| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00298/И |
| Дугаар | 00447 |
| Огноо | 2017-04-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 00447
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 1970 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 01 дүгээр багт оршин суух, Их мэргэд овогт Ичинхорлоогийн Ганболд / РЛ57042017/-ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч 155/2017/00298/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.Ганболд шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1970 оны 1 дүгээр сараас Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан. Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу шаардлага хангахгүй байгаа тул миний 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бямбадулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Ганболд нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад 1970 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтрийнх нь бичилт дутуу, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй зэргээс нэгдэлд ажиллаж байсан жилүүд нь улсад ажиллаж байснаас тооцогдохгүй байгаа юм. Иймд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
И.Ганболд нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад 1970 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч И.Ганболд нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад 1970 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь Ичинхорлоо овогтой Ганболдод Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлээс нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, гэрч Б.Ганхуяг, Н.Уртнасан нарын мэдүүлэг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Их мэргэд овогт Ичинхорлоогийн Ганболдын Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад 1970 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч И.Ганболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН