Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 617

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Б, Б.Ц, Г.Ч,

Х.Ш, Т.Э, Т.Д,

Б.Я нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батжаргал,

яллагдагч Н.Б, түүний өмгөөлөгч П.Баасанжав,

яллагдагч Б.Ц, түүний өмгөөлөгч А.Ариунаа,

яллагдагч Г.Ч, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, Г.Сүхээ,

яллагдагч Т.Э, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл,

яллагдагч Т.Д, түүний өмгөөлөгч Х.Мөнгөнсүх,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 992 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Батжаргалын бичсэн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 25 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Н.Б, Б.Ц, Г.Ч, Х.Ш, Т.Э, Т.Д, Б.Я нарт холбогдох 1802001010057 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Олхинууд овогт Н-н Б, 1988 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцааны менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн .................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................../,

2. Шарайд овогт Б-н Ц, 1986 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, ах нарын хамт Чингэлтэй дүүргийн .................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................../,

3. Боржигон овогт Г-н Ч, 1992 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ..................тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................../,

4. Олхонууд овогт Х-н Ш, 1982 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, охины хамт Баянгол дүүргийн ..................тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................../,

5. Боржигон овогт Т-н Э, 1984 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн ..................тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................../,

6. Өндөрийнхөн овогт Т-н Д, 1990 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Орхон аймгийн .................. тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ................../,

- Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 113а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнссэн гэх,

7. Хонгорынхон овогт Б-н Я, 1983 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Төв аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эх, ах, дүү нарын хамт Төв аймгийн .................. тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ................../,

- Төв аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4, 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, хянан харгалзсан гэх,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзсан гэх,

- Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 386 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 608 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 20 хоногийн баривчлах ял шийтгүүлсэн.

- Баянгол дүүргийн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн гэх,

1. Н.Б нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэх үедээ карго илгээмжээр /принтерийн хайрцаг дотор/ 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн,

Баянгол дүүргийн 8 дугаар хороо 7 дугаар байрны 2-6 тоотод 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртлэх хугацаанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдаалсан,

2. Б.Ц нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан хадгалсан,

3. Г.Ч нь Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжил хотхоны гадаа 86-50 УББ улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Марк Экс” загварын автомашинд 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс”, “шавар” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

4. Х.Ш нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан хадгалсан, бусдад худалдаалсан,

5. Т.Э нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар”, “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,

6. Т.Д нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,

7. Б.Явуулхулан нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 0.5 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: Т.Э, Т.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Ц, Г.Ч, Х.Ш, Б.Я нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Н.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүх, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Н.Б нарын 7 хүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ. Үүнд:

Прокурор, яллагдагч Б.Цод 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлджээ. Улмаар Б.Цыг яллагдагчаар 2018 оны 3 дугаар сарын 3-ны өдөр байцаалт авсан байна. Энэ байдлыг техникийн шинжтэй алдаа гэж дүгнэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт засах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэх үндэслэлээр Н.Б, Б.Ц, Г.Ч, Х.Ш, Т.Э, Т.Д, Б.Я нарт холбогдох 1802001010057 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Батжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж хэргийг мөрдөгчид хүргүүлсэн ба мөрдөгчийн зүгээс 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр прокурорын Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг Б.Цод танилцуулж, яллагдагчаар байцаалт авахад өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө хэмээн мэдүүлэг өгөхөөс татгалзсан байдаг. Мөрдөгч Б.Цыг өмгөөлөгчийн хамт 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар дахин мэдүүлэг авсан байдаг ба уг мэдүүлгийг авахдаа 2018 оны 3 дугаар сарын 3-ны өдөр гэж байцаалт авсан өдрийг 3-ын өмнөх 2-ын тоог орхиж бичсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн. Яллагдагчаар байцаасан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.1-д зааснаар нотлох баримтаар тооцохгүй байх шийдвэр шүүх гаргах боломжтой байсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлд заасан нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа биш гэж үзэж байгаа учраас хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Яллагдагч Н.Бгийн өмгөөлөгч П.Баасанжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” гэсэн шаардлагыг тавьсан. Энэ хууль ёсны шаардлагыг тавиагүй бол хүчингүй болох ажиллагаа юм. Тийм учраас хуульд нийцүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах зарчмын үүднээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзсэн.” гэв.

