| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2021/0195/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/260 |
| Огноо | 2021-05-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/260
2021 05 18 2021/ШЦТ/260
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,
Улсын яллагч Б.Хурц,
Хохирогч Т.Т /онлайн/, түүний өмгөөлөгч Б.Лхагвацэрэн,
Шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Н.Нямдорж,
Шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч С.Чинзориг,
Иргэний хариуцагч П.О,
Гэрч Н.У, А.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Х овогт П-н Б,
Б овогт А-н Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 20100 1410 0758 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ... оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хан-Уул дүүргийн ... тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Х... овогт П-н Б /РД:/.
2. Монгол Улсын иргэн, ... оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн ... тоотод түр оршин суух хаягтай, ам бүл-5, эцэг, эх дүү нарын хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт А-н Д /РД:/.
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч П.Б нь 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн ... тоот хашаанд байсан Т.Тийн өмчлөлийн төмөр чингэлэгийг өргөгчтэй машин хөлслөн, А.Д-тай бүлэглэн хулгайлж Т.Т-т 14.911.530 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 14.911.530 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн, машин механизм ашиглаж үйлдсэн;
Яллагдагч А.Д нь 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн ... тоот хашаанд байсан Т.Т-ийн өмчлөлийн төмөр чингэлэгийг өргөгчтэй машин хөлслөн, П.Б-тэй бүлэглэн хулгайлж Т.Тт 14.911.530 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 14.911.530 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг П.Б-тэй бүлэглэн, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч, иргэний хариуцагч нарын гаргасан мэдүүлэгт:
1. Шүүгдэгч П.Б-ээс: Мэдүүлэг гаргахгүй гэв.
2. Шүүгдэгч А.Д мэдүүлэхдээ: “Би Архангай аймагт байрлах “Мак” ХХК-д ажиллаж байсан. Ээлжийн амралтаа аваад Улаанбаатарт ирээд байж байтал Б ах 6 сард манай эхнэр лүү залгаад сонгуулийн ажилд явж Хайлаастын хэсэг дээр ажиллаж байгаа гэхэд ах нь удахгүй яваад очъё гэж хэлсэн. Удалгүй эхнэр бид хоёр Кино үйлдвэрийн тэнд явж байгаад Б ах болон О ах хоёртой тааралдсан. Б ах манай эхнэрт чи нөхрөө танилцуулахгүй юм уу гэхэд манай эхнэр намайг дуудаад анх удаа Б ахтай танилцаж байсан. Маргааш нь эхнэр бид 2 хөдөө явах гээд юм бэлдээд гэртээ байж байтал Б ах манай эхнэр лүү залгаад ах нь удахгүй эмнэлэгт хэвтэх гэж байгаа, эмнэлэгт хэвтэхээсээ өмнө яаралтай нэг контейнер Өлзийтийн хашаанд тавих гэсэн юм, чи нөхрийгөө тус болгоод өгөөч гэж хэлсэн. Манай эхнэр “Б ахад чи нэг тус болоод өгөөч” гэхээр нь би Б ахад “дүү байдаггүй юм уу” гэхэд манай эхнэр байхгүй, чи ядарсан хүнд тус болоод өгчих гэхээр нь Б ахтай уулзахаар Мөнгөн завьяагийн автобусны буудал дээр бууж гэрийнх нь гадаа очиход Б ах, О ах хоёр цагаан өнгийн приус 20 машин дотор намайг хүлээгээд сууж байсан. Б ах Амгалан явж том машин хайя гээд Амгалан явж нэг том машины жолоочтой очиж уулзахад Маятины жолоочийн дугаарыг өгсөн. Уг дугаар луу залгаад машинтайгаа тохироод контейнерыг зөөлгөхөөр болж Зайсанд очиход нэг айлын хашаа заагаад энэ хашаанд байгаа контейнерыг Өлзийтийн хашаанд зөөж буулгана гэж хэлээд Б ах, О ах хоёр явсан. Удалгүй Маятины жолооч ирээд “контейнерыг хүнд, дотроо юмтай байна доторх юмыг нь онгойлгож үзэж байж ачна” гэж хэлэхээр нь Б ахад хэлэхэд ах нь түлхүүрээ олохгүй байна, цоожийг нь эвдчих гэж хэлсэн. Жолооч ах цоожийг нь эвдэж яахав, тохирсон үнэ хөлсөн дээрээ нэмээд 100.000 төгрөг өгчих гэж хэлээд контейнерыг Өлзийтийн ... хашаанд буулгасан. Яармагийн замд явж байхад Б ах картаа өгөөд АТМ-с 500.000 төгрөгийг аваад өгөөч гэхээр нь авч өгсөн. Тэгээд Б ах ачааны тооцоог нь хийчхээд намайг гэмтлийн тойргийн ойролцоо буулгасан. Гэртээ ороход эхнэр намайг яаж ирсэн юм гэж асуухаар нь унааны мөнгөгүй алхаад ирсэн гэхэд эхнэр намайг Б ахаар хүргүүлчихгүй яасан юм бэ гэж хэлсэн. Маргааш нь дахиж Б ах над руу залгаад контейнерын доторхыг цэвэрлээд өгөөч гэж гуйхаар нь очиж цэвэрлэж өгсөн. Үүнээс хойш дахиж Б ахтай уулзаагүй байж байтал наадмын өдөр Б ах манай эхнэр лүү залгаад яаж баярлах гэж байна гэж асуухаар нь бид мөнгөгүй байгаа гэж хэлэхэд Б ах сайхан баярлаарай гэж хэлээд 500.000 төгрөг манай эхнэрийн данс руу шилжүүлсэн. Дахиж хэзээ ч хөгжлийн бэрхшээлтэй хүнд туслахгүй.” гэсэн мэдүүлэг;
3. Хохирогч Т.Т мэдүүлэхдээ: “2020 оны 7 дугаар сард Б “Facеbook”-р над руу зурвас бичсэн. “Хэдэн сайхан сэтгэлтэй залуучууд намайг агаарлуулъя гээд Зайсан толгойд гартал танай гэрийн хашаанд контейнер байна. Мөн манай хашааны зэрлэгийг их ургасан байна гэж хэлж байсан. Тухайн үед би Б-ийг манай контейнерыг авна гэж бодоогүй зурвас бичээд өнгөрсөн. Үүнээс хойш хэд хоногийн дараа наадмын өмнөхөн манай хашааны эзэн эгч над руу залгаад “Тунгаа чи контейнероо аваад явчихсан юм уу” гэж хэлсэн. Тухайн үед тэр эгчийгээ надаар тоглож байна гэж ойлгосон боловч тоглоогүй үнэн байсан. Тэгээд дүү Б-т хэлж цагдаад дуудлага өгч анх контейнер алга болсныг мэдсэн.
Би 2017-2019 он хүртэл “Наран туул” захын өргөтгөл дээр Казакстанаас чихэр, печень оруулж ирж зардаг байсан учир контейнер авах шаардлагатай болж тухайн үед 5.000.000 төгрөгөөр контейнер худалдаж авч байсан. Б манай нөхрийг 2002 оноос хойш мэддэг болсон гэж худал мэдүүлж байна. Манай нөхөр Б хоёр 2007 оны үймээнээр танилцсан байх. Түүнээс хойш манай нөхөр бид хоёртой найзууд болсон. Б мэдүүлэхдээ манай нөхрөөс авах авлагатай байсан гэж мэдүүлж байна. Манай нөхөр Б-т ямар ч өгөх өглөггүй. Хөрөнгийн үнэлгээний тайлангаар манай контейнерыг бага үнээр үнэлсэн. Эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Контейнер дотор манай гэрийн бүтэн тавилга, гэр бүлийн болон хүүхдүүдийн багын зураг, миний болон манай хүүхдүүдийн хувцас, миний өр, авлагын дэвтэр зэрэг зүйлс байсан, бүгд алга болсон. Миний өр авлагын дэвтэр алга болсноос хойш би хүмүүсээс авах ёстой мөнгөө авч чадахгүй болсон. Б надад найз нь контейнерын мөнгийг нь өгнө гэж хэлж, өмгөөлөгчөөрөө дамжуулан хэд хэдэн удаа холбогдож одоо дансаа явуул гэж хэлсэн боловч нэг ч төгрөг надад өгөөгүй. Би маш их гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг;
4. Иргэний хариуцагч П.О мэдүүлэхдээ: “Б-тэй арван жилийн нэг сургуульд хамт сурдаг байсан. Сургууль төгссөнөөс хойш 10 гаран жилийн хугацаанд холбоогүй байж байгаад 2020 оны 06 дугаар сард Б нэг найзаасаа миний дугаарыг олж авч над руу залгаад Өлзийтөд хашаа байшин зарах гэсэн унаа машин байдаггүй, тус болооч гэхээр нь Б-тэй очиж уулзсан. Үүний дараа 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Б ажил гарчихлаа гэж намайг дуудахаар нь очиход Д, Б нар хамт байсан. Урьд нь Д-г хоёр удаа харж байсан. Эхлээд Жуковын ойролцоо, дараа нь Б-ийг Өлзийтийн хашаа байшингаа зарна гэх үед нь Д хамт байсан. Д надад хэлэхдээ Америкт байдаг манай нэг найз контейнер зараад өгөөч гэсэн юм. Хамт яваад өгөөч гэхээр нь Д, Б хоёртой том машин олохоор Амгалан явсан. Д крантай контейнер ачуулж буулгах талаар ярилцаад Зайсангаас контейнерыг ачаад Өлзийтийн хашаанд буулгасан. Маргааш нь контейнерыг онгойлгоод дотор нь байсан гэрийн эсгий болон дотор байсан эд зүйлийн талыг нь эхлээд Б-ийн гэрт аваачаад, дараа нь эсгийнүүдийг нь ... байрлах наймаа хийдэг айлд 250.000 төгрөгөөр зарж бид гурав буцаад харих замд Д-г гэмтлийн наана байрлах гэрлэн дохио нь дээр буулгасан. Контейнерын дотор талд байсан үлдсэн зүйлүүдийг нэг хүнээр цэвэрлүүлээд Б-ийн хашааны буланд аваачиж хаяад хүүхдийн хувцаснуудыг жалагт аваачиж хаясан. Үүний дараа 7 дугаар сарын 10-ны өдөр намайг Б дуудахаар нь очиход Өлзийтийн хашаанаас приус 20 маркийн машинтай нэг залуу ирж контейнерыг худалдаж авсан. Мөнгийг нь данс руу шилжүүлье гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг;
5. Гэрч Д.У мэдүүлэхдээ: “Миний бие Б, Д нарыг танина. Б ахыг 10-иад жилийн өмнөөс таньдаг болсон. Б ахтай сонгуулиас өмнө уулзаагүй. Б ах бие муутай байсан учир гэрийг нь цэвэрлэж хоол хийж өгдөг байсан. Нэг удаа гэрийг нь цэвэрлэхдээ 10.000-20.000 төгрөг авдаг байсан. Хамгийн анх Б ахыг харвасан гэж Б ахын дүү нь над руу залгасан. Үүнээс хойш Б-н сонгуулийн сурталчилгаанд явж байгаа гэж Б ахад хэлэхэд ах нь бас явж байгаа гэж хэлсэн. Ингээд сонгуулийн үеэр Кино үйлдвэрийн байрны тэнд Б ах О ах хоёртой таарсан. Тэгээд очиж уулзаад нөхрийгөө Б ахтай танилцуулж байсан. Манай нөхөр бид 2 Б ахтай цуг Зайсан гарч байсан удаа байхгүй. Б ахын гэрийг цэвэрлэж өгөх гээд явах үед 2, 3 удаа орой болчихлоо, хамт явъя гээд нөхөртэйгөө хамт явж байсан. Харин манай нөхөр ганцаараа Б ахын гэрт очиж байсан удаа байхгүй. Б “ахдаа контейнер өргөж өгөөч” гэж хэд хэдэн удаа гуйж байсан болохоор нэг удаа тусалж байсан. Манай нөхөр Б ахтай цуг хулгайн гэмт хэрэгт хамтран оролцсон гэж бодохгүй байна. Контейнер зөөдөг өдөр манай нөхөр намайг гэмтлийн эмнэлгийн ойролцоогоос ирж аваач гэж хэлж байсан. Тухайн үед би Б ахад ядаж унааны мөнгө өгчихгүй дээ гэж уурлаж байсан. Б ах “миний нэг контейнер байгаа, тэрийг Өлзийт рүү зөөгөөд өгөөч” гэж хэлж байсан. 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн өглөө унтаж байхад Б ах над руу яриад “та хоёр өнөөдөр юу хийх гэж байна” гэж асуухад нь мөнгөгүй юм чинь онцын зүйл хийхгүй гэж хэлэхэд манай ээжийн данс руу 500.000 төгрөгийг өгч байсан. Тухайн үед баярлалаа гээд авсан. Ямар учиртай өгснийг нь асуугаагүй. Баяр болж байсан тул сайхан баярлаарай гэж хэлээд өгч байна гэж ойлгосон. Б ах бидний дунд ямар нэгэн өс хонзонгийн холбоо байхгүй. Манай нөхөр бид хоёр Б ахад тусалснаас мөнгө авна гэж ярьж тохирсон зүйлгүй. Тухайн 500.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө биш, сайхан баярлаарай гэж сэтгэл гаргаж өгсөн мөнгө гэж ойлгож байсан. 2020 оны 6 дугаар сарын үед Б ахын биеийн байдал нь гайгүй байсан. Босож явж гүйлтийн зам дээр гүйж байсан. Машин барьдаггүй. Гүйж алхдаг байсан. Б ахын бие тааруу тул гэрийг нь 2018 оноос эхэлж 7 хоногтоо 2, 3 удаа очиж цэвэрлэж байсан. Б ахын гэрийг тодорхой хэмжээний мөнгөөр цэвэрлэж байхдаа Б ахаас аваагүй үлдсэн хөлс мөнгө байхгүй. Б ахын шилжүүлсэн 500.000 төгрөгийг манай ээж, Д бид гурав хувааж хэрэглэсэн. Би шүүхийн шатанд худал мэдүүлэг өгөөгүй. Б ахын тал бие мэдээгүй байж байгаад босоод алхаж явж байгаад, гүйдэг болсон.” гэсэн мэдүүлэг;
6. Гэрч С.Т мэдүүлэхдээ: “Миний бие Бийг 7, 8 жилийн өмнөөс мэддэг болсон. Б нь 7 сарын эхээс над руу залгаад надад эмчилгээний мөнгө хэрэгтэй байна, хүрээд ирээч, явж чадахгүй байна гэхээр нь очиж уулзаад контейнерыг нь зарсан. Тухайн үед Б-тэй Д, О нар байсан. Б ах би ярьж чадахгүй тул банк орж чадахгүй гэж хэлээд контейнер худалдаж авсан хүн миний данс руу 3.600.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн контейнерыг Үнэгүй.мн сайтаар зарсан. Тухайн өдрийн зарыг шүүж үзвэл зарсан хүнээ олох боломжтой байж магадгүй. Мөрдөн байцаагч контейнерыг ямар утсаар зарж борлуулсан талаар асууж байсан. Тухайн үед би ярьж байсан бүх дугаараа мөрдөн байцаагчид өгсөн. Би Б-ийг хулгайн гэмт хэрэгт холбогдсон талаар сүүлд цагдаагаас дуудахад мэдсэн. Хулгай хийсэн гэж итгээгүй. Тус боллоо гэж ойлгосон. Контейнер дотор эд зүйл юу ч байгаагүй. Контейнерыг Өлзийтийн ... гудамжинд Б-ийн хашаанд байхад нь зарж байсан. Тухайн үед Б тэргэнцэр дээр сууж байгаагүй, түшүүлээд алхаж байсан.” гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.
