Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/271

 

 

   2021         05           21                                       2021/ШЦТ/271

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж, шүүгч С.Базарханд, Д.Алтанжигүүр, нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,

   Иргэдийн төлөөлөгч Ч.Эрдэнэцэцэг,

   Улсын яллагч Б.Одонтуяа,

Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа, Д.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт И... овогт Б-н Г-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010005950296 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, ... оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “...” нэртэй салонд үсчин ажилтай, ам бүл-3, эцэг эхийн хамт Чингэлтэй дүүрэг ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч, одоо Баянгол дүүргийн ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, .... регистрийн дугаартай, И овогт Б-н Г.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:

   Яллагдагч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод иргэн Э.У-тай үл ялих зүйлээр маргалдаж улмаар хэвлийн хэсэгт 1 удаа хутгалж, хэвлийн хөндийг нэвтэрч гялтанг гэмтээж хэвлийн арын зайд цусан хураа үүсгэсэн шарх гэмтэл учруулж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ:

2020 оны 03 сарын 11-ний өдөр У эгчтэй утсаар яриад У эгчийн “Хүннү 2222”-т байдаг гэрт нь Я гэх найзтайгаа очсон. У эгчийнд очоод хамт суугаад ууж байтал гаднаас У гэх У эгчийн найз нь ирж бид танилцаад бүгдээрээ хамт уусан. Удалгүй бүгд согтоод У бид хоёрын яриа нийлэхгүй болж, бид хоёрын дунд маргаан үүссэн. Бид нар согтуу байсан тул юунаас маргаснаа санахгүй байна. Удалгүй У намайг орцонд гаръя гээд байсан. Урьд нь хүнтэй маргаж байгаагүй учраас тухайн үед би У-аас айсан байсан. Хамт байсан хүмүүс нөгөө өрөөнд унтаж байсан. Манай найз Я босож ирээд У бид хоёрыг салгаад намайг гал тогооны өрөө үү түлхэхэд нь би хойшоо гараараа тулсан. Тэгэхэд миний гарт нэг юм баригдсан. Уг гарт тааралдсан зүйлийг хутга байна гэж огт бодоогүй. Уыг намайг цохичихвий гэж айсан байсан учир над дээр дахиад ирвэл гарт байсан зүйлээрээ айлгая гэж бодсон. Удалгүй У үүдний өрөө үү явж гутлаа өмсчхөөд эргээд над дээр хүрээд ирэхэд манай найз миний гарыг тойруулаад тэвэрчихсэн байсан. Би У-т цаашаа бай гэж  хэлсэн. Хохирогчийг хутгалъя гэж санаатайгаар хутгалаагүй. Би яагаад ийм байдал үүссэнийг сайн мэдэхгүй байна. Мөрдөн байцаалтын явцад байцаагч намайг У-ыг чи хутгалсан чинь үнэн биз дээ гэж тулгаад байсан. Би үсчин хийдэг, мөн загвар өмсөгч болох хүсэлтэй. Хэрэг гарснаас хойш би дахиж архи уугаагүй. Аав, ээжтэйгээ цуг түрээсийн байранд амьдардаг. Түрээсийн төлбөрийг би өөрөө төлдөг. Манай ээжийн биеийн байдал муудаж 3 сард хагалгаанд орсон. Хийсэн зүйлдээ маш их гэмшиж байна.” гэсэн мэдүүлгийг гаргасан.

 

Хоёр. Эрүүгийн 2010005950296 дугаартай хэргээс:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 00:20:03 цагт “хэвлийдээ хутгалуулсан гэх дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа /1хх-ийн 2/,

 

2. 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 4-10/,

 

3. Хохирогч Э.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “... Би 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 19 цагийн үед 10-н жилийн найз У-той холбогдоход гэртээ байна гэхээр нь би яваад очъё гэж хэлсэн. Гэрт нь орохоосоо өмнө 9 ширхэг лаазтай пиво аваад Хан-Уул дүүргийн ... тоотод ороход үл таних хоёр эрэгтэй, зүс мэдэх Угийн эмэгтэй найз нар байсан. Бид нар юм ярьж байхад нэг өндөр эрэгтэй Г гэх залуу намайг үгээр өдөөд байхаар нь би түүнтэй гар барилдаж 3-4 удаа ялаад буцаад юм ярьж байхад намайг өдөөд байхаар нь би айлд хэрэлдээд яах вэ орц руу гаръя гэхэд надтай зууралдаж байснаа гал тогооны өрөө рүү яваад орсон. Тэгэхэд тэнд байсан хүмүүс Г гэх хүнийг болиулах гэж оролдож байхад хэвлий хэсэг рүү нэг удаа хутгалахад надаас цус гарч эхлэхэд хажууд байсан Угийн найз түргэн дуудсан. Удалгүй эмнэлэг, цагдаа хоёр ирж байна гэхэд намайг дагуулж байрны В1 давхрын гражаар оруулахад түргэний машин аваад явсан. Г гэх хүнийг танихгүй. Тухайн өдөр анх удаа уулзаж байсан. Миний биед мэс засал хийлгэсэн хэсгээр их өвдөж байгаа. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Гомдол санал байхгүй. Би Г-ын баруун гарынхан шуунаас татахад Г гараа нударч гал тогооны өрөө рүү гүйсэн. Г согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Нэлээн согтуу байсан. Би Сэнгүр нэртэй 4 лаазтай пиво уусан байсан. Согтолт багатай байсан. Би эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 13-15/,

 

Хохирогч Э.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин 2020 оны 04 дүгээр 16-ны өдөр өгсөн “...Миний биеийн байдал хэвийн байгаа. Цаашид эмчийн хяналтад байх болно. Мэс заслын хагалгааны баримт авч чадаагүй байгаа. Өөр гаргаж өгөх баримт байхгүй. Г надад эмчилгээний зардал гэж 5.000.000 төгрөг өгсөн. Би шүүх хуралд оролцохгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 16-17/,

 

4. Гэрч Э.Я-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн орчим Хан-Уул дүүргийн ... хороололд найз Г-ын хамт танил эгч нь гэх У-гийнд хамт очсон. Очиход гэрт нь У, мөн найз нь гэх Д гэх эгч байсан. Бид дөрөв хоол хийж идээд том боргио гэх пиво 4 ширхгийг хувааж уусан. Тэгээд юм яриад сууж байхад гаднаас У эгчийн найз гэх У гэгч орж ирсэн. Ирэхдээ лаазтай пиво уутанд хийгээд орж ирсэн. Пивыг нь хувааж уусан. Би уухаа болиод унтлагын өрөөнд нь ороод байж байхад гал тогооны өрөөнд муудалцаад “хоёулаа орц руу гаръя” гээд У гэж залуугийн дуу гараад байхаар нь би гараад гал тогооны өрөө рүү орсон. У гэх залуу манай найз Г хоёр муудалцаад өөд өөдөөсөө хараад зогсож байсан. Тэгэхээр нь би У-ыг “та болио” гээд түлхэхэд тэрээр коридор луу гутлаа өмсөх гээд явсан. Тэр хооронд нь би Г-ыг “андаа болиоч дээ, яагаад байгаа юм бэ” гэж хэлээд байж байтал У гутлаа өмсөөд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би Г-ыг гал тогооны плитканы хажууд цааш нь түлхээд “боль” гэхэд Г-ын гар ард нь байж байгаад плитканы хажууд тогоо шанагаа угаах гээд тавьсан байсан юм шиг байна лээ, жижигдүү хутга гартаа бариад “чи цаашаа бай” гээд У луу орилоод байсан. Гыг хөдөлгөхгүй гээд цээжээр нь тэвэрсэн байхад миний ард У хүрээд ирсэн. Тэгсэн чинь Г баруун гартаа хутга барьсан гараараа “хөөе чи цаашаа бай л даа” гээд гараараа миний зүүн гарны суган доогуур хөдлөх шиг болоход У “хөөе наадах чинь намайг дүрчихлээ” гэж хэлэхээр нь цамцыг нь сөхөөд харахад зүүн талын хэвлий хэсгээс нь цус гарсан байсан. Тэгээд би яаж байгаа юм бэ гэхэд цаад өрөөнөөс Д гэх эгч гарч ирсэн. Тэгээд шууд түргэн дуудсан. Миний хувьд эдгээр хүмүүсийг огт танихгүй. Анх удаагаа тэр байранд очиж уг хүмүүстэй уулзсан. ...” гэх мэдүүлэг /1хх-н 18-20/,

 

5. Гэрч Л.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр найз Угийнд байж байхад Г гэх манай найз найзтайгаа ирсэн. Бид пиво уугаад байж байхад У-гийн найз У гэх залуу ирсэн. Тэгээд пиво ууж байгаад би унтсан. Тэгсэн унтлагын өрөөнд хүн орилоод байхаар нь босоод очтол У гэдсээ дараад зогсож байхаар нь цамцыг нь сөхөөд харахад цус гарсан, гэдэс дотор өөх нь гарсан харагдаж байсан. Тэгээд би шууд 103-т дуудлага өгсөн. У-ыг яг хэн хутгалсныг би хараагүй. Мэдэхгүй байна. Намайг унтахаас өмнө хэрэлдэж маргалдсан зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /1хх-н 21-22/,

 

6. Гэрч О.У-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр би хоёр хүүхэд, мөн найз Д нарын хамт гэртээ байж байгаад танил болох Г-ын талаар ярьж байгаад дуудтал Г найз Я-ын хамт ирсэн. Бид нар пиво уугаад байж байтал У яваад очъё гэсэн мессеж бичээд ирэхдээ нэг найзтайгаа ирээд, найз нь яваад өгсөн. Би нэлээн согтоод нэг сэргэтэл манай гэрт цагдаа нар ирчихсэн байсан. Бид нар дөрвөн том 2.5 литрийн пиво хувааж уусан. У, Г нарын хооронд ямар нэг маргаан болсон эсэхийг би санахгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-н 23-24/,

 

7. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 3657 дугаартай дүгнэлтэд:

-Э.У-ын биед хэвлийн хөндийг нэвтэрч гялтанг гэмтээж хэвлийн арын зайд цусан хураа үүсгэсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

-Дээрх нь шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт /1хх-н 36-38/,

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1752 дугаар дүгнэлтэд“...Ногоон өнгийн иштэй хутга дээр цус илэрсэн...” гэсэн дүгнэлт /1хх-н 45/,

 

9. Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна.

Болсон хэргийн талаар гэвэл 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 16 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн ... тоотод зүс таних У эгчийнд найзуудын хамтаар ирээд хоол унд хийж идэнгээ пиво ууж байхад гаднаас нэг эрэгтэй хүн орж ирсэн. Бид нартай танилцаад авчирсан пивыг нь хувааж ууж байх хоорондоо яриа таарахгүй болж маргалдсан. Улмаар нөгөө эрэгтэй У надтай гарч зодолдоно гээд байхад манай найз Я намайг хориглож гал тогооны өрөө рүү оруулахад би ширээн дээр байсан хутгыг аваад тухайн эрэгтэй хүний хэвлий хэсэг рүү хутгалахад түргэн дуудаж, тэнд байсан хүмүүс У-ыг авч байрнаас гарсан. Тухайн үед У, Я, Даваацэрэн, У бид таваас өөр хүн байгаагүй. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Гомдол санал байхгүй. У-ын биед учирсан гэмтлийг би хутгаар нэг удаа хэвлий хэсэг рүү нь дүрж учруулсан. У миний биед халдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-н 68-71/,

10. Хохирогч Э.У-ын эмчилгээний зардал нэхэмжилсэн баримтууд /1хх-н 55-61/,

11. Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтуудад: Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 75/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1хх-н 191/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-н 76/, хувийн байдлын талаар бусад баримт /1хх-н 118-130/ зэрэг болон бусад  баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Г нь зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг;  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуяагаас “Шүүгдэгч Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэргийг хөнгөрүүлэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчлэх боломжтой гэж үзэж байна. Учир нь хохирогчийн мэдүүлгүүд зөрүүтэй буюу Г санаатайгаар хутгалсан мэт мэдүүлэг өгсөн. Тухайн үед хэргийг харж байсан гэрч бол Я байгаа. Харин гэрч У, Даваацэрэн нар хэрэг гарах үед унтаж байсан гэдгээ мэдүүлдэг. Хэрэг гарах шалтгаан нь хохирогчийн буруутай үйлдлээс болсон. Учир нь хохирогч өөрөө Г-аас 10-иад насаар ах, бие бялдар насны онцлогоороо ч гэсэн хамаагүй том хүн байна. Хохирогч өөрөө дээрэлхэх үйлдэл гаргаснаас үүдэлтэй тухайн үед маргаан үүссэнээс биш зорьж очоод хохирогчийг хутгалаагүй. Хохирогчийг гэрч Я та одоо болио гээд болиулсан байдаг. Гэтэл У гутлаа өмсөж дахин ирж маргаан үүсгэж, дээрэлхэх байдал гаргасан. Шүүгдэгч хохирогчийг өөрийг нь цохичихвий гэж айснаа мэдүүлдэг. Хэргийн байдлаас харахад Г У-ыг хутгалъя гэх санаатай ямар ч үйлдэл гаргаагүй нь харагддаг. Хэрэв хохирогчийг зориудаар хутгалъя гэх санаа байсан бол ямар нэгэн байдлаар ингэнэ, тэгнэ гэх заналхийлсэн үг, яриа гаргах байсан. Тэгтэл огт тийм яриа гараагүй. Харин шүүгдэгч хохирогчийг удаа дараа цаашаа болооч ээ гэж хэлсэн байдаг. Хэрэв хохирогч руу ална гэж маргаан үүсгэж, дайраад байсан бол өөр ба шүүгдэгч хохирогчийг холдооч ээ, цаашаа байгаач ээ гэж сэрэмжлээд байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугийн хэлбэрийг тусгасан. Шүүгдэгчийн хувьд хутга барьчхаад холдооч ээ гэж тавиулах гэж байгаад хутга хохирогчийн биед орсон байдаг. Үүнийг санаатай үйлдсэн гэж үзэхгүй. Хохирогчид хохирол учруулъя, хутгалъя гэх санаа зорилго анхнаасаа байгаагүй, хүсэж үйлдээгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эргэлзээтэй байдал үүсэж байгаа тул зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Нарангэрэлээс “Нотлох баримтууд нь бие биеэ үгүйсгэсэн, нотлох баримтын шинж чанарыг зөрчсөн байдаг. Хэргийг санаатай гэж үзэхээс илүүтэйгээр нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Г-ын би ширээн дээр байсан хутгыг аваад хохирогчийн хэвлийн хэсэг рүү хутгалсан гэх мэдүүлгийг анхан шатны шүүх няцаасан үндэслэл, нотлох баримтыг тусгаагүй байна гэсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанаар Г ширээн дээрээс хутга авсан гэх үйл баримт гэрч Я, У, Даваацэрэн нарын мэдүүлгүүдээр няцаагдлаа. Үүнийг шийтгэх тогтоолд тусгах боломжтой. Мөн У-ын мэдүүлэгт Г гэх залуу надтай зууралдаж байсан. Тэгээд гал тогооны өрөө рүү яваад ороход тэнд байсан хүмүүс Г-ыг болиулах гэж оролдож байхад Г миний хэвлийн хэсэг рүү хутгалсан гэх мэдүүлгийг мөн няцаасан баримтыг тусгаагүй гэж үзсэн. Үүнийг мөн өнөөдрийн хуралдаанаар няцаах боломжтой гэж харагдаж байна. Мөн гэрч Я-ын мэдүүлэгт би Г-ын хоёр гарыг цээжээрээ тэвэрсэн байхад миний ард У хүрээд ирэхэд Г У-ыг чи цаашаа байлдаа гэж хэлээд хутгатай гараараа миний зүүн гарын суган доогуур хөдлөх шиг болохоор нь У хөөе наадах чинь намайг дүрчихлээ гэж хэлсэн гэх мэдүүлгийг няцаах нотлох баримтыг тусгаагүй гэж магадлалд тусгасан. Шүүхийн шийдвэр үндэслэл болгохдоо хөдлөх шиг болсон гэх эргэлзээтэй баримтыг таамаглал болгосон гэж харж байна. Гэрч Я-ын мэдүүлгээр шүүгдэгч хохирогч У-ыг цаашаа бай гээд байсан, Г хохирогчийг өөрөө ч мэдэхгүй хутгалсан гэж мэдүүлдэг. Тухайн үед хохирогчийг хутгалъя гэх заналхийлэл байгаагүй, цаашаа бай гэж хэлсэн нь хор уршиг учруулахыг хүсэхгүй байсныг харуулдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийг нотолбол зохих байдлууд тогтоогдоогүй гэж үзэж байна. Иймд хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Мөн шүүгдэгч Б.Г нь “байцаагч чи хутгалсан биз дээ” гээд тулгаад байсан, хохирогчийг санаатай хутгалаагүй” гэж гэм буруугийн хэлбэрийн хувьд маргасан болно.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

   Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү 2222” хотхоны 118 дугаар байрны 10-С тоотод иргэн Э.Утай үл ялих зүйлээр маргалдаж улмаар түүний хэвлийн хэсэгт ахуйн хэрэглээний хутгаар нэг удаа хутгалж, хэвлийн хөндийг нэвтэрч гялтанг гэмтээж хэвлийн арын зайд цусан хураа үүсгэсэн шарх гэмтэл учруулж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 00:20:03 цагт “хэвлийдээ хутгалуулсан гэх дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа /хх-ийн 2/,

- 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 4-10/,

- Хохирогч Э.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г гэх залуу намайг үгээр өдөөд байсан. ...намайг өдөөд байхаар нь би айлд хэрэлдээд яах вэ орц руу гаръя гэсэн. Надтай зууралдаж байснаа гал тогооны өрөө рүү яваад орсон. Тэнд байсан хүмүүс Г гэх хүнийг болиулах гэж оролдож байхад хэвлий хэсэг рүү нэг удаа хутгалсан, ...надаас цус гарч эхлэхэд хажууд байсан Угийн найз түргэн дуудсан. ...Миний биед мэс засал хийлгэсэн хэсгээр их өвдөж байгаа....” гэх мэдүүлэг /1хх-ийн 13-15/ болон түүний дахин өгсөн мэдүүлэг /1хх-ийн 16-17/,

- Гэрч Э.Я-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хоёулаа орц руу гаръя” гээд У гэж залуугийн дуу гараад байхаар нь би ...гал тогооны өрөө рүү орсон. У гэх залуу манай найз Г хоёр муудалцаад өөд өөдөөсөө хараад зогсож байсан. Би У-ыг “та болио” гээд түлхэхэд тэрээр коридор луу гутлаа өмсөх гээд явсан. Тэр хооронд би Г-ыг “андаа болиоч дээ, яагаад байгаа юм бэ” гэж хэлээд байж байтал У гутлаа өмсөөд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би Г-ыг гал тогооны плитканы хажууд цааш нь түлхээд “боль” гэхэд Г-ын гар ард нь байж байгаад плитканы хажууд ...жижигдүү хутга гартаа бариад “чи цаашаа бай” гээд У луу орилоод байсан. Г-ыг хөдөлгөхгүй гээд цээжээр нь тэвэрсэн байхад ....Г баруун гартаа хутга барьсан гараараа “хөөе чи цаашаа бай л даа” гээд гараараа миний зүүн гарны суган доогуур хөдлөх шиг болоход У “хөөе наадах чинь намайг дүрчихлээ” гэж хэлсэн. Цамцыг нь сөхөөд харахад зүүн талын хэвлий хэсгээс нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-н 18-20 дугаар хуудас/,

- Гэрч Л.Даваацэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...унтлагын өрөөнд хүн орилоод байхаар нь босоод очтол У гэдсээ дараад зогсож байхаар нь цамцыг нь сөхөөд харахад цус гарсан, гэдэс дотор өөх нь гарсан харагдаж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-н 21-22/,

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 3657 дугаартай “...Э.У-ын биед хэвлийн хөндийг нэвтэрч гялтанг гэмтээж хэвлийн арын зайд цусан хураа үүсгэсэн шарх гэмтэл тогтоогдлоо, гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт /1хх-н 36-38/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1752 дугаар дүгнэлт /1хх-н 45/,

- Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. ...У надтай гарч зодолдоно гээд байхад манай найз Я намайг хориглож гал тогооны өрөө рүү оруулахад би ширээн дээр байсан хутгыг аваад тухайн эрэгтэй хүний хэвлий хэсэг рүү хутгалсан. ...У-ын биед учирсан гэмтлийг би хутгаар нэг удаа хэвлий хэсэг рүү нь дүрж учруулсан. У миний биед халдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-н 68-71/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.

 

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан “...шүүгдэгч Б.Г нь хутга барьчхаад холдооч ээ гэж тавиулах гэж байгаад хутга хохирогчийн биед орсон байдаг. Үүнийг санаатай үйлдсэн гэж үзэхгүй. Хохирогчид хохирол учруулъя, хутгалъя гэх санаа зорилго анхнаасаа байгаагүй, хүсэж үйлдээгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эргэлзээтэй байдал үүсэж байгаа тул зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэсэн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэв.

 

Хууль зүйн хувьд хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан шүүгдэгчийн үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Хохирогч Э.У-ын биед хэвлийн хөндийг нэвтэрч гялтанг гэмтээж хэвлийн арын зайд цусан хураа үүсгэсэн шарх бүхий хүнд гэмтэл нь шүүгдэгч Б.Г нь түүнийг хутгалсны улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогджээ.

 

Мөн Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэдгийг тайлбарласан бөгөөд уг тайлбарт “иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно.” хэмээн тодруулан тайлбарласан бөгөөд үүнд ахуйн болон аж ахуйн зориулалт бүхий эд зүйл, хэрэгсэл, хутга заазуур, бусад мэс зэрэг хамаарна.

 

Шүүгдэгч Б.Г нь хохирогч Э.У-ыг хутгаар хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан байх ба зэвсэг хэрэглэн хүнд хохирол учруулсныг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд уг гэмт хэргийн үндсэн шинж болгон хүндрүүлэх бүрэлдэхүүнээр тодорхойлж хуульчилсан байна.

 

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн заалтыг баримтлан, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэснийг үндэслэн шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч, хохирогч нарын хувьд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, зүй бус харьцааны шинжтэй маргаан үүсгэсэн нь шүүгдэгч Б.Г хохирогч Э.У-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзнэ. 

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутай гэсэн санал дүгнэлтийг гаргасан бөгөөд энэхүү дүгнэлт нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Б.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн шинжийг хангасан байх тул шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Шүүгдэгч Б.Г нь хохирогч Э.У-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардал болон бусад зардалд 5.000.000 төгрөг нөхөн төлсөн байх ба, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг устгуулах гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуяа, Д.Нарангэрэл нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Шүүгдэгч Б.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн” мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн”, мөн хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс буюу эхэлж маргаан үүсгэснээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Г-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хүнд” ангилалд хамаарч байх ба, дээрх зүйл, хэсэг, заалтад “таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр хуульчилсан.

Шүүхээс шүүгдэгч Б.Г-ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нөгөө талаас  согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдалд дүгнэлт хийж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан эрүүгийн хариуцлагыг шүүгдэгчид оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан хорих ялыг багасгаж өгнө үү гэх санал, дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхийг илэрхийлсэн” бол хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэхээр хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь ”санаатай” үйлдэл байхаар заасан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид гэмтлийг санаатай учруулаагүй гэж гэм буруу, сэдэлтийн талаар маргасан тул хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх нөхцөлийг хангаагүй гэж үзнэ.

Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн ажлын хэсэг нь 18.5 см, бариулын хэсэг нь 13 см нийт 31.5 см урттай ногоон өнгийн бариултай хутга нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И... овогт Б-н Г-ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч И- овогт Б-н Г-ыг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн ажлын хэсэг нь 18.5 см, бариулын хэсэг нь 13 см нийт 31.5 см урттай ногоон өнгийн бариултай хутга нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ДОРЖСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                     Д.АЛТАНЖИГҮҮР

 

                                                                        С.БАЗАРХАНД