| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | /220/2021/0557 |
| Дугаар | 2021/ШЦТ/289 |
| Огноо | 2021-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2021/ШЦТ/289
2021 05 31 2021/ШЦТ/289
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,
улсын яллагч Н.Пүрэвтогтох,
насанд хүрээгүй хохирогч М.Н, хууль ёсны төлөөлөгч С.Б,
хохирогч С.Д,
шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Ц.Гансүх,
гэрч С.П /онлайн/,
шинжээч Ц.Бадрал /онлайн/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Б... овогт С-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 20100 1654 0104 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх, Б... овогт С-ын М. (РД:)
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч С.М нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ... тоотод байх өөрийн гэртээ 2019 оны 08 дугаар сард үл ялих зүйлээр шалтаглан эхнэр С.Д-ийн зүүн гар луу нь цохиж, 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “кодоо яагаад сольчихов, хэнээр солиулсан юм” гэж гараараа болон хөлөөрөө гар толгой руу цохиж, 2020 оны 08 дугаар сарын 10-ний өдөр “танай эгч намайг ингэж хэлдэг, хэн бэ” гэж толгойн тус газар нь гараараа цохиж зодон, гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн;
-Хан-Уул дүүргийн ... тоотод байх өөрийн гэртээ 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр үл ялих зүйлээр шалтаглан эхнэр С.Д-ийн толгойн тус газар нь гараараа олон удаа цохиж, зодон Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, дух, зүүн чихний дэлбэн, хоёр бугалга, зүүн шуу, дунд хуруу, хоёр шилбэ, шагайны үеийн гадна хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан;
-Мөн Хан-Уул дүүргийн ... тоотод байх өөрийн гэртээ охин М.Н-г 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэртээ байхдаа “хичээлээ хийсэнгүй, хоол хийж өгсөнгүй” гэж гараараа цохиж,
-2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гэрийн ажил хийсэнгүй гэж тэлээгээр ороолгож, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь зүүн нүдний зовхи, цээж, баруун бугалга, зүүн мөр, дал, хоёр далны хооронд бүсэлхий, зүүн ташаа, хоёр гуяанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр хүнийг” зодож, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж С.Д, М.Н нарын биед хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлсэн мэдүүлэгт:
1. Шүүгдэгч С.М: Мэдүүлэг гаргахгүй гэв.
2. Хохирогч С.Д: “2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ажил дээр байж байгаад 2 цаг болгоод ажлаасаа гарах гэж байхад 1 цагаас эхэлж М залгаж эхэлсэн. Тэгээд би 2 цаг гээд гэртээ очсон. Фейсбүүкийн нууц үг сольсноос болоод нөхөр уурласан. Тэгээд яаж сольсон юм гэхээр нь би ажлынхаа охиноор солиулсан гэж хэлсэн. Тэгээд хэнээр яаж солиулсан юм, тэр хүнтэй чинь ярина гэж асуусаар байгаад ажлынхаа жоохон залуугаар солиулсан гэдгийг мэдсэн.Тэгсэн охин биш залуу болсон чинь уурласан. Тэрнээс хойш уурлаад гэртээ сууж байхдаа надаар янз янзын юман дээр бүх эд хөрөнгөнөөс татгалзана гэсэн гарын үсэг зуруулсан.
Маргааш нь бүтэн сайн өдөр ажилдаа явахгүй шүү гээд намайг ажилд явуулаагүй. 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр намайг пиво авчир гэсэн. Пивоо ууж дуусгаад дахиад пивонд яв гэсэн. Тухайн үед нь би загнуулаад л пиво авчирч өгсөн. Орой нь намайг “Хүннү” молл, “Метро” молл руу хүргэж өг гэсэн. Манай компанийн дансыг миний данстай холбосон гэдгийг мэдээд уурлаад орой эгч рүү ярьсан байсан. Манай эгч танай нөхөр ямар сүртэй юм бэ гэж хэлсэн чинь намайг цохиод авсан. Тэгээд эгч рүү чинь хамт очно гээд би машины урд суугаад жолоо барьсан. Хойно нөхөр сууж явсан, тэгээд араас цохисоор байгаад толгой хагалсан. Би гадуур явж байсан учир ойр хавийнхаа хүмүүсийг надад туслах болов уу гэж харсан чинь “чи аврал эрж хайлаа” гэсэн. Тухайн үед хажууд туслах хүн байгаагүй. Би нөхрийгөө буулгачхаад явах гэж байсан. Би урд нь баруун чихний хэнгэрээ цоолж байсан тул яаж цоордгийг мэдээд тэр үед ч гэсэн яг тийм зүйл болсон. Би толгойгоо хамгаалж зөндөө зогссон. Машины хойно сууж байгаад л цохиод байсан. Тэгээд зүүн чих гэмтээсэн. 2019 оны 8 дугаар сард нөхөр цохиж миний мөр, зүүн гарын булчин хэсэгт хөхрөлт үүсгэсэн. Тэгээд би хүүхдээ аваад С.Мийн ээж М-ынд очиж байсан. Танай хүү С.М намайг зодоод байна гэж хэлсэн. Ээжийнх нь гэрт 3 хонож байхад С.М ирж намайг авсан. Мөн С.М 2020 оны 3 дугаар сарын 9-нд охин С.Н-тойгоо маргалдсан” гэсэн мэдүүлгийг;
3. Насанд хүрээгүй хохирогч М.Н: “2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр аав намайг хуучин ангийнхаа хүүхдүүдтэйгээ фейсбүүкээр юм бичсэн гэж намайг тэлээгээр зөндөө ороолгосон. Шинжээчийн дүгнэлтээр миний биед учирсан гэмтлийг аав учруулсан. 2020 оны 03 дугаар сард аав миний хувцсыг гаргаад манай гэрээс яв гэсэн. Тэгээд би П эгчийн гэр рүү явсан. Тухайн үед ээж, мөн хоёр дүү хамт байсан, мөн эмээ ирсэн байсан. Аавтай гайгүй харьцаатай байсан. Аавтайгаа өсөрхөж худал мэдүүлсэн зүйл байхгүй. Одоо аавдаа гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. 2020 оны 08 дугаар сарын 09, 10-ны үед ээж, бид хоёрыг аав зодчихоод согтууруулах ундаа хэрэглэсэн. 2020 оны 3 дугаар сард аав миний хувцсыг гаргаад манай гэрээс яв гэж хэлсэн. Тухайн үед эмээ ирсэн. Тэгээд П эгчийн гэрт очсон. ” гэсэн мэдүүлгийг;
4. Гэрч С.П: Миний хувьд С.М, С.Д нарийн гэр бүлийн харилцааг сайн болон муугаар мэддэггүй байсан. 2020 оны 04 сарын эхээр ээжийгээ эмнэлэгт үзүүлээд явж байхад ээж рүү Д эгч залгаад таслаад байсан. Тэгээд би ээжээс хэн бэ гэж асуусан чинь эгч чинь залгачхаад таслаад байна, яасан юм бол, чи эгч рүүгээ залгаадах гэсэн. Тэгээд эгч рүү миний утсаар залгасан чинь авахгүй байсан. Тэгсэн эгч ээж рүү залгахаар нь би утсыг нь автал эгч “М Н-г зодоод байна” гэсэн. Тэр үед ээж бид хоёр ресторанд хоол идэх гээд захиалга өгсөн байснаа орхиод хоолоо идэхгүй бүх ажлаа орхиод эгчийн гэр рүү нь очсон. Орцны үүдэнд нь Н уйлсан байдалтай тортой хувцсыг нь тавьсан, М-ийн ээж хамт зогсож байсан. Тэгээд юу болсон бэ гэж асуухад “аав нь гэрээсээ хөөгөөд гаргасан байна” гэсэн. Бид нар юу болсон юм гээд гэрийнх хаалгыг тогшиход хаалгаа тайлахгүй байсан. Бид 40, 50 минут хүлээж зогссон. Тэгээд зогсож байхад М/н-гийн нөхөр М-тэй уулзах гэж ирсэн. Ээж нь юу болсныг асуусан чинь “М ах юм хийгээд өг” гээд дуудсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар хаалгаа тайлахаар нь асууя гээд хүлээсэн чинь дүүдээ хаалгаа бас онгойлгож өгөөгүй. Хаалгаа тайлахгүй болохоор нь Н-г аваад миний машинд суугаад М, манай ээж, Н бид хамт явсан. М-ийн ээжийг автобусны буудал дээр буулгаад Н-г аваад өөрийнхөө гэртээ ирсэн. Н-г тайвшруулаад юу болсныг асуутал юу ч дуугарахгүй байсан. Би хүүтэйгээ та 2 хамт тоглоорой гэж хэлээд гэртээ үлдээсэн. Тэгтэл М над руу залгахаар нь юу болоод байна вэ гэсэн чинь надтай юм ярих сөхөөгүй миний яриаг ерөөсөө сонсохгүй, манай хамаатан саднуудыг муугаар яриад байсан. Би та яагаад хүмүүсийг харлуулж бодоод байгаа юм бэ, танд дургүй юм байхгүй, та эхнэртээ сэтгэл хангалуун бус байгаа юм уу гэхэд манай эгчийг маанаг эргүү тэнэг гээд байсан. Манай эгч амьдралын төлөө зүтгэж амьдарч байгаа хүн. Би эгчийгээ тантай гэр бүл болсноос хойш нэг ч удаа гадуур дотуур гарч орж асуудалд орж байхыг сонсож байгаагүй. Эгч гэртээ ирээд хүүхдүүдээ асардаг. Яагаад танд манай эгч таалагдахгүй байгаа юм бэ, эгч хангалттай ажил хөдөлмөр эрхлээд гэрийнхээ санхүүг шийдээд явж байна гэхэд надтай ярилцахгүй байсан. Танай эгч чинь хорвоогийн хог шаар арчаагүй юм гээд байсан. Би таныг хүндэлдэг, гэхдээ би таныг эхнэрийнхээ талаар ийм сонин юм яриад байгаад сонин санагдаж байна гээд нэг цаг орчим яриад утас нь тасарсан. 11 цаг болж байх үед эгч Д залгаад Н-г гэрт аваад ир гэхээр нь дахиад зодоод байвал яах юм бэ гэсэн чинь М өглөө сэрээд Н-г байхгүй бол хаагуур хоносон юм бэ гээд бас асуудал үүснэ гэж хэлэхээр нь би та зүгээр үү гэсэн чинь, зүгээр, дүүгээ аваад ир гэсэн. Би Н-г аваад гэрийнх нь гадаа ирээд хаалгыг нь тогшиж болохгүй гэхээр нь утас руу залгатал хаалгаа онгойлгоод надтай юу ч ярихгүй охиноо оруулаад хаалгаа хаасан. Н-гийн тортой хувцас нь машин дотор байсан. Тэр өдрөөс хойш би эдний гэр бүл маргаантай юм байна гэдгийг мэдсэн. Тодорхой хэмжээгээр эхнэр, хүүхдүүдээ айлгаж дарамталдаг юм байна гэдэг ойлголтыг авсан. Дараа нь 7-р сарын үед эгч над руу орой залгасан. Би хотоос гарсан байсан, яасан гэсэн чинь би гэрээсээ 3 хүүхдээ аваад гараад ирлээ. Танай гэр лүү чинь яваад очъё гэхээр нь гэртээ очоод би гэртээ ирсэн шүү эгчээ юу болсон бэ гэсэн чинь М утсаар та нарыг очоод түвээгээд өгнө гэж хэлхээр нь айгаад ирэхээс нь өмнө зугтаасан гэж хэлсэн. Ер нь та нар яагаад ингээд уурлаад маргалдаад байдаг юм бэ, юунаас болоод байдаг юм гэсэн чинь том шалтгаан байхгүй, алхам дутамдаа л намайг доромжилдог гэж хэлээд гар хуруу нь салгалаад байсан. Би тайван байж байгаад юмаа ярь гэж хэлэхэд эгч нь айдастай унтмаар байна гэж хэлээд унтаад өгсөн. Маргааш өглөө нь хоол цай хийж өгөөд эгчтэй ярилцсан чинь би юунаас болоод маргалдаж байгаагаа ч ойлгодоггүй, хөдөлгөөн бүрийг минь гоочилдог. Би өөрөө өөрийгөө юу хийгээд байгаагаа мэдэхгүй байна. Зүгээр уурлуулахгүй байвал болоо гэдэг бодолтой амьдардаг болсон гэхээр нь таныг цохихоор та эсэргүүцдэггүй юм уу гэсэн чинь юу ч хэлдэггүй гэхээр нь би танд аюултай байна шүү дээ, ээжид нь хэлсэн үү гэсэн чинь хэлээд хадмындаа 3 хонож үзсэн гэсэн. Бид нар лагерт байх болохоор та хүүхдүүдтэйгээ манай гэрт хэд хоног хонохгүй юу гэж хэлэхэд үгүй, үгүй танай гэр орныг ирээд түвээнэ гээд надтай зэрэгцээд манайхаас гарсан. Би санаа зовоод та хаана явж байгаагаа хэлээрэй гэсэн чинь за гээд явсан. Тухайн үед гадаа дулаахан тул хүүхдүүдээ агаарт гаргаж амралтад нэг хоёр хоносон шиг 7, 8 хоног гадуур хоносон байсан. Тэрнээс хойш би байнга асууж юу болсон гэхэд юу ч ярихгүй асуудалтай байгаа л гэж хэлсэн. 8 сарын эхээр гэртээ байж байтал 10 цагийн үед эгчээс дахиад дуудлага ирсэн. Эгч бүр юу ч ярихгүй уйлаад эгч нь М-ийн гарт нэг л өдөр үхэх юм байна, би яах ёстойгоо ойлгохгүй байна гээд уйлаад байсан. Та хаана байгаа юм гэхэд би М-ийг нэг газар буулгачхаад гэр рүүгээ харих гэж байна. Намайг 15 минутын дотор гэртээ харьсан байгаарай гэж хэлсэн гэхээр нь би цагдаа дууд гэсэн чинь айгаад байна, чи дуудчих гэсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд гэрийнх нь хаягийг өгсөн. Эгчийг цагдаа аваад явсан гэсэн. Маргааш нь ээж залгаад бид нар цагдаагийн газарт ирсэн байна, бүгд байцаалт өгөх гэж байна гэж хэлсэн. Эгч Дийн баруун чих нь бадайраад, дэлдийгээд чинэрсэн байдалтай, чихний ойр орчим тэр чигээрээ хөхрөөд хавдартай болсон байсан. Гар нь хавдсан, гуя нь том хүрээтэй няцарсан, шагай нь бас хөхөрсөн, нуруу нь хөхөрсөн улайсан байсан. Гэмтлийг М учруулсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлгийг;
5. Шинжээч Ц.Бадрал: Би чих хамар хоолойн эмч биш тул хохирогчийн чихний зургийг хараад хэлэх боломжгүй. Харин чих хамар хоолойн эмчийн үзсэн үзлэгт үндэслэн дүгнэлт гаргасан. Мөн хохирогч болсон явдлын талаар 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр зодуулсан гэж ирсэн, чих хамар хоолойн эмчийн үзлэгт чихний гэмтлийг шинэ гэмтэл гэж байсан учраас энэ талаар дүгнэлтдээ “шинэ гэмтэл” гэж дүгнэсэн” гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.