Эрүүгийн 20100 1410 0758 дугаартай хэргээс:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын хуудас /1хх-ийн 3/,
2. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 6-8/,
3. Хохирогч Т.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өгсөн:
“...Миний бие 2018 оны 03 дугаар сард ажлын шугамаар Ховд аймагт ажиллаж амьдрахаар болсон. Гэтэл 2020 оны 07 дугаар сарын 04-нөөс 8-ны хооронд Хан-Уул дүүргийн ... тоотод байсан контейнер маань алга болсон байна гэдгийг хашааны эзэн Э гэгчээс анх мэдсэн юм. Тэгээд цагдаад мэдэгдээд одоо хэрэг маань шалгагдаж байна. Миний алдсан эд зүйлс гэвэл 40 тн улаан хүрэн өнгийн контейнер ба 4 жилийн өмнө 4.800.000 төгрөгөөр авч байсан. Одоо зах зээлийн ханш нь 6.500.000 төгрөгний үнэтэй байна. Дотор нь кросин түлшээр халдаг тень Япон улсаас захиалж авчирч байсан 350.000 төгрөг. Манай гэрийн тавилга болох хоолны ком шкаф 380.000 төгрөг, хоолны том модон ширээ 180.000 төгрөг, буйдангийн урд тавьдаг мөлхөө бор ширээ 350.000 төгрөг, зэс домбо “Могул” дэлгүүрээс авч байсан 380.000 төгрөг, оффисын дугуйтай арьсан сандал 3 ширхэг нь 1.440.000 төгрөг. Кёкүшю таурт компанийхаа оффист хэрэглэж байсан. Оффисын хурлын том бор өнгөтэй ширээ 890.000 төгрөг, оффисын том энгийн ширээ /шаргал өнгөтэй/ 500.000 төгрөг, энгийн түшлэгтэй хар өнгийн тортой 3 ширхэг сандал нийт үнэ 450.000 төгрөг, хувцасны цахилгаантай даавуун шкаф /том хулдаасан/ 180.000 төгрөг, комод модон шүүгээ 290.000 төгрөг, хуванцар комод шүүгээ 180.000 төгрөг, ор болдог буйдан “Шилмэл загвар”-аас авч байсан шинээрээ байгаа, 980.000 төгрөг, энгийн буйдан сандал 1 ширхэг 500.000 төгрөг, Делл загварын суурийн компьютер, процессор, 2 дэлгэцтэй 1.890.000 төгрөг иж бүрэн, хүүхдийн хичээлийн ком ширээ сандал 310.000 төгрөг, хивс 2x3 хэмжээтэй 2 ширхэг, нэг нь 630.000 төгрөг, нөгөөдөх нь 580.000 төгрөг, жижиг орны хивс 1 ширхэг 180.000 төгрөг, суудлын хивс 2 ширхэг 70.000 төгрөгөөр авч байсан, орны бүтээлэг 1 ширхэг 90.000 төгрөг, гутлын угсардаг хуванцар тавиур 120.000 төгрөг, зурагтны модон шаргал тавиур 120.000 төгрөг, битүү чанагч ком 85,000 төгрөг, шал угаагч хувинтай сэгсрэгч 75,000 төгрөг, кострул жигнүүрийн хамт /ОХУ/-д үйлдвэрлэгдсэн 85.000 төгрөг, хоолны ширээ /БНСУ/ 320.000 төгрөг, “Тошиба” брендийн 49 инчийн лсд зурагт 1.890.000 төгрөг, гэрийн модон ор 1 ширхэг 180.000 төгрөг, гэрийн эсгий дээвэр 3 ширхэг нийт 540.000 төгрөг, туурга 13 ширхэг нийт 1.690.000 төгрөг, гэрийн төмөр пийшин яндан 120.000 төгрөг, ширмэн тогоо 75.000 төгрөг, ОХУ-аас авчирч байсан Луминарийн ком аяга таваг 380.000 төгрөг, хайруулын таваг 45.000 төгрөг, түлээний төмөр хайрцаг 30.000 төгрөг, сүх 25.000 төгрөг, хүүхдийн кашмерин монгол дээл 2 ширхэг 360.000 төгрөг, АНУ-аас явуулсан бренд хувцас үүнд пүүзэн гутал, ботинк 320.000 төгрөг, монгол дээлийн 2 ширхэг дурдсан бүс 25.000 төгрөг, хүүхдийн угалзтай монгол гутал 325.000 төгрөг, эмэгтэй богино бор өнгийн нэхий загварын дээл 480.000 төгрөг, хөнжил 4 ширхэг 320.000 төгрөг, Номингоос авч байсан “Эрдэнэт” үйлдвэрийн хонины ноосон хөнжил 2 хүний 1 ширхэг нь 180.000 төгрөг, аяны мишок “Колемон” бренд 90.000 төгрөг, хоолны халуун сав 30.000 төгрөг, цайны халуун сав Зл 2 ширхэг 36.000 төгрөг, халбага сэрээнүүд 20.000 төгрөг, хутга, заазуурын ком 95.000 төгрөг, буурцган дэр 3 ширхэг 27.000 төгрөг, ор хөнжлийн ком 3 хосоор, 3 ширхэг нийт 270.000 төгрөг, энгийн хуванцар 4 ширхэг том сандал нийт 52.000 төгрөг, жижиг хуванцар 4 ширхэг 32.000 төгрөг, гэрийн модон мебель гар угаалтуур төмөр тосгууртай 95.000 төгрөг, сийлбэртэй цагаан сарын цар таваг 250.000 төгрөг, 3 давхар чихэр жимсний таваг 180.000 төгрөг, босоо толь 40.000 төгрөг, махны машин ОХУ-д үйлдвэрлэсэн гар 85.000 төгрөг, Япон брендийн алтан амсартай, алтан соёмботой ЗГ-ийн газраас захиалж бэлгэнд өгч байсан 180.000 төгрөг, гэрийн дотор хөшиг 75.000 төгрөг, гэрийн гадна, дотно ноосон гараар томж хийсэн бүслүүр уяа багц 120.000 төгрөг, мөн контейнерт хадгалж байсан 200 ампертай 2 ширхэг аккумлятор нийт 300,000 төгрөг, зөөврийн машин угаагч ком /шинэ/ 75,000 төгрөг, том авто машины цацруулагчтай наалт кабины 50.000 төгрөг, суудлын приус машины 6 ширхэг дугуй нийт 240.000 төгрөг, төмөр тастагч ком 60.000 төгрөг, тармуур 35.000 төгрөг, гар хөрөө 15.000 төгрөг, модон подон 2 ширхэг 100.000 төгрөг, том машины ачааны даруулга олс 80.000 төгрөг, галын хайч 15.000 төгрөг, гудас 6 ширхэг 240.000 төгрөг, усны сав шар канистр 4 ширхэг 80.000 төгрөг, 20 л багтаамжтай усны хуванцар сав 40.000 төгрөг, 40л усны сав 85.000 төгрөг, 60л усны сав 110.000 төгрөг, шанага 45.000 төгрөг, хашааны шүүр 16.000 төгрөг, хоолны халбаган шанага 12.000 төгрөг, газан плитка 35.000 төгрөг, ноолууран бойтог 65.000 төгрөг, ноолууран эмэгтэй 2 ширхэг цамц нийт 410.000 төгрөг, хүүхдийн уран зохиолын болон танин мэдэхүйн боть номнууд 230,000 төгрөг, модон шатар /том/ 85.000 төгрөг, эмэгтэй туфль хар өнгөтэй 230.000 төгрөг, хүүхдийн жонон загварын малгай 35.000 төгрөг, мөн 4 талтай жанжин малгай 35.000 төгрөг, хүүхдийн шиляп малгай 18.000 төгрөг, оффисын шилэн нүүртэй модон шкаф 420.000 төгрөг, хүүхдийн модон ор 510.000 төгрөг, цахилгааны кабель утас 20 м урт 100.000 төгрөг, цахилгааны тоолуур 35.000 төгрөгний үнэ бүхий зүйлсийг алдаад байна.
