Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/262

 

 

   2021         05          19                                       2021/ШЦТ/262

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,

улсын яллагч Б.Алтанцэцэг /томилолтоор/,

насанд хүрээгүй хохирогч С.А, түүний хууль ёсны төлөөлөгч Б.С, тэдгээрийн өмгөөлөгч А.Дулмаа,

шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Б.Баттулга

иргэний хариуцагч Я.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

   Х овогт С-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010023481050 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 нас 2 сар 13 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт Хан-Уул дүүрэг ... дугаар хороо “....” хотхоны ... тоотод оршин суух, .... дугаар дунд сургуулийн 12-А ангид сурдаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х овогт С-ийн Э. /РД/.

 

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч С.Э нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны орой 19-20 цагийн үед Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо Цөмийн энергийн төвийн хажуу талын явган хүний замаар явж байсан С.Аыг намайг мөрлөлөө гэж уурлан, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:

Шүүгдэгч С.Э мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэсэн;  

Насанд хүрээгүй хохирогч С.А мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 19 цаг 50 минутын орчим гэр лүүгээ харих замдаа С.Этэй таарч, улмаар маргалдаад явах гэтэл миний цүнхнээс татаад хамран тус газар гараараа нэг удаа цохисон. Хамрын хагалгаанд орсон боловч одоо шөнө унтах гэхээр хамар битүүрч, хааяа янгинадаг болсон. Хэрэгт өгсөн баримтын дагуу 1.210.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлгийг гаргасан.  

 

Хоёр: Эрүүгийн 2010023481050 дугаартай хэргээс:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 2/,

 

2. Насанд хүрээгүй хохирогч С.Аын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 26-ны 19:40 цагийн үед би гэр лүүгээ харьж явж байхад Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цөмийн энергийн газрын хажууд явж байхад зүс таних Э таарсан чинь Энэрэл намайг мөрлөсөн. Тэгснээ чи яагаад намайг мөрлөж байгаа юм, чи ойрд их пээдэлзээд байгаа шүү гэж хэлэхээр нь би чамтай тааралдаад мөрөө холдуулсан шүү дээ гэж хэлсэн чинь Э би зузаан хувцас өмссөн болохоор мөрөө холдуулж чадахгүй, тэгэхээр чи намайг мөрлөсөн байна гэж хэлсэн. Чи надтай яаж харьцаад байна гэхээр нь би үеийнхээ хүүхэдтэй үеийн юм шиг харьцана гэж хэлээд явах гэж байсан чинь аав залгасан. Тэгээд би аавдаа одоо очиж явна гэж хэлээд утсаа тасалсан чинь Э хоёулаа үзэх үү гэхээр нь би үгүй гэж хэлээд баяртай гээд цааш явж байсан чинь Э миний үүрч байсан цүнхнээс татаад миний нүүрэн тус газрын хамар хэсэгт гараараа 1 удаа цохиход би газар унасан чинь миний хамарнаас цус гарсан. Тэгтэл Э чи хамраа арч, цус гараад байна, чиний хамар мурийсан байна, манай машинтай найз ирж байгаа, хоёулаа гэмтэл орж үзүүлж хамрыг чинь янзлуулъя гэж хэлэхээр нь би гэмтэл дээр чинь цагдаа нар байгаа гэж хэлсэн чинь Э надаас хоёулаа тохиролцъя гэж зөндөө гуйсан. Тэгээд би гэртээ хариад аав ээж хоёр яасан гэж асуухаар нь би Эийг нуугаад “И март”-ын урд талд хүмүүст зодуулсан гэж худлаа хэлсэн. Урьд өмнө Этэй муудалцаж байгаагүй. Э миний нүүрэн тус газрын хамар хэсэгт нэг удаа гараараа цохисон. Э бид хоёр байсан. Өөр хэн нэгэн хүн байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8/,

 

- 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дахин өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 19 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 19-ийн автобусны буудлаас гэр лүүгээ Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 87 дугаар байр луу явж байхад Цөмийн энергийн төвийн ертөнцийн зүгээр зүүн талын явган хүний замаар явж байхад Э урдаас ирж байсан. Намайг явж байхад шууд мөрөөрөө намайг мөрлөж, би тоохгүй цааш явж байтал ар талаас миний цүнхнээс татаад яагаад мөрлөөд байна, чи ойрд пээдэлзээд байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би би яасан юм би гэхэд намайг явах гэтэл хоёулаа зодолдъя гэсэн би яахын бэ гэж хэлээд явах гэтэл миний ар талаас татаад хамар луу нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгээд миний хамарны цус гараад тэр дороо хавдсан. Ингээд яаж байгаа юм бэ гэхэд надаас уучлалт гуйгаад хоёулаа гэмтэл явъя цагдаад битгий хэлээрэй гэж гуйсан. Тэгээд надаас гуйгаад байсан болохоор хэрэндээ аав, ээждээ баригдахгүй байя гэсэн боловч аав, ээж мэдээд маргааш нь цагдаад өргөдөл өгсөн. Маргааш нь Эийн аав, ээж нь хоёр ирээд цагдаагийн гадаа уулзаад хохирлын мөнгийг нь бүрэн төлнө, цагдаагаар яваад байх шаардлагагүй гэж гуйгаад байхаар нь за гэж хэлээд маргааш намайг аваад төмөр замд байрлах нэг эмнэлэгт үзүүлсэн юм. Тэгээд хамрыг үзээд зүгээр байна гэж хэлээд хавдсан нь буугаад зүгээр болно гэж байна гээд гэрт аваачсан. Тэгтэл хамар хэсэгт өвдөөд байсан тул дахин “ЭМЖЖ” нэртэй чих хамар хоолойн эмнэлэгт үзүүлтэл хамар чихэгдэж хугарсан байна гэж хэлсэн. Ингээд 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хамарны хагалгаад орсон. Одоогоор миний эмчилгээний зардал нийт 1.210.000 төгрөгийн зардал гарсан. Энэ мөнгийг буруутай Энэрэлээс нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,

 

3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12703 дугаартай дүгнэлтэд:

- С.Аын биед хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид  хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 17-18/,

 

4. Шүүгдэгч С.Эийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. ...гарсан хохирлыг төлнө. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,  

 

5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Асап сангийн лавлагаа, нас тоолсон тухай тэмдэглэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-58/, суралцагчийн хувийн хэрэг, оршин суугаа хаягийн тодорхойлолт/хх-ийн 113-117/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болон хууль зүйн дүгнэлт.

 

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч: “шүүгдэгч С.Эийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэлд, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Эийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч С.Э нь Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Цөмийн энергийн төвийн хажуу талын явган хүний замаар 2020 оны 10 дугаар сарын 26-ны орой 19-20 цагийн үед явж байсан насанд хүрээгүй хохирогч С.Аыг намайг мөрлөлөө гэж уурлан, түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

- Насанд хүрээгүй хохирогч С.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э хоёулаа үзэх үү гэхээр нь үгүй гэж хэлээд баяртай гээд цааш явж байсан чинь Э миний үүрч байсан цүнхнээс татаад нүүрэн тус газар хамар хэсэгт гараараа 1 удаа цохиход би газар унасан. Миний хамраас цус гарсан чинь хамраа арч, цус гараад байна, мурийсан байна манай машинтай найз ирж байгаа гэмтэл орж үзүүлж хамрыг чинь янзлуулъя гэж хэлэхээр нь гэмтэл дээр чинь цагдаа нар байгаа гэж хэлсэн чинь надаас хоёулаа тохиролцья гэж зөндөө гуйсан. ...Э миний хамар хэсэгт 1 удаа гараараа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8/,  

- 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дахин өгсөн: “...намайг явах гэтэл хоёулаа зодолдъя гэсэн яахын бэ гэж хэлээд явах гэтэл ар талаас татаад хамар луу нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгээд миний хамрын цус гараад тэр дороо хавдсан. Ингээд яаж байгаа юм бэ гэхэд надаас уучлалт гуйгаад хоёулаа гэмтэл явъя цагдаад битгий хэлээрэй гэж гуйсан. ...2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хамарны хагалгаад орсон. Одоогоор миний эмчилгээний зардал нийт 1,210,000 төгрөгний зардал гарсан. Энэ мөнгийг буруутай Энэрэлээс нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,

 

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12703 дугаартай дүгнэлт /хх-ийн 17-18/,

 

-Шүүгдэгч С.Эийн яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. ...гарсан хохирлыг төлөх болно” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Шүүгдэгч С.Э нь насанд хүрээгүй хохирогч С.Атай намайг мөрлөлөө, чи ойрд пээдэлзээд байна гэх тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас маргалдан улмаар насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч С.Эийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэж улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,

- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан.

 

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эрүүл мэнд, ...болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан.

Тус гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч С.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчоос өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын төлбөрт 1.210.000 төгрөг, шүүхийн шатанд өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, нийт 1.710.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч С.Э нь төлж барагдуулаагүй болно.

Иймд насанд хүрээгүй хохирогч С.Аын эрүүл мэндэд учирсан хохиролд нэхэмжилсэн 1.210.000 төгрөгийг нотлох баримтад үндэслэн, мөн насанд хүрээгүй хохирогч С.Аын өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар өмгөөлөгч сонгон авч үйлчлүүлсэнтэй холбоотой нэхэмжилсэн зардлыг Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2.6.6 (насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр)-д гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу өмгөөлөгчийн хөлс болох 500.000 төгрөг, нийт 1.710.000 төгрөгийг шүүгдэгч С.Эээс гаргуулан насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “... шүүгдэгч С.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулах...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, одоо 12 дугаар ангиа төгсөж элсэлтийн шалгалтад орох гэж байгаа зэргийг харгалзан ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн бөгөөд шүүгдэгч нь өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна гэснийг дурдах нь зүйтэй.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Шүүгдэгч С.Э нь урьд эрүүгийн хариуцлагыг хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба шүүгдэгч С.Ээд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл”-ийн талаар заасан ба уг зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн наймдугаар бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж,  

Мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч С.Э нь 2003 оны 2 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 08 сар 20 хоногтой байсан буюу 18 насанд насанд хүрээгүй, өсвөр насны байсан болох нь төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл зэргээр нотлогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалтыг хэрэглэв.

 

Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр сууриа олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байх зорилго бүхий байна.

 

Шүүгдэгч С.Э нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаагаа илэрхийлсэн, тэрээр шүүхийн шийдвэр гарах өдөр арван найман насанд хүрсэн байх боловч арван найман насанд хүрээгүй, өсвөр насны байхдаа гэмт хэрэг үйлдсэн, Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид суралцаж, элсэлтийн ерөнхий шалгалтад оролцохоор бэлтгэж байгаа хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд нийгэмд өөрийн байр сууриа олох, боловсрол эзэмшүүлэхэд нь туслах зорилгоор шүүгдэгч С.Ээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ авч, хэрэгжилтэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Ээд тэнссэн хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” мөн хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах” сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар:

Шүүгдэгч С.Ээд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Тус хэргийн хохирогч нь 17 настай буюу арван найман насанд хүрээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хаалттай явуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт С-ийн Эийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ээд ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаанд хянан хүмүүжүүлэх Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ээд ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

4. Шүүгдэгч С.Ээд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” мөн хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах” сургалтад хамрагдах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э, иргэний хариуцагч Я.Г нараас 1.710.000 /нэг сая долоон зуун арван мянга/ төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч С.А, түүний хууль ёсны төлөөлөгч Б.С нарт олгосугай.

7. Тус эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.Ээд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч С.Ээд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд өсвөр насны шүүгдэгч С.Ээд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН