Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 32

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх А.Ариунзаяагийн дүгнэлттэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Баярмаад холбогдох,

2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0172305 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий дүгнэлттэй зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Прокурор: А.Ариунзаяа

Хариуцагч: Б.Баярмаа

Гуравдагч этгээд: Н.Нармандах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх А.Ариунзаяа шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ... Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунзаяа би, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Баярмаагийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Н.Нармандахад холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэснийг 2019 оны 09 сарын 25-ны өдөр хүлээн авч хянавал:

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багт оршин суух Нямаа овогтой Нармандах нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчилд эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар 500 нэгжээр торгож шийтгэсэн ба хуулийн дээрх хэсэгт заасан учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах... албадлагын арга хэмжээг хэрэглэх тухай заалтыг хэрэгжүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно, 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмыг Улсын ерөнхий прокурор батална гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

Иймд эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан, хохирол, нөхөн төлбөрийг тогтоолгосны үндсэн дээр шийтгэл оногдуулан шийдвэрлэх үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0172305 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив...гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ... 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтнээс ирүүлсэн мэдээллийн дагуу би Сүхбаатар сумын 7 дугаар багт оршин суух Нямаа овогтой Нармандахын эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар 500 нэгжээр торгож, хохирол, нөхөн төлбөрийг тооцоогүй болно. Хуулийн дээрх хэсэгт хохирол, нөхөн төлбөрийг тооцох аргачлал гаргаагүй байна. Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна...гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд хэлсэн талбартаа: ...би 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар сум 7 дугаар баг 1 хэсэг 015 тоот өөрийн амьдардаг хашаа байшиндаа нэмж байшин граж барьсан учир газрын гэрчилгээ солих үед зөвшөөрөлгүй газар ашигласан гэх үндэслэлээр 500.000 төгрөгөөр торгуулсан болно. 2008 онд газар эзэмших гэрчилгээ болон кадастрын хуучин зургийг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр солиулсан, Зөрчлийн улмаас бусдад ямар нэгэн хохирол учруулаагүй болно...гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай дүгнэлттэй, Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчид холбогдох зөрчлийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд дараах зүйлүүд тогтоогдож байна.

Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Баярмаа нь Сүхбаатар сумын 7 дугаар багийн иргэн Н.Нармандахыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянга / төгрөгөөр торгож шийтгэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас дээрх хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг хянаад Сүхбаатар сумын 7 дугаар багийн иргэн Н.Нармандахыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчилд эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар 500 нэгжээр торгож шийтгэсэн боловч дээрх хэсэгт заасан ...учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах... албадлагын арга хэмжээг хэрэглэх тухай заалтыг хэрэгжүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг хуулиар тогтооно 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж , үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ , Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмыг Улсын ерөнхий прокурор батална гэсэн заалтуудыг зөрчсөн тул эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулан, хохирол, нөхөн төлбөрийг тогтоолгосны үндсэн дээр шийтгэл оногдуулан шийдвэрлэх үндэслэлтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0172305 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж шүүхэд ирүүлжээ.

Зөрчлийн хэрэгт цугларсан баримтуудаар зөрчилд холбогдогч Н.Нармандах нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан, ашигласнаа хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд тайлбар өгсөн, мөн уг газрыг ашигласнаас учирсан хохирлыг төлөөгүй, эрх бүхий албан тушаалтны зүгээс учирсан хохирлыг төлүүлэх талаар хууль болон журамд заасан ямар нэг арга хэмжээ аваагүй болох нь тогтоогдож байна.

Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нь дээрх зөрчилд шийтгэл оногдуулсан хэдий ч Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасныг бүрэн хэрэгжүүлээгүй өөрөөр хэлбэл гаргасан зөрчилд хуулийн хариуцлага тооцсон хэдий ч зөвшөөрөлгүй газар ашигласнаас учирсан хохирлыг төлүүлэх талаарх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Монгол улсын Ерөнхий прокурорын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/75 дугаартай тушаалаар Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам-ыг батлан гаргажээ.

Уг журмын 3.3-т Зөрчлийн тухай хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тогтоох талаар тусгайлан зохицуулаагүй бол эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, холбогдох журмын дагуу шинжээч томилж хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгоно гэж заажээ.

Дээрх журмын дагуу Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь шинжээч томилон Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10-т заасан хохирол, нөхөн төлбөрийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай прокурорын дүгнэлт үндэслэл бүхий байх тул Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0172305 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох зүйтэй байна.

Энэхүү шүүхийн шийдвэр нь уг зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу дахин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах, прокурорт хянуулахад саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1, 4.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0172305 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2.Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 0172305 дугаартай шийтгэлийн хуудасны дагуу иргэн Н.Нармандахын торгуульд төлсөн 500.000 / таван зуун мянга / төгрөгийг буцаан олгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт заасны дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ОДБААТАР