Мөн бараа материал өгч авалцсан өр, авлагын падан, зээлийн данс зэргийг бүртгэсэн чухал баримтууд байсан. Жишээ нь яармагаас авах байсан 1.800.000 төгрөгийн бараа өгсөн падан байсан. Зээлсэн өгсөн гэсэн баримтууд мөн байсан. Компьютерийн хардаа олох шаардлагатай байна. Миний бие Ховд аймаг явахаасаа өмнө нэг жил монгол гэрт амьдарсан, гэрийн эд зүйлс бүгд шинэ байсан. Миний зүгээс контейнер болон хүүхдийнхээ эд зүйлсийг олж авах хүсэлтэй байна. Миний ярьсан зүйлс үнэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 16-17/,
4. Гэрч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өгсөн:
“...Миний төрсөн эгч Т нь Ховд аймаг явсан байгаа. Түүний 40 тонны контейнер нь Хан-Уул дүүргийн ... тоотод байрлаж байсан. Уг контейнер нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс хойш алга болсон байна гэж өнөөдөр надад хэлэхээр нь очиж үзээд цагдаад дуудлага өгсөн. Уг контейнерыг 07 дугаар сарын 04-ний өдөр юм уу 05-ны өдрийн аль нэг өдөр ачиж явсан гэж хойд айлын С гэх хөгшин хүн хэлсэн. Уг хашааны урд талд байрлах хяналтын камер нь 3 хоног хадгалдаг гэсэн, ажиллахгүй байна лээ. Хулгайд алдсан контейнероо хэдэн төгрөгөөр үнэлэхийг нь би хэлж мэдэхгүй байна. Манай эгч өөрөө ирээд хохирогчоор мэдүүлэг өгөх байх. Эзэнгүй хашаа байгаа юм. Манай эгч Б гэх залууг сэжиглэж байгаа гэсэн. 7 дугаар сарын 03-ны өдөр Б хашааг нь хараад явсан гэсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 18-19/,
5. П.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэрчээр өгсөн:
“...2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймаг Сайхан суманд арван жилийн нэг сургуульд суралцаж найзалж байсан П.Б миний гар утас руу юнителийн дугаараас залгаад уулзах хэрэг гараад байна гэхээр нь ямар асуудлаар гэж асуухад Өлзийт хороололд нэг хашаа байшин зарах гэсэн юм чи машинтайгаа хүрч ирээд надтай хамт хэд хоног гадуур яваад туслаад өгөөч гэж гуйсан. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 06-ны өглөө 09 цагт над руу ... гэсэн дугаараас залгаад Улсын Их дэлгүүрийн хажууд манай гэрт хүрээд ирээч 37 дугаар байр гэхээр нь би яваад очсон. Нэг танихгүй ойролцоогоор 24-25 орчим насны нэг залуутай Б сандал дээр суугаад намайг хүлээгээд байж байхаар нь очоод уулзахад “Би нэг найзынхаа контейнерыг Өлзийт хороолол оруулах гэсэн юм” гэхээр нь хамт яваад Амгалан ороод том тэрэг зогсдог зогсоол дээр очиход тэр залуу Б хоёр машинаас бууж 50 орчим насны эрэгтэй жолоочтой өөрөө өргөдөг крантай цэнхэр өнгийн урт ачааны машинтай тохироод бид 3 нөгөө ачааны машинаасаа түрүүлж уулын замаар яваад Хан-Уул дүүргийн Зайсангийн хажууд байдаг замын хажууханд байдаг айлуудын гудамжаар орж дотроо нэг монгол гэртэй 40 тонны улаан хүрэн өнгөтэй контейнертой хашааны үүдэнд очиж зогссон. Хүлээж байхад 30-40 минутын дараа нөгөө том ачааны машин ирээд хашаа руу орох гэтэл машин нь багтахгүй байсан. Тэгээд Б нөгөө залууд хашааг нь эвдээд гялс ач, дараа нь хашааг нь янзалчихна гэж хэлээд өөрөө миний машинд надтай хамт сууж үлдээд нөгөө залуу хашааг нь эвдээд 40 орчим минут болж байгаад том тэрэг дээрээ контейнероо ачаад дуусахад би араас нь дагаад Зайсангийн уулзвараар гараад уулын замаар Яармаг хүртэл яваад “Хүннү” Молын цаана байдаг “Сансар” худалдааны төв дээр зогссон. Нөгөө Б-ийн дүү гэх залуу АТМ-ээс 600.000 төгрөг аваад Б-т өгсөн. Тэгээд цаашаа хөдлөөд Өлзийт хорооллын постоор гараад Өлзийт хорооллын 2 дугаар буудлаар урагшаа эргээд Бийн хашаа байшингийн гадна контейнероо буулгасан. Тэгээд Б дүүгээ дуудаад нөгөө мөнгөө том тэрэгний жолоочид өгүүлсэн. Тэгээд бид гурав буцаж хот руу орсон. Б нөгөө залуу хоёрыг Бийн гэрийн гадаа буулгаад 21 цагийн үед гэртээ харьсан. Маргааш өглөө нь 2020 оны 07 дугаар сарын 07-нд өглөө 09 цагт намайг хүрээд ир гээд дуудахаар нь би 11 цагт очоод Өлзийт хороолол ороод нөгөө контейнер дээрээ очоод миний бэлдсэн төмөр тастагчаар цоожийг нь тастаад контейнерыг онгойлгоход дотор нь монгол гэрийн эсгий, шаргал өнгийн 1 хүний ор, цагаан өнгийн 2 хүний ор, тавилга, шкаф, шүүгээ, зурагт, тогоо шанага, аяга таваг, цагаан шар өнгийн усны савнууд, суурин хар өнгөтэй компьютер, бичиг цааснууд гээд айлд байдаг бүх л зүйл байсныг би харсан. Тэгээд бид гурав орж харчхаад нөгөө Бийн хашаа байшинг онгойлгоод Б-ийн дүү тогоо шанага, ор, компьютер гэх мэт нэлээд зүйлсийг нь тэр байшинд оруулаад цоожилж байсан. Дүү нь намайг эндээс үзэж байгаад авах юм байна уу гэж асуугаад май энийг ав гээд надад хүрз, савар, жоотуу, машин угаагч зэрэг эд зүйлийг өгсөн. Тэгээд үлдсэн зүйлсийг нь Б нэг найз гэх хүн рүүгээ манай дүүгийн контейнер байгаа юм аа гэрт амьдарч байсан юмнууд нь байна, чи ирээд үнэгүй авах уу гээд яриад байсан. Удалгүй цагаан өнгийн портер машинтай нэг танихгүй залуу ирж үзээд тавилгануудыг нь ачаад явсан. Би тухайн үед Б-ийн хашаанд машин дотроо байсан. Тэр залуу Б-тэй юу байна хөгшөөн гээд сайн таньдаг бололтой ярьж байсан. Тэгээд тэр залуу юмаа ачиж дуусгаад явсны дараа контейнер дотор эсгийнүүд бичиг баримт зэрэг зүйлсийг үлдээгээд хойно байдаг дэлгүүрээс нь цоож аваад контейнероо цоожлоод хот руу ороод Б болон дүүг нь хамт гэрт нь буулгаад би гэртээ харьсан. Тэгээд маргааш нь 2020 оны 07 дугаар сарын 09-нд Б над руу залгаад 10 цагт бид гурав дахиж уулзахад Б надад нөгөө контейнероо зармаар байна гэж ярьсан. Тэгээд бид гурав гурвалжингийн гүүрний наана контейнер авдаг нэг газар очоод Б дүү хоёр нь нэг хүнд зарахаар боллоо гэж хэлээд Өлзийт рүү явсан. Контейнер дээрээ очоод байж байхад Б миний яриаг сайн ойлгохгүй чи миний утсаар монгол гэрийн эсгий авах уу гэж яриулахад тэр эрэгтэй авна гэж хэлээд, аваад ир, надад унаа олдохгүй байна гэхээр нь Өлзийт хорооллын тэнд байдаг дэлгүүрийн тэндээс амжиргаа цагаантай өвгөнтэй 40000 төгрөгөөр тохироод ... хогийн цэгийн яг үүдэнд байсан монгол гэртэй урдаа том улаан байшинтай айлд очиход хаягдал түүхий эд авдаг нэг залуу гарч ирээд Б-т 200.000 төгрөг өгөөд эсгийг нь аваад үлдсэн. Тэгээд Б-ийн дүү гэх залуу найзындаа очно гэхэд Б тэр дүүдээ хэдэн төгрөг байсныг нь мэдэхгүй, мөнгө өгөөд хорооллын эцэс дээр зам дээр буулгасан. Бийг гэрт нь буулгаад би гэртээ харьсан. Маргааш нь 2020 оны 07 дугаар сарын 10-нд Бийн гэрт Б нэг найз гэх хүнтэйгээ утсаар холбогдоод 30-35 орчим настай залуутай гэрт нь уулзаад тэр залуу нь цаашаа контейнер авдаг хүмүүстэй холбогдоод байх шиг байсан. Тэгээд Өлзийт явъя гэхээр нь хөдлөөд Өлзийт хороололд контейнер дээрээ очиход мөнгөлөг саарал Приус 20-той нэг залуу ирээд контейнерыг нь үзээд Б тэр залууд 3.600.000 төгрөгөөр зарна гээд хоорондоо ярьж байсан. Контейнерын түлхүүрээ тэр хүнд өгч байгааг нь би харсан. Тэгээд буцаж хот руу ирээд Бийг найзтай нь гэрийнх нь үүдэнд буулгаад гэртээ харьсан. Дахиж Бтэй холбогдоогүй байж байгаад цагдаад баригдсан. Би Бийг 1989 оноос хойш таньж мэднэ. Нэг нутагт нэг сургууль төгссөн. Сүүлийн 10 гаруй жил холбогдоогүй байж байгаад манай ангийн хүүхдээс миний утсыг олоод надтай холбогдож уулзсан. Өмнө нь манай гэрт хоёр удаа ирж байсан. Анх надад Б манай найзын контейнер гэсэн. Манай найз өөрөө Америк улсад байгаа эхнэр нь Ховдод байдаг гэж хэлсэн. Дараа нь Өлзийт хороололд контейнер буулгаад цоожийг нь таслахад би өөрийнх нь биш хулгайн контейнер байж магадгүй юм байна гэж бодоод Бээс асуухад зүгээрээ манай найзын юм, би өөрөө мэдэж байна, асуудалгүй гэж надад хэлсэн. Одоо контейнер хаана байгааг нь мэдэхгүй. Хамгийн сүүлд Өлзийт хороололд байхыг нь харсан. Б надад тэр контейнерыг зарсан гэж хэлсэн. Хаана зарсан талаараа хэлээгүй. Миний бодлоор тэр саарал приустэй хүнд тэр контейнерыг зарсан байх гэж бодож байна. Надад өгсөн гэх эд зүйлс одоо надад бүрэн байгаа. Би Бийн дүү гэх контейнер ачсан залуугийн нэрийг нь сайн мэдэхгүй. Тэр залуу Бээс хэдэн цаас авах гэж ирсэн юм шиг байна лээ. Гэрийг нь сайн мэдэхгүй нэг хүүхэнтэй байранд хамт амьдарч байгаа гэж ярьж байсан. Би тухайн үед ... улсын дугаартай 2008 онд үйлдвэрлэгдэж 2018 онд импортлогдсон сувдан цагаан өнгийн приус-20 маркийн автомашинтай явсан. Энэ машин миний машин...” гэх мэдүүлэг /1хх-ийн 27-28/,
- иргэний хариуцагчаар 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “...Миний бие 2020 оны 07 дугаар сарын 06-ны орчимд П.Б нь дуудсанаар өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай приус 20 маркийн машинтайгаа ирсэн юм. Гэтэл П.Б нь машины хэрэг байна, жоохон ажил байна, 2-3 хоног яваад өгөөч гээд бэлнээр бензин хийчих гээд 100.000 төгрөг өгч байсан. Ингээд миний бие П.Б болон А.Д нартай контейнер авна гэсэн ажилд нь явсан. Улмаар миний бие эсгий зарах үед нь цуг явсан. Гэхдээ мөнгө аваагүй. Контейнер дотроос 2 ширхэг жижиг хивсэнцэр гарч ирснийг А.Д нь надад машиндаа хийчих гээд өгсөн. Контейнер зарсан мөнгөнөөс мөнгө аваагүй. Нийт 4 хоног ажилд нь явсан, хоолны мөнгөө даалгаж байсан. П.Б, А.Д нар нь манай найзын контейнер гэж хэлээд ачих гэж байгаа талаараа хэлсэн. Түлхүүр байхгүй гээд надаас тасдагч асууж, улмаар маргааш нь тасдагчаар контейнерыг ачуулсан. Контейнер зарах гээд эд зүйлсийг нь ачиж байхад А.Д нь минийх гээд хүнд ачуулж өгөөд явахад нь П.Б, А.Д нар нь хулгай хийсэн гэдгийг мэдсэн. Би П.Б-ээс хоолны мөнгө, бензин гээд 200.000 төгрөг цувуулж авсан. Энэ мөнгөө төлнө...” гэх мэдүүлэг /1хх-ийн143-145/,
6. Гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өгсөн:
“...Манайх Хан-Уул дүүргийн ... тоот хашаанд 1986 оноос хойш амьдарч байгаа. ...манай хашаанд нийт 2 ширхэг контейнер байсан ба алдагдсан гэх 40 тонны контейнер нь 2016 оны орчимд манай зэргэлдээх хашаанд байсан А, Т нар нь анх гуйж тавиулж байсан юм. Түүнээс хойш байж байгаад 2020 оны 07 дугаар сарын эхний 7 хоногт хулгайд алдагдсан. Уг контейнер дотор миний мэдэхийн Ховд явна гээд монгол гэрийн эд хөгшил, бүх зүйлсээ үлдээсэн юм. Нөхөр нь АНУ яваад удалгүй Т нь Ховд аймагт ажиллаж амьдрах гээд явсан. Манайх түр хугацаанд хашаагаа тогны асуудлаас болж орхисон. Хашаагаа ойрхон эргээд хашааны банзаа янзалдаг байсан. Мөн Т нь гэр байгаа гэдгээ хэлдэг байсан. Тэгээд хужирт яваад 2020 оны 7 дугаар сарын дундуур очтол манай хашааны хаалганы ойрхон монгол гэр байсныг нь тойруулж улмаар том машин орох зорилгоор хашааг маань эвдсэн, тэр чигт нь хаяж явсан байхтай нь таарч Ттай ярьж та нар контейнероо авсан юм уу, хашаа эвдсэн байна гэж анх хэлснээр хулгайд алдагдсан гэдгийг нь мэдсэн. Хашаагаа янзлуулах гэж хүнд ажлын хөлс гэж 300.000 төгрөг өгсөн. Хашаа эвдсэн зураг нь байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 146-148/,
7. Гэрч Д.С-н мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгсөн:
“...2020 оны 07 дугаар сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. Манай арын №1 дугаартай хашааны хойд талын номергүй хашааны хашааг нь авч крантай машин орж контейнер ачих гэж байгааг нь харж, очиж уулзсан юм. Намайг очих үед крантай машины жолооч болон өөр залуу гээд 2 хүн байгаатай нь таарсан. Тэгээд би контейнер авч байгаа юм уу гэж асуутал тэр залуу нь тиймээ, контейнероо яаралтай ав гээд байхаар нь авч байна гэсэн. Жолооч нь тойроод гарч ирэхээр нь би ийм контейнер ямар үнэтэй байдаг юм бэ гэж асуухад жолооч нь надад 13.0 сая гэж хэлсэн. Тэгээд танд ийм контейнер хэрэгтэй юм бол ачиж ирээд өгч болно гэхээр нь би тэгвэл утасныхаа дугаарыг хэлчих гэтэл миний машины хаалга дээр дугаар байгаа гэж хэлсэн тул би гэртээ утасных нь дугаарыг бичиж авч үлдсэн. Гэтэл удалгүй, хэсэг хугацааны дараа уг айлын хүн ирж контейнероо алдчихлаа гээд харуул болон манайхаас асуусан юм. Тэгэхээр нь би эзэн нь авч яваагүй юм уу гэхэд эзэн нь Ховдод байгаа, айлын контейнерыг алдчихлаа гэж уг хашааны эзэн нь надад хэлсэн. Крантай машинтай 2 хүн уг контейнерыг ачиж явсан. Бор залуу нь контейнераа ав гээд яаруулаад байна, тэгээд контейнероо авч байна гэж хэлсэн. Тэр бор залууг одоо харвал танихгүй байх. Түнтийсэн бор залуу байсан. Уг контейнерын эзэн нь тиймэрхүү бор залуу байсан юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 135-137/,
8. Гэрч Ө.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн:
“...2020 оны 07 дугаар сарын эхээр, өдрөө санахгүй байна. Оройхон гэртээ байхад миний утас руу залгаад та 40 тонны контейнер ачдаг машины эзэн мөн үү гэж асуухад нь би ачдаг гэж хэлсэн. Тэр залуу маргааш 10 цагт Зайсанд уулзаж 40 тонны контейнер ачуулахаар болсон. Ингээд миний бие маргааш нь өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай машинтайгаа очтол надтай анх утсаар ярьсан залуу ойрхон, ойрхон та явчихваа гээд залгаад байсан. Маршалын гүүрээр гараад ертөнцийн зүгээр баруун эргээд зам дагуух дүнзэн байшингаар ... 100 метр орчим яваад хашаатай тулсан. Хашааны хаалга жаахан байсан тул миний машин орохгүй гэдгээ хэлтэл хашааны хаалга эвдэх болсон. Намайг очиход цагаан приус 20 машин дотор хөлгүй жолоочтой мөн бие муутай гээд нэг залуу, надтай утсаар ярьсан залуу гээд нийт 3 хүн байсан. Тэгээд би контейнерыг нь үзэхэд цоожтой байсан тул доторх зүйлсийг нь үзье, их юмтай бол машины нум нугарах аюултай гэж хэлтэл контейнерт гэрийн муу сайн новшнууд байгаа гээд бие муутай гэх хүн нь хэлсэн. Тэгэхээр нь би түлхүүрээ олж ир гэж хэлтэл приус 20 машинтайгаа түлхүүрээ олж ирэх болоод явсан. Нэгэнт би айлын хашаа эвдээд орсон тул өргөж үзэхэд боломжийн байсан. Энэ хооронд би нөгөө анх холбогдсон залуутай үлдсэн байсан, утсаар нь асуулгаж байтал түлхүүр нь олдохгүй, эхнэр нь авч явсан байна гээд байсан. Ингээд 1 цаг орчим хүлээгээд ирэхгүй болохоор нь гэр нь хаана байдаг юм бэ гэхэд Төмөр замд гэж хэлж байсан. Тэгээд 500.000 төгрөгөөр тохирч дээрх 40 тонны контейнерыг нь өргөж улмаар Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд байх хашаанд нь буулгах гэтэл хашааны хаалгаар нь багтаагүй. Тэгсэн гадаа буулгачих гэхээр нь гудамжинд буулгачхаад явсан. Төлбөрийг бэлнээр өгсөн. Надтай анх холбогдсон залуу АТМ-с 500.000 төгрөг авч өгсөн. Анх надтай утсаар ярьсан залуу дээрх хашаа болон контейнерыг манай ахын хашаа байгаа юм, хүнд зарчихсан, контейнероо авах гэж байгаа юм, өөрөө харвачихсан, энэ машинд сууж байгаа хүн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 31-33/,
9. Гэрч Д.А-н мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн:
“...2020 оны 07 дугаар сарын эхээр Ц нь намайг анх Б гэгчтэй Сонгинохайрхан дүүргийн ... 2 давхар байшингийн тэнд танилцуулж байсан. Нэг хэлгүй залуу машин барьж ирж байсан. Удалгүй наадмын дараахан миний дугаарыг Ц-с авсан гээд П.Б нь надтай холбогдоод эсгий авах уу гэхээр нь ямар эсгийн юм бэ гэхэд өөрийн эсгий гэсэн. Миний хувьд машин тэрэг байхгүй. Очиж авч чадахгүй. Хэрэв ачаад ирвэл авна гэдгээ хэлсэн. Мөн надад бэлэн мөнгө байхгүй гэхэд 2-3 хуваагаад төлчих гэж байсан. Гэтэл маргааш нь П.Б манайд амьжиргаа цагаан машин дээр эсгий ачаад хүрээд ирсэн. Миний зүгээс авчирсан 8 ширхэг эсгийг нь 350.000 төгрөгөөр бодож ирсэн өдөр нь 150.000 төгрөг өгсөн, сүүлд нь 200.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл Бтэй уулзаагүй байна. Бүх мөнгөө бэлнээр өгсөн. Сүүлийн мөнгийг өөрөө манайд ирж авсан. Нийт 8 ширхэг дээвэр, туурга байсан, яг хэдэн дээвэр, туурга гэдгийг нь хараагүй. Хуучин эсгий байсан. Одоо манай байшинд эсгий нь байгаа. Анх Бтэй уулзсанаас хойш Ц нь Бтэй хүрч ирээд П.Б нь ийм юм зарах гэж байна, хашаа байшингаа зарах гэж байгаа юм гээд утаснаасаа зураг үзүүлсэн юм. Би зургийг нь үзээд хаалганы саарал өнгөтэй олон тавиуртай стенк, булангийн буйдан, босоо толь, дугуй ширээ зэргийг 550.000 төгрөгөөр авах болж миний бие өөрийн биеэр очиж үзэж худалдаж авсан. Мөн мөнгийг нь цувуулж өгсөн. Одоо эдгээр зүйлс нь манай байшинд байгаа. Хөлгүй машинтай залуу болон П.Б нар нь дандаа цуг явж байсан. Эсгийг харанхуйд өгсөн болохоор өөр хүнтэй ирсэн эсэхийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 29-30/,
10. Гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн:
“...Б бид хоёр нутгийн хүн байгаа юм. Бага хүүхэд байхаасаа бие биеэ мэддэг. Сүүлийн 2 жил ойр холбоотой байгаа. Б нь манайхаар ирж очдог болсон. 2020 оны 07 дугаар сарын дундуур байхаа, өдрөө сайн санахгүй байна. П.Б нь над руу залгаад найз нь контейнероо зарах болсон дотор нь байгаа эд зүйлсээ суллаж байна, чи хүрч ирээд гэрт тавьж байсан хуучин тавилгуудыг аваадах гэж хэлсэн. Тухайн үед надад ажлын хөлсөнд мөнгөний оронд орж ирсэн Вонго-3 маркийн ачааны машин байсан тул уг машинаараа Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд байх П.Бийн гэрт ирсэн. Ингээд Бийн гэрт иртэл хашааны гадна талд байрлуулсан улаан хүрэн өнгийн 40 тонны контейнер байсан. Намайг очиход Б мөн нэг хөлгүй хүн бас нэг залуу 3 байсан. Тэр залууг нь С гээд байх шиг байсан. Тэгээд Б нь надад контейнер дотроосоо Бест буйдан ор, модон ор, Хятад эвхэгддэг буйдан, бор өнгийн ор, оффисын зориулалтай шилэн нүүртэй доороо шургуулгатай бор шкаф, гэрт тавьдаг гал тогооны шүүгээ 1 ширхэг, шар модон шүүгээ, зурагтын стенк, оффисын бор ширээ 1 ширхэг, гарын угаалтуур, хуванцар хувцасны шүүгээ эдгээр зүйлсийг санаж байна. Уг ачсан эд зүйлс бүгд манай гэрт байгаа ашиглаагүй очиж үзэхээр мэдэгдэнэ. Тухайн эд зүйлсийг надад мөнгөөр өгөөгүй. Б нь контейнер суллахад туслаад өгөөч ээ гэж байсан. Би очоод хэний юм бэ гэхэд Б манай дүү С-н зүйл гэж хэлсэн. Байранд орсон тавилгануудаа хэрэглэхгүй байгаа. С гэх залуу нь миний юм байгаа юмаа гэж хэлээд надтай цуг ачилцаж өгөөд явуулсан. Намайг юм ачаад явах үед тус контейнерт боодолтой нэлээд их эсгий үлдсэн. Намайг эсгийгээ гаргаад өг гэхээр нь чи хэрэглэхгүй юм бол контейнертойгоо зар гэж хэлээд эсгийг нь гаргаж өгөлгүй би явсан, нөгөө гурав үлдсэн юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 34-35/,
11. Гэрч А.Тын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн:
“...2016 оноос хойш П.Б гэдэг хүнийг мэднэ. Ажил хэргийн холбоотой байсан юм. Миний бие Банк Бус Санхүүгийн Байгууллага /цаашид ББСБ гэх/-д машин хариуцсан менежер хийдэг байхад П.Б нь манай ББСБ-д машин тавьж үйлчлүүлдэг байсан, тэр үеэс эхэлж мэдэх болсон. П.Б нь 2020 оны 07 дугаар сарын 07-ны орчимд гэнэт над руу залгаад өөрийгөө харвасан байгаа миний хэл яриаг хүн сайн ойлгохгүй гэж хэлсэн. Тэгээд 40 тоннын контейнер байна зараад өгөөч гэж хэлсэн юм. Бийг харвасан гэдгийг нь сонсож байсан. Тэгээд ажилтай байна гээд 7 дугаар сарын 09-нд амрах үедээ очиж уулзахаар болсон. Ингээд 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Дөчин мянгатад байх Бийн гэрт очиж уулзсан. Тэндээсээ Д гэх залуугийн хамт Б бид гурав миний машинтай 40 тонны контейнер үзүүлнэ гээд Өлзийт хороололд байх хашаанд нь очсон юм. Замдаа Б нь би энэ дүүгийнхээ контейнерыг буулгасан байгаа юм. Дүү маань Тэрэлжид цайны газар ажиллуулах гэж байгаа юм, үйл ажиллагаанд нь мөнгө дутаад байгаа юм гэж хэлсэн. Тэгээд намайг зараад өг, чи урьд нь машин зардаг байсан зарын сайтууд руу ороод зараад өгчих. Би харвасан тул сайн ярьж чадахгүй байна. Намайг удаан ярихаар хүмүүс согтуу гэж ойлгоод байна, чи надад туслаад өг, миний бие тааруу байна. Чи хүмүүстэй өөрийнхөө контейнерыг зарж байгаа юм шиг яриад зараад өг гэж хэлсэн. Ингээд очтол улаан хүрэн өнгийн 40 тонны өндөр контейнер байсан юм. Уг контейнерыг зарахдаа өндөр гэдгийг нь мэдсэн юм. Тэгээд би контейнер авна гэсэн зарын дагуу залгаж эхэлсэн. Тухайн үед олон хүнтэй ярьсан ба нэг хүнтэй ярилцаад 3.6 сая төгрөгөөр зарахаар тохиролцсон. Тухайн өдрийн орой нэг хүн ирж зарын дагуу контейнерыг үзээд оройдоо ачна гээд явсан. Удалгүй 1 цагийн дараа миний Хаан банкны ... тоот дансанд 3.6 сая төгрөг шилжин орж ирсэн. Утга дээр нь Ко худалдаж авсан төлбөр гээд ... дугаар тэмдэглэгдсэн байна. Хаан банкны ... тоот данснаас мөнгө орж ирсэн. Би орж ирсэн мөнгийг нь Өлзийтийн Хаан банк орж бэлнээр 3.6 сая төгрөгийг Б-т өөрт нь авч өгсөн. Хажууд нь дүү гэх залуу нь цуг байсан. Би Б-ээс нэг ч төгрөг аваагүй, тахир дутуу хүнд тусалсандаа баярласан. Надаас 2 хоног гуйсан тул би тус болсон. Тэндээсээ Дөчин мянгатад байх гэрт нь хүргэж өгсөн. Миний бие контейнер авсан залууг танихгүй. Утсаар ярьсан, өөр хүн явуулж уг контейнерыг үзүүлж улмаар авсан юм. Шинэ ч биш хуучин ч биш дунд зэргийн контейнер байсан. Дотор нь янз бүрийн юм байгаагүй хоосон байж таарсан. Миний бие хулгайн эд зүйлс гэдгийг нь мэдэлгүй хүнд тус болсон байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 132-134/,
12. Шүүгдэгч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Дээрх зүйл хэсгийг хүлээн зөвшөөрч байна.
Үйлдсэн хэргийн талаар гэвэл: 2020 оны 06 дугаар сараас Хан-Уул дүүргийн ... тоот хашаанд байх байшиндаа өөрийн тавилгаа хураасан байсан. Тэгээд миний бие эд зүйлсээ зарж эхэлж байсан. Энэ үед миний танил У гэх эмэгтэй зарж өгнө гээд Facebook-р зар тавьсан юм. Мөн хашаа байшинг маань зарж өгнө гэж тохиролцсон. Сонгуулийн үеэр У нь өөрийн нөхөр Д гэгчтэй намайг танилцуулсан. Энэ хооронд Д болон У нар нь Цонжин болдогт гэр гуанз ажиллуулна гээд гэр хайж байсан юм. Намайг хашаа байшингаа зарвал мөнгө зээлнэ гэж байсан. Хашаа байшинг зарах зарыг У-н Facebook хаягаар тавьсан гэсэн. Миний зүгээс зарыг нь хараагүй. Миний өөрийн зүгээс У, Д нарт гэр олж өгч туслах санаатай байсан юм. Надад сэтгэлээсээ тусалж байсан тул миний зүгээс хариу барих ёстой гээд зүтгэсэн боловч миний эд зүйлс зарагдаагүй. Тэгэхээр нь манай найз А нь АНУ-руу явсан. Эхнэр нь Ховд руу нүүгээд явсан. Зайсанд байгаа контейнерт нь 2 монгол гэр хураасан байгаа гэдгийг У Д хоёрт хэлсэн юм. Гэтэл У Д хоёр очиж үзье гээд Угийн машинтай явж Зайсанд байгаа контейнерыг үзсэн. Хашаанд нь хүн байхгүй зэрлэг битүү ургасан байгаа харагдсан. Гэтэл Д нь хүн байдаггүй юм байна гэж хэлж байсан. Энэ хооронд Д өдөр бүр манайд ирж байсан. Тухайн үед facebook хаягаар зар тавьж миний мотортой завийг 1.0 сая төгрөгөөр зарсан. Уд мэдэгдэхгүйгээр Д нь хоёулаа контейнерыг хусъя, дотор нь байгаа гэрийг авъя гэдэг болсон. Крантай машины зардал гарна танд мөнгө байгаа юм чинь гялалзуулчихъя гээд байхаар нь би зөвшөөрч улмаар 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр дээрх контейнерыг хулгайлж авсан. Краны мөнгө гээд 600.000 төгрөгийг нь би бэлнээр төлсөн. Уг контейнерыг манай Өлзийт хороололд байрлах хашаанд буулгаж улмаар цоожийг нь эвдэн доторх эд зүйлсийг нь үзтэл гэр байхгүй 8 ширхэг эсгий гарч ирсэн гэсэн. Миний бие сайн явж чадахгүй тул Д доторх эд зүйлсийг нь цэгцэлж бүртгэж байсан. Ингээд уг контейнер дотор гэрийн хуучин тавилга хэдэн эсгий байна гэж хэлж байсан. Бензиний мөнгө хэрэгтэй байна зарагдах зүйл юу байна гэхэд Д нь эсгий зурагт байна заръя гэсэн. Энэ үед манай хуучин тавилгыг авах гээд манай найз Ц-н найз нэрийг нь мартчихлаа түүхий эд авдаг хүн дээр О, Д бид гурав машин хөлсөлж улмаар 8 ширхэг эсгийг зурагтын хамт ачиж очсон юм. Гэтэл түүхий эд авдаг хүн нь эсгийг нь 200.000 төгрөгөөр авсан. Зурагт нь шатсан байна гээд Д гараад ирэхээр нь зурагтыг тэнд нь хаясан. Д хүнтэй уулзана гэхээр нь 60.000 төгрөгийг нь өгсөн. Үлдсэн мөнгийг нь таксины жолооч О бид хоёр 70.000, 70.000 төгрөгөөр нь хувааж авсан. Д нь хүнтэй уулзана гээд явсан. Орой нь эхнэр У нь над руу залгаад та зугт, таныг Д ална гэж байна, танайх руу очиж байна гарч зугтаа гэж хэлэхээр нь би зугтаж чадахгүй гэдгээ хэлсэн. Бусад эд зүйлсийг би З-н дүү Б-г утсаар нь дуудаж машинтай ир гээд үлдсэн зүйлсийг нь ачуулж өгөөд явуулсан. Эд зүйлсийг Д ачилцаж өгсөн. Мөн О хажууд нь байсан. Миний бие найз Төмөртэй холбогдоод манай дүү хашааны хажууд маань контейнер аваад ирсэн юм, зараад өг гэж хэлснээр 3.6 сая төгрөгөөр уг контейнерыг зарсан гэж хэлж байсан. Д-гийн эхнэр У-гийн данс руу 500.000 төгрөгийг Т-н данснаас шилжүүлэн өгсөн. Үлдэгдэл 3.0 сая төгрөгийг нь би эм тарианд хэрэглэсэн. Мөн крантай машины зардалд мөнгө гаргасан гэдгээ хэлж 1.0 сая төгрөгөнд тооцсон. Үлдэгдэл мөнгийг нь би эм тариа хоол хүнс, асран хамгаалагчийн цалинд зарцуулсан. Тухайн үедээ би өөрөө хэргээ даая гэж бодож Дгийн талаар хэлээгүй. Хүмүүсийн яриаг сонсоод үнэн хэл гэсний дагуу мэдүүлэг өгч байна. Надад өөр үйлдсэн хэрэг болон шалгагдаж байгаа газар байхгүй. Миний бие хохирлыг барагдуулна. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 58-64/,
13. Шүүгдэгч А.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар өгсөн:
“...2020 оны 06 дугаар сарын дундуур сонгуулийн сурталчилгааг эхнэрийн хамт тараагаад Баянзүрх дүүргийн 16-р хороо “Цайз Монел” орчмоор явж байтал Б нь цагаан приус-20 маркийн машинтай явж таарсан. Манай эхнэр У-тай мэндэлсэн. Эхнэр намайг дуудахаар нь би яваад очтол ахтай танилц гэсэн. Гэтэл нутаг ус асуугаад Дархан гэж хэлтэл манай нутгийн дүү байна гээд танилцсан. Үүнээс хойш сонгуулийн дараа Б нь манай эхнэр лүү залгаад ах нь эмнэлэгт хэвтэх гээд байна нөхрөө ганц явуулаад туслуулаадахаа айлын хашаанд юмаа үлдээсэн гэж хэлсэн. Миний бие ажил төрөлтэй амжихгүй, дүү нарыг нь дуудаач гэхэд эхнэр маань манай ахын найз байгаа юм, ядарсан, харвасан хүн байгаа юм. Ах, дүү нар нь тоохгүй, туслах хүн байхгүй туслаад өгчихгүй юу гэж хэлсэн. Маргааш нь Б нь манай эхнэр лүү дахин залгаад сувилалд хэвтэх гээд байна гэж хэлэхээр нь миний бие ажлаасаа чөлөө авч туслахаар очсон. Ингээд би Бтэй утсаар холбогдоод хаана яваад очих вэ гэхэд Мөнгөн завьяа дээр хүрээд ир гэхээр нь яваад очтол цагаан өнгийн приус-20 маркийн машинтай хүлээж байсан. Уулзалдаад Амгалан орж хүнтэй уулзана гээд явсан. Нэг хашаанд тулж зогстол Б нь таяг тулж машинаас буугаад надаар сугадуулаад Маяти машинтай уулзаад контейнер ачуулах гэж байгаа гэдгээ хэлтэл жолооч нь ямар контейнер ачуулах гэж байгаа юм гэхэд Б нь 40 тонн гэж хэлтэл энэ дугаар луу залгаад уулз гээд миний утсан дээр тэмдэглүүлсэн, шууд залгаж надаар яриулсан. Зайсангаас ачуулна гэдгээ хэлж үгийг нь би ачааны жолоочид дамжуулан хэлж Зайсан Буган Халиун гэх газар уулзахаар болсон. Тэгээд 14 цагийн орчимд крантай том Маяти машин ирж зогссон. Урд талд нь Б приус машинтайгаа урд нь гараад контейнер байгаа хашаагаа зааж өгч улмаар Б нь надаар сугадуулаад хашаанд орж 40 тонн улаан контейнерыг зааж энэ контейнерыг ачуулна гэж хэлсэн. Жолооч 500.000 төгрөгөөр ачна гэхдээ дотор талыг нь онгойлгож үзэж байж ачна гэж хэлсэн. Гэтэл Б нь гэрээсээ түлхүүрээ аваад ирье, машинаа оруулаад хүлээгээд байж бай гээд яваад өгсөн. Ингээд жолооч бид 2 уг хашааны хаалгыг нь онгойлгож машинаа ачихаар байрлуулчхаад хэсэг хүлээгээд ирэхгүй болохоор нь жолооч нь залгаад яачихваа гээд асуулгасан. Түлхүүрээ олохгүй байна хайж байна гэж хэлсэн. Удалгүй Б нь залгаад жолоочтой яриад түлхүүрээ олохгүй байна шууд ач гэж хэлсэн. Гэтэл жолооч нь өргөж үзээд болохгүй бол ачихгүй гэж хэлсэн. Тэгээд өргөж үзтэл тросс нь дугараад байна гээд ачихгүй гэж хэлсэн. Тэгтэл Б өөрөө залгахаар нь ачаа ихтэй байна, үнээ нэм гэж байна гэдгийг нь хэлтэл хэдээр ачих юм бэ гэхэд 100.000 төгрөг нэм гэж байна гэдгийг нь хэлсэн. Ингээд арай гэж контейнерыг ачсан. Энэ үед хажуу хашаанаас нэг өвгөн ирээд эзэн нь байна уу гэж асуусан. Тэгэхээр нь эзэн нь түлхүүрээ аваад ирж байгаа гэдгийг нь хэлтэл за за гээд гараад явсан. Зайсан тал руу явна. Гэрлэн дохио нь дээр хүлээж бай хашааны хаалга сайн хаагаарай гэж Б нь хэлсэн. Ингээд жолооч бид 2 хашааны хаалгыг нь хаагаад хөдлөөд явсан. Гэрлэн дохион дээр иртэл Б нь машинтайгаа аваараа татаад хүлээгээд зогсож байгаатай нь таарч араас нь дагасан. Улмаар шууд Өлзийт хороололд байх 2 дахь гудамжаар орж блокон хашаатай улаан байшинтай хашаан дээр ирж гадна талд буулгахаар болсон. Ачсан машин нь дийлэхгүй тросс нь тасрах гээд байна гэж хэлээд дахин хотоос маяти машин дуудсан. Гэтэл дунд зэргийн крантай маяти машин ирээд 2 машин 40 тн контейнерыг нь буулгаж өгөөд явсан. Тооцоогоо Бтэй хийгээд явсан. Уг контейнерыг шууд буулгачхаад хот руу явах болсон ба намайг Гэмтлийн эмнэлэг дээр буулгаж өгсөн. би тэндээсээ автобусанд суугаад шууд гэртээ харьсан. Контейнерыг нь яаж онгойлгосон талаар мэдэхгүй байна. Миний хувьд цэвэрлэж өгсөн. Айлын хуучин тавилга, эсгий байсныг нь гаргаж янзалж өгсөн. Гайгүй юмнуудыг нь тоосгон байшинд нь зөөж оруулж өгсөн. Тааруухан зүйлийг нь хүнд өгнө гээд ялгуулсан. Ингээд байж байтал нэг Портер машинтай хүн хүрч ирээд ялгасан муу гэх зүйлсийг өгч явуулсан. Үлдсэн зүйлсийг нь би гэрт нь оруулж өгсөн. Миний хувьд тухайн зүйлсийг заралцсан зүйл байхгүй. Ажлын хөлс гээд сүүлд наадмаар 500.000 төгрөгийг манай хадам ээж У-н дансаар өгсөн. Тухайн үед надад данс байхгүй байсан тул хадам ээжийн дансыг өгсөн. Уг өгсөн мөнгөөр нь наадмаар баярласан. Миний хувьд П.Бтэй өр, авлага, өс хонзонгийн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 24-27/,
14. Хохирогчийн эд хөрөнгийн үнийг “Дамно” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ХУ1-20-545 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлангаар“...нийт 14.911.530 төгрөгөөр тогтоосон...” тухай /1хх-ийн 215-222/,
15. Эд зүйлсийн жагсаалт /1хх-ийн 214/, Эд хөрөнгө битүүмжилсэн тухай прокурорын 2020 оны 12 сарын 25-ны өдрийн 01 дугаартай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 2хх-ийн 1-5/ ,
16. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл зүйн оношлогоонд:
-Шинжлүүлэгч П.Б-т танин мэдэхүйн бууралт илэрнэ. Ой тогтоолт, оюуны ажиллах чадварын бууралттай. Сэтгэхүйд хийсвэрлэн дүгнэх үйлийн бууралт илрэх ба зан төрхийн өөрчлөлтийн элемент илэрнэ. Өөрийн үнэлгээ үнэн бус” ...” гэсэн оношилгоо /хх-ийн 186/,
17. Шүүх сэтгэц эмгэг судлалын 1132 дугаар дүгнэлтэд:
-П.Б нь F06.7. Танин мэдэхүйн хөнгөн эмгэг, цус харвалтын дараах байдалтай байна. Дээрх эмгэг нь 2019 оны 07 дугаар сарын үед тархинд цус харваснаас үүссэн байх боломжтой байна. П.Б нь Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн хяналтад байдаг гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна.
-П.Бийн удамд сэтгэцийн өвчтэй хүн бий гэх баримт, мэдээлэл үгүй байна.
-П.Б нь мэдүүлэг өгөх болон хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэсэн дүгнэлт. /1хх-ийн 187-189/,
18. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтуудад:
Шүүгдэгч П.Б-ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1хх-ийн 100/, түүний талаарх яаралтай тусламжийн хуудас, шинжилгээ, оношлогооны талаарх баримтууд /1хх-ийн 68-90/, Иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 95/, хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /1хх-ийн 155-180/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /2хх-ийн 37-46/,
-шүүгдэгч А.Д-гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1хх-ийн 101/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-ийн 103/, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /1хх-ийн 104-105/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас гэм буруугийн талаар “...Шүүгдэгч П.Б, А.Д нар нь хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, бусад баримтаар тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах. Хохирлын тухайд хохирогчид нийт 14.911.530 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс 6.114.868 төгрөгийн үнэлгээ бүхий 55 төрлийн эд зүйлсийг Энэбиш гэх хүнд хадгалуулж, хамгаалах үүргийг хүлээлгэн өгсөн ба дээрх эд зүйлсийг хохирогчид биет байдлаар хүлээлгэн өгч, үлдэгдэл хохирол болох 8.796.662 төгрөгөөс 200.000 төгрөгийг иргэний хариуцагч П.О-аас гаргуулж, бусад хохирлыг шүүгдэгч П.Б, А.Д нараас хувь тэнцүүлэн тус бүрээс нь 4.298.331 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах саналтай. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан машиныг улсын орлого” болгохоор заасан. Иймд ... тээврийн хэрэгслийн үнэлэгдсэн үнэ болох 26.906.020 төгрөгийг шүүгдэгч нараас буюу тус бүрээс 13.453.110 төгрөг гаргуулж улсын орлого болгох саналтай байна” гэсэн дүгнэлтийг;
Хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэнгээс “...2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Тийн өмчлөлийн контейнер болон дотор нь байсан эд зүйлийг шүүгдэгч нар санаа бодлоороо нэгдэн үйлдэж авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа. Иймд шүүгдэгч нар хохирлын төлбөрийг хувааж төлөх нь зүйтэй. Хохирогчид 92 төрлийн 14.914.500 төгрөгийн хохирол учруулсан гэж үнэлгээгээр тогтоогдсон боловч бодит байдал дээр 14.914.500 төгрөгөөс их хэмжээний хохирол учирсан. Миний үйлчлүүлэгч контейнерыг тухайн үед 5.000.000 төгрөгөөр худалдаж авсан боловч одоогийн зах зээлийн үнийн хувьд 40 тонны контейнер ойролцоогоор 10.000.000 төгрөгийн үнэлгээтэй байна. ...Иргэний хуулийн 510 дугаар зүйлд хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн анхны байсан байранд нь сэргээж болно, эсхүл ижил төрлийн эд хөрөнгийг өгч болно, эсхүл мөнгийг нь өгч болно гэж заасны дагуу контейнероо авах хүсэлтэй байна. ...Хохирогчийн хувьд битүүмжилсэн эд хөрөнгийг буцааж авах хүсэлтэй байна. Шүүгдэгч нар хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зүйл харагдахгүй байна. Нэг нь би өвчтэй юм чинь ингээд шийдэгдчихнэ гэх байдлаар, нөгөөх нь би хэрэгт оролцоогүй гэх байдлаар хандаж байна. Иймд гомдолтой байх тул 8.795.662 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж гомдлыг барагдуулж өгнө үү. Мөн улсын яллагчийн иргэний хариуцагчаас 200,000 төгрөгийг гаргуулах саналыг дэмжихгүй байна. Учир нь шүүгдэгч нар иргэний хариуцагчийн машиныг ашигласан. Тухайн 200.000 төгрөгийг иргэний хариуцагч хувьдаа аваагүй. Б, Д нарыг хүргэж өгөх бензин болон хоолонд зарцуулсан зардал хэмээн ойлгож байна. Иймд уг зардлыг шүүгдэгч нараас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгч А.Дг-ийн өмгөөлөгч С.Чинзоригоос “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтооно” гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Д-г гэмт хэрэг үйлдсэн гэх баримтгүй, хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй. Шүүгдэгч Б өөрөө энэ хэргийг гардан зохион байгуулж бусдаар гүйцэтгүүлсэн үйлдэл нь илт байна. Үүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн тогтоох ёстой байтал тогтоогоогүй. Б холбогдсон хэрэгтээ ганцаараа ял авахгүйн тулд цуг байсан хүмүүсээс нэгийг нь шууд хамаатуулсан. Тухайн үед байсан гэрч Б, Д, О, Т нар үйлдлээрээ бүгд нийлсэн. Д-гийн хувьд би хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусалсан болохоос Бийг гэмт хэрэг хийж байгааг мэдээгүй. Бийн хулгайн үйлдлийг дэмжиж хамтраад хариу төлбөрт нь 500.000 төгрөг аваагүй, 500.000 төгрөг авахын тулд хулгай хийсэн зүйл байхгүй гэж мэдүүлдэг. Краны жолоочийг ямар учиртай контейнер вэ гэхэд Д манай бие муутай ахын контейнер байгаа юм гэж хариулсан байдаг. Гэрч Б мэдүүлэгтээ “Д гэх хүнтэй уулзаж хэний контейнер вэ гэж асуухад манай бие муутай ахынх” гэдгийг хэлсэн байдаг. Контейнерын түлхүүрийг Б-т байгаа гэж ойлгосон бөгөөд яагаад нэг нь гэрч, нэг нь шүүгдэгч болж байгааг ойлгохгүй байна. О анхнаасаа Бтэй хамт байсан. Сүүлд тухайн контейнерыг хулгайнх байх гэж бодсон гэж мэдүүлсэн зэргээр хэн буруутай эсэх асуудлыг гүйцэд нотлоогүй. Гэрч Т, Бат-Эрдэнэ, иргэний хариуцагч П.О нар нь Дг санаа зорилгоороо нэгдээгүй хэрэгт хамааралгүй гэдгийг хэлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, хамтран оролцсон хэлбэрийн шинжийг заасан. Гэмт хэргийг бүлэглэж, хамтран оролцсон гэж үзэж байгаа бол хамтран оролцсон хэлбэр, шинжийг нь тогтоох шаардлагатай. Шүүгдэгч Б нь тухайн гэмт хэргийг үйлдэх гэж маш олон хоногийн өмнөөс төлөвлөсөн байсан нь хохирогчийн мэдүүлгүүдээр тогтоогддог. Хохирогчтой утсаар холбогдож хашааны чинь зэрлэг ургасан байна гэх байдлаар хэлж анхнаасаа энэ хэргийг төлөвлөсөн, өөрийн эрүүл мэндийн байдлын улмаас биечлэн хийх боломжгүй байсан тул О, Д нарыг ашигласан. “Б ахад туслаад өгөөч” гэж гэрч У нөхөр Дд хэлсэн ба, гэмт хэрэг үйлдэж байна гэж ойлгоогүй, ухамсарлаагүй. Иргэний хариуцагч О нь шүүгдэгч Б нарын ярилцаж, тохирсны үр дүнгийн золиос нь Д болж байна. Иймд шүүгдэгч Д нь гэмт хэрэг үйлдсэн эсэх нь эргэлзээтэй байх тул гэм буруугүйд тооцож өгнө үү. Хохирлын хувьд миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргаж байгаа. Гэмт хэрэг үйлдээгүй хүн гэм хор, хохирлын асуудлыг ярихгүй.” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгч П.Б-ийн өмгөөлөгч Н.Нямдоржоос “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу нотолбол зохих байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж байна. Хохирол төлбөрийн хувьд улсын яллагч 14,915,534 төгрөгийн хохиролтой, үүнээс хураагдсан эд зүйлс нь 6.114.868 төгрөг, хураагдаагүй эд зүйлс нь 8.796.662 төгрөг гэж тайлбарласан. Мөрдөн байцаагчийн жагсаалтад 92 төрлийн эд зүйлсийн жагсаалт гаргасан. Энэ жагсаалт нь нотлох баримтаар хэрэгт авагдсан хэдий ч нотлох баримтын тооцоонд шүүгдэгч, хохирогч нарын гарын үсэг зурагдаагүй, тухайн жагсаалт дундаас бодитоор ямар эд зүйлс байна, байхгүй байна гэдгийг харуулж тэмдэглэл үйлдсэн зүйл байгаа эсэх, бодитоор хэдэн төгрөгийн хохирол учирсан бэ гэдгийг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй. 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасан хохирлын тооцоонд учирсан хохирол, хариуцах эзэн, үнэлгээнд тусгасан эд зүйл, хураагдсан эд зүйлсийг тайлбарласан. Үүнийг бодитоор тогтоож чадаагүй. Шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дүгнэлтээр хөрөнгийн үнэлгээг гаргахдаа магадлах аргаар гаргасан боловч бодит үнэлгээг харьцуулж гаргаагүй. “Дамно” ХХК-ний 92 төрлийн эд зүйл нь шинэ зүйл үү, хуучин эд зүйл үү, хэдэн онд ашиглагдаж байсан эсэх талаас нь бодит үнэлгээг хийгээгүй. Хохирогчид хохирол хор уршигтай холбоотой асуудал яригдаж байх тул үнэн бодит хохирлын үнэлгээ гарсны дараа эдгээр хүмүүсийн эрх зүйн байдал дээрдэх, дордох эсэх асуудал яригдана. Иймд шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байгаа учир дахин шинжээч томилуулах хүсэлтийг 179 дугаартай албан бичгээр гаргасан боловч уг хүсэлтийг улсын яллагч хангалгүй орхисон. Хохирогч мөн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эд зүйлсийн жагсаалтыг хоёр талыг байлцуулан гаргах цаг хугацаа байсан боловч энэ ажиллагаа хийгдээгүй. Иймд шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байх тул дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай. Тухайн хохирогчийн эд зүйлс хуучин эд зүйлс үү, шинэ эд зүйл үү гэдгийг тогтоох шаардлагатай. Шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлын хувьд улсын яллагчид 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 179 тоот албан бичгээр Б-ийн сэтгэцийн болон эрүүл мэндийн байдлыг тогтоож өгнө үү гэх хүсэлтийг гаргасан боловч Бийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг тогтоосон тул дахин тогтоох шаардлагагүй гэх байдлаар хүсэлтийг хангаагүй. Сэтгэц болон эрүүл мэндийн байдал гэдэг нь тусдаа өөр өөр ойлголт. 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Хууль зүй Дотоод хэргийн сайд болон, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалтаас Бийн өвчин аль хэсэгт нь хамаарах талаар дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргасан боловч улсын яллагч шийдвэрлээгүй. Б нь 2 удаа харвасан, тал саажилттай, бөөрний аппаратад байнга ордог. Аппаратад байнга орохгүй бол амь нас эрстэх аюултай. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдлыг тогтоож өгөөч гэх хүсэлтийг шийдвэрлээгүйн улмаас миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордоход хүрч байна. Мөн хавтаст хэргийн 150 дугаар хуудсанд Хан-уул дүүргийн эрүүл мэндийн төвөөс Б-ийг мэдрэлийн эмчийн хяналт дор байдаг тухай тодорхойлолт авагдсан боловч нотлох баримтын шаардлагыг хангахгүй. Тиймээс мэргэжлийн эмч томилж Бийн эрүүл мэндийн байдлыг тогтоохгүй бол нотлох баримтын шаардлага хангаагүй хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тодорхойлолт гаргах боломжгүй. Иймд хэргийг прокурорт хэргийг буцааж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн бөгөөд мөн шүүгдэгч А.Д нь гэм буруугийн талаар маргасан, шүүгдэгч П.Б нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч А.Д, П.Б нар нь бүлэглэн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн ... тоот хашаанд байрлуулсан байсан иргэн Т.Тийн өмчлөлийн 40 тонны төмөр чингэлгийг дотор нь байсан монгол гэрийн эсгий туурга, тавилга, эд хогшил, хувцас зэрэг эд хөрөнгийн хамт өргөгчтэй машин хөлслөн хулгайлж Т.Т-т 14.911.530 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 14.911.530 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглаж үйлдсэн болох нь:
- Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын хуудас /1хх-ийн 3/,
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 6-8/,
- Хохирогч Т.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “...Гэтэл 2020 оны 07 дугаар сарын 04-нөөс 8-ны хооронд ХУД-ийн ... тоотод байсан контейнер маань алга болсон байна гэдгийг хашааны эзэн Эрдэнэбилэг гэгчээс анх мэдсэн юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 16-17/ болон түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
- Гэрч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний төрсөн эгч Т нь Ховд аймаг явсан байгаа бөгөөд түүний 40 тонны контейнер нь Хан-Уул дүүргийн ... тоотод байрлаж байсан. Уг контейнер нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс хойш алга болсон байна гэж өнөөдөр надад хэлхээр нь очиж үзээд цагдаад дуудлага өгсөн. Контейнерыг 07 дугаар сарын 04-ний өдөр юм уу 05-ны өдрийн аль нэг өдөр ачиж явсан гэж хойд айлын С гэх хөгшин хүн хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 18-19/,
- П.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...П.Б ...2020 оны 07 дугаар сарын 06-ны өглөө 09 цагт ...залгаад гэрт хүрээд ирээч гэсэн. Би яваад очсон. 24-25 орчим насны нэг залуутай Б ...хүлээж байсан. “Би нэг найзынхаа контейнерыг Өлзийт хороолол оруулах гэсэн юм” гэхээр нь хамт Амгалан орсон. Тэр залуу, Б хоёр машинаас бууж 50 орчим насны эрэгтэй жолоочтой өөрөө өргөдөг крантай цэнхэр өнгийн урт ачааны машинтай тохирсон. Бид гурав ...Хан-Уул дүүргийн Зайсангийн хажууд байдаг замын хажууханд байдаг айлуудын гудамжаар орж ...40 тонны улаан хүрэн өнгөтэй контейнертой хашааны үүдэнд зогссон. Нөгөө том ачааны машин ирээд хашаа руу орох гэтэл машин нь багтахгүй байсан. Б нөгөө залууд хашааг нь эвдээд гялс ач, дараа нь хашааг нь янзалчихна гэж хэлсэн. Нөгөө залуу хашааг нь эвдээд 40 орчим минут болж байгаад том тэрэг дээрээ контейнероо ачаад дууссан. ...Нөгөө Бийн дүү гэх залуу АТМ-ээс 600.000 төгрөг аваад Бт өгсөн. ...Бийн хашаа байшингийн гадна контейнероо буулгасан. Тэгээд Б дүүгээ дуудаад нөгөө мөнгөө том тэрэгний жолоочид өгүүлсэн. Маргааш нь 2020 оны 07 дугаар сарын 07-нд ... намайг хүрээд ир гээд дуудахаар нь би ...очоод Өлзийт хороолол орсон. Нөгөө контейнер дээрээ очоод миний бэлдсэн төмөр тасдагчаар цоожийг нь тасдаад контейнерыг онгойлгоход дотор нь... айлд байдаг бүх л зүйл байсан. 2020 оны 07 дугаар сарын 09-нд Б над руу залгаад нөгөө контейнероо зармаар байна гэж ярьсан. ...Гурвалжингийн гүүрний наана контейнер авдаг нэг газар очоод Б, дүү хоёр нь нэг хүнд зарахаар боллоо гэж хэлээд Өлзийт рүү явсан. ...Анх надад Б манай найзын контейнер гэсэн. ...Бээс асуухад зүгээрээ манай найзын юм, би өөрөө мэдэж байна, асуудалгүй гэж надад хэлсэн....” гэх мэдүүлэг /1хх-ийн 27-28/,
- Гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай хашаанд нийт 2 ширхэг контейнер байсан. Алдагдсан гэх 40 тонны контейнер нь 2016 оны орчимд манай зэргэлдээх хашаанд байсан А, Т нар нь анх гуйж тавиулж байсан. ...2020 оны 07 дугаар сарын эхний 7 хоногт хулгайд алдагдсан. ...2020 оны 7 дугаар сарын дундуур очтол манай хашааны хаалганы ойрхон монгол гэр байсныг нь тойруулж улмаар том машин орох зорилгоор хашааг маань эвдсэн, тэр чигт нь хаяж явсан байхтай нь таарч Ттай ярьж та нар контейнероо авсан юм уу, хашаа эвдсэн байна гэж анх хэлснээр хулгайд алдагдсан гэдгийг нь мэдсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 146-148/,
- Гэрч Д.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай арын ... хашааны хойд талын номергүй хашааны хашааг нь авч крантай машин орж контейнер ачих гэж байгааг харж, очиж уулзсан. Намайг очих үед крантай машины жолооч болон өөр залуу гээд 2 хүн байгаатай нь таарсан. Тэгээд би контейнер авч байгаа юм уу гэж асуутал тэр залуу нь тиймээ, контейнероо яаралтай ав гээд байхаар нь авч байна гэсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 135-137/,
- Гэрч Ө.Б-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие ... өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай машинтайгаа очсон. ...Намайг очиход цагаан приус 20 машин дотор хөлгүй жолоочтой, мөн бие муутай гээд нэг залуу, надтай утсаар ярьсан залуу гээд нийт 3 хүн байсан. Тэгээд би контейнерыг нь үзэхэд цоожтой байсан тул доторх зүйлсийг нь үзье, их юмтай бол машины нум нугарах аюултай гэж хэлтэл контейнерт гэрийн муу сайн новшнууд байгаа гээд бие муутай гэх хүн нь хэлсэн. ...Тэгээд 500.000 төгрөгөөр тохирч дээрх 40 тонны контейнерыг нь өргөж улмаар Өлзийт хороололд байх хашаанд нь буулгах гэтэл хашааны хаалгаар нь багтаагүй. Тэгсэн гадаа буулгачих гэхээр нь гудамжинд буулгачхаад явсан. Төлбөрийг бэлнээр өгсөн. Надтай анх холбогдсон залуу АТМ-с 500.000 төгрөг авч өгсөн. Анх надтай утсаар ярьсан залуу дээрх хашаа болон контейнерыг манай ахын хашаа байгаа юм, хүнд зарчихсан, контейнероо авах гэж байгаа юм, өөрөө харвачихсан, энэ машинд сууж байгаа хүн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 31-33/,
- Гэрч Д.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...П.Б надтай холбогдоод эсгий авах уу, ...өөрийн эсгий гэсэн. Маргааш нь П.Б манайд амьжиргаа цагаан машин дээр эсгий ачаад... ирсэн. Миний зүгээс авчирсан 8 ширхэг эсгийг нь 350.000 төгрөгөөр бодож ирсэн өдөр нь 150.000 төгрөг өгсөн ба сүүлд нь 200.000 төгрөгийг өгсөн. ...Нийт 8 ширхэг дээвэр, туурга байсан. Хуучин эсгий байсан. ...Б-тэй уулзсанаас хойш ...П.Б нь ... Хашаа байшингаа зарах гэж байгаа юм гээд утаснаасаа зураг үзүүлсэн, зургийг нь үзээд хаалганы саарал өнгөтэй олон тавиуртай стенк, булангийн буйдан, босоо толь, дугуй ширээ зэргийг 550.000 төгрөгөөр авах болж миний бие өөрийн биеэр очиж үзэж худалдаж авсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 29-30/,
- Гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...П.Б нь над руу залгаад найз нь контейнероо зарах болсон, дотор нь байгаа эд зүйлсээ суллаж байна, чи хүрч ирээд гэрт тавьж байсан хуучин тавилгуудыг аваадах гэж хэлсэн. ...Ингээд Бийн гэрт иртэл хашааны гадна талд байрлуулсан улаан хүрэн өнгийн 40 тонны контейнер байсан. Б, мөн нэг хөлгүй хүн бас нэг залуу 3 байсан. ...Б надад контейнер дотроосоо Бест буйдан ор, модон ор, Хятад эвхэгддэг буйдан, бор өнгийн ор, оффиссын зориулалтай шилэн нүүртэй доороо шургуулгатай бор шкаф, гэрт тавьдаг гал тогооны шүүгээ 1 ширхэг, шар модон шүүгээ, зурагтын стенк, оффиссын бор ширээ 1 ширхэг, гарын угаалтуур, хуванцар хувцасны шүүгээ эдгээр зүйлсийг... ачсан. Б контейнер суллахад туслаад өгөөч ээ гэсэн. Хэний юм бэ гэхэд Б “дүү Самбуугийн зүйл” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 34-35/,
- Гэрч А.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д гэх залуугийн хамт Б бид гурав миний машинтай 40 тонны контейнер үзүүлнэ гээд Өлзийт хороололд байх хашаанд нь очсон. Замдаа Б нь би энэ дүүгийнхээ контейнерыг буулгасан юм, дүү маань Тэрэлжид цайны газар ажиллуулах гэж байгаа, үйл ажиллагаанд нь мөнгө дутаад байгаа гэж хэлсэн. Тэгээд намайг зараад өгчих, ...би харвасан тул сайн ярьж чадахгүй байна. ...чи надад туслаад өг, миний бие тааруу байна ... гэсэн. Очтол улаан хүрэн өнгийн 40 тонны өндөр контейнер байсан. Би контейнер авна гэсэн зарын дагуу залгаж эхэлсэн. ...Би орж ирсэн мөнгийг нь Өлзийтийн Хаан банк орж бэлнээр 3.6 сая төгрөгийг Бт өөрт нь авч өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 132-134/,
- Шүүгдэгч П.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Дээрх зүйл хэсгийг хүлээн зөвшөөрч байна. ...2020 оны 7дугаар сарын 07-ны өдөр дээрх контейнерыг хулгайлж авсан. Краны мөнгө гээд 600,000 төгрөгийг нь би бэлнээр төлсөн. Уг контейнерыг манай Өлзийт хороололд байрлах хашаанд буулгаж улмаар цоожийг нь эвдэн доторх эд зүйлсийг нь үзтэл гэр байхгүй 8 ширхэг эсгий гарч ирсэн гэсэн. Миний бие сайн явж чадахгүй тул Д доторх эд зүйлсийг нь цэгцэлж бүртгэж байсан. Ингээд уг контейнер дотор гэрийн хуучин тавилга хэдэн эсгий байна гэж хэлж байсан. ...Миний бие найз Төмөртэй холбогдоод манай дүү хашааны хажууд маань контейнер аваад ирсэн юм, зараад өг гэж хэлснээр 3.6 сая төгрөгөөр уг контейнерыг зарсан гэж хэлж байсан. Дгийн эхнэр Угийн данс руу 500.000 төгрөгийг Т-н данснаас шилжүүлэн өгсөн. Үлдэгдэл 3.0 сая төгрөгийг нь би эм тарианд хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 58-64/,
- Шүүгдэгч А.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Б нь таяг тулж машинаас буугаад надаар сугадуулаад Маяти машинтай уулзаад контейнер ачуулах гэж байгаа гэдгээ хэлтэл жолооч нь ямар контейнер ачуулах гэж байгаа юм гэхэд Б нь 40 тонн гэж хэлтэл энэ дугаар луу залгаад уулз гээд миний утсан дээр тэмдэглүүлсэн, шууд залгаж надаар яриулсан. Зайсангаас ачуулна гэдгээ хэлж үгийг нь би ачааны жолоочид дамжуулан хэлж Зайсан Буган Халиун гэх газар уулзахаар болсон. 14 цагийн орчимд крантай том Маяти машин ирж зогссон. Б приус машинтайгаа урд нь гараад контейнер байгаа хашаагаа зааж өгч улмаар Б нь надаар сугадуулаад хашаанд орж 40 тонн улаан контейнерыг зааж энэ контейнерыг ачуулна гэж хэлсэн. ...Улмаар шууд Өлзийт хороололд байх ... гудамжаар орж блокон хашаатай улаан байшинтай хашаан дээр ирж гадна талд буулгахаар болсон. ...Миний хувьд тухайн зүйлсийг заралцсан зүйл байхгүй. Ажлын хөлс гээд сүүлд наадмаар 500,000 төгрөгийг манай хадам ээж Уранбилэгийн дансаар өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 24-27/,
- “Дамно” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ХУ1-20-545 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “...нийт 14.911.530 төгрөг...” гэсэн тайлан /1хх-ийн 215-222/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Харин шүүгдэгч А.Дгийн “Би хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусалсан, хулгай хийж байгааг мэдээгүй” гэж мэдүүлсэн мэдүүлэг, мөн шүүгдэгч нарын гэм буруугийн талаар тэдний өмгөөлөгчдийн гаргасан дүгнэлт зэрэг нь дараах үндэслэлээр үгүйсгэгдсэн бөгөөд хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх, хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв. Үүнд:
Хэргийн үйл баримт, хууль заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар шүүгдэгч П.Б, А.Д нар нь хохирогчийн эд хөрөнгийг хулгайлахдаа урьдчилаад хохирогчийн хашаанд очиж нөхцөл байдлыг харсан, улмаар шүүгдэгч П.Б нь хохирогч руу ярьж “танай гэрийн хашаанд контейнер байна, хашааны зэрлэг нь их ургасан байна” гэж хэлж байсан” талаар хохирогч болон шүүгдэгч А.Д нар мэдүүлэх бөгөөд шүүгдэгч П.Б, А.Д нар нь гэмт хэрэгт санаа зорилго, сэдэлт, үйлдлээрээ хамтран бүлэглэж оролцсон байна. Тодруулбал контейнерыг хулгайлах талаар урьдчилан бэлтгэж, ачих өргөгч машиныг хамтдаа очиж ярилцаж тохиролцон хөлсөлсөн, улмаар хохирогчийн хашаанд очиж хашааг нь А.Д эвдэж, тэд контейнерыг ачиж авч явсан үйл баримт байна.
Мөн хохирогчийн контейнерыг ачих үед харж байсан гэрч Д.С-н “...крантай машины жолооч болон өөр залуу гээд 2 хүн байгаатай нь таарсан. Тэгээд би контейнер авч байгаа юм уу гэж асуутал тэр залуу нь тиймээ, контейнероо яаралтай ав гээд байхаар нь авч байна гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 134-135/, гэрч П.Оын “...тэр залуу Б хоёр машинаас бууж 50 орчим насны эрэгтэй жолоочтой өөрөө өргөдөг крантай цэнхэр өнгийн урт ачааны машинтай тохирсон. ...Б нөгөө залууд хашааг нь эвдээд гялс ач, дараа нь хашааг нь янзалчихна гэж хэлсэн. Нөгөө залуу хашааг нь эвдээд 40 орчим минут болж байгаад том тэрэг дээрээ контейнероо ачаад дууссан. ...Нөгөө Бийн дүү гэх залуу АТМ-ээс 600.000 төгрөг аваад Бт өгсөн. ...Б дүүгээ дуудаад нөгөө мөнгөө том тэрэгний жолоочид өгүүлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/, шүүгдэгч П.Бийн яллагдагчаар өгсөн “...Угийн машинтай явж Зайсанд байгаа контейнерыг үзсэн. ...Гэтэл Д нь хүн байдаггүй юм байна гэж хэлж байсан. Энэ хооронд Д өдөр бүр манайд ирж байсан. ...Уд мэдэгдэхгүйгээр Д нь хоёулаа контейнерыг хусъя, дотор нь байгаа гэрийг авъя гэдэг болсон. Крантай машины зардал гарна танд мөнгө байгаа юм чинь гялалзуулчихъя гээд байхаар нь би зөвшөөрч улмаар 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр дээрх контейнерыг хулгайлж авсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-64 /зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Дгийн гэм буруугийн талаар маргасан мэдүүлэг, түүний өмгөөлөгчийн дүгнэлт үгүйсгэгдэж байх ба, А.Д нь гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй, хулгай хийж байгааг ойлгоогүй, мэдээгүй гэх үндэслэлгүй байна.
Мөн гэрч А.Т, Ө.Б, П.О нарын мэдүүлэгт “шүүгдэгч А.Дг санаа зорилгоороо нэгдээгүй, хэрэгт хамааралгүй” гэх мэдүүлэг байхгүй бөгөөд харин гэрч Ө.Бат-Эрдэнээс “...Анх надтай утсаар ярьсан залуу дээрх хашаа болон контейнерыг манай ахын хашаа байгаа юм, хүнд зарчихсан, контейнероо авах гэж байгаа юм, өөрөө харвачихсан, энэ машинд сууж байгаа хүн гэж хэлж байсан...” гэж мэдүүлсэн. /1хх-ийн 31-33/ Мөн гэрч П.О нь “шүүгдэгч А.Д нь шүүгдэгч П.Бтэй анхнаасаа гэмт хэрэгт хамтдаа оролцсон, тэдний оролцооны талаар болон улмаар тэд хулгайлсан контейнерын цоожийг эвдэж, дотор нь байсан тавилга, эд хогшил бусад хөрөнгийг бусдад шилжүүлсэн талаар, гэрч А.Таас “шүүгдэгч П.Б, А.Д нар нь хулгайлсан контейнераа худалдан борлуулахаар ярьж, улмаар борлуулсан үйлдлийн талаар тодорхой мэдүүлсэн байна. Иймд шүүгдэгч А.Дг гэм буруугүй гэж үзэх, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно. Нөгөө талаас гэрч А.Т, П.О нар нь хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгаагүй гэх талаар өмгөөлөгч Ч.Чинзориг маргах боловч дээрх хүмүүс нь хулгайлах гэмт хэрэгт оролцсон гэх үйлдлийн талаар хэрэгт нотолсон баримтгүй бөгөөд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх хэргийг хянах үндэслэлтэй.
Түүнчлэн шүүгдэгч П.Бийн өмгөөлөгч Н.Нямдорж “хохирлын хэмжээ, хөрөнгийн үнэлгээний тайланг зөвшөөрөхгүй, үнийг бодитой тогтоогоогүй, дахин шинжээч томилуулж өгнө үү гэх дүгнэлт гаргаж маргасан, мөн хохирогчоос контейнерыг бага үнэтэй үнэлсэн учраас хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй гэх боловч өмгөөлөгч болон хохирогч маргаж буй үндэслэлээ баримтаар нотлоогүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэх бөгөөд талууд мэтгэлцэж буй үндэслэлээ баримтад үндэслэх учиртай.
Түүнчлэн өмгөөлөгч Н.Нямдоржоос эд зүйлсийн жагсаалтыг хоёр талыг байлцуулан гаргаагүй гэх боловч хуульд заасан хийвэл зохих ажиллагаа биш бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд мөн хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар хөрөнгийн үнийг тогтоолгосны үндсэн дээр хохирлын хэмжээг тогтоох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хуульчилсан. Тодруулбал:
Хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоох, түүнийг арилгахдаа зөвхөн эрх зүйн хэм хэмжээнд тусгагдсан, хууль дээдлэх, шударга ёсны зарчимд нийцсэн, эрх бүхий байгууллагын хууль ёсны үйл ажиллагаагаар баталгаажсан байх гэх мэт нөхцөлийг ойлгодог.
Тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг мөрдөгчийн тогтоолоор “Дамно” ХХК, түүний эрх бүхий албан хаагчид танилцуулж, худал дүгнэлт гаргавал хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулсан байх бөгөөд үнэлгээг Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг баримтлан гаргасан байна.
Дээрх байдлаас дүгнэвэл “Дамно” ХХК-ийн гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ХУ1-20-545 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан” хуульд заасан үндэслэл, журмын дагуу хохирлын хэмжээг тогтоосон, шүүхээс үнэлэх боломжтой гэж үзнэ. Иймд хөрөнгийн үнэлгээ дахин хийлгэх, шинжээч томилох шаардлагагүй байна.
Мөн шүүгдэгч П.Бийн эрүүл мэнд хувийн байдал буюу түүний өвчилсөн гэх өвчин нь Хууль зүй Дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн тушаалд заасан шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалтад хамаарч буй эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх тухай өмгөөлөгч Н.Нямдоржийн дүгнэлт үндэслэлгүй ба, энэхүү асуудал нь шүүхээс шүүгдэгч П.Бт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхэд хамааралгүй болно.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр өмгөөлөгчдийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэл, шаардлага хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй.
Хууль зүйн хувьд эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
Машин механизм ашиглах гэдэгт эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгох ба шүүгдэгч А.Д, П.Б нар нь хэргийн газар “...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хөлслөн очсон, улмаар хулгайлсан эд зүйлээ дээрх автомашинд ачиж явсан, машин механизм ашиглахгүйгээр хулгайлсан эд зүйлсийг авч явах боломжгүй нөхцөл байдал байх тул тэдгээрийг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч А.Д, П.Б нарын хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.
Иймд прокуророос шүүгдэгч нарт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, хуулийн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч А.Д, П.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно.” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасны дагуу шүүх гэмт хэргийн улмаас хохирол, түүнийг нөхөн төлүүлэхийг хууль зүйн агуулгаар тодорхойлох ба өмнөх байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тогтоодог учиртай.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Т-т 14.911.530 төгрөгийн хохирол учирсан ба эрүүгийн 2010014100758 дугаартай хэрэгт нийт 55 төрлийн 6.114.868 төгрөгийн эд зүйлс нь биет байдлаараа Баянзүрх дүүргийн ... тоотод байх төмөр чингэлэгт иргэн М.Э-д хариуцуулж, Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн байх тул уг тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар дээрх эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигч хохирогч Т.Т-т буцаан олгох, уг ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож шийдвэрлэв.
Мөн зарим эд хөрөнгийг шүүгдэгч нар нь бусдад шилжүүлсэн байх тул биет байдлаар олгогдох боломжгүй эд хөрөнгийг хохирлын төлбөрийг шүүгдэгч нараас мөнгөн дүнгээр гаргуулах үндэстэй бөгөөд шүүгдэгч нар нь хохирлыг төлж барагдуулаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан бөгөөд тус хэрэгт иргэн П.О-ыг иргэний хариуцагчаар татан оролцуулсан байна.
Иргэний хариуцагч П.О нь хоол, шатахууны мөнгө гэж 200.000 төгрөг авсан байна.
Иймд үлдэх төлөгдөөгүй хохирол 8.796.662 төгрөгөөс иргэний хариуцагч П.О-аас 200.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Т-т олгох, бусад 8.596.662 төгрөгийг гэмт хэрэг үйлдэхдээ бүлэглэж оролцсон шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах үндэслэлтэй ба шүүгдэгч П.Б-ээс 4.298.331 төгрөг, шүүгдэгч А.Д-гаас 4.298.331 төгрөгийг тус тус гаргуулах, нийт 14.911.530 төгрөгийг хохирогч Т.Т-т олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарын гэм буруутайд тооцсон шийдвэр гарсны дараа шүүгдэгч П.Б-ийн өмгөөлөгч Н.Нямдоржоос хохирол нөхөн төлөх үндэслэлээр завсарлага авах хүсэлт гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Шүүх гэм буруугийн талаар маргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулна.
3 дахь хэсэгт “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно.” гэж заасан.
Дээрх хуульд зааснаар оролцогчдын санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулах эсэхийг шүүх шийдвэрлэхээр байх ба, хуулийн зохицуулалтаас үзэхэд шүүх хуралдааныг завсарлуулахаар үүрэг болгосон заалт биш бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэргийг 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр үйлдсэн байх боловч үүнээс хойш хугацаанд сайн дураараа хохирол нөхөн төлөх санаачилга, хүсэлтийг гаргаж байгаагүй, хохирол барагдуулах арга хэмжээг аваагүй байх тул шүүх хуралдааныг завсарлуулах шаардлагагүй гэж үзэж хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Д-д 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч П.Б-т 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,
-шүүгдэгч П.Б-ийн өмгөөлөгч Н.Нямдорж “...Б нь анх удаа хэрэгт холбогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол хор уршгаа арилгаж төлье гэх санаачилгыг удаа дараа гаргасан. Хохирогч тухайн үед хохирлын төлбөрөө тодорхой тогтоогоогүй байсан боловч шүүх хуралдааны явцад алдсан контейнероо буцааж авъя гэх байдлаар мэтгэлцэж байна. Шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлын хувьд хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Хууль зүй Дотоод хэргийн сайд болон, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалтын 2.1.10.1 дэх хэсэгт заасан өвчинд П.Б-ийн өвчин хамаарч байгаа. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорихоос өөр төрлийн буюу эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,
-шүүгдэгч А.Дгийн өмгөөлөгч С.Чинзориг “...Эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйлгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Шүүгдэгч А.Д, П.Б нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэгдэж байгаагүй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч А.Д, П.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн зарчимд нийцэх ба, тус гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хүнд” ангилалд хамаарч байна.
Иймд шүүхээс шүүгдэгч А.Д, П.Б нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх “шударга ёсны зарчим”, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэх үндэстэй бөгөөд хохирогчийн гомдол санал, хохирол төлбөр төлж барагдуулаагүй зэргийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус бүрт 3 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг шүүгдэгч нарын хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгэлгүй, мөн шүүгдэгч П.Бийн тухайд түүний эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Харин шүүгдэгч П.Бийн өмгөөлөгч Н.Нямдоржийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт нь хуульд нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт байх тул шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй, сэтгэцийн эмгэг, эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүн гэмт хэрэг үйлдсэн, эсхүл гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн өвчнөөр өвчилсний улмаас хэрэг хариуцах чадваргүй болсон яллагдагч, шүүгдэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг удирдлага болгоно.”гэж заасан бөгөөд энэхүү хуулийн заалтын агуулга нь сэтгэцийн хувьд эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй хүнд тусгай мэдлэг бүхий мэргэжлийн байгууллагын буюу Сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан дүгнэлтэд үндэслэн эмнэлгийн чанартай арга хэмжээг авах тухай хуулийн зохицуулалт юм.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмгэг судлалын 1132 тоот дүгнэлтээр шүүгдэгч П.Бийг “мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай” талаар дүгнэсэн байх тул түүнд дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй юм.
Мөн Хууль зүй Дотоод хэргийн сайд болон, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн тушаалаар ял, шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалтыг ял эдэлж байгаа ялтны тухайд хэрэглэх журам бөгөөд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа шүүгдэгчийн тухайд хэрэглэх зохицуулалтгүй юм.
Иймд өмгөөлөгч Н.Нямдоржийн гаргасан дүгнэлт нь үндэслэлгүй байна.
3.Бусад асуудлаар:
Шүүгдэгч А.Д, П.Б нар нь гэмт хэрэг үйлдэхдээ автомашин ашигласан болох нь тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд хөрөнгө, орлогыг хураах, албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар заасан ба тус зүйлийн:
-2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”,
-3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус хуульчилсан.
Иргэн Ө.Б нь өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай “...” загварын тээврийн хэрэгслээр иргэдэд хөлсөөр үйлчилдэг байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан дээрх тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшил, өмчлөлийн хөрөнгө байх тул автомашиныг хураах боломжгүй юм.
Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан дээрх тээврийн хэрэгслийн үнийг “Дамно” ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн ХУ1-21-317 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар 26.906.220 төгрөгөөр тогтоосон байх тул шүүгдэгч А.Д, П.Б нараас автомашины үнийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч А.Д-гаас 13.453.110 төгрөг, шүүгдэгч П.Б-ээс 13.453.110 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ховогт П-н Б, Б овогт А-н Д нарыг “Хулгайлах” гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Б-ийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял;
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Д-г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б, А.Д нарт оногдуулсан 3 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч П.Б, А.Д нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн 2010014100758 дугаартай хэрэгт Баянзүрх дүүргийн ... тоотод байх төмөр чингэлэгт иргэн М.Э-д хариуцуулсан 55 нэр төрлийн эд хөрөнгийг битүүмжилсэн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар дээрх тоотоос 55 төрлийн эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигч, хохирогч Т.Т-т буцаан олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ээс 4.298.331 /дөрвөн сая хоёр зуун ерэн найман мянга гурван зуун гучин нэг/ төгрөгийг,
-шүүгдэгч А.Дг-аас 4.298.331 /дөрвөн сая хоёр зуун ерэн найман мянга гурван зуун гучин нэг/ төгрөгийг,
-иргэний хариуцагч П.О-аас 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж нийт 8.796.662 /найман сая долоон зуун ерэн зургаан мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөгийг хохирогч Т.Т-т олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б, А.Д нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 26.906.220 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч П.Б-ээс 13.453.110 /арван гурван сая дөрвөн зуун тавин гурван мянга нэг зуун арав/ төгрөгийг, шүүгдэгч А.Д-гаас 13.453.110 /арван гурван сая дөрвөн зуун тавин гурван мянга нэг зуун арав/ төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч П.Б, А.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх хорих ялыг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Б, А.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН