| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 116/2021/0006/З |
| Дугаар | 221/МА2023/0259 |
| Огноо | 2023-04-19 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2023/0259
“П Д Т” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар,
Нэхэмжлэгч: “П Д Т” ХХК,
Хариуцагч: Дорнод аймаг дахь Төрийн аудитын газар,
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Х нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж,
Хэргийн индекс: 116/2021/0006/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “П Д Т” ХХК нь Дорнод аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан “Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын нэр бүхий аудитор нарын үйлдсэн 03/80 ДОА-2020/06-НА дугаар төлбөрийн актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн аудитын тухай хууль /2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн/-ийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.5, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.6, 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг тус тус баримтлан Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор нарын “Төлбөр тогтоох тухай” 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03/80 ДОА-2020/06-НА дугаар актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож нэхэмжлэгч “П Д Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
3.1. Шүүх хэт нэг талыг барьж хэрэг маргааныг хянахдаа шүүгчийн үзэмжээр бус хувийн үзэмжээр хэрэг маргаанд хандсан болох нь түүний гаргасан шийдвэрээс илт тодорхой харагдаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагын дагуу хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хууль бус шийдвэр гаргасан.
3.2. Нэхэмжлэгчээс 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан “Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын нэр бүхий аудитор нарын үйлдсэн ДОА-2020/06-НА03/80 тоот төлбөрийн актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагаа өөрчилж, “хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “.... хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно ...” гэж хуульчилсан. Тэгвэл “Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын нэр бүхий аудитор нарын үйлдсэн ДOA-2020/06-НА03/80 тоот төлбөрийн акт нь хууль зөрчсөн, эрх зүйн зөрчилтэй байж гэмээ нь уг акт нь хууль бус болно. Гэтэл шүүхийн шийдвэрт “Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны А/100 дугаар тушаалаар батлагдсан “Аудитын төлөвлөгөө шинэчлэн батлах тухай” тушаал, Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг үндэслэн “Гадаадаас ажиллах хүч авах, ажиллуулахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт”-д нийцлийн аудит хийж, Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор /маргаан бүхий/ “Төлбөр тогтоох тухай” 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03/80ДОА-2020/06-НА дугаар актыг гаргажээ” гэж дүгнэсэн. Үндсэндээ хүчин төгөлдөр төлөвлөгөө, хуулийн эрх хэмжээний дотор акт тогтоосон байхад хууль зөрчсөн мэтээр шүүх дүгнэлт хийсэн нь хууль бус.
3.3. Шүүх “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны А/100 дугаар тушаалаар батлагдсан “Аудитын төлөвлөгөө шинэчлэн батлах тухай” тушаал хэрэгт байхгүй” гэж дүгнэжээ. Энэхүү тушаалыг шаардлагатай бол шүүх өөрөө авч болно. Мөн “нийтэд илэрхий үйл баримтыг дахин хэргийн материалд өгөх шаардлагагүй” гээд аваагүй байтал “энэхүү баримт нь хэрэгт байхгүй учраас дүгнэлт хийх боломжгүй” гэсэн атлаа хариуцагчийг буруутгасан нь хууль бус.
3.4. Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий аудиторын 201 дүгээр тушаалаар батлагдсан “Аудитын төлөвлөгөө шинэчлэн батлах тухай” тушаал, Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг үндэслэн гадаадаас ажиллах хүч авч ажиллуулахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтэд нийцлийн аудитыг хийсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа шиг үндэслэлгүй, хууль зөрчсөн илт хууль бус захиргааны актыг гаргаагүй.
Нэхэмжлэгч “Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын нэр бүхий аудитор нарын үйлдсэн ДОА-2020/06-НA03/80 тоот төлбөрийн актыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж анх маргасан. Шүүх хуралдааны явцад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус болох гээд 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.1-д “... утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.2-т “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй”, 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.4-т “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус” 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй ...” гэх үндэслэлүүдийг тодорхойлсон алинаар нь маргаж байгаа болохыг тодруулсан боловч тайлбарлаагүй.
Хууль бус гэж маргаж байгаа тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан хууль бус эерэг нөлөөлөл, сөрөг нөлөөлөл захиргааны актын талаар асуухад хариулаагүй, шүүх ч энэ талаар огт дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийн тухайд огт дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн.
3.5. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ “....Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2-т “Хяналт шалгалтын байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд таваас доошгүй хоногийн өмнө шуудангаар, утсаар, эсхүл биечлэн мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд шалгалт хийх байгууллагын нэр, шалгалт эхлэх ба дуусах хугацааг заана” гэсний дагуу урьдчилан мэдэгдээгүй хяналт шалгалт явуулсан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д “Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ” гэсний дагуу шалгалтын удирдамжийг өгөөгүй ...” гэж маргадаг.
Үндэсний аудитын газар, түүний харьяа Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын үйл ажиллагаа нь Төрийн аудитын тухай хуулиар зохицуулагддаг. Төрийн аудитын байгууллагын тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээч нь Төрийн аудитын тухай хуулийн хүрээнд төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн тусгай албан хаагч нар. Иймд Төрийн хяналт шалгалтын тухай хууль хамаарахгүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн зорилт нь төрийн хяналт шалгалтын тогтолцоо, төрийн захиргааны хяналт шалгалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдсэн.
Нэхэмжлэгч “П Д Т” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитыг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны А/100 дугаар тушаалаар батлагдсан “Аудитын төлөвлөгөө шинэчлэн батлах тухай” тушаалыг үндэслэн Төрийн аудитын тухай хуулиар тодорхойлсон Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд “Гадаадаас ажиллах хүч авч ажиллуулахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт”-д нийцлийн аудит хийсэн. Аудитаар Гадаадын иргэн харьяатын газрын зүүн бүс дэх газар, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүд, Дорнод аймаг дахь аж ахуйн нэгж, байгууллагууд болон тэдгээрийн 2018-2020 оны үйл ажиллагааны тайлан, мэдээ, судалгаа холбогдох баримт материалуудыг цаасаар болон цахимаар авч дүн шинжилгээ хийсэн.
Аудитын дүн шинжилгээнээс харахад “ХХЕМ” ХХК, “Ш Ш” ХХК, “Т Г М К М” ХХК, “П Д Т” ХХК гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд хууль, тогтоомжид заасан хувь хэмжээнээс илүү гадаад ажилтан авч ажиллуулсан зөрчил урьдчилсан байдлаар тогтоогдсон. Зарим компани 3 шатны шүүхээр маргаж, аудитын актууд өнөөдөр хүчин төгөлдөр болж, хууль зөрчсөн хуулийн этгээдүүд төлбөрөө бүрэн төлсөн байдалтай байна.
