амины хэргээр 12 жилийн хорих ял авсан. Уг хэргийг дахин шалгуулж намайг цагаатгуулж чадна гэсэн учир итгэж мөнгө, бараа, эд зүйлс өгч 1.750.000 төгрөгөөр хохироод байна. Би Э.Чаас 1.750.000 төгрөгөө гаргуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-8/,
2. Гэрч Ж.-ийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай төрсөн ах Ж.Э Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа нээлтэй хорих 421 дүгээр ангид 2019 оны 05 дугаараас ял эдэлж байгаа юм. 2020 оны 05 дугаар сараас өмнө ах надтай уулзахдаа ахын чинь хэргийг хүн хөөцөлдөж байгаа. 1.000.000 төгрөг бэлдэж өгөх хэрэгтэй байна гэж хэлсний дагуу 2020 оны 05 дугаар сард байх яг өдрөө санахгүй байна. Ах утсаар яриад Хаан банкны ....... дугаарын Ц-ийн Х- гэсэн хүний данс руу 1.000.000 төгрөг хийгээрэй гэсний дагуу би 500.000 төгрөгөөр 2 хувааж хийсэн. Мөнгө хийхдээ ахын хэлснээр гүйлгээний утга дээр Ч, Э гэж бичсэн. Мөнгө шилжүүлснээс хойш хэсэг хугацаанд чимээгүй байгаад байхаар нь ахтай очиж уулзахад болно, хүлээж бай гэсэн гэж хэлсэн. Удалгүй ах утсаар холбогдоод ирж уулз гэхээр нь 2020 оны 08 дугаар сард хорих анги дээр очтол нөгөө хүн худлаа болж байх шиг байна. Чи Нийслэлийн шүүхэд өргөдөл өгөх хэрэгтэй байна. Ядаж өгсөн мөнгөө олж авахгүй бол болохгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Нийслэлийн ерөнхий шүүгч дээр очиж гомдол гаргасан. Би ахын хэлсэн Хаан банкны .... дугаарын данс руу 2020 оны 05 дугаар сард Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 3 дугаар цахилгаан станцын хажууд байрлах хаан банкны АТМ-с өөрийнхөө хаан банкны ..... тоот данснаас 2 удаа 500.000 төгрөгөөр шилжүүлсэн. 2020 оны 02 дугаар сард санагдаж байна ах надтай утсаар яриад 20 ширхэг дайлангийн материал явуулчих гэхээр нь илгээмжээр 2 хувааж явуулсан. Тэр бараа материалыг ахаас мөнгө залилан мэхэлж авсан хоригдол Э.Ч авсан байсан. Ах хэлэхдээ дайлангийн материалыг Э.Ч гэх хоригдол гадуур ахынх нь асуудлыг хөөцөлдөж өгч байгаа хүмүүст өгч байгаа гэж ахад хэлсэн байсан. Нэг ширхэг дайлангийн материалыг би 30.000 төгрөгөөр авч өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/,
3. Гэрч Ц.Х-ийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сард миний ..... дугаарын дансанд 500.000 төгрөг, дахиад 7 хоногийн дараа байхаа 500.000 төгрөг хийсэн байсан. Гүйлгээний утга дээр Ч гээд биччихсэн байсан. Мөн нэг утасны дугаар байсан. Тэр дугаар руу нь буцаад залгахаар болохгүй байсан. Тэгтэл маргааш нь Ч над руу яриад чиний дансанд мөнгө орсон уу би энд дайлан оёж мөнгө олж байгаа. Би энд зөндөө дайлан оёчихсон байгаа. Чи ирээд аваад зараач гэж хэлж байсан. Тэгэхдээ би очиж байгаагүй. Надад уг мөнгөө хүнээс худал ярьж авснаа ерөөсөө хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23/,
4. “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “дайлингийн материал 15 ширхэг нь 225000 төгрөг, өвлийн гутал 1 ширхэг нь 70.000 төгрөг, нийт 295.00 төгрөгөөр тогтоосон” тухай үнэлгээ /хх-ийн 32-34/,
5. Ц-ийн Х-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 82-112/,
6. Шүүгдэгч Э.Чын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. ...Эхнэр Ц.Х-ийн данс руу 500.000 төгрөгөөр 2 удаа нийт 1.000.000 төгрөгийг шилжүүлэг хийлгэсэн. Би хоригдохоосоо өмнө эхнэр хүүхэдтэйгээ хамт байр түрээслэн амьдардаг байсан. Тэгээд гэнэт хоригдох болсон болохоор эхнэр хүүхдэдээ санаа зовж, байрных нь түрээсийн мөнгийг нь өгөх зорилгоор Эрдэнэцогт ахад худал хэлж мөнгө авсан. Мөн 15 ширхэг дайлан авсан нь үнэн. Гутлын хувьд өвлийн хар гутал байсан. Би тухайн үед ажилд гарах болоод танд гутал байна уу гэж асуухад надад өвлийн үдээстэй хар гутал өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,
7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/, ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар 59-64/ ялын тооцооны тодорхойлолт /хх-ийн 139/ ялтныг шилжүүлэн, яллагдагчаар цагдан хорьсон шүүхийн шийдвэр /хх-ийн 142/ болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч: “шүүгдэгч Э.Чын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч Э.Чаас 1.295.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Эод олгуулах гэсэн дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Чын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Э.Ч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа хорих 421 дүгээр ангид хорих ял эдэлж байхдаа ялтан Ж.Эод“түүний ял шийтгэгдсэн эрүүгийн хэргийг дахин хянуулж хэрэгсэхгүй болгуулж өгнө гэж” бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч:
-2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 500,000 төгрөг,
-2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 500,000 төгрөг нийт 1.000.000 төгрөгийг өөрийн эхнэр Ц.Хулангийн данс руу шилжүүлүүлсэн,
-мөн 225.000 төгрөгийн үнэлгээтэй 15 ширхэг даалингийн материал, 70.000 төгрөгийн үнэлгээтэй өвлийн гутал 1 ширхэг бүгд 295.000 төгрөгийн эд зүйлийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хохирогч Ж.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Би хорих ангид 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ирж хоригдох болсон. ...Э.Ч надаас ямар хэрэгт шалгагдаж байгаа талаар асуухаар нь хэлэхэд ...Улсын дээд шүүхэд манай танилууд ажилладаг. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тоо бүртгэлийн албанд дэд хурандаа Н.Ж гэж найз байгаа. Улсын ерөнхий прокурорт ажилладаг Б.Э гэх хяналтын прокурор нь найз дэд хурандаа Н.Ж-ийн төрсөн эгч, дээрх хүнээр дамжуулж Улсын дээд шүүхэд байх Ц-ийн Х-шүүгчтэй ярихад таны хэргийг дахин шалгах боломжтой юм байна гэсэн. Дахин шалгуулахаар судалсан гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Э.Чаас юу болж байгаа талаар асуухад...Э.Ч одоо та Ц-ийн Х-ийн дансанд 1.000.000 төгрөг шилжүүлчих гээд 5024631557 тоот Хаан банкны дансны дугаар өгөхөөр нь өөрийн төрсөн дүү Ж.У-ээр ...1.000.000 төгрөг тухайн данс руу 2020 оны 3 дугаар сарын сүүлээр шилжүүлсэн. 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Э.Ч надад Улсын дээд шүүхийн зөвлөл хуралдсан, таны хэрэг ярьснаар болсон, та бараг цагаатгагдсан байх, эндээс гарч байгаад шалгуулах зүйлээ шалгуулаарай, одоо тогтоолоо хүлээгээд байж бай гэж хэлсэн. ...2020 оны 05 дугаар сард Э.Ч та 15 ширхэг дайлангийн бэлдэц олоод өг гэсэн. Тэгэхээр нь дүү Ж.У-тэй яриад 450.000 төгрөгийн дайлангийн бэлдцийг 2 удаагийн илгээмжээр авч Э.Чад өгсөн. Дараа нь ...өвлийн дотортой гутлаа ...өгсөн. ...Э.Ч надад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 421-р ангийн төлөөлөгч Н.Х-н гар утсаар ярьлаа гэхээр нь Х- төлөөлөгч дээр очоод таны утсаар хоригдол Э.Ч ...дэд хурандаа Н.Ж-тэй ярьсан уу гэж асуухад юу яриад байгаа юм гээд Э.Чыг дуудаад худлаа яриад байгааг нь мэдсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-8/,
- Гэрч Ж.У-ийн өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ах надтай уулзахдаа ахын чинь хэргийг хүн хөөцөлдөж байгаа, 1.000.000 төгрөг бэлдэж өгөх хэрэгтэй байна гэж хэлсний дагуу 2020 оны 05 дугаар сард ...Хаан банкны ...... дугаарын Ц-ийн Х-гэсэн хүний данс руу ...500.000 төгрөгөөр хоёр хувааж хийсэн. ...Удалгүй ах утсаар холбогдоод ирж уулз гэхээр нь 2020 оны 08 дугаар сард хорих анги дээр очтол нөгөө хүн худлаа болж байх шиг байна, чи Нийслэлийн шүүхэд өргөдөл өгөх хэрэгтэй байна ...гэсэн. ...ах надтай утсаар яриад 20 ширхэг дайлингийн материал явуулчих гэхээр нь илгээмжээр 2 хувааж явуулсан, тэр бараа материалыг ахаас мөнгө залилан мэхэлж авсан хоригдол Э.Ч авсан байсан. Ах хэлэхдээ дайлингийн материалыг Э.Ч гэх хоригдол гадуур ахынх нь асуудлыг хөөцөлдөж өгч байгаа хүмүүст өгч байгаа гэж ахад хэлсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/,
- Гэрч Ц.Х-ийн өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сард миний 5024631557 дугаарын дансанд 500.000 төгрөг, дахиад 7 хоногийн дараа 500.000 төгрөг хийсэн. Гүйлгээний утга дээр Ч гээд бичсэн байсан. ...маргааш нь Ч над руу яриад чиний дансанд мөнгө орсон уу би энд дайлан оёж мөнгө олж байгаа, би энд зөндөө дайлан оёчихсон байгаа, чи ирээд аваад зараач гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23/,
- “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлбан /хх-ийн 32-34/,
- Ц-ийн Х-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 82-112/,
- Шүүгдэгч Э.Чын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. ...Эхнэр Ц.Х-ийн данс руу 500.000 төгрөгөөр 2 удаа нийт 1.000.000 төгрөгийг шилжүүлэг хийлгэсэн. ...эхнэр хүүхдэдээ санаа зовж, байрных нь түрээсийн мөнгийг нь өгөх зорилгоор Эрдэнэцогт ахад худал хэлж мөнгө авсан. Мөн 15 ширхэг дайлан авсан нь үнэн. Гутлын хувьд өвлийн хар гутал байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/, болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хууль зүйн хувьд “Залилах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба, бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцдог.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Э.Ч нь хамт хорих ял эдэлж байсан ялтан Ж.Эын ял шийтгэгдсэн эрүүгийн хэргийг дахин хянуулж хэрэгсэхгүй болгуулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрт байхгүй эрхийг бусдад амлан хохирогчийн хөрөнгө эд зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн байна.