Хоёр: Эрүүгийн 2010016540104 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 11/,
2. Хохирогч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өгсөн:
Хэд хоногийн өмнөөс нөхөр бид хоёрын дунд хэрүүл гарсан. Учир нь гэвэл би эгчийнхээ пост машинтай өөрийнхөө дансыг холбуулсан юм. Тэгсэн миний дансны мэдээлэл маань нөхрийн и мейл хаяг руу очдог байсныг мэдээгүй юм. Тэрнээс болоод манай нөхөр М нь надаас “юу мөнгө чиний дансаар чинь ороод байгаа юм бэ” гэж асуухаар нь би ажлын мөнгө орж байгаа юм гэж хэлэхэд “яахлаараа хувийн чинь дансаар ордог юм” гэж хэлэхээр нь би түр зуур орж байгаад салгуулаад авчих юм гэж хэлэхэд тэрнээс болоод уурлаад байхаар нь би 3 хүүхдээ аваад Тэрэлжид 3 хоног амралтад байхдаа өөрийн фейсбүүк рүүгээ орж чадахгүй байсан. Тэндээсээ төрсөн эгч Н-ын гэрт 4 хоночхоод 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэртээ ирсэн. Гэртээ ирснээсээ хойш хэрүүл тасрахгүй надаас өө хайгаад байдаг болсон.
2020 оны 08 дугаар сарын 09-ний өглөө ажил дээрээ очоод ажлынхаа хүүхдээр өөрийнхөө фейсбүүкийнхээ нууц дугаарыг солиулаад фейсбүүк рүү ороод байж байтал нөхөр М утсаараа залгаад яагаад чи хувийнхаа юмыг өөр хүнээр хийлгэж байгаа юм бэ гэхээр нь би ажил дээрээсээ гэр лүүгээ очиход над руу уурлаад, уураа том охин Н /13 настай/-д гаргаж охиноо зодсон. Тэгээд дэлгүүрээс пиво авхуулаад том өрөөнд суугаад уусан. Бид дөрөв нөгөө өрөөндөө орж унтсан. Тэгээд маргааш өглөө нь босоод дэлгүүрээс 8 шил пиво авч уусан. Өдөр 16 цагийн үед дахиад 8 шил пиво авхуулаад гэртээ уусан. Хүүхдүүд гадаа гарч тоглохоор гарсан хойгуур намайг хэл амаар доромжилж миний толгой руу гараараа зөндөө цохисон. Тэгснээ миний утсаар 102 дугаарын утас руу залгаад одоо чи ярьж дуудлагаа өг гээд байхаар нь би өгч чадахгүй гээд яриагүй. Тэгээд манай эгч рүү намайг залгуулаад утасныхаа дууг чанга яригч дээр тавь гэсэн. Тэгээд М ямар учиртай юм гэж асуугаад байна гэсэн чинь манай эгч “танай нөхөр чинь юун сүртэй юм, та нарыг хорлочихвол” гэж хэлсэн чинь нөхөр М дараа нь эгчтэй утсаар яриад учраа ойлголцоод утсаа салгасан. Тэгээд нөхөр согтуу машинаа барих гээд байхаар нь би хүргээд өгчихье гээд машиныг нь бариад “Метро” моллын гадаа хүргэж өгөх гээд машин бариад явж байхад танай эгч чинь гээд уурлаад араас миний үснээс зулгаагаад толгой руу цохиод байхаар нь арайхийж аргадаж байгаад “Метро” моллын гадаа буулгаад харьсан.
2020 оны 08 дугаар сарын 11-ний шөнийн 01 цагийн үед гэртээ байж байхад цагдаа нар ирээд танай дээр дуудлага ирсэн, таниас мэдүүлэг авах шаардлагатай гэхээр нь би дагаад машинд нь суусан чинь манай нөхөр гэр лүүгээ орж харагдсан. Тэгэхээр нь би цагдаа нарт би одоо гэр лүүгээ орохгүй бол болохгүй, мэдүүлэг өгөхгүй гэж хэлтэл тийм юм байхгүй гээд нөхөр М-ийн хамт авчирсан. Миний зүүн чихний хэнгэрэг хагарсан. Толгой болон ам эрүү өвдөж байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Урьд нь нөхөр намайг хааяа, хааяа зодож байсан. Хэзээ зодож байсныг нь санахгүй байна.
Нөхөр М нь 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр том охин Н-г өшиглөж, суран тэлээгээр нуруу гар руу нь ороолгоод байсан. Би энэ хүнийг зүгээр болчих байх гээд зөндөө тэвчиж хүлээж байгаад сүүлдээ энэ хүний гарт амиа алдах вий гэхээс айж байна. Байнгын манай гэр бүл, ах, эгч, дүү нарыг чинь ална. Танай удам угсааг түвээнэ гэж заналхийлж дарамталдаг. Тэрийг мэддэг болохоор би ээж, аав дээрээ очихоо больсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,
-хохирогчоор 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр дахин өгсөн:
“...Манай гэр бүлийн дундын данс байдаг. Тухайн дансыг миний бие болон нөхөр Мийн хамт хамтран эзэмших эрхтэй. Нөхөр намайг цохиж зодсон нь үнэн. Намайг 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гэртээ эрүүл байхдаа хөлөөрөө зүүн гуя руу 2-3 удаа өшиглөж, толгой руу гараа атгаж байгаад нэлээд олон удаа цохисон.
Мөн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр С дүүргийн нутаг дэвсгэр “Макс молл”-ын гадна автомашинд байхдаа толгой руу олон удаа цохиж, үснээс зулгаасан. Манай нөхөр хааяа нэг уудаг. Уухаараа дуугаа хураачихдаг. Намайг урьд өмнө ганц нэг удаа цохиж зодож байсан. Хэзээ гэдгийг нь санахгүй байна. Намайг бусадтай хардаж, харилцахыг хязгаарладаггүй. Дундын өмч хөрөнгөө эзэмших ашиглах захиран зарцуулах эрхэд халддаггүй. 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр манай нөхөр гэртээ 16 шил 0.5 граммын пиво уусан. Манай байрны гадна цагдаа нар таараад автомашинд суучих гэсэн чинь суухгүй, яах гээд байгаа юм гээд байхаар нь гавлах гэтэл эсэргүүцээд гав зүүлгэхгүй гээд хоорондоо маргалдаад цагдаагийн хоёр ажилтан хүч хэрэглэж гавлаж суулгасан. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс дээр ирээд намайг мэдүүлэг өгөх гээд орсон хойгуур үүдэнд хэрүүл маргаан болоод орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
-2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дахин өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 13 цагийн үед би ажил дээрээ байхдаа ажлынхаа хүнээр өөрийн болохгүй байсан фэйсбүүк хаягаа янзлуулж нээлгүүлсэн. Тэгтэл манай нөхөр М над руу залгаж “чи яагаад кодоо сольчихов, хэнээр солиулсан юм бэ, надаар солиулахгүй яасан юм бэ” гээд уурласан. Тэгээд шууд гэртээ ир гээд дуудахаар нь би гэр рүүгээ яваад очсон. Би 13 цаг 30 минутын үед гэртээ очсон. Нөхөр маань уурлаад гэрт идэх юм алга гээд байсан. Тэгэхээр нь би хөргөгчнөөс талх гаргаад өгтөл нөхөр маань охин Н руу чиний хөгзөрсөн гээд байсан талх, зүгээр байна шүү дээ гээд уурласан. Тэгснээ чи ямар хүнээр кодоо янзлуулсан юм бэ, спикер дээр нь тавиад залга гэхээр нь би ажлынхаа утас руу залгасан. Тэгтэл утсыг Д авсан. Нөхөр маань эрэгтэй хүн гар утас авангуут шууд уурлаад утсаа салгаад намайг цохисон. Тэгээд намайг түлхээд, уурлаад, миний хувцсыг ураад байсан. Ер нь тэр өдөржингөө л уурлаж бухимдсан. Ингээд орой нь надаар 8 ширхэг 0,5 литрийн пиво авхуулж уусан. Маргааш өглөө нь би хоол хийтэл нөхөр чи дандаа л нэг хоолоо хийлээ гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Мөн намайг пиво авч өг гээд байхаар нь би дахин 0,5 литрийн 8 ширхэг пиво авч өгсөн. Мөн миний эгч, ахыг хэрүүлдээ оруулаад доромжлоод байсан. Тухайн үед би эгч Хгийн ажлынх нь посс машины дансыг өөрийнхөө хувийн данстай холбочихсон байсан. Нөхөр маань яагаад холбочихсон юм бэ гээд байхаар нь би өөрөө ярь гэж хэлсэн. Тэгтэл нөхөр маань спикер дээр нь тавьж ярь гэхээр нь би тавиад ярьтал эгч маань М ямар сүртэй юм бэ, та нарыг хэрэгт хийчихвэл гэж дээ гэж хэлсэн. Тэгтэл нөхөр маань танай эгч намайг ингэж хэлдэг хэн бэ гээд дахин зодсон. Мөн нөхөр маань надаар өөрийн эд хөрөнгөнөөсөө татгалзаж байна, нөхөртөө шилжүүлж байна гэсэн өргөдлийг хүчээр бичүүлээд нотариатаар баталгаажуулна гээд байсан. Ингээд 21 цагийн үед нөхөр маань найзууд руугаа явна гэхээр нь би түүнийг хүргэж өгсөн. Тэгтэл нөхөр маань эгч Х руу залгаж чамайг нөхөртэй чинь очиж байгаад ална, одоо шууд гэр руу нь явъя гээд байсан. Тэгснээ “Макс” молл, “Метро” молл орно гээд намайг ардаас толгой руу цохиод явсан. Ингээд “Метро” моллын гадаа очиход нөхөр машинаасаа буусан. Машины цонх руу цохичихсон юм. Тэгэхээр нь би цонх хагалах нь гэж бодоод хөдлөхөд тэрээр apaac ирснээ чи зугтаах нь уу гээд намайг зодоод байсан. Тэгж, тэгж үлдсэн. Би гэр рүүгээ харьсан. Замдаа би болсон явдлыг дүү П-д хэлэхэд цагдаа дуудчихсан байсан. Ингээд би гэртээ очоод байж байтал цагдаа ирсэн. Би цагдаагийн машинд суутал нөхөр ирсэн. Ингээд нөхөр бид хоёр цагдаа дээр ирсэн. Нөхөртэйгөө анх 2006 онд танилцаж байсан. 2009 оноос хойш хамт амьдрах болсон. Бид дундаасаа охин 13 настай М.Н, охин 9 настай М.Н/т, хүү 3 настай М.И гэсэн 3 хүүхэдтэй, албан ёсны гэр бүлийн баталгаатай. 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гараараа миний гуя, гар, толгой руу зөндөө цохисон. Мөн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр толгой руу гараараа зөндөө цохисон. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан дээрх гэмтлүүдийг манай нөхөр М намайг гараараа цохиж зодон учруулсан. Урьд нь 2015 оны зун намайг зодож байсан, тухайн үед хэрэг нь хэрэгсэхгүй болсон байх. 2019 оны зун бас зодож байсан. Тухайн үед би хүүхдүүдээ аваад л гэрээсээ явж байсан. 2020 оны 03 дугаар сард бас зодож байсан. Эрүүл үедээ намайг зоддог. Тэрээр манай талын хамаатнуудад дургүй, жижиг сажиг зүйлээс болоод л зодоод байдаг. 2015 онд цагдаад өгч байсан. Том охин Нг 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гэрийн ажил хийсэнгүй гээд өөрийн тэлээгээр ороолгож зодсон. Өмнө нь охин Нг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зодож, манай гэрээс зайл гээд хувцсыг нь өгөөд гэрээсээ хөөж байсан. Тухайн үед дүү П, хадам ээж М ирж байсан. Ер нь том охиндоо ихэвчлэн гар хүрдэг. Хоёр бага хүүхдээ зодож байгаагүй. Мийн гаргадаг энэхүү асуудлаас болж ...үхмээр санагдаж бодогддог. Тэрээр намайг найз нөхөд, хамаатан садантай холбоо бариулах, уулзуулах дургүй байдаг. Би цалингаараа ихэвчлэн хүнсээ авдаг. Нөхөр чи цалингаараа юу авсан юм бэ, бич гээд байдаг. Намайг нөхөр Мэд зодуулдгийг түүний ээж М сайн мэднэ. Учир нь би намайг зодох болгонд түүний ээжид хэлдэг байсан. Түүний ээж нь насаараа шүүгч хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Одоо өмгөөлөгч хийж байгаа. Би нөхрийнхөө энэхүү асуудлыг хамаатнууддаа хэлдэггүй байсан. Сүүлд болсон асуудлыг манай ах М/б, эгч Х, дүү П, аав, ээж мэдсэн. Эмнэлгээр үзүүлсэн зардлаа нэхэмжилнэ. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72/,