Аудитын баг дээрх аж ахуй нэгжүүд дээр очиж тулган баталгаажуулалт хийгдсэн. Газрын тосны 19 дүгээр талбайн үйлдвэрлэлийн баазын даргатай 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр утсаар ярьж “Гадаадаас ажиллах хүч авч ажиллуулахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт”-д хийх нийцлийн аудитаар очих тухайгаа урьдчилан мэдэгдэж аудитын төлөвлөгөөг түүний хэлсэн [email protected] цахим хаягаар илгээсэн. Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудитор Б.Б, аудитын менежер В.Ц, аудитор М.У, гэрээт аудитор 3.Ш нар “П Д Т” ХХК-ийн 19, 21 дүгээр талбай дээр 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр очиж аудитын төлөвлөгөө хөтөлбөрийг танилцуулан аудитыг гүйцэтгэсэн. Гадаад харилцааны хэлтсийн менежер, гадаад харилцаа гаалийн ажилтан, нягтлан бодогч нараас газрын тосны 19, 21 дүгээр талбайд 2018-2020 онд ажилласан Монгол, гадаад ажилчдын тоог авч хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж, аудитаар илэрсэн асуудлын бүртгэл хөтлөн Бүгд Найрамдах Хятад Ард улсаас орж ирээд гэрийн хорионд байгаа захиргаа аж ахуйн хэлтсийн менежер H-д онлайн /we chat/-aap танилцуулж, асуудлыг бүртгэлийг хүргүүлж гарын үсэг зуруулан авсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагынхаа гол үндэслэл болгосон тайлбар нь үндэслэлгүй байхад түүнийг хангаж шийдвэрлэж байгаа нь хууль бус.
3.6. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын үйлдсэн төлбөрийн актын үндэслэл болгосон баримт бичиг нь манай компанийн тухайн шалгалтын зүйлд хамаарах эрх бүхий хариуцсан албан тушаалтны үнэн зөв баримт материал, мэдээллээр бус зөвхөн өөрсдийн бодит бус тооцооллын үндсэн дээр гаргаж авсан тоон мэдээлэлд тулгуурлан төлбөрийн актыг манай компанид оногдуулсан ...” гэдэг.
Дорнод аймаг дахь Төрийн аудитын газар нь Төрийн аудитын тухай хууль, АОУС, төрийн аудитын стандартад заасны дагуу баримт материалыг цуглуулж, үнэлж, дүгнэдэг бөгөөд бодит бус тооцооллын үндсэн дээр гаргаж авсан тоон мэдээлэлд тулгуурлан үнэлэлт дүгнэлт гаргадаггүй. Аудитаар гадаадаас ажиллах хүч авч ажиллуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд болон тэдгээрийн тайлан, мэдээ, судалгаа, баримт материалуудыг холбогдох төрийн байгууллагуудаас гаргуулан авч дүн шинжилгээ хийсэн. Аудитын баг тулган баталгаажуулалтаар “П Д Т” ХХК-ийн 19, 21 дүгээр талбай дээр 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр очиж аудитын төлөвлөгөө, хөтөлбөрийг танилцуулан аудитыг гүйцэтгэсэн. Засгийн газрын төлөөлөгч, гадаад харилцааны хэлтсийн менежер, гадаад харилцаа гаалийн ажилтан, нягтлан бодогч нараас газрын тосны 19, 21 дүгээр талбайд 2018-2020 онд ажилласан Монгол, гадаад ажилчдын тоог авсан. Аудитаар илэрсэн асуудлын бүртгэлийг хөтлөн танилцуулж, тус компанид Монгол, гадаад ажилчдын тоотой холбоотой нэмэлт тайлбар, мэдээлэл өгөх боломжийг олгосон боловч асуудлын бүртгэлд хариу өгөөгүй.
Дорнод аймгийн Халхгол, Матад суманд газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа газрын тосны 19, 21 дүгээр талбай нь Монгол, гадаад ажилчдын ажил үүргээ гүйцэтгэж байгаа газар. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагынхаа гол үндэслэл болгосон тайлбар нь үндэслэлгүй болох нь дээрх байдлаар няцаагдаж байхад нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргасан нь хууль бус байна.
3.7. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй нь манай компани хууль ёсны эрх ашгийг хамгаалах, үнэн бодит тайлбар, баримт гаргах, захиргааны үнэн зөв, хууль ёсны акт, шийдвэр гаргахад бидний оролцоог хангах боломжийг орхигдуулсан ...” гэдэг.
“П Д Т” ХХК-ийн Монгол, гадаад ажилчдын оршин байгаа газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа 19, 21 дүгээр талбайн холбогдох албаны хүмүүст 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр аудитаар илэрсэн асуудлын бүртгэлийг танилцуулснаас хойш ажлын 10 хоногт хариу ирүүлээгүй тул хуулиараа зөрчлийг хүлээн зөвшөөрснөөр тооцсон. Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 701 дүгээр албан бичгээр аудитаар илэрсэн зөрчил төлбөрийн актын төслийг Төрийн аудитын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Төрийн аудитын байгууллага албан шаардлага, төлбөрийн актыг шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй аудитад хамрагдагчид Захиргааны ерөнхий хуульд заасан журмаар мэдэгдэнэ” гэсэн заалтын дагуу хүргүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагынхаа гол үндэслэл болгосон тайлбар нь үндэслэлгүй болох нь дээрх байдлаар няцаагдаж байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль бус.
3.8. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... Төлбөрийн актын хууль зүйн үндэслэл нь алдаатай, хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн ...” гэжээ.
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 9 дүгээр зүйлийн 9.5 дахь заалтуудыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 398, 2019 оны 118 дугаар тогтоолуудад гадаадын хөрөнгө оруулалттай газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “П Д Т” ХХК-ийн 2019 онд гадаадаас авах ажиллах хүчний тоог тогтоосон. Энэ нь Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгож буй тус компанийн гадаадаас авах ажиллагсдын тооны хязгаар юм. Харин дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтуудыг үндэслэн тогтоосон Засгийн газрын 2018 оны 377 тогтоолд 2019 онд газрын тос, байгалийн хийн олборлолтын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагын нийт ажиллагсдын тоонд гадаадын ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг зааж өгсөн. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-д гадаад иргэнийг ажлын байраар хангаж орлого олох ажил үйлчилгээ эрхлүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин, нийт ажиллагсдын тоонд эзлэх гадаад ажиллагсдын хувь хэмжээг хэтрүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг тус тус төлөхөөр заасан.
Иймд “П Д Т” ХХК-ийн Засгийн газрын 2018 оны 377 дугаар тогтоолд заасан 2019 онд газрын тос, байгалийн хийн олборлолтын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагын нийт ажиллагсдын тоонд гадаадын ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг мөрдөж ажиллаагүй зөрчилд төлбөрийн акт тогтоосон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагынхаа гол үндэслэл болгосон тайлбар нь үндэслэлгүй болох нь дээрх байдлаар няцаагдаж байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хууль бус байна.