Нөгөө талаас “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой бөгөөд энэ хэргийн хувьд хохирогч нь хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх асуудлаа иргэн хүнд хандаж, иргэнд хууль бус шаардлага тавьж, эд хөрөнгөө шилжүүлэн өгч шүүгдэгчийг хууль зөрчихөд хүргэсэн хохирогчийн зүй бус үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан.
Шүүгдэгч Э.Ч нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 547 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа хорих 421 дүгээр ангид хорих ял эдэлж байхдаа өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогчийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан шүүгдэгч Э.Чын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, дээрх зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Мөн “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Эод 1.295.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирлыг нөхөн төлөөгүй байна.
Иймд шүүгдэгч Э.Чаас 1.295.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Эод олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Э.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Шүүгдэгч Э.Ч нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 547 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж ялыг эдэлж байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаардаг.
Шүүгдэгч Э.Чыг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдал буюу өмчлөх эрхийн буюу залилах гэмт хэрэг удаа дараа үйлдсэн байдал, хохирол төлбөр төлж барагдуулаагүй зэргийг харгалзан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Э.Чад дээрх зүйл хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Ч нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 547 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, хорих ялыг эдэлж байгаад хорих 421 дүгээр ангийн 2021 оны 02 сарын 26-ны өдрийн ялын тооцооны хуудсаар 8 сар 25 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт ялыг хэмжээг тогтооно” гэж хуульчилсан.
Иймд шүүгдэгч Э.Чад энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 547 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 8 сар 25 хоногийн хорих ялаар тогтоож шийдвэрлэв.
Мөн хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөх боломжоор шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хангаж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаар захирамжаар Э.Чыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 421 дүгээр хорих ангиас цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлэн, яллагдагчаар цагдан хорьсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүний 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 81 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгчийг 2021 оны 02 дугаар сарын 24-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих шийдвэр гарсан боловч тус шийдвэр 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс хэрэгжсэн байх тул уг өдрөөс цагдан хоригдсон хугацааг тэмдэглэх нь зүйтэй.
Тус эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, түүний холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Э-н Чыг “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А овогт Э-н Чыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүдэгч Э.Чад энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 547 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялын эдлээгүй үлдсэн 8 сар 25 хоногийг нэмж нэгтгэн шүүгдэгч Э.Чын биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 8 /найм/ сар 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Чад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Чын 2021 оны 02 дугаар сарын 26-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 81 /наян нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.
6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, түүний холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Чаас 1.295.000 /нэг сая хоёр зуун ерэн таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Эод олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Э.Чад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Э.Чад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН