Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1325

 

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/01325

 

 

Д.Дорждэрэмийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/00746 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Дорждэрэмийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Монголын Иргэний агаарын тээвэр” ХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Энхтүвшин

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Лхагвабаяр, Э.Рэнчинболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Дорждэрэм нь мэргэжлийнхээ дагуу “МИАТ” ХК-д 22 жил ажиллаж байгаад 2012 оны 12 дугаар сард ХБНГУ-ын Берлин хотод төлөөлөгчийн газрын ерөнхий менежерээр томилогдсон. Томилогдсон 4 жил гаруйн хугацаанд ажлын байрны тодорхойлолт, гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу ямар нэгэн зөрчил, доголдолгүйгээр ажил үүргээ гүйцэтгэж байсан.

Гэтэл “МИАТ” ХК гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/803 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг шууд зогсоохоор хөдөлмөрийн харилцаанд тухайлан заасан ноцтой зөрчил буюу талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.4.5 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил олгогчид урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлаа 2 өдөр буюу түүнээс дээш өдөр тасалсан гэсэн үндэслэл заасан.

Д.Дорждэрэм хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэдгээ өөрийн хүүхдээ эмчлүүлэхээр явсан гэж тайлбарладаг бөгөөд энэхүү тайлбар нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Д.Ананддорж нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл эцэг, эхийн хяналтад эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн эмчийн тодорхойлолтоор нотлогдоно. 2016 оны 12 дугаар сарын 12-ны компаниас нь төлөөлөгч очоод утастаж холбоо барьсаных нь дагуу 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүргэлгүй 2 хоногоор эмчилгээгээ зохицуулж, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөө ирсэн байдаг. Эмнэлэг дээр нь эмчилгээ хийлгэсэн талаар холбогдох мэдээлэл нь байдаг юм билээ. Гэвч түүнийг гадагш гаргадаггүй, хуулбарлуулдаггүй, зүгээр эмчийн тодорхойлолт хийж өгдөг гэсэн стандарт мөрдөгддөг тул эмч л тодорхойлолт хийж өгсөн гэж тайлбарладаг. Харин и-мэйлээр эмчийн тодорхойлолт явуулсан байсныг эх хувийг нь шаардаж авч, сүүлд хэргийн материалд өгсөн. Тэгэхээр өвчтэй хүүхдээ эмчлүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж зайлшгүй үзэх ёстой.

Тушаалын агуулгаас харахад төлөөлөгчийн газрын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэсэн байдаг боловч 2 өдрийн хугацаанд төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа хэвийн байсан бөгөөд ямар нэгэн зөрчил гажуудал гараагүй.

“МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А778 дугаар тушаалын бичилтээс гарахад Д.Дорждэрэмийг ажлаас халах тушаал нь ажил тасалсан гэх энэ 2 өдөртэй ч холбоотой биш, өмнө нь шийдэгдсэн байсан асуудал шиг харагдаж байгаа юм. Учир нь энэ тушаалд компанийн бүтэц, зохион байгуулалт шинээр батлагдсантай холбогдуулан ХБНГУ-ын Берлин хот дахь төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Д.Дорждэрэмийн ажлын гүйцэтгэл, тайлантай танилцаж, ажил үүргийг хүлээлцэх ажлаар Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга н.Дөлгөөнийг томилолтоор ажиллуулсугай гэсэн байна.

Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг хэрэглэх тухай 2006 оны 33 дугаар тогтоол, 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжийн тайлбаруудаас харахад ямар тохиолдлыг ноцтой зөрчил тооцох тухай харилцан тохиролцож уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн нэрлэн заахыг шаардана гэсэн.

Чөлөө авах журмыг зөрчсөн гэж үзэх юм бол гэрээний 9 дүгээр зүйлийн 9.4.5 дахь заалтад заасан байх ёстой. Гэтэл гэрээнийхээ заалтад зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 буюу түүнээс дээш хоногоор гэдэг заалт байгаа. Тийм учраас хууль зүйн үндэслэлгүйгээр халсан гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байгаа гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МИАТ” ХК-ийн захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга н.Дөлгөөн 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хооронд ХБНГУ-ын Берлин хотод албан томилолтоор ажилласан. Томилолтын хугацаанд тус төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Д.Дорждэрэм нь ажлын байран дээрээ байхгүй байсан. Д.Дорждэрэмтэй утсаар холбоо барихад ажлын байрандаа байхгүй байна, орхин явсан шалтгааныг нь тодруулж, ажилдаа ирэх шаардлага тавьсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр томилолтын хугацаанд ажилдаа ирээгүй.

Нислэгийн аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагааг хангаж, төлөөлөгчийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэгтэй ерөнхий менежер нь компанийн удирдлага, захиргаанд урьдчилан чөлөө авах хүсэлт гаргаж, зохих зөвшөөрлөө авалгүйгээр дур мэдэн ажлын байраа орхиж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн. “МИАТ” ХК-ийн ажилтнуудад чөлөө олгох журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ажилтан чөлөө авах хүсэлтээ ажлын 2 хоногийн өмнө захиргаа, хүний нөөцийн хэлтэст хандсан байх ёстой. Мөн зүйлийн 2.2 дахь хэсэгт 1 өдрөөс дээш хугацааны чөлөөний хүсэлтийг зөвхөн бичгээр гаргана гэж, 2.13-т чөлөө олгох хугацаа, чөлөө олгох эрх бүхий албан тушаалтан чөлөө олгох шийдвэр гаргах талаар зааж өгсөн байгаа. Үүнд ажлын 2-5 өдрийн чөлөөг захиргааны захирал чөлөө олгох хуудсаар олгох журамтай.

Нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, ажил олгогчид урьдчилан мэдэгдэлгүйгээр ажил тасалсан тул Д.Дорждэрэмтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.4.5 дахь хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэг, хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.4.5 дахь хэсгийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан явдал нь хуульд нийцэж байгаа гэж үзэж байгаа.

Хөдөлмөрийн гэрээг хоёр тал тохиролцож байгуулдаг. Д.Дорждэрэмтэй харилцан тохиролцож, тодорхой нөхцөл зааж хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн хугацаатай гэрээг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусахаар байсан. Дуусч байгаатай холбоотойгоор Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга н.Дөлгөөн ажлын тайлан, биелэлттэй танилцах, мөн Д.Дорждэрэм нь өөрөө ажил үүрэгтэй холбогдолтойгоор эрүүгийн хэрэгт холбогдон хариу тайлбар өгөх, гэрчийн мэдүүлэг өгөх ажлаар илтгэх хуудас дээр тодорхой тусгагдсан. Мөрдөн байцаах албаны байцаагч тайлбар авахаар бас албан томилолтоор очсон. Эдгээр ажлуудын үүднээс хэвийн үйл ажиллагааг доголдуулсан гэдэг нь хугацаатай хөдөлмөрийн гэрээ нь дуусч байгаа хүний ажлын биелэлттэй танилцах, эрүүгийн цагдаагийн байцаагч тайлбар авахаар явж байсан. Өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг, тайлбар өгөх ёстой хүн ажлын байран дээрээ байгаагүй гэдгийг ноцтой зөрчил гаргасан гэж “МИАТ” ХК үзсэн.

Нэхэмжлэгч ажил дээрээ 2 хоног байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хүүхдэд эмчилгээ шаардлагатай гэсэн бичиг нь өөрөө хуулбар хувь буюу нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт зааснаар МИАТ ХК-д холбогдох ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Д.Дорждэрэмийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Дорждэрэм нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч Д.Дорждэрэмтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн.

Тушаалд үндэслэл болгоод байгаа, хөдөлмөрийн гэрээний 9.4.5-дахь заалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, ажил олгогчид урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлын 2 өдөр буюу түүнээс дээш өдөр ажил тасалсан гэж дурдсан. Энэ заалтаас харахад ажлын 2 буюу түүнээс дээш өдөр ажил дээрээ байгаагүй л бол ноцтой зөрчилд тооцно гэж гэрээнд тохиролцоогүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдэг тухайлсан нөхцлийг тохиролцсон байна.

Тэгвэл Д.Дорждэрэм эмчийн зааврын дагуу Тэрир хотод хүү Д.Ананддоржийг эмчлүүлж байсан нь хэргийн 7 дугаар хуудсанд байгаа, 2016 оны 12 дугаар сарын12-ны өдөр бичсэн эмчийн тодорхойлолтоор нотлогдоно.

Гэтэл шүүх хэрэгт авагдсан эмчийн тодорхойлолт гэх баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүйгээс гадна өвчтөн Д.Ананддорж гэснээс үзэхэд нэхэмжлэгч Д.Дорждэрэмийн хүүхэд мөн эсэх нь тодорхойгүй байна гэсэн буруу дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шйдвэрлэсэн.

Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа эмчийн тодорхойлолтын хуулбар хувийг нэхэмжлэлдээ хавсарган өгсөн боловч дараа нь эх хувийг нөхөн өгсөн бөгөөд энэхүү тодорхойлолтыг хууль ёсоор орчуулгын үйл ажиллагаа явуулж буй орчуулгын товчоогоор орчуулуулж, гарын үсэг тэмдэг дарсан эх хувийг нэхэмжлэлдээ хавсарган өгсөн. Иймд нотлох баримтын хууль ёсны шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн Д.Дорждэрэмийн хүүхдийг Доржсүрэнгийн гэж овоглодог нь ХБНГУ-д мөрдөгддөг албан ёсны стандарт учраас эмч тодорхойлолтоо тэр стандартынхаа дагуу Доржсүрэнгийн Ананддорж гэж хийсэн бөгөөд эмнэлгээс тухайн өвчтөний эмчилгээний баримт бичгийг хувь хүний нууц гэж үзэн зөвхөн эмчийн тодорхойлолт бичиж гарын үсэг зурж өгдөг, тэрхүү гарын үсгийг бодит үнэн баримт бичигт л зурдаг журамтай байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь  хэсэгт заасны дагуу Монгол Улсаас ХБНГУ-ын Берлин хотод суудаг элчин консулаар дамжуулан, нэхэмжлэгч Д.Дорждэрэмийн хүү ДАнанддоржийн эмчилгээний талаар бичсэн эмчийн тодорхойлолт үнэн эсэх, Д.Дорждэрэмийн хүү Д.Ананддоржийг ХБНГУ-д хэрхэн овоглож бичдэг талаар тодруулж нотлох баримт авах шаардлагын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйг давж завж заалдах шатны шүүх залруулах боломжтой гэж үзлээ. 

 

            Нэхэмжлэгч Д.Дорждэрэм нь хариуцагч “МИАТ” ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Б/1166 тоот тушаалаар нэхэмжлэгч Д.Дорждэрэм нь ХБНГУ-ын Берлин хот дахь төлөөлөгчийн газар Ерөнхий менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/803 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч Д.Дорждэрэмтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн дүрмийн 8.8.9, 8.8.11, Хөдөлмөрийн дотоод журмын 11.5, 11.6, хөдөлмөрийн гэрээний 9.4.5 дахь заалтыг тус тус үндэслэж, “компанийн захиргаанд урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр 2016 оны 12 дугаар сарын 12-ноос 14-ний өдрийн хооронд ажил тасалж, төлөөлөгчийн газрын хэвийн үйл ажиллагааг доголдуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл заажээ.

 

Д.Дорждэрэмийг хөдөлмөрийн гэрээний 9.4.5-д заасан үндэслэлгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар үгүйсгэгдэж байна. Учир нь Берлин хотод томилогдож очсон “МИАТ” ХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Дөлгөөний 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бичсэн албан томилолтоо ажилласан тухай илтгэх хуудаст Д.Дорждэрэмтэй утсаар холбогдоход “охиноо эмнэлэгт үзүүлээд өөр хотод ирсэн байгаа” гэсэн шалтгаанаар уулзах боломжгүй гэдэг тайлбар өгсөн гэж тодорхойлжээ.

 

Доржсүрэн овогтой Ананддорж нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл эцэг, эхийн хяналтанд эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн тодорхойлолтод Тэрир хот дахь эмнэлгийн эмч доктор Марк Индих тодорхойлжээ.

 

Дээрх илтгэх хуудсыг, эмчийн тодорхойлолтын агуулгатай харьцуулан үзвэл нэхэмжлэгч Д.Дорждэрэмийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, ноцтой зөрчил гаргасан гэх нөхцөл байдал хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзэхгүй.

 

Ажил олгогч ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд зөрчил гаргасан гэх нөхцөл байдал эргэлзээгүйгээр тогтоогдсон байхыг шаарддаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/803 тоот тушаал нь үндэслэлгүй болжээ.

 

            Иймд нэхэмжлэгч Д.Дорждэрэмийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 

             Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл тооцоход 53 899 994 /нэг сарын дундаж цалин 9 800 000 төгрөг байх ба 5 сар 11 ажлын хоногоор тооцоход/ төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Дорждэрэмийг ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/00746 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Дорждэрэмийг “МИАТ” ХК-ийн Берлин хот дахь төлөөлөгчийн газар Ерөнхий менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 53 899 994 төгрөгийг хариуцагч “МИАТ” ХК-иас гаргуулан нэхэмжлэгч Д.Дорждэрэмд олгосугай.”

 “2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Дорждэрэмийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “МИАТ” ХК-д даалгасугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын дугаарыг “3” гэж, 3 дахь заалтын дугаарыг “4” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                           А.ОТГОНЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА