Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/325

 

 

   2021         06           11                                       2021/ШЦТ/325

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Н.Нарангэрэл,  

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Ц-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 21100 0932 0413 дугаартай, нэг хавтас хэргийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээний ажилтай, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, .... гудамжны .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б. овогт Ц-ын Б /РД:/.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Ц.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэн О.Шыг Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орчлон комплекс”-оос Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр хүртэл хүргэж таксигаар үйлчлэхдээ түүний гээгдүүлсэн “Айфоне X” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж авч завшин хохирогч О.Ш-ад 885.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хоёр: Эрүүгийн 21100 0932 0413 дугаартай хэргээс хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-7/,

2. Хохирогч О.Шын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өгсөн:

“...Би Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Орчлон комплекс ... байрны ... тоотод нөхөр хүүхдийн хамт амьдардаг юм. Тухайн үед буюу 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 13 цагийн үед “UB” каб нэртэй дуудлагын таксыг гэртээ дуудаад Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд байх хадам ахын гэрт нь хүргүүлсэн юм. Тухайн үед би хадам ээж М болон хоёр хүүхдийн хамт явж байсан бөгөөд бид нар автомашины арын суудал дээр суусан байсан. Автомашинд байхдаа би утсаа гартаа бариад явж байсан ба хүүхдээ хөхүүлж байхдаа сандал дээр тавьсан байсан бөгөөд буухдаа мартаад буусан байсан. Хүргэн ахын гэрт ороод цай уугаад хүүхдээ хооллоод 15 цагийн үед утсаа хайгаад олоогүй. Тэгээд таксинд үлдээснээ санаад дуудлагын жолоочийн ... гэсэн дугаарт залгаж яриад арын суудал дээр чинь гар утсаа мартсан байна гэж хэлсэн чинь тэр жолооч үзээд эргээд хэлье гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа жолоочийн утас руу дахиад залгахад гар утас байхгүй байна. Би хуучин эцсийн буудлаас 5 богдын ойролцоо буулгасан би мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь “UB” кабын дуудлагын утас залгаад дээрх таксины дугаарыг хэлээд надаас хойш хаанаас хүн авсан хэлж өгөх боломж байна уу, би гар утсаа мартсан юм гэхэд таниас хойш дуудлага аваагүй, хүнд үйлчлээгүй байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаад хандсан бөгөөд дээрх жолоочоос цагдаагийн газар дээр ирээд гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. Гар утсыг хүлээн авахад унтраасан байсан бөгөөд сим гар утсан дотроо л байсан. Өөр ямар нэгэн зүйл гар утаснаас алдагдаагүй байсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь би гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

 

3. “Дамно” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ХУ2-21-144 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22/,

 

4. Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 4-5/,

 

5. Шүүгдэгч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 ны 05 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна.

Би ... дүүргийн ... дүгээр хороо ... тоотод эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд өөрийн “UB” каб таксинд дуудлагын жолоочоор ажилладаг юм. 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 13 цагийн үед санаж байна Баянзүрх дүүргээс хүүхэдтэй хоёр хүн аваад Яармагт хүргэж өгсөн юм. Нэг эмэгтэй надад 21.500 төгрөг бэлнээр нь өгсөн. Тэгээд буцаад хотын төв рүү Алтай хотхоны уулзвар дээр явж байхад арын суудал дээр нэг утас дуугарах шиг болохоор нь хойш эргээд хартал суудал дээр “Ай фоне Х” загварын утас байсан. Тэгээд замын хажуу тал руу зогсож байгаад утсыг авч унтраагаад цаашаа хөдлөөд Нарны гүүрний доор явж байхад миний машинд утсаа үлдээсэн байсан эмэгтэй над руу залгаад сая Яармаг хүргүүлсэн хүн байна, таны машинд утсаа хаяаад буусан байна, холбогдохоо больчихлоо, та нэг хараад өгөөч гэхээр нь би тэр эмэгтэйд ямар ч утас байхгүй байна. Би сая чамайг буулгачхаад замаас гар өргөсөн хүн авсан гэж худал хэлсэн. Тэгээд орой гэртээ байж байтал над руу цагдаагаас залгаж байна ирж уулз гэхээр нь айсандаа утсыг нь гэртээ үлдээгээд цагдаа дээр ирж уулзсан. Би ганцаараа хулгай хийсэн. Гоё утас харагдахаар нь ашиглах гээд авсан юм. Миний буруу, буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,

 

6. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч Ц.Б-ын гаргасан хүсэлт, Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, прокурорын ялын санал /хх-ийн 68-72/,

 

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 30-34/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 47-56/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 59/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтанд шүүгдэгч Ц.Б нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 

  1. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...шүүгдэгч Ц.Б бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэн О.Ш-ыг Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орчлон комплекс”-оос Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр хүртэл хүргэж таксигаар үйлчлэхдээ түүний гээгдүүлсэн “Айфоне X” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж авч завшин хохирогч О.Ш-ад 885.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-7/,

- Хохирогч О.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд таксинд үлдээснээ санаад дуудлагын жолоочийн ... гэсэн дугаарт залгаж яриад арын суудал дээр чинь гар утсаа мартсан байна гэж хэлсэн чинь тэр жолооч үзээд эргээд хэлье гэсэн. ...жолоочийн утас руу дахиад залгахад гар утас байхгүй байна ...би мэдэхгүй гэж хэлсэн. ...Тэгээд би цагдаад хандсан, дээрх жолоочоос цагдаагийн газар дээр ирээд гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. Гар утсыг хүлээн авахад унтраасан байсан, сим гар утсан дотроо л байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

- “Дамно” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ХУ2-21-144 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22/,

- Эд зүйл хураан авсан, хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4-5/,

- Шүүгдэгч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. ... арын суудал дээр нэг утас дуугарах шиг болохоор нь хойш эргээд хартал суудал дээр “Ай фоне Х” загварын утас байсан. Тэгээд замын хажуу тал руу зогсож байгаад утсыг авч унтраагаад цаашаа хөдлөөд Нарны гүүрний доор явж байхад миний машинд утсаа үлдээсэн байсан эмэгтэй над руу залгаад сая Яармаг хүргүүлсэн хүн байна, таны машинд утсаа хаяаад буусан байна, холбогдохоо больчихлоо, та нэг хараад өгөөч гэхээр нь би тэр эмэгтэйд ямар ч утас байхгүй байна. Би сая чамайг буулгачхаад замаас гар өргөсөн хүн авсан гэж худал хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

Мөн хууль зүйн хувьд гээгдэл эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигч ашиглагчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон, санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч ашигласан үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч Ц.Б нь өөрийн жолоодон явсан тээврийн хэрэгслээр үйлчлүүлсэн иргэн О.Ш гар утсаа орхиж гээгдүүлсэн байсныг мэдсээр байж, утас чинь байхгүй байна гэж худал хэлж, эд хөрөнгийг нь завшиж байгаа нь гэм буруугийн шууд санаатай, шунахай сэдэлттэйгээр үйлдэгдсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гээгдэл эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан бол тус гэмт хэргийн шинжийг хангахаар хуульчилсан бөгөөд тус хэрэгт “Дамно” хөрөнгийн үнэлгээний байгууллага нь хохирогчийн гээгдүүлсэн Ай фоне” Х маркийн гар утасны зах зээлийн бодит үнэлгээг 885.000 төгрөгөөр тогтоосон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад  “бага хэмжээний хохирол гэж 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж заасан бөгөөд тус хэргийн хохирол нь 885.000 төгрөгөөр тогтоогдсон байгаа нь бага хэмжээнээс дээш хэмжээний хохиролд хамаарч байна.

Иймд шүүгдэгч Ц.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт гэм  буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч О.Ш-ад 885.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид гар утсыг биет байдлаар буцаан өгсөн талаарх баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Ц.Б-тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэлгүй байх ба, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан болно.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын гаргасан саналтай танилцаж зөвшөөрсөн тухай баримт зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Б-ыг “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд шүүгдэгч Ц.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар: шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц-ын Б-ыгГээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДОРЖСҮРЭН