Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 00460

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 02 дугаар багт оршин суух, Шарнууд овогт Гомбосүрэнгийн Батбаяр /РН65121975/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багт оршин суух, Байчууд овогт Болдбаатарын Нямдорж /РД92051716/-д холбогдох

Гэм хорын хохирол 635.450 /зургаан зуун гучин таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 155/2017/00059/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, иргэдийн төлөөлөгч Б.Бадрах, нэхэмжлэгч Г.Батбаяр, хариуцагч Б.Нямдорж нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Г.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Г.Батбаяр нь 2016 оны 01 сарын 05-ны өдөр иргэн Б.Нямдоржид зодуулсны улмаас баруун талын 2 хавирга хжгарч биедээ гэмтэл авсан ба уг асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж, зохих хариуцлагыг тооцуулсан юм. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлээд цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний жармаар нэхэмжлэх эрхийг маань нээлттэй үлдээсэн ба өвчин намдаах болон яс бэхжүүлж бороолуулах эм тариа, эмчилгээ хийлгэсний төлбөрөө гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд миний эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 635.450 төгрөгийг хариуцагч Б.Нямдоржоос гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Нямдоржийн миний нэхэмжилсэн эмчилгээний төлбөр 635.450 төгрөгийн тал хувь болох 317.725 төгрөгийг төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагч Б.Нямдорж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Болдбаатар овогтой Нямдорж нь Г.Батбаяр хувийн маргаанаас болж муудалцан хоёр ч удаа шүүхээр, шүүх хурлаар орж түүний нэхэмжилсэн эмчилгээний бодит хохиролын мөнгийг төлж 1 жилийн тэнсэн авсан.

Гэтэл энэ жил дахин надад госдол гаргасан мөнгө нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Би шүүхээс авах ёстой шийтгэлээ аваад Г.Батбаярыг хориролгүй болгосон. Одоо түүний нэхэмжилсэн мөнгийг төлөх боломжгүй байгаа тул миний санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өнгө үү гэжээ.

Хариуцагч Б.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч Г.Батбаярын нэхэмжилсэн нэхэмжлэлийн тал хувийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад 635.450 төгрөгийг нотолсон баримт байхгүй байналээ. Миний зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 635.450 төгрөгийн тал хувь 317.725 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Г.Батбаяр нь хариуцагч Б.Нямдоржид холбогдуулан гэм хорын хохирол 635.450 /зургаан зуун таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад хариуцагч Б.Нямдорж нь нэхэмжлэгч Г.Батбаярт эмчилгээний зардалд 317.725 /гурван зуун арван долоон мянга долоон зуун хорин тав/ төгрөгийг төлөхөөр зохигч эвлэрч байх бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б.Нямдоржоос 317,725 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 10.182 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Батбаярын нэхэмжлэлтэй Б.Нямдоржид холбогдох 635.450 /зургаан зуун гучин таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 317.725 / гурван зуун арван долоон мянга долоон зуун хорин тав/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б.Нямдоржоос 317,725 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 10.182 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ

 

Б.МӨНХТУЯА