3.9. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж заасны дагуу газрын тосны хайгуул, олборлолтын салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, тэдгээрийн туслан гүйцэтгэгч нарт хамаарахгүй хуулийн зохицуулалт. Газрын тосны хайгуул, олборлолтын салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, тэдгээрийн туслан гүйцэтгэгч нарын эрх зүйн харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар биш Газрын тосны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тостой холбогдсон харилцаанд энэ хууль үйлчилнэ” гэж заасны дагуу газрын тосны салбарын хууль тогтоомжуудаар зохицуулдаг...” гэжээ.
Нийцлийн аудитаар гадаадаас ажиллах хүч авч ажиллуулахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтэд нийцлийн аудит хийгдсэн. Аудитаар Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн хэрэгжилтийг шалгасан. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн зорилт нь “Монгол Улсын иргэнийг гадаадад, гадаадын иргэнийг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан. Төлбөрийн актыг Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн заалтыг үндэслэн тогтоосон.
Газрын тосны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “... Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тостой холбогдсон харилцаанд энэ хууль үйлчилнэ” гэж заасан. Уг нийцлийн аудитаар Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тос олборлох үйл ажиллагааг шалгаагүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагынхаа гол үндэслэл болгосон тайлбар нь үндэслэлгүй болох нь дээрх байдлаар няцаагдаж байна.
3.10. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... Манай компанийг давхардсан тоогоор 2019 оны 1-12 дугаар сарын хугацаанд 7176 гадаад ажилтан хөдөлмөр эрхлүүлснээс 1661 гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг төлөөгүй гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй. Манай компанийн эзэмшлийн газрын тос олборлох Тосон-Уул 19, Тамсаг 21 дүгээр талбайн зөвхөн ажилчдын сар бүрийн ажлын өдрийн ирцийн тайлан мэдээний тоог дундажлан тооцож төлбөрийн актыг бодит үндэслэлгүйгээр тогтоосон байна. Ажилчдын өдрийн ирц бүхий тайлан мэдээ нь компанийн дотоод хөдөлмөр зохион байгуулалт, ажилчдын ирц, бүтээмжид үнэлгээ өгөх зорилгоор гаргадаг албан бус тоо бүртгэлийн баримт...” гэсэн.
Аудитаар Гадаадын иргэн харьяатын газрын зүүн бүс дэх газар, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүд, Дорнод аймаг дахь аж ахуйн нэгж, байгууллагууд болон тэдгээрийн 2018-2020 оны үйл ажиллагааны тайлан, мэдээ, судалгаа холбогдох баримт материалуудыг цаасаар болон цахимаар авч дүн шинжилгээ хийсэн. Аудитын дүн шинжилгээнээс харахад гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд хууль, тогтоомжид заасан хувь хэмжээнээс илүү гадаад ажилтан авч ажиллуулсан зөрчил урьдчилсан байдлаар тогтоогдсон. Аудитын баг “П Д Т” ХХК-ийн 19, 21 дүгээр талбай дээр 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр очиж аудитын төлөвлөгөө хөтөлбөрийг танилцуулан аудитыг гүйцэтгэсэн. Гадаад харилцааны хэлтсийн менежер, Засгийн газрын төлөөлөгч, гадаад харилцаа гаалийн ажилтан, нягтлан бодогч нараас газрын тосны 19, 21 дүгээр талбайд 2018-2020 оны ажилласан Монгол, гадаад ажилчдын тоог авч хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэхийг үзэж аудитаар илэрсэн асуудлын бүртгэл хөтлөн танилцуулсан. Аудитад шаардлагатай баримт материал, тоо бүртгэлийг анхан шатны үнэн бодитой эх үүсвэрээс авсан. Дорнод аймгийн Халхгол, Матад суманд газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа газрын тосны 19, 21 дүгээр талбай нь Монгол, гадаад ажилчдын ажил үүргээ гүйцэтгэж байгаа газар юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагынхаа гол үндэслэл болгосон тайлбар нь үндэслэлгүй болох нь дээрх байдлаар няцаагдаж байна.
3.11. Аудитын баг Дорнод аймгийн Халхгол, Матад сумын нутагт газрын тос олборлож буй “П Д Т” ХХК-ийн 19, 21 дүгээр талбай дээр 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр очиж Монгол, гадаад ажилчдын тоог авч хууль, тогтоомжид нийцэж буй эсэхийг шалгасан. Мөн Монгол Улсын хилээр сар бүр орж гарч байсан гадаад ажилчдын тоог Хилийн 0306 дугаар ангиас гаргуулан авсан. “П Д Т” ХХК-ийн 2018-2020 онуудад сар бүр ажилласан гадаад ажилтнуудын тоо Хилийн 0306 дугаар ангиас гаргуулан авсан гадаад ажилтнуудын тоотой таарч байсан. Иймд Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын тайлан, төлбөрийн актад дурдсан Монгол, гадаад ажилчдын тоо нь албан ёсны үнэн бодитой тоо баримт юм.
3.12. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, хууль хэрэглээний алдаа гаргаж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах 2 үндэслэл байхад түүнийг огт үгүйсгэж шийдвэр гаргасан.
Тодруулбал, “П Д Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймаг дахь Төрийн Аудитын газарт холбогдох “Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын нэр бүхий аудитор нарын үйлдсэн ДОА-2020/06-НА03/80 тоот төлбөрийн актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 21, 54 дүгээр зүйл, 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус зааснаар нэхэмжлэлийг хүлээж авах хангалттай үндэслэл бүрдсэн. Өмнөх шүүх хуралдаанд дээрх хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан, түүнчлэн шүүх хуралдаан дээр дахин гаргасан боловч бичгээр дахин ирүүл гэсний дагуу хүсэлтийг нэгтгэн дахин хүргүүлсэн. Дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “... нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан”, 54.1.8-д “... энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэх хуульд заасан үндэслэлүүд бүрдсэн байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус байна.
3.13. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд “Нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн хэлбэр, бүрдүүлбэр”, 52.1-д “... Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд түүнд нэхэмжлэгч, эсхүл түүний төлөөлөгч гарын үсэг зурсан байна”, 52.3-д “Нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан бол төлөөлөх эрх олгосон баримт бичиг болон итгэмжлэлийг хавсаргана” гэж заасныг тэргүүн ээлжид шалгаж, уг шаардлагыг хангаагүй тохиолдолд нэхэмжлэлийг мөн хуулийн 54 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах зохицуулалттай. Гэтэл анх Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, итгэмжлэл нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан “... Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө”, 27.3-д “Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ нотлох баримт бичиг, бусад этгээд олгосон итгэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгнө” гэх заалтуудыг шалгалгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн байхад түүнийг хүлээн авч хэрэг үүсгэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн.
Учир нь Хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд нэхэмжлэл гаргасан этгээд нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б байна. Түүнд хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 21/1-117 дугаар албан бичгээр итгэмжлэлийг “П Д Т” ХХК-ийн дэд ерөнхийлөгч гэх албан тушаалтай В Ю олгосон. Гэтэл хавтаст хэргийн 12 дугаар хуудасны ард байх “П Д Т” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ерөнхий захирал гэх албан тушаалтай J овогтой H байх ба тэрээр улсын бүртгэлд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр бүртгэгдсэн байна. Үүнээс хойш “П Д Т” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн мэдээлэлд өөрчлөлт ороогүй болох нь нэхэмжлэлд түүнд хавсарган өгсөн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна. Түүнчлэн нийтэд илэрхий, нээлттэй, хаанаас, хэн ч шалгах боломжтой Улсын бүртгэлийн ерөнхий газрын http://opendata.burtgel.gov.mn/ гэх сайтаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийг *** дугаар регистрийн дугаараар шүүлт хийхэд “П Д Т” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй, улсын бүртгэлд бүртгэлтэй этгээд нь нөгөө л улсын бүртгэлийн гэрчилгээ дээр бичилттэй байгаа J овогтой H /Ж овогтой Х/ болох нь нотлогдож байна. Түүнчлэн сүүлийн үед захиргааны хэргийн шүүхийн нэхэмжлэл, түүнд тавигдах шаардлагын нэг болсон хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хүлээж авахдаа хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг авч, нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нь хэн аль нь болохыг шалгадаг ажиллагааг огт хийлгүйгээр “П Д Т” ХХК-ийн нэхэмжлэлийг шууд хүлээж авсан нь хууль зөрчих шалтгаан болжээ. Иймд хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу “П Д Т” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь J овогтой H байсаар байтал ямар ч улсын бүртгэлд бүртгэлгүй, компанийг төлөөлөх эрхгүй этгээд болох В Ю гэх хүнээс итгэмжлэл авч, Б.Б нэхэмжлэл гаргасан нь хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар “... нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж үзэхээр байна.
Шүүх нэгэнт нэхэмжлэгч “П Д Т” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг 54.1 дэх заалтыг үндэслэн 54.2-т “... Нэхэмжлэлийг энэ хуулийн 54.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзахдаа шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, уг нэхэмжлэлийг дахин гаргах, эсхүл хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж, нэхэмжлэлийг буцаана” гэсний дагуу “П Д Т” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдээс итгэмжлэл авч нэхэмжлэл гаргасан Б.Бий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байтал, татгалзалгүй хэрэг үүсгэсэн нь илтэд хуулийг зөрчсөн ажиллагаа болсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд “хэрэв шүүгч 54.1-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийн аль нэг нь байвал нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана” гэх заалтыг баримтлалгүйгээр “П Д Т” ХХК-ийн нэхэмжлэлийн хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь хуулийн 54.1.5-д заасныг илтэд ноцтой зөрчсөн. Иймд “ ... нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг баримтлан 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу “П Д Т” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд итгэмжлэл олгож, улмаар итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээдээс итгэмжлэл авсан Б.Бий гаргасан нэхэмжлэлийг Монгол Улсад хууль хүн, хуулийн этгээд бүрд тэгш үйлчилдгийг сануулж, шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Итгэмжлэл нь дараах шаардлагыг хангасан байна”, 27.4.1-д “итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх” гэх хуулийн шаардлагыг ноцтой зөрчиж, “П Д Т” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд В Ю гэх хүн гарын үсэг зурсан байх тул мөн хуулийн 27.5-д “Энэ хуулийн 27.4-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус итгэмжлэлээр, түүнчлэн компанийг төлөөлөх эрхгүй этгээдийн олгосон итгэмжлэлээр төлөөлөгч нэхэмжлэл гаргасан, хуулийг ноцтой зөрчсөн хууль бус итгэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн байх тул “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй.
Хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд байх итгэмжлэлээр олгогдоогүй бүрэн эрхийг төлөөлөгч хэрэгжүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд “Төлөөлөгчийн бүрэн эрх”, 28.2-т “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараах эрх эдэлнэ”, 28.2.1-д “нэхэмжлэлд гарын үсэг зурах, хариу тайлбар гаргах” гэж тусгайлан заасан. Гэтэл хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд байх “П Д Т” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд В Ю-ийн олгосон итгэмжлэлийг нэг бүрчлэн уншиж үзэхэд Б.Бд нэхэмжлэлд гарын үсэг зурах эрхийг огт олгоогүй байна. Гэтэл Б.Б нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлд гарын үсэг зурж нэхэмжлэлийг гаргасан. Өөрөөр хэлбэл, өөрт нь олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авсан ноцтой алдаа гаргасан. Иймд хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан хүчин төгөлдөр бус итгэмжлэлээр, түүнчлэн компанийг төлөөлөх эрхгүй этгээдийн олгосон итгэмжлэлээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул “... нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь гарцаагүй байна.
3.14. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан тухайд. Анх “П Д Т” ХХК нь Дорнод аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан “Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын нэр бүхий аудитор нарын үйлдсэн ДOA-2020/06-НА03/80 тоот төлбөрийн актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Гэтэл хэрэг шүүхээр хэлэлцэгдэж байх явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өөрчилж “Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын нэр бүхий аудитор нарын үйлдсэн ДОА-2020/06-НА03/80 тоот төлбөрийн актыг хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Нэхэмжлэгч анх маргаан бүхий актыг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гарсныг мэдсэн. Уг акт гарахаас өмнө төлөвлөгөөнд хяналт шалгалтад оролцож, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бичгээр хариу өгч, улмаар актыг эс зөвшөөрч 5 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байхад 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Уг компанийн зүгээс нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан актыг эс зөвшөөрч маргахдаа нэгэнт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-14.4-т зааснаар нэхэмжлэл гаргах боломжгүй болсон тул хуулийн боломжийг ашиглаж мөн хуулийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж зааснаар илт хууль бус болгохоор нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэл гаргахгүй этгээдийн нэхэмжлэлээр хэрэг үүсгэн шалгасан.
Гэвч маргаан үүсгэснээс 1 жилийн дараа “илт хууль бус болгох” шаардлагаа өөрчилж “актыг хууль бус болохыг тогтоолгох” гэж өөрчилж, улмаар шүүх түүнийг хүлээн авч, хариуцагчаас тайлбар өгөхийг шаардаж, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа нь илт хуулийг зөрчсөн, хууль бус үйл ажиллагаа явуулсан. Нэгэнт нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад илт хууль бус болгохоор нэхэмжлэл гаргахад нь хүлээж авсан болохоос хууль бусаар нэхэмжлэл гаргасан тохиолдолд анх шүүх хүлээн авах боломжгүй. Энэ нь хуулийг хэрэглэж эхэлснээс хойш нэхэмжлэгчийн гаргадаг арга заль болох нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлснээс шалтгаалж илт хууль бусаар нэхэмжлэл гаргаад улмаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хүлээн авах боломжгүй болохыг шүүх хүлээн авахгүй нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэдэг практик тогтоод байна. Иймд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гарган улмаар илт хууль бус шаардлагыг хууль бус хэмээн маргаж, улмаар нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн авч шалгаад байгаа нь хууль зөрчсөн үйл ажиллагаа.
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримталж шийдвэр гаргах байтал уг хуулийн зүйл заалтыг үл хэрэгсэж шийдвэр гаргасан нь хууль бус. Шийдвэр гаргадаг шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь нэхэмжлэл гаргахгүй этгээд нэхэмжлэл гаргасан, итгэмжлэлийг нь сүүлд засаж авчирч өгсөн, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн учраас илт хууль бус акттай маргаснаа хүлээн зөвшөөрснийг тэмдэглэж байна. Шүүх хуралдааны тэмдэглэлээс энэ тухай тодорхой харагдана.
3.15. Иймд Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
2. Хариуцагчийн “... нэхэмжлэлийг нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзах” гомдлын тухайд.
2.1. “П Д Т” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, нийтэд илэрхий хуулийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзвэл тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ж овогтой Х /J овогтой H/ байх бөгөөд үүнтэй хэргийн оролцогчид маргаагүй.
2.2. “П Д Т” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 21/1-117 дугаар албан бичгээр Б.Бд “... нэхэмжлэгчийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах...” зэрэг эрхийг олгосон, үүнд компанийн дэд ерөнхийлөгч В Ю гарын үсэг зурж, компанийн тамгыг дарсан, улмаар Б.Бий гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
2.3. “П Д Т” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд болох Ж Х 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 21/1-116, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 22/1-221 дүгээр албан бичгүүдээр “...нэхэмжлэгчийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах ... зэрэг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2-д тус тус заасан бүрэн эрхийг эдэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг Б.Бд олгосон” итгэмжлэлийг ирүүлжээ. Мөн давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Ж Х 23/1-473 дугаар албан бичгээр Б.Бд итгэмжлэл олгосон байна.
2.4. Дээрхээс үзвэл нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж Х нь тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Бийг оролцуулахаас аливаа байдлаар татгалзаагүйн дээр түүнийг оролцуулахаар итгэмжлэл олгосон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө” 27.3-д “Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ нотлох баримт бичиг, бусад этгээд олгосон итгэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгнө”, 27.4-т “Итгэмжлэл нь дараахь шаардлагыг хангасан байна” гэх заалтуудыг зөрчсөн гэж үзэхээргүй байна. Иймд энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.
3. Хариуцагчийн “...нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзах” гомдлын тухайд.
3.1. Маргаан бүхий Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын нэр бүхий аудитор нарын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03/80 ДОА-2020/06-НА дугаар актыг эс зөвшөөрч Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын даргад 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 20/1-007 дугаар албан бичгээр гомдол гаргасны хариуд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 775 дугаар албан бичгээр “гомдлыг нь хүлээн авах боломжгүй” гэх хариуг өгсөн, улмаар нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 21/1-1 дүгээр албан бичгээр Үндэсний аудитын газрын дарга Монгол Улсын Ерөнхий аудиторт хандан гомдол гаргасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 01/762 дугаар албан бичгээр “... актыг хууль зүйн үндэслэлтэй байна” гэх хариуг өгчээ.
3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол”, 14.2-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан.
3.3. Дээрх хуулийн зохицуулалтууд болон нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч дээд шатны байгууллагад хандсан үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэхээргүй байна.
4. Харин анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хууль, Төрийн аудитын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон бусад холбогдох хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын нэр бүхий аудитор нарын үйлдсэн 03/80 ДОА-2020/06-НА дугаар төлбөрийн актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.1. Тодруулбал, Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор В.Ц, Б.Б, М.У нар нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны А/100 дугаар тушаалаар батлагдсан “Аудитын төлөвлөгөө шинэчлэн батлах тухай” тушаал, Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг үндэслэн гадаадаас ажиллах хүч авч ажиллуулахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтэд нийцлийн аудит хийгээд “Дорнод аймгийн Халхгол, Матад суманд газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай “П Д Т” ХХК нь Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтуудыг үндэслэн гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 377 дугаар тогтоолд заасан 2019 онд газрын тос, байгалийн хийн олборлолтын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагын нийт ажиллагсдын тоонд гадаадын ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг мөрдөж ажиллаагүй, тус компани нь 2019 онд сар бүрийн өссөн дүнгээр 1661 ажилтныг тогтоосон хувь хэмжээнээс илүү авч ажиллуулсан ч ажлын байрны төлбөрт ногдох 5315.2 сая төгрөгийг төсөвт төлөөгүй” гэж үзээд маргаан бүхий “Төлбөрийн акт тогтоох тухай” 03/80 ДОА-2020/06-НА дугаар актаар “ажлын байрны нөхөн төлбөрийн 5,315,200,000 /таван тэрбум гурван зуун арван таван сая хоёр зуун мянган/ төгрөгийг Дорнод аймгийн орон нутгийн төсвийн дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн” байна.
4.2. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулиар Монгол Улсын иргэнийг гадаадад, гадаадын иргэнийг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахаар заасан, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах талаар хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эдийн засгийн үйл ажиллагааны салбар, байгууллагын нийт ажиллагчдын тоо, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааруулан нийт ажиллагчдын тоонд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг жил бүр тогтоож, Засгийн газраар батлуулах эрхтэй бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д зааснаар улсын хэмжээний томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, барилга, байгууламж барих, гамшгийн хор уршгийг арилгахад шаардагдах ажиллах хүчийг дотоодоос хангах бололцоогүй нөхцөлд Засгийн газрын шийдвэрийг үндэслэн гадаадаас ажиллах хүч авч болохоор хуульчилсан.
4.3. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 377 дугаар тогтоолоор “Монгол Улсад 2019 онд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын нийт монгол ажиллагчдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувийг баталсан”, уг тогтоолын хавсралтад “газрын тос, байгалийн хийн олборлолт 21-30 ажилтантай бол 10, 31-50 ажилтантай бол 20, 51-100, 101-200, 201-түүнээс дээш ажилтантай бол 30 хувийн гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнтэй байхаар”,
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 398 дугаар тогтоолоор “... хавсралтад заасан аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын ажиллах хүч, мэргэжилтний Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зохих журмын дагуу сунгахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад зөвшөөрсөн”, тогтоолын хавсралтад “... Дорнод аймгийн Матад сумын Тамсагийн сав газарт газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхлэх “П Д Т” ХХК-ийн 702 ажилтан” гэж,
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 118 дугаар тогтоолоор “... 2019 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хавсралтад заасан 63 аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад зөвшөөрсөн”, тогтоолын хавсралтад “... “П Д Т” ХХК-ийн 696 ажилтан” гэж,
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 263 дугаар тогтоолоор “... 2019 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хавсралтад заасан 7 аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад зөвшөөрсөн”, тогтоолын хавсралтад “... “П Д Т” ХХК-ийн 174 ажилтан” гэж тус тус тогтоосон байна.
Мөн Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/108/149 дүгээр тушаалаар “... “Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээний журам”-ыг баталсан, уг журмын 2.1-д “Байгууллага дараах хувь, хэмжээний дотор гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах хүсэлт гаргана”, 2.1.1-д “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан шалгуурын дагуу тухайн жил Засгийн газраас баталсан гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувь”, 2.1.2-т “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д заасан үндэслэлээр тухайн байгууллагад Засгийн газрын шийдвэрээр зөвшөөрсөн ажиллах хүч, мэргэжилтний тоо” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгчээс “... Засгийн газрын 2018 оны 398, 2019 оны 118, 2019 оны 263 дугаар тогтоолуудаар гадаадаас мэргэжилтэн авах зөвшөөрөл /квот/ авсан тул төлбөрийн актад дурдсан Засгийн газрын 2018 оны 377 дугаар тогтоолд заасан “нийт ажиллагсдын тоонд гадаадын ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг мөрдөж ажиллагаагүй” гэх үндэслэл хамаарахгүй, хариуцагч А/108/149 дүгээр хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээний журам”-ыг дагаж мөрдөлгүйгээр гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах харилцаанд зөвхөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 377 дугаар тогтоолыг дагаж мөрдөх шаардлагатай мэтээр буруу ойлгож хууль зүйн алдаатай, хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй зөрчилтэй төлбөрийн акт тогтоосон” гэх зэргээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь Монгол Улсын Засгийн газрын 398 дугаар тогтоолоор “П Д Т” ХХК-ийн 702 гадаад ажилтны Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгасан, 118 дугаар тогтоолоор “П Д Т” ХХК-ийн 696 гадаад ажилтанд 2019 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгосон, 263 дугаар тогтоолоор “П Д Т” ХХК-ийн 174 гадаад ажилтанд 2019 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгосон нь заасан хугацаанд тус компани гадаадаас ажиллах хүч ажиллуулах боломжтой тооны хязгаарыг тогтоосон тул энэ нь нийт Монгол ажиллагчдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувийг мөрдөхгүй байх үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл, хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 377 дугаар тогтоолоор Монгол Улсад 2019 онд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын нийт монгол ажиллагчдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувийг баталсан байх тул Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж гадаадын ажиллах хүчийг энэ тоонд багтаан ажиллуулах үүрэгтэй ба тухайн жил Засгийн газраас баталсан гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувь, тухайн байгууллагад Засгийн газрын шийдвэрээр зөвшөөрсөн ажиллах хүч, мэргэжилтний тоо, нийт Монгол ажилчдын тоонд эзлэх хувьд тус тус багтааж гадаадаас ажиллах хүч авч ажиллуулахаар байна.
4.4. Анхан шатны шүүх “... хариуцагч А/100 дугаар тушаалыг үндэслэн төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн гэдэг боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан бичгийн нотлох баримт байхгүй, ... хариуцагч “П Д Т” ХХК-ийн эзэмшлийн талбай дээр 1 өдрийн нийцлийн аудитын хяналт шалгалт явуулсан нь хууль зөрчсөн, А/100 дугаар тушаал нь 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон 2003 оны Төрийн аудитын тухай хуулийн дагуу батлагдсан, Ерөнхий аудитор аудитын төлөвлөгөөг шинэчлэн батлаагүй, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны “Нийцлийн аудитын түр журам батлах тухай” А/146 дугаар тушаал нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй, хариуцагч 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Төрийн аудитын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан төлөвлөгөө, сэдэвгүйгээр нийцлийн аудитын хяналт шалгалт явуулсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн, хууль бус захиргааны акт байна” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.
4.5. Энэ тохиолдолд Монгол Улсын Ерөнхий аудитор А/100 дугаар тушаалаар аудитын төлөвлөгөө шинэчлэн баталсан, үүний дагуу шалгалт хийсэн үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй бөгөөд нэхэмжлэгчээс “... А/100 дугаар тушаал нь өмнө нь мөрдөгдөж байсан Төрийн аудитын тухай хуулийн дагуу батлагдсан, Ерөнхий аудитор шинээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш шинээр аудитын төлөвлөгөө батлаагүй” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй.
Учир нь төрийн аудитын байгууллага нь Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 6.3.3-д зааснаар шалгагдагч этгээдэд энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх, төрийн санхүү, төсвийн хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд хуульд заасан болон шаардлагатай тохиолдолд тодорхой асуудлаар аудит хийх зэрэг бүрэн эрхтэй бөгөөд энэ эрхийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий аудитор 2019 оны А/100 дугаар “Аудитын төлөвлөгөө шинэчлэн батлах тухай” тушаалаар төлөвлөгөөг баталсан, уг тушаал хавсралтуудын хамт хавтаст хэрэгт авагджээ.
Төрийн аудитын тухай хууль 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр батлагдаж, 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан, Монгол Улсын Ерөнхий аудитор 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр А/53 дугаар тушаалаар 2020 онд гүйцэтгэх аудитын төлөвлөгөөг шинэчлэн баталсан, уг төлөвлөгөөнд “гадаадаас ажиллах хүч авч ажиллуулахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт”-эд аудит хийх ажил тусгагдсан байна.
Дээрхээс үзвэл Монгол Улсын Ерөнхий аудитор Төрийн аудитын тухай хууль /2003/-ийн 13 дугаар зүйлийн 13.4.2-т заасан “аудит хийх төлөвлөгөө, хөтөлбөрийг хянаж батлах” бүрэн эрхийн хүрээнд аудитын төлөвлөгөөг баталсан, Төрийн аудитын тухай хууль /2020/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Энэ хуулийн 11.1, 11.4-т заасан аудитын сэдвийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудитор аудитын төлөвлөгөөг жилийн болон хэтийн хугацаагаар боловсруулж батална”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэхгүй, төрийн аудитын байгууллага Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1-д заасан “шалгагдагч этгээдэд энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх” бүрэн эрхийн хүрээнд аудит хийсэн байна.
Хариуцагчаас “...Төрийн аудитын байгууллагын Тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээч нь Төрийн аудитын тухай хуулийн хүрээнд төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн тусгай албан хаагч нар юм. Иймд Төрийн хяналт шалгалтын тухай хууль хамаарахгүй” гэж тайлбарлах боловч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д төрийн хяналт шалгалт нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Төрийн аудитын байгууллага болон хуульд заасан эрх бүхий байгууллагын хяналт шалгалт, Үндсэн хуулийн Цэц, шүүх, прокурорын хяналт, нутгийн өөрөө удирдах байгууллагаас энэ хуулийн дагуу хэрэгжүүлэх хяналт шалгалтаас бүрдэхээр хуульчилсан байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.
4.6. Анхан шатны шүүх “... “П Д Т” ХХК-ийн 2018, 2019, 2020 онд ажилласан нийт гадаад ажилчдын тоо, жагсаалтаар, уг компани нь 2019 онд 817 гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг авч, 718 гадаад ажилтны хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн сунгалт хийлгэж, нийт 7,671,884,800 /долоон тэрбум зургаан зуун далан нэгэн сая найман зуун наян дөрвөн мянга найман зуу/ төгрөгийн ажлын байрны төлбөрийг төлсөн болох нь нотлогдож байна, ... хариуцагч 1 өдрийн нийцлийн аудитын хяналт шалгалт явуулж, “П Д Т” ХХК-ийн 2018, 2019, 2020 онд ажилласан нийт гадаад ажилчдын тоон жагсаалт, гадаад ажилтны төлбөр төлсөн баримт зэрэг бодит баримтыг үндэслэн, тогтоож шалгалгүйгээр хууль бус акт гаргасан” гэх дүгнэлтийг хийж актыг хүчингүй болгосон нь учир дутагдалтай болжээ.
Хариуцагчаас “... гадаадаас оруулж ирсэн хүмүүсээс хэдийг нь хэзээ ажиллуулахыг тухайн компани өөрөө шийддэг, хилээр хэдэн гадаад ажилтан орж ирснийг Хилийн 0306 дугаар анги бүртгэдэг учир тус ангиас тоо авсан, дээр нь өөр бусад эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан гадаад ажилтны хэд нь хэзээ Монгол Улсын хилээр орж ирсэн, хэдийг нь ажиллуулсан талаарх баримтыг авсан, өөрөөр хэлбэл, эхлээд Монгол Улсад ажиллах зөвшөөрөл олгоод үүний дараа ажиллах хүмүүс нь хилээр орж ирснийг бүртгээд, дараа нь тухайн талбай дээр хэзээ, хэдэн хүн ажилласан талаарх баримтыг гаалийн мэргэжилтэн, тухайн компани өөрөө бүртгэл хийдэг. Угаасаа зөвшөөрөл авахдаа 2 хувийн төлбөрийг төлдөг, бид нар оруулж ирсэн хүний тоог огт яриагүй, зөвхөн талбай дээр хэзээ, хэдэн гадаад ажилтан ажилласныг л бүртгэж байгаа, хэдэн хүний зөвшөөрлийн төлбөр төлсөн нь хамаагүй, хэдэн хүн талбай дээр ажилласан, энэ нь Засгийн газраас баталсан тооны харьцаанд байна уу гэдэг л чухал, хуулиар ажиллах хүчний харьцаа 10:90 харьцаатай байдаг, Засгийн газар нэхэмжлэгчид давуу байдал олгож 70:30 гэсэн харьцаатай байхаар тогтоол гаргасан, нэхэмжлэгч 70:30-ын харьцааг л барих ёстой” гэж тайлбарлаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор “Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журам”-ыг баталсан, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөх бөгөөд журмын 2.1-д “Байгууллага нь гадаадын иргэнд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авахдаа Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8.1-д заасан хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний эрх олгосон байгууллагад ажлын байрны төлбөрийг урьдчилан төлөх”-өөр заасан, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Ажлын байрны төлбөрийн хэмжээ нь 1 сард гадаадын иргэн бүрт Монгол Улсын Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байх”-аар хуульчилсан.
“П Д Т” ХХК нь ажлын байрны төлбөрт нийт 7,671,884,800 төгрөг төлсөн үйл баримттай талууд маргаагүй бөгөөд ийнхүү төлсөн нь дээрх хууль, журамд заасан зохицуулалтын дагуу гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахдаа ажлын байрны төлбөрийг урьдчилан төлсөн гэж үзнэ.
Харин Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 43.1-д заасан хувиас илүү хэмжээгээр гадаадын иргэдийг авч ажиллуулсан тохиолдолд мөн хуулийн 43.2-т заасан хэмжээний төлбөрийг сар тутам төлнө” гэж маргаан бүхий акт гаргах үеийн буюу 2020 оны байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээх бөгөөд тухайн хуулийн этгээдэд ажиллагсдын 10-аас дээшгүй хувь нь гадаадын иргэн байж болно”, 43.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гадаадын иргэдийг энэ хуулийн 43.1-д зааснаас илүү хэмжээгээр авч ажиллуулсан тохиолдолд ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр төлнө” гэж тус тус зааснаас үзвэл гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулах тохиолдолд холбогдох хууль, журамд заасан гадаад болон Монгол ажилтны тооны харьцааг баримтлан ажиллах үүрэгтэй бөгөөд ийнхүү тогтоосон хэмжээнээс илүү хэмжээгээр авч ажиллуулсан тохиолдолд ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр төлөхөөр байна.
Хэрэгт авагдсан Гадаадын иргэн харьяатын газрын зүүн бүс дэх газар, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүд, Дорнод аймаг дахь аж ахуйн нэгж, байгууллагууд болон тэдгээрийн 2018-2020 оны үйл ажиллагааны тайлан, мэдээ, судалгаа, Хилийн 0306 дугаар ангийн лавлагаа зэрэг холбогдох баримтуудаас үзвэл “П Д Т” ХХК нь холбогдох хууль, тогтоомжид заасан хувь хэмжээнээс илүү гадаад ажилтан авч ажиллуулсан зөрчил гаргасан болох нь тогтоогдсон, тодруулбал, тус компани нь 2019 онд сар бүрийн өссөн дүнгээр 1661 ажилтныг тогтоосон хувь хэмжээнээс илүү авч ажиллуулсан ч ажлын байрны төлбөрт ногдох 5315.2 сая төгрөгийг төсөвт төлөөгүй байна.
Нэхэмжлэгчээс “... гадаад ажилтны тооны хязгаар, нэмэгдүүлсэн ажлын төлбөрийн хэмжээг тогтоосон зохицуулалтууд нь Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу газрын тосны хайгуул, олборлолтын салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, тэдгээрийн туслан гүйцэтгэгч нарт хамаарахгүй, зөвхөн мөн хуулийн 3.1, 3.2 болон 3.3-д зааснаас бусад ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч, тэдгээрийн туслан гүйцэтгэгч нарт хамааралтай зохицуулалт, ... газрын тосны хайгуул, олборлолтын салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, тэдгээрийн туслан гүйцэтгэгч нар нь ердийн журмаар гадаад ажиллах хүч, мэргэжилтний ажлын байрны төлбөрийг тооцож төлөх бөгөөд манай компани нь 2019 онд гадаадаас авсан ажиллах хүч, мэргэжилтний төлбөрийг бүрэн төлж 2019 оны 12 дугаар сард холбогдох төрийн байгууллагуудтай тулгаж хянасны дагуу ажлын байрны төлбөр тооцооны үлдэгдэлгүй ажилласан болно” гэж тайлбарлан маргаж байгаа.
Хариуцагч гадаадаас ажиллах хүч авч ажиллуулахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтэд нийцлийн аудит хийсэн, тодруулбал, гадаадын иргэнийг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, тэдний эрх ашгийг хамгаалахтай холбоотой асуудлаар аудит хийсэн байх тул нэхэмжлэгчийн дээрх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Товчхондоо Газрын тосны тухай хуулиар тухайн салбарт гадаадын иргэдийг авч ажиллуулах талаар нарийвчлан зохицуулаагүй тул газрын тосны үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулсан тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу тооцож ажлын байрны төлбөрийг сар бүр төлөхөөр байна.
Мөн нэхэмжлэгчээс “...Манай компанийн эзэмшлийн газрын тос олборлох Тосон-Уул 19, Тамсаг 21 дүгээр талбайн зөвхөн ажилчдын сар бүрийн ажлын өдрийн ирцийн тайлан мэдээний тоог дундажлан тооцож төлбөрийн актыг бодит үндэслэлгүйгээр тогтоосон. Ажилчдын өдрийн ирц бүхий тайлан мэдээ нь компанийн дотоод хөдөлмөр зохион байгуулалт, ажилчдын ирц, бүтээмжид үнэлгээ өгөх зорилгоор гаргадаг албан бус тоо бүртгэлийн баримт... хариуцагч үнэн зөв баримт материал, мэдээллээр бус зөвхөн өөрсдийн бодит бус тооцооллын үндсэн дээр авсан тоон мэдээлэлд тулгуурлан акт гаргасан” гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй.
Аудитын шалгалтын болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс дээрх үйл баримтыг үгүйсгэсэн, “... 2019 онд гадаадаас авсан ажиллах хүч, мэргэжилтний төлбөрийг бүрэн төлж холбогдох төрийн байгууллагуудтай тулгаж хянасны дагуу ажлын байрны төлбөр тооцооны үлдэгдэлгүй ажилласан” гэх тайлбараа нотлох баримтыг гаргаж өгөөгүй, ийнхүү гаргаж өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл, аливаа шалгагдагч хуулийн этгээд шалгагдаж буй асуудал болон өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох, холбогдох баримт, тайлбарыг эрх бүхий албан тушаалтанд болон шүүхэд гаргаж өгөх үүрэгтэйгээс гадна гаргаж өгөх боломжгүй бол энэ үндэслэлээ нотлохоор хүсэлт гаргаж, холбогдох баримтыг шүүхийн журмаар шаардан гаргуулах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч ийнхүү эрхээ эдлээгүй нь аудитын шалгалтаар илэрсэн зөрчилд тавигдсан төлбөрийн актыг үгүйсгэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй юм.
Түүнчлэн нэхэмжлэгч “ажилчдын өдрийн ирц бүхий тайлан мэдээ нь компанийн дотоод хөдөлмөр зохион байгуулалт, ажилчдын ирц, бүтээмжид үнэлгээ өгөх зорилгоор гаргадаг албан бус тоо бүртгэлийн баримт” гэж тайлбарлаж “төрийн эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн мэдээг албан ёсны бус” гэж үзэж байгаа бол аливаа байдлаар маргаан бүхий актад дурдсан зөрчлийг гаргаагүй болох, тодруулбал, холбогдох хууль, журмаар тогтоосон хувь хэмжээнд багтаан гадаад ажилтан ажиллуулсан болохоо баримтаар нотолж чадахгүй байна.
4.7. Нэхэмжлэгчээс “... бидэнд урьдчилан мэдэгдэлгүйгээр хяналт шалгалт явуулсан, тэмдэглэлийн нэг хувийг шалгуулагчид гардуулан өгөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, аудитын тайлангийн төсөлд шалгуулагч этгээдээс санал авах үүргээ биелүүлээгүй, аудитын тайлангийн төслийг танилцуулаагүй, нөхцөл байдлыг үнэн зөв тогтоох, ач холбогдол бүхий баримтыг цуглуулж үнэлэлт, дүгнэлт өгөх үүргээ биелүүлээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй, тайлан гаргах бүхий л үйл ажиллагаанд оролцуулаагүй” гэх зэргээр тайлбарлаж байна.
Аудитын баг “П Д Т” ХХК-ийн газрын тосны 19 дүгээр талбайн үйлдвэрлэлийн баазын даргатай 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр утсаар ярьж “Гадаадаас ажиллах хүч авч ажиллуулахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт”-д хийх нийцлийн аудитаар очих тухайгаа урьдчилан мэдэгдэж, аудитын төлөвлөгөөг түүний мэдүүлсэн [email protected] цахим хаягаар илгээсэн, Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын дарга болон аудитор нар 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тус компанийн 19, 21 дүгээр талбай дээр очиж аудитын төлөвлөгөө хөтөлбөрийг танилцуулж, аудитын гүйцэтгэж, аудитаар илэрсэн асуудлын бүртгэл хөтлөн Захиргаа аж ахуйн хэлтсийн менежер Х /H/-д онлайн /we chat/-aap танилцуулж, илэрсэн асуудлын бүртгэлийг хүргүүлж гарын үсэг зуруулсан, Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 701 дүгээр албан бичгээр “... аудитын бүртгэлийг танай компанийн захиргаа аж ахуйн менежерт танилцуулахад Улаанбаатар хот дахь удирдлагадаа танилцуулаад хариу хүргүүлэхээр тогтсон боловч одоог болтол албан ёсны нотолгоотой хариу ирүүлээгүй, иймд Төрийн аудитын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу төлбөрийн акт тогтоох болсныг мэдэгдэж байна” гэсэн үйл баримтуудаас үзвэл дээрх гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч дээрх байдлаар тайлбарлаж байгаа нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд Монгол Улсын хууль тогтоомж, журамд заасан орон тооны хязгаарт багтаан гадаадаас ажиллах хүч авч ажиллуулах үүргээ биелүүлээгүй, ажлын байрны төлбөрийг төлөөгүй зөрчлийг зөвтгөх, хариуцагчийн “ажлын байрны төлбөрийг төлөөгүйн улмаас орон нутгийн иргэдийн ажлын байраар хангаж, ажилтай орлоготой байх боломжийг бууруулсан, энэ асуудлаар аудит хийх төлөвлөлт нэг өдрийн дотор хийгдээгүй, 10 гаруй жилийн өмнөөс яригдсан асуудал, 5,3 тэрбум төгрөгийн асуудал зөвхөн 1 жилийн л зөрчил, гаалийн байцаагч нар талбай дээр яг хэдэн хүмүүс ажиллаж байгааг өдөр өдөрт нь тэмдэглэж явдаг, нэхэмжлэгч Хятадаас ирсэн ажилчдын цалингийн баримтыг гаргаж өгөх боломжтой, өөрсдөө нотлох баримтаа гаргаж өгөөгүй” гэснийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
5. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн бодит нөхцөл байдалд бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д заасныг баримтлан “П Д Т” ХХК-ийн Дорнод аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан гаргасан “Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын нэр бүхий аудитор нарын үйлдсэн 03/80 ДОА-2020/06-НА дугаар төлбөрийн актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН