Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/00438

 

Ч.Чын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/01722 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2250 дугаар магадлалтай,

Ч.Чын нэхэмжлэлтэй

НЗДд холбогдох

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр НЗДас Б/52 тоот захирамж гаргаж ажлаас чөлөөлсөн. Тус сургуулийн төгсөгчдөөс нийт 25 220 053 төгрөгийн хандивийг хувийн дансаар авч үйл ажиллагаа зохион байгуулсан, үйл ажиллагааны явцад бий болсон хөрөнгийн орлогыг сургуулийн данс бүртгэлд тусгадаггүй, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар үр ашиггүй зарцуулсан, байгууллагын эд хөрөнгийг үрэгдүүлсэн гэж үзсэн. Миний захирлаар нь ажиллаж байсан Баянгол дүүргийн 73 дугаар сургууль 1953 онд байгуулагдсан, 470 хүүхдийн суудалтай, 3 ээлжээр хичээллэдэг сургууль байсан. 2012 онд манай сургуулийн барилга Улсын мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагаа явуулах боломжгүй, нурах аюултай гэсэн акт тавигдсаны үндсэн дээр би сургуулийн захирлын хувьд шинэ байртай болохын тулд Нийслэлийн боловсролын газар, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яаманд санал хүргүүлсний эцэст эхний ээлжинд 640 хүүхдийн суудалтай сургууль баригдахаар шийдвэрлэгдсэнийг сургуулийнхаа хүчин чадал, нөхцөл байдлын талаар зохих албан тушаалтнуудад дахин санал хүргүүлсний дүнд 960 хүүхдийн суудалтай шинэ сургуулийг концессийн гэрээгээр бариулж 2017 оны 09 дүгээр сарын 15-нд хүлээн авч сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Шинэ сургуулиа хүлээж авахад үйл ажиллагаа явуулахад шаардлагатай наад захын боловсролын байгууллагад хэрэглэгдэх ямар ч хэрэглэгдэхүүн байгаагүй,хөндий хоосон байшин хүлээж авсан бөгөөд Боловсрол соёл, шинлэх ухаан, спортын яамнаас 17 ангийн ширээ, сандал, самбар, шкаф олгож, бусад анги танхим, мэргэжлийн кабинетууд, коридор, нийтийн эзэмшлийн талбайг тохижуулж багш, сурагч хүүхдүүдэд эрүүл аюулгүй, тав тухтай орчин бүрдүүлэх нүсэр их ажил бидэнд үлдсэн. Шинэ барилгыг хүлээн авах, хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан бөгөөд энэ ажлын хэсгийнхэн маань бүгд үйл ажиллагаа маш сайн зохион байгуулж хандиваар цугларсан 25 220 053 төгрөгийг цэвэр сургуулийнхаа үйл ажиллагаанд зарцуулж тайлан мэдээгээ багш ажилчид, эцэг, эх, төгсөгчид болон ахмад багш ажилчиддаа нэг бүрчлэн тайлагнаж бид урам зоригтойгоор ажил үйлсээ үргэлжлүүлж байсан. Миний хувьд байгууллагынхаа эд зүйл болгоныг өөрийнхөө гэр оронтой адилтган үзэж үндсэн хөрөнгө болон бусад эргэлтийн зүйлсийг арвижуулж нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажилласнаас биш үрэгдүүлж өөртөө ашиглах гэсэн сэтгэл зүйгээр огт хандаж ажиллаж байгаагүй билээ. Иймд хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан бүх хугацааны цалинг нэг сарын 988 907 төгрөг, нэг өдрийн 44 950 төгрөгөөр бодож нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/826 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Нийслэлийн Баянгол дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Ажлын хэсгийн дүгнэлтээр нийслэлийн Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн захирал Ч.Ч нь ажил олгогчийн итгэлийг алдаж, байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон. Иймд Нийслэлийн Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн захирал Ч.Чд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/52 дугаар захирамжаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. 73 дугаар сургуулийн захирал Ч.Ч нь хандив цуглуулж авахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17.1 Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно, 17.3 Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна заалтуудыг зөрчсөн. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр хэсгийн 1.3-т Сургуулийн захирал ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ, 5 дугаар хэсгийн 5.1-д Ажилтан тухайн сургуулийн дотоод журам, хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолт, энэхүү гэрээ болон дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах үүрэгтэй", 6 дугаар хэсгийн 6.2.6-д ...ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагаар тогтоогдсон, 7 дугаар хэсгийн 7.1 Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн болон хууль тогтоомжид заасан бусад зөрчил гаргасан бол холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Ажлын байрны тодорхойлолтын 3-т үйл ажиллагаандаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, зарлиг, захирамж, тогтоол, тушаал шийдвэр, албан даалгавар, албан шаардлага, заавар журам, зөвлөмж, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах, Г хэсгийн 2-д Ажлын байрны зорилго, чиг үүрэг, үйл ажиллагааг биелүүлээгүй, хариуцлагагүй хандсан, НЗД болон Боловсролын газраас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон, ажлын байранд тавигдсан шалгуур шаардлагыг хангаагүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.  гэж тодорхойлсон. Захирал Ч.Ч хувийн дансаар 25 000 000төгрөгийн хандив авах ажиллагааг зохион байгуулсан, спорт заал, мухлаг, бүжгийн заалыг түрээслэж орлого олсон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар буюу зочдод, ахмадуудад гэх мэтээр зарцуулсан, Нийслэлийн өмчийг түрээслэх журмыг мөрдөөгүй, бусдаас хандив хүсэж болохгүй тухай зөвлөмжүүдийг мөрдөж ажиллаагүй. Иймд Ч.Чын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ба нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/01722 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Ч.Чыг Нийслэлийн Баянгол дүүрэг дэх ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 73 дугаар сургуулиас 2 300 830,48 төгрөгийг гаргуулж Ч.Чд олгож, Ч.Чдолгох 2 300 830,48 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжинд хариуцагчаас 51 763,28 төгрөг гаргуулж улсад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2250 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/01722 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Ч.Чыг Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны олговорт 2 300 830,48 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж, шийдвэрийн дугаарыг 1 дугаараар урагшлуулан, шийдвэрийн 2 дахь заалтад ...Ч.Чд олгох гэсний өмнө Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар гэсэн хэсэг нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалд дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүлйийн 16.7 “сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно.”, Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Үндсэн хуульд заасны дагуу төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно.” 40 дүгээр зүйлийн 40.7-д “Суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахыг хориглоно” Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1- т ”Апбан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг Б авах, хүсэхийг хориглоно”, 17.3-т “.Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна” заасныг зөрчснийг анхан болон давж заалдах шатны шүүх үнэлж дүгнээгүй нь хүчин төгөлдөр хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Харин нэхэмжлэгч зарим орлогыг данс бүртгэлд тусгаагүй, орлогыг төрийн сангаар дамжуулаагүй Төсвийн байгууллагын мөнгө кассын ажиллагааны журмыг зөрсөн зөрчилд оролцоотой байх ба энэ нь илүү захиргааны зөрчлийн шинжтэйн гадна захирал нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт сул тавьсан зөрчил байна...” гэж дүгнэсэн. Гэхдээ “Захирал хийх ажлаа дүрэм, журам зөрчиж хийсэн ба түүнийг эрх мэдэл хэтрүүлж хийсэн гэж үзэхгүй болно...” гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2- т заасныг зөрчсөн гэж үзэж байна. 2. Боловсролын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-д“Боловсролын байгууллага нь улсын төсөв, хөрөнгө оруулалт, дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс оруулах сургалтын төлбөр, дүрэмд заасан үйл ажиллагаанд зориулсан хандив, зээл, боловсролын байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлого зэрэг санхүүгийн эх үүсвэртэй байна”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4-д “төсвийн жилийн явцад шинээр бий болсон аливаа орлого, эх үүсвэр, зээл, хандив, тусламж, тэдгээрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны зарлага нь төсвийн бүрэлдэхүүн байх” 25 дугаар зүйлийн 25.7-д “Тусламж, хандивын орлогыг холбогдох журмын дагуу бүртгэж, гүйцэтгэлийг тайлагнана.” 16 дугаар зүйлийн 16.5.1-д “төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах”, 16.5.2-т “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих”, 16.5.7-д “байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах” эрх үүргийг Төсвийн шууд захирагч /сургуулийн захирал/ хэрэгжүүлэхээр заасан боловч хандив, тусламжийн мөнгийг бэлнээр захиран зарцуулах эрхийг хууль, тогтоомжоор болон ажил олгогчийн зүгээс олгоогүй бөгөөд санхүүгийн болон дотоодын хяналт шалгалтаар 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд сургуулийн спорт заалыг түрээслүүлсэн 7150000 төгрөгийн орлогоос /7 хоногт 500 000 төгрөгийн орлого/ 429 500 төгрөгийг анхан шатны баримтгүй зарцуулсан, нягтлан нярвын санхүүчдийн баярын таксинд 200000 төгрөг төлсөн, шинэ жилээр харилцагч байгууллагуудад бэлэг гэж 262500 төгрөг, шинэ жилээр ажилчдад бэлэг гэж 850000 төгрөг, шинэ жилийн оргилуун дарс бялуунд 118800 төгрөг, ӨМӨЗО-ны багш нарыг хүлээн авахад хоол, архи зэрэгт 250000 төгрөг, БГД-ийн 38 дугаар сургуульд болох тэмцээний бооцоонд 200 000 төгрөг гэх мэтээр төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулжээ. Бэлэн мөнгөний кассын ордер болон бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөлд сургуулийн захирал зөвшөөрч гарын үсэг зурсныг нийслэлийн Дотоод аудитын албаны гүйцэтгэл нийцлийн хэлтсийн ахлах аудитор санхүүгийн хяналт шалгалтын Улсын байцаагч Н.Наранчимэг шалгалтаар тогтоогдсон. Гэтэл шүүх “...Сургуулийн захирал байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан үрэгдүүлсэн байдал харагдахгүй байна.” гэж дүгнэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг буруу тайлбарлан дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Сургуулийн захирал нь сургуулийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах эд хариуцагч бөгөөд тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрх мэдлийг Нийслэлийн өмчийн газартай гэрээ байгуулан авсан удирдах албан тушаалтан юм. Өөрөөр хэлбэл тодорхой зориулалт чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан юм. Сургуульд өгсөн хандив тусламж, өөрийн үйл ажиллагааны орлого нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд сургуулийн захирал дур мэдэн бэлнээр захиран зарцуулах эрхгүй байдаг. Сургуулийн захирал нь удирдах албан тушаалтны хувьд Авлигын тухай хуулийн 4.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд /3.1.4/ зааснаар нийтийн албан тушаалтан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т “ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээлэл хүлээн авах ажлыг зохион байгуулах, мэдээлэл, мэдэгдлийн дагуу шалгах, хариуцлага хүлээлгэх“ төрийн байгууллагын үүргийнхээ хүрээнд шалгалт явуулахад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3-т заасан хязгаарлалтыг зөрчсөн болох нь тогтоож, 29 дүгээр зүйлийн 29.2.3-т зааснаар хариуцлага хүлээлгэснийг үнэлж дүгнээгүй нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ” заасныг зөрчиж хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. 4. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн166.4-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” зааснаар хэргийг бүхэлд хянан үзээгүй гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Ч.Ч нь хариуцагч НЗДд холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/52 тоот захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 29 дүгээр зүйлийн 29.2.3, Хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр хэсгийн 1.3, 2 дугаар хэсгийн 2.3, 6 дугаар хэсгийн 6.2.6, 7 дугаар хэсгийн 7.1, 7.2 дах заалтыг баримтлан, сургуулийн төгсөгчдөөс нийт 25 220 053 төгрөгийн хандивыг хувийн дансаар авч үйл ажиллагаа зохион байгуулсан, хөрөнгө орлогыг сургуулийн данс бүртгэлд тусгадаггүй, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар үр ашиггүй зарцуулсан, байгууллагын эд хөрөнгийг үрэгдүүлсэн зэрэг зөрчлүүд нь хяналт шалгалтаар тогтоогдсон гэж үзэж, Ч.Чыг Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.  Ажилтан, ажил олгогчийн хооронд 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж, 2018 оны 3 сарын 06-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулсан атлаа дуусгавар болсон гэрээнд заасан ноцтой зөрчлийг гэрээг цуцлах үндэслэлд хамааруулсан тушаалын хууль зүйн үндэслэл Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/826 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын орлогчийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн удирдамжийн дагуу Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн үйл ажиллагаанд шалгалт хийж, нэхэмжлэгч нь хандивын мөнгийг “Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм”-ийг зөрчиж зарцуулсан, спорт заал түрээсэлсэн мөнгийг анхан шатны баримтгүй, төсвийн бус зориулалтаар түрээсийн орлогоор авсан тавилгыг хөрөнгийн бүртгэлд аваагүй зэрэг зөрчил гаргасан гэж дүгнэлт гаргасан боловч зарим зөрчлийг  Ч.Ч гаргасан болох нь тогтоогдоогүй, сургуулийн хөрөнгийн бүртгэлийн орлогод эд хөрөнгө бүртгээгүй зөрчилд нэхэмжлэгчийг буруутай гэж үзэх боломжтой боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.” гэсэн зохицуулалтыг зөрчих тул сахилгын арга хэмжээ авах үндэслэлгүй байжээ.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, зохигчдын хоорондох хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан зохицуулалт, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхино.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн нэг шаардлага болох “нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлагад хууль хэрэглээгүй анхан шатны шүүхийн алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр   сарын 05-ны өдрийн 2250 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

 

         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

        ШҮҮГЧ                                                      П.ЗОЛЗАЯА