Яллагдагч Б.Цын өмгөөлөгч А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурор эсэргүүцэлдээ шүүгчийн захирамжид заасан мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах гэж үзэж байна. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байцаалт юм. Гэхдээ энэ байцаалтын 3-ны өдөр аваагүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой харагдаж байгаа. Тэгэхээр энэ байдлыг техникийн шинжтэй алдаа гэж үзэх боломжгүй. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн талаар нотлогдвол зохих асуудал нотлогдоогүй гэх миний урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтэд дурдсан энэ ажиллагаа байгааг давж заалдах шатны шүүхээс анхаарч өгнө үү. Учир нь 3 дугаар сарын 13-ны өдөр эдгээр хүмүүсийг хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн байх үед нь байцаалт авсан. Ингэж байцаалт авж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй согтуурсан мансуурсан хүмүүсээс байцаалт авсан. Энэ мэдүүлгээ гол яллах үндэслэл болгосон. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Мөн яллагдагч, шүүгдэгч нь өнөөдрийн байдлаар гэм буруутай гэм буруугаа нотлох үүрэг хүлээдэггүй. Мөн мөрдөгч нь мэдүүлэг өгөхөөр албадах эрхгүй гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дугаар зүйлийн заасан. Гэтэл үүнийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгөхөөр албадсан байдал харагдаж байгаа. Мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг нотлоогүй. Өөр өөр хэлбэл худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан гэж байгаа боловч худалдаалах зорилгоор олж авсан гэдгийг шалгасан талаарх нотлох баримт байхгүй. Энэ байдлаас дүгнэхэд мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв.

Яллагдагч Т.Дын өмгөөлөгч Х.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Урьдчилсан хэлэлцүүлэгт өөрийн үйлчлүүлэгч Т.Дтай холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа хууль зөрчсөн гэсэн асуудлаар хүсэлт тавьсан. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.4, 6.17 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татсан тогтоол ойлгомжгүй талаар хүсэлт гаргасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдал, тус зүйл хэсгийн 1.3 дугаар зүйлд заасан заалтуудыг зөрчсөн.  Энэ нь мөрдөн шалгах ажиллагаагаар хийгдээгүй. Иймд мөрдөн шалгаж ажиллагаанд буцааж өгнө үү.” гэв.

Яллагдагч Г.Чын өмгөөлөгч Б.Энхтуяа, Г.Сүхээ, яллагдагч Т.Эын өмгөөлөгч Ш.Сарангэрэл нар тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй гэв.

Яллагдагч Н.Б, Б.Ц, Г.Ч, Т.Э, Т.Д нар тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 992 дугаар шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хоёрдугаар хавтаст хэргийн 59 дүгээр хуудаст Б.Цыг 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар татах тухай тогтоол үйлдсэн, 62-63 дугаар хуудаст 2018 оны 3 дугаар сарын 3-ны өдөр яллагдагчаас мэдүүлэг авсан талаар бичигдсэн байх боловч энэ нь мөрдөн байцаагч буруу бичсэн техникийн шинжтэй алдаа байх бөгөөд дээрх зөрчил нь ноцтой үр дагавар үүсгэхээргүй байна.

Нэр бүхий бусад яллагдагч нараас 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлэг авсан /2 дугаар хавтаст хэргийн 53-91 дүгээр хуудас/ байх тул шүүгдэгч Б.Цоос зөвхөн 2018 оны 3 дугаар сарын 3-ны өдөр мэдүүлэг авсан гэж үзэхээргүй байна.

Яллагдагч Н.Б, Б.Ц, Г.Ч, Х.Ш, Т.Э, Т.Д, Б.Я нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа зохих журмаар хийгдсэн байх тул шүүх хуралдаанд хэргийн оролцогч нарыг оролцуулан зохих мэдүүлэг, тайлбарыг авч, холбогдох шаардлагатай материалыг прокуророос гаргуулан авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тодруулах замаар хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй байвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлыг бий болгодог учир яллагдагчийн хувийн байдалтай холбоотой мэдээлэл болох ял шийтгэл эдэлж байсан эсэх, Эрүүгийн хуулийн аль зүйлд заасан гэмт хэрэгт хэдэн удаа шийтгүүлж байсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн яллах дүгнэлтэд тодорхой тусгаж, холбогдох баримт материалыг хэрэгт хавсаргах нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэргийг шийдвэрлэх, яллагдагчийн хувийн байдлыг үнэн зөв тодорхойлох, эдгээр байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулахад чухал ач холбогдолтой болохыг дурдах нь зүйтэй.

Иймд “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, яллагдагч Н.Б, Б.Ц, Г.Ч, Х.Ш, Т.Э, Т.Д, Б.Я нарт холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулуулахаар шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 992 дугаар захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Н.Б, Б.Ц, Г.Ч, Х.Ш, Т.Э, Т.Д, Б.Я нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Б.Яд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Н.Б, Б.Ц, Г.Ч, Х.Ш, Т.Э, Т.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                      Ц.ОЧ