3. Насанд хүрээгүй хохирогч М.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өгсөн:
“...2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн ... тоот гэртээ ээж Д, аав М, хоёр дүүгийн хамт байж байхад 12 цагаас 22 цагийн хооронд аав намайг фэйсбүүк нээлээ гэж уурлаад суран тэлээгээр олон удаа цохиж зодсон. Намайг шалаа угаа гэж уурлаад байхаар нь би угаахгүй байж байсан чинь намайг юм хэлэхээр хийхгүй чи гэж уурлаад хэлээрээ шалаа арчихгүй бол баасаа долоолгоно гэж уурлаад нойлын бие засах өрөө рүү оруулах гээд байсан. Тухайн үед манай аав М эрүүл байсан. Тухайн үед мөн ээж Дийг үснээс нь зулгааж, идэж байсан хонины толгойн ясыг авч шидээд, хөлөөрөө өшиглөж, толгой руу нь гараараа олон удаа цохиж зодсон. Намайг энэ он гарснаас хойш 1 удаа зодож байсан. Энэ удаагийнхтай нийлээд 2 удаа болж байна. Миний төрсөн эцэг ...миний хөл, нуруу, гар хэсэг рүү суран тэлээгээр олон удаа цохисон. Миний зүүн гарын мөр хэсгээр улаан өнгийн цус хуралт үүссэн. Нуруу, хавирга орчимд цус хурсан байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
-насанд хүрээгүй хохирогч М.Нгийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн:
“...Би 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэртээ аав М, дүү 9 настай Н/т, 3 настай дүү И нарын хамт байсан. Тэгтэл аав 12 цагийн үед намайг хоол хийсэнгүй гэж уурлаж загнасан. Ээж рүү залгаж ажлаас нь дуудаж ирүүлсэн. Ээжийг ирсний дараа чи хүүхдүүдийнхээ хоолыг бэлдэж өгсөнгүй, Фэйсбүүк кодоо сольчихлоо, чи ажлынхаа газрын эрэгтэй хүнээр кодоо солиулчихлаа гээд уурлаад байсан. Аав ээж бид хоёрыг зэрэгцүүлж зогсоож байгаад ээжийн толгой руу гараараа зөндөө их цохиод байсан. Энэ үед аав, ээж бид хоёрын гар утсыг хураагаад авчихсан байсан. Мөн манай бага дүүг ширээн дээр зогсоогоод цамцнаас нь зуураад шидэх гээд байсан. Ээж хоол хийсэн бөгөөд аав идэж байсан хоолныхоо махыг нь түүж ээж рүү шидээд байсан. Тэгснээ намайг шал арч гэхээр нь би алчуураар арчиж байтал аав дуудаад “чи фэйсбүүк хаяг нээсэн байна” гээд намайг миний өрөө рүү оруулж дотроос нь хаалга цоожлоод өөрийнхөө бор өнгийн суран тэлээгээр миний нуруу, хоёр гуя, хоёр гар луу зөндөө олон цохисон. Тэгээд намайг шалаа арч гээд байхад яагаад арчаагүй юм гээд миний хүзүүн дээр дарж хэлээрээ шал долоо гээд дараад байсан. Мөн шалны хувинтай ус руу миний толгойг дүрж хийн, ингэж угаа гээд миний хэлээр шал арчуулсан. Намайг “хэрэв чи шалаа хэлээрээ арчихгүй бол би баасаа долоолгоно шүү” гээд байсан. Тэгээд ээжийг гарч пиво авч ир гээд гаргасан. Ээж 18 ширхэг шилтэй пиво авчирсан. Аав нөгөө пивонуудаа уучхаад явна гээд гэрээс гарсан. Ээж ч гэсэн араас нь гарсан. Хэсэг хугацааны дараа ээж орж ирсэн бөгөөд эгч П руу залгаж намайг М зодоод байна гэж ярьсан. Тэгтэл хэсэг хугацааны дараа цагдаа ирсэн бөгөөд ээжийг авч явах гэж байтал аав ирсэн. Аав хаалга тогшоод байхаар нь бид нар хаалгаа онгойлгоогүй бөгөөд би цонхоор хартал цагдаа нар аавыг машиндаа суулгах гэтэл суухгүй, өөдөөс нь зодолдоод байсан бөгөөд цагдаа нар аавыг хэвтүүлж байгаад гавлаад авч явсан. Аав цагдаагийн машинд суусныхаа дараа ээжийг толгойгоороо мөргөж цохиод байсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан дээрх гэмтлүүдийг аав тэлээгээрээ зөндөө олон цохиж учруулсан. Аав миний нүдийг чихнэ гээд гараараа миний нүд рүү дараад байсан. Бас миний баруун гуя руу 4-5 удаа өшиглөсөн. Намайг 5 настайгаас хойш хичээлээ ойлгосонгүй, гэрээ цэвэрлэсэнгүй гэж зоддог байсан. Би яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Ээжийн маань биед учирсан гэмтлүүдийг ээжийг аав хөлөөрөө болон гараараа зөндөө олон удаа цохиж учруулсан. Миний мэдэхийн намайг 5 настайгаас хойш ээжийг аав дандаа зоддог байсан. Намайг зодсон үедээ ээжийг бас зоддог байсан. Намайг 7 настай байхад, 9 настай байхад, мөн 2020 оны 07 дугаар сарын 02-нд ээж аавд зодуулж бид нар гэрээсээ зугтааж, гадуур хонож байсан. 2020 оны 08 дугаар сарын 10-нд аав согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан, намайг болон ээжийг зодсоны дараа пиво уусан. Аав, ээж бид хоёрыг зодсоныг харсан хүн байхгүй. Харин эмээ А, нагац эгч П, Х нар мэднэ. Мөн аавын ээж эмээ М мэднэ. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би аавдаа гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-81/,
4. Гэрч С.Пын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өгсөн:
“...2020 оны 03 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Би тухайн өдрийг нь хэдэн байсныг нь санахгүй байна. Тэр өдөр би ээж Аийн хамт гадуур явж байтал миний дээд талын эгч Д ээжийн утас руу байн, байн дохиод байсан. Буцаагаад залгатал утсаа авахгүй байсан. Тэгж, тэгж 17 цагийн үед би эгч рүү залгатал тэрээр хүрч ирээд Нг аваадхаач гэж хоолой нь зангирсан өнгөөр ярихаар нь яасан бэ гэтэл “М Нг зодоод байна” гэж хэлсэн. Тэгээд би ээжийн хамт Д эгчийн гэрийн гадаа очиход том охин Н нь уйлчихсан орцон дотор байсан. Хажууд нь Д эгчийн хадам ээж, Мийн ээж М ирчихсэн байсан. Мөн Нгийн хувцас, хичээл ном бололтой 8-9 ширхэг тортой зүйл байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад М эгч Н аавынхаа үгэнд орохгүй, аавыгаа уурлуулаад, аавдаа зодуулсан байна. Тэгээд аав нь хувцастай нь хөөгөөд гаргасан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрийнх нь хаалгыг тогшиход онгойлгохгүй байсан, цаана нь эрэгтэй хүний дуу орилоод байсан. Барагцаагаар 1 цаг гаруй хугацаанд тэдний хаалганы гадаа орцонд бид нар зогссон. Мөн М-ийн хүргэн болох залуу ирсэн. Тэр залуу ч гэсэн хаалгыг нь тогшиход тайлаагүй. Тэгтэл эгч Д над руу залгаж та хэд Нг аваад явж бай гэж хэлээд утсаа салгасан. Тэгэхээр нь бид нар явцгаасан. Би замдаа М эгчийг 19-ийн автобусны буудал дээр буулгачхаад ээж Аийг гэрийнх нь гадаа буулгачхаад Нгийн хамт гэр рүүгээ явсан. Замдаа болон гэрт ороод би Нтой юу болсон талаар ярилцахад эхлээд юу ч ярихгүй байсан. Тэрээр аав уурлаад намайг зодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би ээж чинь чамайг өмөөрдөггүй юм уу гэтэл ээж намайг өмөөрөх нь битгий хэл, өөрөө байнга зодуулдаг гэж хэлсэн. Энэ үед би анх Мийг манай эгчийг болон хүүхдээ зоддогийг мэдсэн. Ингээд байж байтал над руу М өөрийнхөө дугаараас залгаж 40-50 минут ярьсан, тэрээр согтуу байсан. Ингэж ярихдаа тэрээр эгчийг маань шал тэнэг, арчаагүй мангар хүүхэн гэхчлэн доромжилж муулж ярьсан. Манай аав С, эгч Х нарыг зөндөө муулсан. Тэгтэл эгч Д над руу залгаж Нг авчрахгүй бол болохгүй, М өглөө сэрээд Нг байхгүйг мэдэх юм бол дахиад хэрүүл үүсэх байх, чи аваад ирээ, би Мийг унтахаар нь залгая гэж хэлсэн. Тэгээд эгч над руу 23 цаг 40 минутын үед залгахаар нь би Нг гэрт нь хүргэж өгсөн. Үүнээс хойш хэд хоногийн дараа би эгч Дтэй уулзсан. Би түүнээс танай нөхөр яагаад аавыг муулаад байгаа юм бэ гэтэл урд нь намайг М зодохыг аав, ээж мэдсэн. Тэгээд аав Мэд хандан “чи ч гэсэн охин хүүхэдтэй хүн, танай охиныг авч суусан нөхөр нь зодоод байвал чамд ямар санагдах вэ, чи дахиж миний охинд гар хүрч болохгүй шүү” гэж хэлж байсан юм. Тэгтэл М “танай аав миний хоёр хүүхдийг зоддог нөхөртэй болоорой гэж хараасан” гээд түүнээс хойш дандаа ярьдаг болсон гэж хэлсэн. Би эгчээс М нь яг яадаг юм бэ гэтэл “надад ямар ч эрх чөлөө байдаггүй, би дарамтлуулсаар байгаад дарамтанд нь орчихсон байна. Би яах учраа олохгүй байна. Гайгүй болох болов уу л гэж найдаж байна” гэж хэлсэн. Уг нь гэрт хэрүүл маргаан гарах ямар ч шалтгаан байхгүй. Байр, машин байна. Би бүх л зүйлийг нь болгож байна. Би 14 жилийн хугацаанд нэг ч өдөр гэрээсээ гарсангүй. Найз нөхөдтэйгөө өдөр, оройн цагаар ч гарч үзсэнгүй гэж хэлсэн. Үүнээс хойш 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр эгч над руу залгаж бид 4 гэрээсээ гараад ирлээ, чи хаана байна, танайд очъё гэсэн. Тэгэхээр нь би за за манайд хүрээд ир гээд гэртээ очсон. Гэрт очсоноос хойш эгч маань 3 хүүхдийн хамт гэрийнхээ хувцастай ирсэн, машинаа хол газар байрлуулчихлаа. Намайг танайд байгааг мэдэх юм бол чамайг гэртээ орогнууллаа гээд гэрийг чинь сүйтгэчихнэ гэж хэлсэн. Тухайн өдөр манайд эгч хүүхдүүдийнхээ хамт хоносон. Эгч хүүхдүүдийнхээ хамт гадуур 7 хоночхоод хүүхдүүд солих хувцасгүй болчихлоо, хүүхдүүд маань зутарчихлаа гээд гэртээ 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр харьсан. Үүнээс хойш 2020 оны 08 дугаар сарын 10-ны орой 22 цагийн үед эгч Д над руу залгаж ихэр татаж уйлаад М сая бид хэдийг баахан зодлоо, энэ янзаараа би Мийн гарт үрэгдэх юм байна гэсэн. Би түүнээс хаана байгааг асуухад тэрээр Мийг нэг газар буулгачхаад явж байна. М юм уучихсан байгаа гэж ярьж байснаа, за за М залгаж байна гээд утсаа тасалсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. М нь манай эгчийг цохиж, зодож байхыг би харж байгаагүй. Анх 2020 оны 03 дугаар сарын сүүлээр Нг очиж авахдаа мэдсэн. Манай эгч ер нь М болон гэрийнхээ доторх асуудлын талаар ерөөсөө хэлж байгаагүй. 2020 оны 03 дугаар сарын сүүлээр би Нг авахдаа болон буцааж хүргэж өгөхдөө эгчийг бараг хараагүй. Тэрээр хаалганы цаанаас л хүүхдээ авсан болохоор түүний биед ил харагдах гэмтэл шарх байсан эсэхийг мэдэхгүй байна. 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр эгчийг харахад түүний биед ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Харин 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр би эгчтэйгээ уулзахад толгой нь битүү хавдчихсан, зүүн чих нь улайж хавдаад чинэрчихсэн, хөдөлгөөнгүй болчихсон, ар хэсэг нь хавдаад цус хурчихсан, зүүн rap нь нилэнхүйдээ хавдаад хөхөрчихсөн, зүүн хөлний шагай хэсэг нь хавдаад хөхөрчихсөн, 2 хөлнийх нь гуя, шилбэ зэрэг нь хөхөрчихсөн байсан. Би ойлгохдоо М нь эрүүл, согтуу хамаагүй л байнга уурлаж зоддог гэж ойлгосон. Эгч хэлэхдээ М нь намайг хардаж, мөн өөрийнхөө аясаар байлгах гэж зоддог гэсэн. Том охин нь 13 настай, хамт амьдраад төдий чинээ хугацаа өнгөрсөн. Тэр хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаатай, 13 настай М.Н, 10 настай М.Н/т, 4 настай М.И гэсэн хүүхдүүдтэй. Нгийн хэлснээр түүнийг л цохиж зоддог гэсэн. 2020 оны 03 дугаар сарын сүүлээр Нг очиж авах үед түүний нурууны дал хэсэг нь улайгаад гөвдрүүтчихсэн байсан. Би түүнээс юу болсон талаар асуухад аав нь юмаар ороолгож зодсон гэж хэлсэн. 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр бол ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр түүнтэй уулзахад түүний нуруу, 2 хөл, 2 гарын булчин хэсэг нь хавдаад хөхөрчихсөн байсан. М нь манай эгчийг бусадтай харилцахыг хязгаарладаг эсэхийг би мэдэхгүй байна. Эгчийн ярьснаар бол бид нарыг гэрт нь очихоор яах гэж ирсэн юм бэ, та нар намайг муулсан уу гээд байдаг гэсэн. Мөн баяр ёслолын үеэр ч тэр бусад үед ч тэр эгчийг ээж, аав руу явуулдаггүй. Уг нь бид нар гэр бүлээрээ цуглардаг, эгчийг ирүүлдэггүй байсан. М нь эгчийн дансны хамтран эзэмшигчээр орчихсон, тэгээд бүх орлого, зарлагыг нь хянадаг гэсэн. Мөн гар утасны код, фэйсбүүк нууц кодыг нь дугаартайгаа холбоод хэнтэй, юу ярьж байгааг чагнадаг гэсэн. М нь эгч Дийг бэлгийн хүчирхийлэлд оруулдаг эсэхийг нь би мэдэхгүй байна. Эгч тэр талаар юм яриагүй. М нь манай эгчийг зоддог гэдгийг манай аав, ээж болон Мийн ээж М нар мэднэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83/,
5. Гэрч Д.Сын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгсөн:
“...Би яг огноог нь санахгүй байна. Тухайн өдрийн орой нь би охин Д рүү удаа дараалан залгахад утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би маргааш өглөө нь эхнэр Аийн хамт сүү авах гэж явах замдаа эхнэрийг Дийн гэрийн гадаа үлдээчхээд би цааш сүүнд явчхаад буцаж ирсэн. Тэгтэл эхнэр маань надад хандан охиныг маань нөхөр М нь өчигдөр согтуу байхдаа зодсон байна. Тэгээд эрүүлжүүлэгдсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамт явж байсан хүнээ гэрт нь хүргэж өгчхөөд гэр лүүгээ явсан. Харин цагдаа дээр манай эхнэр, хүү М/б нар нь очсон учраас намайг ирээд хэрэггүй гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш охин Д маань 3 хүүхдийн хамт манайд амьдарч байна. Манай охины чихнийх нь хэнгэрэг хагарсан байсан. Мөн хоол унд идэж чадахгүй, тархи толгой нь өвдөөд байна гээд байсан. ...Анх 2014 оны хавар байсан санагдаж байна. Тухайн үед охин маань нөхөртөө зодуулсан гэдгийг би охидуудаасаа сонсож байсан. Тэгээд охиноосоо асуухлаар нуугаад юм хэлдэггүй байсан. Ер нь манай охин бид нараас юм нуугаад хэлдэггүй их бүрэг зантай хүн байгаа юм. Би тэд нартай цуг амьдардаггүй болохоор Мийг хүүхдүүдээ цохиж зодож байхыг хараагүй. Харин сүүлд Д хүүхдүүдтэйгээ манайд ирээд амьдрахад зээ охин Н аав намайг гэрээ цэвэрлэсэнгүй, фэйсбүүк чатаар харилцлаа гээд зодож, хэлээр нь шал долоолгосон гэж хэлсэн. Энэ тухай Д ч гэсэн хэлсэн. Ер нь хоёр бага хүүхдээ ч гэсэн зоддог, тэгэхдээ том охин Нгоосоо арай бага зоддог гэж өөрсдөө хэлсэн. М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зоддог уу, эрүүл үедээ зоддог уу гэдгийг би мэдэхгүй. М нь манай охиныг гэр орныхоо ажлыг хийсэнгүй гэж уурладаг гэсэн. Тэр хоёр дундаасаа 3 хүүхэдтэй, хамт амьдраад 10 гаруй жил болж байгаа байх. М манай охиныг баяр ёслолын үеэр хамаатан садангаар нь явуулдаггүй, их хойрго ханддаг. Охин Дийн хэлснээр гар утсыг нь хурааж авч шалгадаг гэсэн. М нь өөрийнхөө авсан цалинг өөртөө л зарцуулдаг. Харин охины маань цалинг гэр бүлийн дундын хэрэгцээндээ зарцуулдаг гэж хэлсэн. М нь манай охин Дийг зоддогийг харсан хүн бол байхгүй байх. Мэдэх хүн гэвэл манай охин Х, П нар дотно байдгаараа мэдэх байх. М манай охин Д болон хүүхдүүдийнхээ гар утсыг хурааж аваад зодсон гэсэн. Мөн манай охиныг энэ удаад гар хүрлээ, хэрвээ чамайг зодсон бол чи дуусах байсан. Би бөх хүн, танай гэрийнхнийг бүгдийг нь орвонгоор нь устгана гэж айлган сүрдүүлсэн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87/,
6. Гэрч С.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Д нь манай 5 дахь хүүхэд. М түүний нөхөр байгаа юм. Энэ хоёр дундаасаа 3 хүүхэдтэй, хамт амьдраад 12-13 жил болж байгаа. М манай охин Дийг цохиж зодож байхыг би харж байгаагүй. Би 2014 оны зун том охин Наас сонсоход “М нь Дийг зодоод Х нь Дийг 2 хүүхэдтэй нь нуусан” гэж байсан. Тэгэхээр нь би Дтэй очиж уулзахад бид жоохон маргалдаад гээд нэг их юм яриагүй өнгөрсөн. 2020 оны 03 дугаар сарын эхээр би охин Пын хамт явж байтал охин Д П руу залгаж М намайг зодоод байна гэж ярьсан. Тэгэхээр нь би охины хамт Мийн гэрт яваад очтол орцонд зээ охин Н зогсож байсан. Хажууд нь гялгар тортой гаргаад шидчихсэн хувцаснууд байсан. Мөн Мийн ээж М байсан. Тэгээд хаалгыг нь тогшиход онгойлгохгүй байхаар нь бид Нг аваад явсан. Үүнээс хойш 2020 оны 07 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Би байрныхаа гадаа явж байтал Дийн хүүхдүүд гадаа тааралдсан. Тэгээд Н эгчийнд орох гээд явж байна гэхээр нь би Н юу болсон талаар асуухад Д нь хүүхдүүдтэйгээ манайд ирж хоноод удаж байна гэж хэлсэн. Манайх болон Н-н гэр ойролцоо зэргэлдээ байрнууд юм. Тухайн үед би Дтэй уулзаагүй, тэрээр манайд ирээгүй. Тэгтэл охин маань гэртээ буцаад харьчихсан байсан. Үүнээс хойш 2020 оны 08 дугаар сарын 10-ны үед шиг санагдаж байна. Тухайн үед би охин Д рүү залгахад утсаа авахгүй байхаар нь би охин П руу залгахад М нь Д болон охин Нгоо зодсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би охин П, хүү М/б нарын хамт ирэхэд Д цагдаа дээр байсан. М цагдаа дотор байсан. Түүний ээж М, дүү М/н нар байсан. М нь өөрийн хүүхдүүдээ цохиж зодож байсан эсэхийг би хараагүй. П хэлэхдээ хүүхдүүдээ зоддог гэж хэлсэн. Д нь нуугаад юу ч хэлдэггүй байсан. Манай охиныг эрүүл үедээ л зоддог байх. Уг нь согтууруулах ундаа нэг их хэрэглээд байдаггүй. М манай охиныг ямар шалтгаанаар зоддог болохыг би сайн мэдэхгүй. Манай охиныг баяр ёслолын үеэр, цагаан сараар хамаатан садангаар нь явуулдаггүй, уурлаад байдаг. Цагаан сарын үеэр манай хүүхдүүд эцэг, эхдээ тодорхой мөнгөний тусламж үзүүлдэг. Д нэг ч удаа мөнгө өгч байгаагүй. Тийм болохоор тэрээр мөнгөний мэдэлгүй л байдаг байх. М нь Дтэй дансаа холбочихсон мэдээллийг нь үздэг гэсэн. Манай охиныг өөрийн хөрөнгөнөөсөө татгалз гэж дарамталж байгаад цаасан дээр бичүүлж авсан гэсэн. Мийг манай охиныг зодож байхыг харсан хүн байхгүй. Д ч гэсэн өөрөө юм хэлдэггүй байсан. Манай охин П л мэдэх байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89/,
7. Гэрч С.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн:
“...Д нь миний төрсөн дүү юм. Би айлын том бөгөөд манайх эхээс зургуулаа. Харин М Дийн нөхөр байгаа юм. М нь манай дүү Дийг цохиж зодож байхыг би харж байгаагүй. Гэхдээ М нь Дтэй муухай ширүүн харьцаж, дарамтлах маягтай байдгыг мэднэ. Одоогоос 5 жилийн өмнө шиг санагдаж байна. Тухайн үед дүү Дийг нөхөртөө зодуулаад хүүхдүүдээ аваад зуслан руу явж байсан гэдгийг сонсож байсан. Түүнээс хойш би 2020 оны 07 дугаар сарын сүүлээр санагдаж байна, би Төмөр замын эмнэлэг дээр хэвтэж байхад дүү Д нь намайг эргэх гэж ирсэн. Тэгэхдээ надад хандан би танайд 3 хүүхэдтэйгээ байгаа шүү, Мтэй муудалцсан гэж хэлсэн. Тухайн үедээ дүүтэйгээ тухтай ярьж, сууж чадаагүй. Би эмнэлэгт 7 хоног хэвтчихээд гарахад дүү Д гэр рүүгээ явсан. Манайд хүүхдүүдтэйгээ 4-5 хоносон байх. Хэд хоногийн дараа би ээж Аээс дүү Дийг нөхөртөө зодуулсныг мэдсэн. Түүнээс хойш Д аавынд байх болсон. М нь өөрийн хүүхдүүдээ цохиж зодож байхыг би харж байгаагүй. Дүү Д хэлэхдээ Мийг том охин Нг загнадаг, цохиж зоддог гэж хэлсэн. М нь тэр болгон архи уугаад байдаггүй. Эрүүл үедээ ч зоддог байсан байх. Мэд манай дүүг зодох шалтгаан байхгүй гэж бодож байна. Дүү маань гэрийн ажилд сайн, гарч ороод яваад байдаггүй, найз нөхөд ч байхгүй, даруухан зантай хүн байгаа юм. Яагаад зоддогийг нь мэдэхгүй. Тэрээр дүүг маань гэрээс гаргах дургүй бөгөөд дүү маань одоо найзгүй болсон. Болж өгвөл гэрийн ажил хийлгээд гэрт байлгаад байдаг. Д хэлэхдээ М надтай данс нэгтэй, орлого, зарлагын мэдээллийг нь хянадаг гэж хэлсэн. Мөн Д өөрөө мэдээд өөртөө хувцас авч байхыг нь би мэдэхгүй юм байна. Дандаа л нөхрөөсөө асууж байдаг. М манай дүү Дийг зоддогийг харсан болон мэдэх хүн байдаг эсэхийг би мэдэхгүй байна. Бид нарын хажууд Д нь үгээ цэгнээд олигтой юм ярьдаггүй. Мөн нөхөртөө зодуулчихлаа гэж ерөөсөө хэлдэггүй нуудаг байсан. Д нь нөхрийнхөө энэхүү асуудлыг хадам ээж Мдаа удаа дараа хэлж байсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 90/,
8. Гэрч С.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн:
“...2008 он шиг санагдаж байна. Тухайн үед миний төрсөн дүү С.Д нь Японд амьдарч байгаад ирсэн. Тэгэхдээ манай найз залуу гэж анх С.Мийг танилцуулж байсан. Үүнээс хойш Д, М нар нь хамт амьдрах болсон, өнөөдрийг хүртэл дундаасаа 3 хүүхэдтэй болсон. Анх 2013 онд санагдаж байна, тухайн үед манайх болон Мийнх нэг байранд амьдардаг байсан. Тэгтэл дүү маань нөхөртөө зодуулчихлаа гээд 2 хүүхдээ дагуулаад манайд ирсэн. Тухайн үед дүүгийн маань гар нь хөхөрчихсөн, мөн чихнийх нь хэнгэргийг хагалчихсан байсан. Би тухайн үед Мтэй юу болсон талаар уулзаагүй. Дүү маань гэртээ харимааргүй байна гэхээр нь би түүнийг амралтын газарт 5 хонуулсан. Тухайн үед зун байсан. Тэгтэл М нь аав, ээж дээр очоод уучлалт гуйгаад тэр хоёр эвлэрсэн байсан. Үүнээс хойш 2-3 жилийн дараа Мийг том охин Нгоо зодсоныг дүү Паас сонсож байсан. Тухайн үед манайд М нь гэр бүлтэйгээ ирсэн үед би түүнд хандан охин хүүхдээ битгий зодоорой, охин хүүхэд чинь эцгийн хайранд өсдөг, эхнэрээ хайрласан хүний ажил үйлс нь бүтдэг юм шүү гэж хэлтэл тэрээр Нг үгэнд ордоггүй, энэ зэвүүн шүү дээ гэж байсан. Үүнээс хойш 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр М над руу залгаж та ёстой хамаг ажлаа манай эхнэрт даатгалаа, та намайг хорлочихлоо, яах гэж өөрийн посс машинаа эхнэрийн данстай холбочихсон юм бэ гэж уурлаж ярьсан. Тэгтэл цаана нь манай дүү уйлаад байх нь сонсогдож байсан. Би Мийг тайвшруулж, тайлбарлаж ярьсан. Удалгүй над руу тэрээр дахин залгаж чамайг гэр бүлээр чинь очиж ална гэж согтуу ярьсан. Маргааш нь би бага дүү П руу залгахад М нь дүү Дийг зодоод цагдаа дээр байгааг нь мэдсэн. Манай дүүг цохиж зодож байсныг би харж байгаагүй. Анх 2013 онд Мийг дүү Дийг зодсоныг дүү Дөөс мэдсэн. Тэгээд одоогийн энэхүү асуудлыг нь мэдсэн. М нь намайг эрүүл үедээ зоддог гэж Д өөрөө хэлсэн. Дүүг маань аятайхан хоол хийж чаддаггүй, мөн хардалтаас болж зоддог гэсэн. Миний бодлоор М нь хүнтэй таарамжгүй, ажил төрөл нь бүтээгүй үед тэр уур, бухимдлаа гэр бүлдээ гаргадаг юм байна гэж ойлгосон. Ямар ч байсан том охин Нгоо зоддогийг би гэр бүлийнхнээсээ сонсдог байсан. Дөөс Нг манайд байлга гэтэл тэрээр аав нь дургүйцэх байх гэж хэлж байсан. М нь манай дүүг бусадтай харилцахыг хязгаарладаг гэж бодож байна. Тэрээр дүүг маань гэр бүлийн хүрээнээс нь гаргаад бүүр аав, ээж дээр нь ч очуулдаггүй. Бид нар гэр бүлээрээ аавынд цуглахад Д ирдэггүй. Түүнээс яагаад ирдэггүй юм бэ гэхэд худлаа шалтаг тоочоод байдаг юм. Одоо болохоор М нь дургүйцээд явуулдаггүй байсан гэсэн. Мөн Д нь “миний кофе шоп”-д ажилладаг. М нь манай ажлын газрын эрэгтэй хүмүүстэй Дийг харддаг гэсэн. М нь Дийн ажил дээр байнга ирдэг. Хэрвээ Д эрэгтэй хүнтэй харьцаж байх тохиолдолд түүнийг харддаг гэсэн. Тэгсээр байгаад ажлаасаа нэг бус удаа гарсан, хааяа ажилдаа ирдэггүй байсан. Тэр үед нь яачихваа гэтэл М уурлаад явуулсангүй гэж хэлдэг байсан. Д хэлэхдээ М нь түүний гар утсыг байнга чагнаж, хажуудаа байгаа үедээ чанга яригч дээр нь тавиулж яриулж, мөн фэйсбүүк, мессенжерийг нь хянадаг гэсэн. Ер нь дүү маань ах дүү нараасаа дөлөөд юм ярьж чаддаггүй байсан. Одоо мэдэхэд М нь дүүг маань ярьсан юм болгон дээр нь ороогоод дарамтлаад, хэрүүл хийдэг байсан байгаа юм. М нь манай дүүг гэрээс гаргахгүй, найз нөхөдтэй ч байлгахгүй, одоо найз нөхөд ч байхгүй ийм хүн болсон. М нь дүүгийн данстай давхар хамтран эзэмшигч болоод дансыг нь хянаад орж ирсэн мөнгийг нь М ихэвчлэн зарцуулдаг гэсэн. Миний мэдэхийн дүү маань сүүлийн 15 жил шинэ хувцас аваагүй, миний хуучин хувцсыг авч өмсдөг байсан. Хүүхдүүд нь ч гэсэн манай охины хувцсыг өмсөж өссөн. М нь ажил хийсэн өөрийн цалингаа зөвхөн өөртөө л зарцуулдаг байсан байх. С.М нь манай дүү С.Дийг зоддогийг харсан болон мэдэх хүн гэвэл түүний хүүхдүүд л мэдэх байх. Манай гэр бүлийнхнээс харж байсан хүн байхгүй. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс би жирэмсэн байсан тул өөрийн хийж байсан кофе шопоо дүү Дт хүлээлгэн өгсөн. Тухайн кофе шоп нь компани биш хувь хүний нэр дээр байдаг буфет юм. Тиймээс кофе шопын посс машиныг Дийн хувийн данстай холбосон юм. Тэгээд манайхаар үйлчлүүлсэн хүмүүс посс машин уншуулвал орлого нь Дийн данс руу орж, тэгээд бараа материал авч зарлага гардаг байсан. Тэрнээс биш ямар нэг хууль зөрчсөн юм бол болоогүй, тайлан гардгаараа гарна. Компанийн данс биш хувийн дансыг минь гэр бүлийн маргааны асуудлаас болж хаасан байсан. Гэхдээ тэр асуудал бол гэмт хэрэг биш гэр бүлийн маргааны асуудал шүүх дээр байсан юм. Энэ асуудлаас болж Дийн дансыг посстой холбосон юм бол байхгүй. Би түүнд ажлаа хүлээлгээд орлого, зарлагаа хийгээд явж бай гэж л холбосон. Холбохоос өмнө түүнээс асуусан, хэрвээ данс хаасан шалтгаанаар холбуулах байсан бол надад өөр хүмүүс зөндөө байсан. М нь хэрэлдэх болгондоо манай аав, ээж, эгч, дүүсийг минь заналхийлдэг байсан бөгөөд хэрэв хэлбэл танайхныг бүгдийг нь ална гэж заналхийлдэг байсан учир энэ болж буй явдлаа нуудаг байсан гэж Д хэлсэн. Тэгээд дүүг маань зодож уйлж байхыг нь харчхаад чиний энэ надад яаж дарамтлуулж, уйлж унжиж байгаа байдлыг чинь гэр бүлийнхэнд чинь харуулах юмсан гэж хэлсэн гэсэн. Мөн охин Нгоо шал угаа гээд түүнийг үснээс нь зулгааж шал долоолгосон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92/,
9. Гэрч Д.Мын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн:
“...Би Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан өөрийн гэр бүлийн гишүүд үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэдгээ ойлгож мэдсэн. Би мэдүүлэг өгнө. 2020 оны 08 дугаар сарын 11-ний өглөө над руу хүү М залгаж би цагдаа дээр байна, эд нар намайг алахаа алдлаа, би баас шээстэйгээ холилдчихлоо гэж ярьсан. Тухайн үед хүү маань өөрийнхөө дугаараас уу, хүний утаснаас ярьсан уу гэдгийг нь санахгүй байна. Тэгэхээр нь би охин М/нгийн хамт цагдаа дээр ирэхэд хүү, мөн бэр Дийн ээж А, бэрийн ах Мийгаа, бэрийн дүү П, бэр Д нар байсан. Би тухайн үед яг юу болсныг мэдээгүй. Манай хүүг цагдаа нар зодсон юм байна гэж ойлгоод бэрдээ уурласан. Тэгтэл тухайн үед манай охин М/н нь хүү Мээс мэдүүлэг авахад нь цуг суусан бөгөөд тэгэхдээ хүү маань эхнэр болон охиноо зодсон гэдэг асуудал давхар яригдсаныг сонссон. Учир нь манай охин өмгөөлөгч байгаа юм. Тухайн үед би бэр Дийг харахад нүдэнд ил харагдах гэмтэл шарх харагдаагүй, харин зээ охин Нгоо хараагүй. Түүнээс хойш бэр маань хүүхдүүдээ аваад гэртээ амьдралгүй 2 cap орчим болсон. Тэгээд гэртээ амьдарсан байх. Тухайн өдрөөс хойш би дахин бэр, зээ нартайгаа уулзаагүй. Ийм л үйл явдал болсон. Манай хүү М нь эхнэр Дийг цохиж зодож байсныг би харж байгаагүй. Анх нийлэх үедээ буюу 2000 оны сүүлээр би худ Саас би хүүхдээ зодуулахгүй шүү ч гэсэн бил үү нэг тийм зүйл сонсож байсан. Өөрөөр янз бүрийн юм сонсоогүй. Миний хүү С.М нь өөрийн хүүхдүүдээ цохиж зодож байсныг би харж байгаагүй. Харин сүүлд болсон асуудал дээр том охин Нгоо суран тэлээгээр ороолгосон гэж сонссон. Мөн 2020 оны хавар байсан шиг санагдаж байна, хэдэн байсныг санахгүй байна, тухайн үед намайг хэн нэгэн нь дуудсан. Би хүүгийнхээ гэрт яваад очсон. Тэгээд хүүгийнхээ байр луу орох гээд байж байтал араас худ А, түүний охин П нар ирсэн. Бид гурав орцоор дотогш орж хүүгийнхээ хаалганы хонхыг дарахад нилээн хэсэг хугацааны дараа онгойлгосон. Тэгэхээр нь бид гурав дотогш гэр лүү нь ороход Д нь хэлэхдээ М нь охин Нгоо загнаад байх юм, охиндоо арай өндөр шаардлага тавих юм гэж хэлсэн. Тэгтэл М “ээж та яах гэж ирсэн юм, Нг харааж ерөөгөөд байдаг хадмуудад өгч явуул” гэж хэлсэн. Би тэгэхээр нь түрүүлээд гараад явсан. Араас Н, П, А нар гарч ирсэн. Би тухайн үед Нг гэр лүүгээ авч яваад хичээлийг нь зааж өгье гэтэл М яах юм бэ хадмуудад өгч явуул, энэ хүүхэд эвдэрчхэж, том том яриад надтай хэрэлдэж байна гэж хэлсэн. Би тэгээд Паар гэрийн ойролцоо хүргүүлж, тэр гурав цааш явсан. Өөрөөр би ямар нэг юм сонсож байгаагүй. Хүү маань хэлэхдээ хүргэн Хангайг гэрт ирж компьютерт нэг юм суулгаж өгсөн гэж хэлсэн. Тэгээд бид нараас түрүүлээд гараад явсан гэж байсан. 2020 оны 08 дугаар сарын 11-ний өглөө болон 2020 оны хавар бэр Д, зээ охин Н нартай уулзахад тэдгээрийн биед ил харагдах гэмтэл шарх харагдаагүй, зүгээр байсан. М, Д хоёр надтай барагцаагаар 2 жилийн хугацаанд хамт амьдрахад хоорондоо их эвтэй, хөгжилтэй байдаг байсан. Харин сүүлийн үед тэр хоёрын хооронд мөнгөний маргаан гарах болсон гэж ойлгосон. Хүү маань гэр орондоо их халамжтай, ажилдаа хариуцлагатай, хүнд тусархуу зантай хүн байгаа юм. Тэдний гэр орон дээд зэргийн гоё сайхан айл байгаа юм. Манай хүү М нь согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Би хүүгээ согтууруулах ундаа хэрэглэсэн байхыг нь мэдэхгүй юм байна. Миний хүү багаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн бөгөөд Олон улсын мастер цолтой. Мөн сумо болон Америк хөл бөмбөгөөр хичээллэдэг байсан. Хүү маань цэргийн алба хаагаагүй. Манай бэр Д, түүний эгч Х, дүү П нараас эдийн засгийн дарамт шахалтыг манай хүүд үзүүлсэн гэж бодож байна. Тухайлбал манай хүүг өөрсдийнх нь бизнест оролц гэж хэлэхээр нь хүү маань үгүй гэж хэлсэн гэсэн. Мөн бэр маань нөхрийн зөвшөөрөлгүйгээр эгч Хгийнхаа банкны зээлийн өрийг гэр бүлийн дундын данснаасаа төлсөн байгаа юм. Мөн эгч Хгийнх нь шүүхийн шийдвэрээр хориглосон дансыг Д нь өөрийнхөө данстай холбож 100 гаруй сая төгрөгний гүйлгээ хийсэн. Үүнээс болж хүү маань уурлаж бухимдсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94/,
10. Гэрч С.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн:
“...2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр би эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Нармандахын хамт 24 цагаар үүрэг гүйцэтгэж байсан. 2020 оны 08 дугаар сарын 10-ны орой 23 цаг 51 минутын үед манай эгчийг нөхөр нь алах гээд байна гээд над руу яриад байна, хурдан очих хэрэгтэй байна гэх дуудлагын дагуу очсон. Бид тухайн хаяг руу ороход нэг эмэгтэй, охиныхоо хамт айсан байдалтай байсан. Манай нөхөр агсан тавьж хэрүүл маргаан хийж байгаад гараад явчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр эмэгтэйг машинд суулгаад хэлтэс рүү явах гээд байж байтал тэр эмэгтэй нөхөр маань гэр лүүгээ орох гээд орцны үүдэн дээр ирчихсэн байна гэнэ, одоо тэр гэр лүү орвол хүүхэд алаад хаячихна гээд орилоод байсан. Тэгэхээр нь машинаасаа буугаад орц руу нь ороод гэрийнх нь хаалган дээр очтол нэг согтуу залуу хаалгаа тогшоод зогсож байсан. Би тэр залууг цагдаагийн хэлтэс руу явъя гэхэд тэрээр би явахгүй гээд тавьсан шаардлага эсэргүүцэхээр нь би түүнийг гавлаж машинд суулгасан. Тэгтэл тэр залуу машинд сууж байсан эхнэрээ харангуутаа чи цагдаа дуудсан юм уу гээд толгойгоороо тухайн эмэгтэйн нүүрэн тус газарт 1 удаа мөргөсөн. Хэлтэс явж тухайн 2 хүнийг хүлээлгэж өгсөн. Тухайн үед эхнэр нь эрүүл байсан, нөхөр нь нилээн согтуу байсан. Эхнэр болон охиных нь нүүрэн хэсэгт ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Намайг очиход эхнэр нь манай нөхөр согтуу орж ирээд агсан тавиад хэл амаар доромжлоод байна, намайг хааяа цохиж зоддог гээд айсан шинжтэй зогсож байсан. Охин нь ч гэсэн айсан шинжтэй байсан. Тэрээр ямар нэг юм яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 95/,
11. Ю.Гэрч Б.Энхзаяа /ЭМЖЖ эмнэлгийн эмч/ гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн:
“...Тухайн үед түүний зүүн талын хэнгэргэн хальс нь төв хэсэгтээ цоорсон байсан. ...Д гэх хүний хувьд үрэвслийн шинжтэй цоорсон гэж үзэхээргүй механик шинжтэй шинэ цооролт байсан. Практик туршлагаас харахад хийтэй алгадалтаас үүсдэг цооролт байж болохоор байна. Мөн түүний баруун хэнгэрэг нь урд нь цоороод эдгэсэн байж болохоор зурган дээр харагдаж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 96-97/,
12. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 9240 дугаартай дүгнэлтэд:
2020 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн “ЭМЖЖ” эмнэлгийн чих хамар хоолойн эмчийн үзлэгт: Зовиур: чихрүүгээ алгадуулсан, чих шуугина, хатгуулж өвдөнө. Онош: Зүүн чихний хэнгэргэн хальс цоорох. Бодит үзлэгт: Дэлбээ эмзэглэлгүй, суваг өргөн, хэнгэргэн хальс цоорхой, ирмэг жигд биш /шинэ/, суваг өвдөлттэй, хэнгэргэн хальс улайсан, цоорхой.
Дүгнэлт:
-С.Дийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, дух, зүүн чихний дэлбэн, хоёр бугалга, зүүн шуу, дунд хуруу, хоёр шилбэ, шагайны үеийн гадна хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /шинжээч эмч Ц.Бадрал/ /хх-ийн 105-106/,
13. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 9242 дугаартай дүгнэлтэд:
- М.Нгийн биед зүүн нүдний зовхи, цээж, баруун бугалга, зүүн мөр, дал, хоёр далны хооронд бүсэлхий, зүүн ташаа, хоёр гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /шинжээч эмч Ц.Бадрал/ /хх-ийн 110-111/,
14. Шинжээч Ц.Бадралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэнгэргэн хальс цоорсон гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ. ...Нгийн биед учирсан гэмтлүүд тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоогдохгүй бөгөөд нийлээд хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байгаа. Олон удаагийн үйлдлээр үүснэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 114-116/,
15. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 38-46/,
16. Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 47-51/
17. Шүүгдэгч С.М мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...зүүн чихний дэлбэн, хоёр бугалгад цус хуралт гэмтлийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед эхнэр маань надтай ноцолдоод байсан бөгөөд би түүнийг татаж холдуулж, чихнээс нь татаж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 85/,
яллагдагчаар 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “...би охиноосоо яагаад шөнийн цагаар ангийнхаа хөвгүүдтэй чатласан юм бэ гэхэд тэрээр би бичээгүй гэж худал хэлсэн. Учир нь намайг харахад охин маань түрүүлж чат бичсэн байсан. Охин маань худал хэлээд байхаар миний уур хүрч өөрийнхөө тэлээгээр охиныхоо бөгс рүү нь 3-4 удаа ороолгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 132/,
18. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-34/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч “шүүгдэгч С.М нь хохирогч С.Дийг 2019 оны 8 сар, 2020 оны 8 дугаар сарын 9, 10-ны өдөр зодож гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн, эхнэр С.Дийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн насанд хүрээгүй хохирогч, өөрийн охин М.Нг 2020 оны 3 дугаар сарын 9, 2020 оны 8 дугаар сарын 09-ны өдөр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, уг гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн болох нь хохирогч С.Дийн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, гэрч Х, П, С, А нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийн мэдүүлэг, мөн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн хохирогч, шүүгдэгч, гэрч, шинжээч нарын өгсөн мэдүүлэг болон бусад хэрэгт цугларсан нотлох баримт зэргээр нотлогдсон гэж үзэж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэмт хэрэг гарсан цаг хугацаа тодорхойгүй гэж мэтгэлцэж байх боловч хохирогч С.Д нь 2019 оны 8 дугаар сард гар руу цохиж гэмтээсэн, энэ явдал болсны дараа шүүгдэгчийн ээжийн гэрт очсон гэх талаараа мэдүүлсэн, үүнийг шүүгдэгч үгүйсгээгүй. Энэ болсон хэрэгт гадны хүн байгаагүй талаар хохирогч, шүүгдэгч мэдүүлсэн. Гэрч П нь зарим цаг хугацааг санахгүй байна, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт цаг хугацаа тодорхой байгаа гэж шүүх хуралдаанд хэлсэн. Мөн бусад гэрч болох М, Х, А нарын мэдүүлэгт цаг хугацааны талаар тодорхой мэдүүлсэн. Гэрч П нь хохирогч С.Дийг харахад чих нь бамбайж хавдсан байсан гэх талаар мэдүүлсэн мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлттэй заавал таарах албагүй, гэрчийг худал мэдүүлсэн гэж үзэхгүй. Мөн Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээг нэг хүн хөтөлж, эцэст нь хамтарсан баг баталгаажуулдаг. Уг үнэлгээг дуу дүрсний бичлэгээр заавал хийнэ гэсэн зүйл журамд байхгүй бөгөөд энэ нь хэргийг үгүйсгэх нотлогоо болохгүй. Тухайн үнэлгээ нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн харилцаа хандлага ямар байсныг тодорхойлох болохоос хохирогчийг яаж зодсоныг нотлохгүй. Мөн шинжээч дүгнэлтээ нарийн мэргэжлийн эмчийн баримт бичигт үндэслэж гаргаснаа мэдүүлсэн. “Эмжж” эмнэлгийн эмч Энхзаяа нь хохирогчийн зүүн чихний хэнгэрэг цоорсон гэмтлийг үрэвслийн шинжтэй цооролт биш, механик хүчний үйлчлэлийн улмаас хэнгэрэг цоорсон талаар гэрчээр мэдүүлсэн. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нь өөрийн хийсвэр бодлоор шинжээчийн дүгнэлтийг тайлбарлах гэж оролдож байна. Мэргэжлийн эмч ямар үед чихний үрэвслийн, ямар үед гадны хүчний үйлчлэлээр хэнгэрэн хальс цоорсныг тодорхойлдог болохыг мэдүүлсэн. Хохирогчийн баруун чих хуучин гэмтэлтэй байсан талаар хэлсэн байхад заавал зүүн чихний шинэ гэмтлийг хуучин болгох гээд байгааг ойлгохгүй байна. Аливаа зүйл баримтад үндэслэх учиртай.
Мөн хэргийг нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаалгана гэх боловч хэргийн талаар мэдэх бүхий л хүмүүсийг гэрчээр асуусан, эх сурвалж тодорхой байгаа тул нэмж хийгдэх ажиллагаа байхгүй. Гэрч П нь 2020 оны 3 дугаар сар гэж тодорхой цаг хугацаа мэдүүлээгүй, харин хохирогч Д, гэрч А нар нь гэмт хэрэг гарсан цаг хугацааг мэдүүлсэн байдаг тул гэмт хэрэг гарсан цаг хугацааны талаар зөрүүтэй зүйл байхгүй юм. Иймд шүүгдэгч С.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцуулах, хохирогч С.Дийн нэхэмжилсэн 326.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай ...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх нь “шүүгдэгч С.Мэд холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцаах саналтай оролцохоо илэрхийлж, гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэд, хэдэн хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн.
Яллах дүгнэлтэд дурдсан “шүүгдэгч С.М нь 2019 оны 08 дугаар сард эхнэр Дийг үл ялих зүйлээр шалтаглан зүүн гар руу нь цохисон” гэдэг нь нотлох баримт байхгүй. Хохирогч С.Д “намайг гэртээ байхдаа жижиг сажиг асуудлаас болоод маргаад зүүн гарын булчин руу гараараа цохиж хөхрүүлж байсан, тухайн үед эмнэлэг болон цагдаад хандаж байгаагүй” гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн бөгөөд үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 16.6 дугаар зүйлд зааснаар мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй тул дангаараа нотлох баримт болохгүй гэж үзэж байна. Нөгөө талаас хохирогч, шүүгдэгч нар ашиг сонирхлын зөрчилтэй болсон, шүүх дээр эд хөрөнгийн маргаан үүссэн байгаа, миний үйлчлүүлэгчийг буруутгах субъектив санаа бий болсон тул хохирогчийг худлаа ярьсан гэж хардаж байна. Яллах дүгнэлтэд “гэрч Пын мэдүүлэгт “..17 цагт эгч намайг дуудаад гээд ярьсан” гэх мэдүүлгийг тусгасан. Гэвч бичсэн зүйлийг нь харахаар 2020 оны 7 дугаар сард болсон үйл явдлын талаар ярьсан юм шиг эхлэл хэсэгт бичсэн. Харин өнөөдөр шүүх хуралдаанд гэрч П 2020 оны 8 дугаар сард болсон талаар мэдүүлсэн. Мөн дээрх гэрч нь “2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр С.Дийн чих нь бамбайгаад хавдсан хөхөрсөн байсан” гэж мэдүүлсэн. Гэтэл шүүх эмнэлгийн шинжээч Бадрал хохирогчийн биед үзлэг хийхэд С.Дийн чихний ард 2х1.5 см улайлттай, өөр зүйл байгаагүй” гэж дүгнэлтдээ бичсэн, энэ нь нэг өдрийн дотор эдгэрэх боломжгүй. Тэгэхээр гэрч П нь худлаа хэтрүүлэгтэй зүйл ярихаар хүн гэдэг нь харагдсан. Өөрөөр хэлбэл 2019 оны 8 дугаар сард хохирогчийн гар руу нь С.М цохиж зодсон гэдэг нь нотлогдохгүй байна.
-Мөн яллах дүгнэлтийн хавсралтад бичигдсэн шинжлэн судалсан баримт хууль ёсны шаардлага хангахгүй байна, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ хийх журмын 2.14 дүгээр заалтыг зөрчсөн байна. Үүнд хэргийн 38 дугаар талд авагдсан “Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал”-ын талаарх үнэлгээ нь “нөхцөл байдлын үнэлгээг хийхэд хамтарсан багийн хоёроос дээшгүй хүн оролцоно”, мөн тэмдэглэл дуу, дүрсний бичлэгийг хавсаргана, хуудас бүрт гарын үсэг зурж, харьяа байгууллагын тамга дарж баталгаажуулна” гэх нөхцөл хангагдаагүй, 47-51 дүгээр талд авагдсан “Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ” нь хууль зөрчиж цуглуулсан, мөн л хоёроос дээшгүй хүнийг оролцуулна гэснийг зөрчсөн, хуульд заасан журмаар нотлох баримтыг цуглуулна гэдгийг зөрчсөн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээг ганцхан Баасанхүү гэдэг хүн хийсэн, хуудас бүрт гарын үсэг зураагүй. Хан Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс 4 дүгээр хорооны Засаг даргад албан бичиг явуулахдаа “хамтарсан байдлаар үнэлгээ” хийгээрэй гэснийг зөрчсөн, нэг л хүн үнэлгээ хийсэн, хуульд заасны дагуу нотлох баримтыг бэхжүүлсэн эсэх талаар хянах үүргээ прокурор биелүүлээгүй.
-Хохирогч С.Дийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 9242 дугаартай дүгнэлт үндэслэл бүхий гарч чадаагүй, хэрэгт авагдсан “Эмжж” эмнэлгийн эмчийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хийсэн үзлэгээр хохирогчийн баруун талын чихний хэнгэрэн хальс хатуурсан үрэвсэлтэй, зүүн чихний хэнгэрэн хальс цоорхой, жигд биш гэж гарсан, тэгвэл чихийг дурандсан F-1 зурган дээр хэнгэрэн хальс нь зуувин хэлбэртэй цооролт гарсан, энэ нь 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр шүүгдэгчийн үйлдлээс гарсан гэмтэл биш гэж харж байна. Шинжээч эмчээс “Эмжж” эмнэлгийн эмч шинэ гэмтэл гэж гаргасан байсан учраас дүгнэлтдээ шинэ гэж тусгасан талаар мэдүүлсэн. Хэрвээ шүүгдэгч С.М нь хийтэй цохисоны улмаас зүүн чихний хэнгэрэн хальсны цооролт үүссэн бол хэлбэрийн хувьд зуувин байх боломжгүй, өөрөөр хэлбэл цуурсан, урагдсан хэлбэртэй байх ёстой. Үүнээс гадна зуувин хэлбэртэй урагдал нь цоорчихсон, ирмэг нь цус хуралтгүй улайлтгүй, голын эд байхгүй байгаа харагдаж байгаа, шинэ гэмтэл гадны хүчээр шууд урагдаж байгаа учраас хялгасан цус хагарч цус хуралт үүссэн байх ёстой. Гэтэл гэмтлийн биш байдлаар чихний хэнгэргэн хальс нь цоорсон учраас голын эд нь удаан хугацаанд унаад алга болсон, үүнийг шинжээчээс асуух гэхээр чих хамар хоолойн эмч биш гэдэг. Шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн баруун чих архаг цооролттой байсан гэсэн. Тэгвэл хамар залгиур нь чихтэй холбоотой байдаг учраас үүнээс болоод хохирогчийн зүүн чихний хэнгэрэн хальс нь зуувин хэлбэрийн гэмтэл үүссэн байхыг үгүйсгэхгүй. F-1 зургийг үзвэл хохирогчийн зүүн чихний гэмтэл голдоо нүхтэй юм шиг цоорсон байдаг. Тэгэхээр хийтэй цохилтод ийм гэмтэл үүсэх боломжгүй, урагдсан гэмтэл байхгүй. Үүнээс үзвэл хэлбэрийг нь хараад ямар хүчний үйлчлэлээс уг гэмтэл үүссэн байхыг тодорхойлох боломжтой байхад шинжээч чих хамар хоолойн эмч биш гээд гэмтлийг учруулсан нөхцлийг шалгаагүй, зургийг харьцуулж ямар хүчин зүйлийн улмаас гэмтэл гарав гэдэгт тусгай мэдлэггүй учраас дутуу дүгнэлт хийсэн. Тийм учраас энэ асуудлаар чих хамар хоолойн мэргэшсэн 3 эмчийг оролцуулан хохирогчийн чихний 2020 оны 8 дугаар сарын 11-ний зургийг үндэслэн гадны хүчнээс эсхүл хохирогчийн зүүн чихний хэнгэргэн хальс өөрөө үрэвслийн улмаас цоорсон уу, нарийн зүйлээр хохирогч өөрөө оролдож чихнийх нь хэнгэрэг цоорсон эсэхийг тогтоолгох хүсэлттэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэнэ гэж заасан. Гэтэл яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд гэрч нарын мэдүүлгийг тусгасан ба энд 2020 оны 3 дугаар сар, 4 дүгээр сар гээд цаг хугацааны асуудал маргаантай байна. Яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан хугацааг, үйлдэл, эс үйлдэхүйг бичээгүй, гэмт хэрэг хэзээ, өөрөөр хэлбэл 2020 оны 3 дугаар сард уу, 4 дүгээр сард уу гэдгийг тогтоох хэрэгтэй. Энэ талаар яллах дүгнэлтэд бичээгүй. Үүнийг шүүх өөрөө нөхөн гүйцэтгэх боломжгүй. Хэрэв 2019 оны 8 дугаар сард болсон гэх хэргийн талаар нэмж шалгах ажиллагаа байхгүй бол цагаатгах ёстой. Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй зүйлүүдийг харгалзан хэргийг прокурорт буцаах саналтай байна гэсэн” дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.
Шүүгдэгч С.М нь оролцогчдын асуултад хариулах явцдаа 2019 оны 8 дугаар сард хохирогч С.Дөд гар хүрээгүй, мөн түүний зүүн чихний хэнгэрэг цоорсон гэмтлийг би мэдэхгүй гэж гэм буруугийн талаар маргаж оролцсон.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Мийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч С.М нь Хан-Уул дүүргийн ...тоот өөрийн гэртээ:
-2019 оны 08 дугаар сард үл ялих зүйлээр шалтаглан эхнэр С.Дийн биед хүч хэрэглэн зүүн гар луу нь цохиж зодсон,
-2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр эхнэр С.Дийг “фейсбүүк” хаягийнхаа нууц дугаарыг өөрчиллөө, хэнээр солиулсан юм” гэх маргаан үүсгэн хувцсыг нь урж, мөн гараараа түүний толгой руу нь цохиж, гуянд нь өшиглөж зодсон,
-2020 оны 08 дугаар сарын 10-ний өдөр чиний эгч “танай нөхөр чинь ямар сүртэй юм бэ, та нарыг хэрэгт хийчихвэл гэж дээ” гэж хэллээ, чиний эгч намайг ингэж хэлдэг хэн бэ” гэх зэргээр маргаан үүсгэн эхнэр С.Дийн үснээс нь зулгаах, гараараа толгойн тус газар нь цохих зэргээр хүч хэрэглэн зодож, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн;
-улмаар 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хохирогч С.Дийг гараараа цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд “зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, дух, зүүн чихний дэлбэн, хоёр бугалга, зүүн шуу, дунд хуруу, хоёр шилбэ, шагайны үеийн гадна хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
-Мөн Хан-Уул дүүргийн .... тоот гэртээ төрсөн охин М.Нг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “хичээлээ хийсэнгүй, хоол хийж өгсөнгүй” гэж гараараа цохиж зодсон, үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр фэйсбүүк хаяг нээлээ, гэрийн ажил хийсэнгүй, шалаа угаасангүй гэх зэрэг шалтгаанаар өшиглөх, өмдний татуурга буюу суран тэлээгээр гар, хөл, нуруу рүү нь ороолгох зэргээр зодож, нүдийг чинь чихнэ гэж нүдэн дээр нь дарж, шал арч, чи шалаа арчихгүй бол би баасаа долоолгоно гэх зэргээр хувинтай ус руу толгойг нь дүрж, хэлээр нь шал арчуулах зэргээр хүч хэрэглэн, эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхи, цээж, баруун бугалга, зүүн мөр, дал, хоёр далны хооронд бүсэлхий, зүүн ташаа, хоёр гуяанд цус хуралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч С.Нг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн болох нь:
- Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 11/,
-Хохирогч С.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 09-нд өглөө ажил дээрээ ...өөрийнхөө фейсбүүкийнхээ нууц дугаарыг солиулаад ...байж байтал М ...залгаад “чи яагаад хувийнхаа юмыг өөр хүнээр хийлгэж байгаа юм гээд ...над руу уурлаад, уураа том охин Нд гаргаж, охиноо зодсон. ...намайг хэл амаар доромжилж толгой руу гараараа зөндөө цохисон. ...Тэгээд манай эгч рүү намайг залгуулаад утасныхаа дууг чанга яригч дээр нь тавь гэсэн. М ямар учиртай юм гэж асуугаад байна гэсэн чинь манай эгч “танай нөхөр чинь юун сүртэй юм, та нарыг хорлочихвол” гэж хэлсэн чинь М ...танай эгч чинь гээд уурлаад араас миний үснээс зулгаагаад толгой руу цохиод байсан. ...Миний зүүн чихний хэнгэрэг хагарсан. Толгой болон ам эрүү өвдөж байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. ...М нь 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр том охин Нг өшиглөж, суран тэлээгээр нуруу гар руу нь ороолгоод байсан. Би энэ хүнийг зүгээр болчих байх гээд зөндөө тэвчиж хүлээж байгаад сүүлдээ энэ хүний гарт амиа алдах вий гэхээс айж байна. Байнгын манай гэр бүл, ах, эгч, дүү нарыг чинь ална, танай удам угсааг түвээнэ гэж заналхийлж дарамталдаг. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,
-хохирогчоор 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр дахин өгсөн “...Намайг 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гэртээ эрүүл байхдаа хөлөөрөө зүүн гуя руу 2-3 удаа өшиглөж, толгой руу гараа атгаж байгаад нэлээд олон удаа цохисон. Мөн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр С дүүргийн нутаг дэвсгэр “Макс молл”-ын гадна автомашинд байхдаа толгой руу олон удаа цохиж, үснээс зулгаасан. ...Намайг урьд өмнө ганц нэг удаа цохиж зодож байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
-хохирогчоор 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дахин өгсөн “...2020 оны 08 дугаар сарын 09-нд ...ажлынхаа хүнээр өөрийн ...фэйсбүүк хаягаа янзлуулж нээлгүүлсэн. Тэгтэл М над руу залгаж “чи яагаад кодоо сольчихов, хэнээр солиулсан юм бэ, надаар солиулахгүй яасан юм бэ” гээд уурласан. ...Би 13 цаг 30 минутын үед гэртээ очиход нөхөр уурлаад ...чи ямар хүнээр кодоо янзлуулсан юм бэ, спикер дээр нь тавиад залга гэхээр нь би ажлынхаа утас руу залгасан. ...Нөхөр эрэгтэй хүн гар утас авангуут шууд уурлаад утсаа салгаад намайг цохисон. Тэгээд намайг түлхээд, уурлаад, миний хувцсыг ураад байсан. Маргааш нь ...нөхөр спикер дээр нь тавьж ярь гэхээр нь би тавиад ярьтал эгч маань М ямар сүртэй юм бэ, та нарыг хэрэгт хийчихвэл гэж дээ гэж хэлсэн. Тэгтэл нөхөр “танай эгч намайг ингэж хэлдэг хэн бэ" гээд дахин зодсон. ...21 цагийн үед нөхөр маань найзууд руугаа явна гэхээр нь би хүргэж өгсөн. Тэгтэл ...“Макс” молл, “Метро” молл орно гээд намайг ардаас толгой руу цохиод явсан. Ингээд “Метро” моллын гадаа очиход нөхөр машинаасаа буусан. Машины цонх руу цохичихсон. Тэгэхээр нь би ...хөдлөхөд тэрээр apaac ирснээ чи зугтаах нь уу гээд намайг зодоод байсан. ...2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гараараа миний гуя, гар, толгой руу зөндөө цохисон. 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр толгой руу гараараа зөндөө цохисон. ...Миний биед учирсан дээрх гэмтлүүдийг нөхөр М намайг гараараа цохиж зодон учруулсан. ...2019 оны зун бас зодож байсан. Эрүүл үедээ намайг зоддог. ...Том охин Нг 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гэрийн ажил хийсэнгүй гээд өөрийн тэлээгээр ороолгож зодсон. Өмнө нь охин Нг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зодож, манай гэрээс зайл гээд хувцсыг нь өгөөд гэрээсээ хөөж байсан. Тухайн үед дүү П, хадам ээж М ирж байсан. ...Намайг нөхөр Мэд зодуулдгийг түүний ээж М сайн мэднэ. Би намайг зодох болгонд түүний ээжид хэлдэг байсан. ...Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72/ болон түүний шүүх хуралдаанд оролцож хохирогчоор өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
- Насанд хүрээгүй хохирогч М.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “...аав намайг фэйсбүүк нээлээ гэж уурлаад суран тэлээгээр олон удаа цохиж зодсон. Намайг шалаа угаа гэж уурлаад байхаар нь би угаахгүй байхад ...уурлаад хэлээрээ шалаа арчихгүй бол баасаа долоолгоно гэсэн. ...Тухайн үед мөн ээж Дийг үснээс нь зулгааж, ... хөлөөрөө өшиглөж, толгой руу нь гараараа олон удаа цохиж зодсон. Намайг энэ он гарснаас хойш 1 удаа зодож байсан. Энэ удаагийнхтай нийлээд 2 удаа болж байна. ...Миний хөл, нуруу, гар хэсэг рүү суран тэлээгээр олон удаа цохисон. Миний зүүн гарын мөр хэсгээр улаан өнгийн цус хуралт үүссэн байна. Нуруу, хавирга орчимд цус хурсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
-насанд хүрээгүй хохирогчийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Аав ээж бид хоёрыг зэрэгцүүлж зогсоож байгаад ээжийн толгой руу гараараа зөндөө их цохиод байсан. ...намайг шал арч гэхээр нь би арчиж байтал аав “чи фэйсбүүк хаяг нээсэн байна” гээд намайг ...бор өнгийн суран тэлээгээр миний нуруу, 2 гуя, 2 гар луу зөндөө олон цохисон. Шалаа арч гээд байхад яагаад арчаагүй юм гээд миний хүзүүн дээр дарж хэлээрээ шал долоо гээд дараад байсан. Мөн хувинтай ус руу миний толгойг дүрж хийн, ингэж угаа гээд миний хэлээр шал арчуулсан. Намайг хэрэв чи шалаа хэлээрээ арчихгүй бол би баасаа долоолгоно шүү гээд байсан. ...Аав цагдаагийн машинд суусныхаа дараа ээжийг толгойгоороо мөргөж цохиод байсан. ...Миний биед учирсан дээрх гэмтлүүдийг аав тэлээгээрээ зөндөө олон цохиж учруулсан. Аав миний нүдийг чихнэ гээд гараараа миний нүд рүү дараад байсан. Бас миний баруун гуя руу 4-5 удаа өшиглөсөн. ...Ээжийн биед учирсан гэмтлүүдийг аав хөлөөрөө, гараараа олон удаа цохиж учруулсан. ...Намайг зодсон үедээ ээжийг бас зоддог байсан. .2020 оны 08 дугаар сарын 10-нд аав согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Аав ээж бид хоёрыг зодсоныг эмээ А, нагац эгч П, Х нар мэднэ. Мөн аавын ээж, эмээ М мэднэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-81/ болон түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
Гэрч С.Пын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын сүүлээр санагдаж байна. ...17 цагийн үед би эгч рүү залгатал ...хүрч ирээд Нг аваадхаач гэж хоолой нь зангирсан өнгөөр ярихаар нь яасан бэ гэтэл “М Нг зодоод байна” гэсэн. ...Очиход том охин Н нь уйлчихсан орцон дотор байсан. Хажууд нь ...Мийн ээж М ирсэн байсан. ...М эгч Н аавынхаа үгэнд орохгүй, аавыгаа уурлуулаад, аавдаа зодуулсан байна, аав нь хувцастай нь хөөгөөд гаргасан байна гэж хэлсэн. ...бид нар явцгаасан. ...Нтой юу болсон талаар ярилцахад ...аав уурлаад намайг зодсон гэж хэлсэн. ...ээж чинь чамайг өмөөрдөггүй юм уу гэтэл ээж намайг өмөөрөх нь битгий хэл, өөрөө байнга зодуулдаг гэж хэлсэн. ...Би эгчээс М нь яг яадаг юм бэ гэтэл “надад ямар ч эрх чөлөө байдаггүй, дарамтлуулсаар байгаад дарамтанд нь орчихсон, яах учраа олохгүй байна... гэж хэлсэн. ...2020 оны 08 дугаар сарын 10-ны орой 22 цагийн үед эгч Д над руу залгаж ихэр татаж уйлаад М сая бид хэдийг баахан зодлоо, энэ янзаараа би Мийн гарт үрэгдэх юм байна гэсэн. ...2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр би эгчтэйгээ уулзахад толгой нь битүү хавдчихсан, зүүн чих нь улайж хавдаад чинэрчихсэн, хөдөлгөөнгүй болчихсон, ар хэсэг нь хавдаад цус хурчихсан, зүүн rap нь нилэнхүйдээ хавдаад хөхөрчихсөн, зүүн хөлний шагай хэсэг нь хавдаад хөхөрчихсөн, 2 хөлнийх нь гуя, шилбэ зэрэг нь хөхөрчихсөн байсан. Би ойлгохдоо М нь эрүүл, согтуу хамаагүй л байнга уурлаж зоддог гэж ойлгосон. Эгч хэлэхдээ М нь намайг хардаж, мөн өөрийнхөө аясаар байлгах гэж зоддог гэсэн. ...2020 оны 03 дугаар сарын сүүлээр Нг очиж авах үед түүний нурууны дал хэсэг нь улайгаад гөвдрүүтчихсэн байсан. Би түүнээс юу болсон талаар асуухад аав нь юмаар ороолгож зодсон гэж хэлсэн. ...2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр түүнтэй уулзахад түүний нуруу, 2 хөл, 2 гарын булчин хэсэг нь хавдаад хөхөрчихсөн байсан. ...М нь манай эгчийг зоддог гэдгийг манай аав, ээж болон Мийн ээж М нар мэднэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83/ болон түүний шүүх хуралдаанд гэрчээр оролцож өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
-Гэрч Д.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...эхнэр надад хандан охиныг нөхөр М нь өчигдөр согтуу байхдаа зодсон байна ...гэж хэлсэн. ...Манай охины чихнийх нь хэнгэрэг хагарсан байсан. Мөн хоол унд идэж чадахгүй, тархи толгой нь өвдөөд байна гээд байсан. ...зээ охин Н аав намайг гэрээ цэвэрлэсэнгүй, фэйсбүүк чатаар харилцлаа гээд зодож, хэлээр нь шал долоолгосон гэж хэлсэн. Энэ тухай Д ч гэсэн хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87/,
-Гэрч С.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 03 дугаар сарын эхээр ...охин Д П руу залгаж М намайг зодоод байна гэж ярьсан. ...Мийн гэрт яваад очтол орцонд зээ охин Н зогсож байсан. ...Мөн Мийн ээж М байсан. ...2020 оны 08 дугаар сарын 10-ны үед шиг санагдаж байна. ...би охин П руу залгахад М нь Д болон охин Нгоо зодсон байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89/,
-Гэрч С.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ээж Аээс дүү Дийг нөхөртөө зодуулсныг мэдсэн. ...Дүү Д Мийг том охин Нг загнадаг, цохиж зоддог гэж хэлсэн. ...Д нь нөхрийнхөө энэхүү асуудлыг хадам ээж Мдаа удаа дараа хэлж байсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 90/,
- Гэрч С.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...миний төрсөн дүү С.Д ...нөхөртөө зодуулчихлаа гээд 2 хүүхдээ дагуулаад манайд ирсэн. Тухайн үед дүүгийн маань гар нь хөхөрчихсөн, мөн чихнийх нь хэнгэргийг хагалчихсан байсан. ...Тухайн үед зун байсан. ...М том охин Нгоо зодсоныг дүү Паас сонсож байсан. ...2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр М над руу залгаж та хамаг ажлаа манай эхнэрт даатгалаа, та намайг хорлочихлоо, яах гэж өөрийн посс машинаа эхнэрийн данстай холбочихсон юм бэ гэж уурлаж ярьсан. ...цаана нь манай дүү уйлаад байх нь сонсогдож байсан. Д хэлэхдээ М нь түүний гар утсыг байнга чагнаж, хажуудаа байгаа үедээ чанга яригч дээр нь тавиулж яриулж, фэйсбүүк, мессенжерийг нь хянадаг гэсэн. ...дүүг маань зодож уйлж байхыг нь харчхаад чиний надад яаж дарамтлуулж, уйлж унжиж байгаа байдлыг чинь гэр бүлийнхэнд чинь харуулах юмсан гэж хэлсэн гэсэн. Мөн охин Нгоо шал угаа гээд түүнийг үснээс нь зулгааж шал долоолгосон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92/,
-Гэрч Д.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай охин М/н нь хүү Мээс мэдүүлэг авахад нь цуг суусан, тэгэхдээ хүү маань эхнэр болон охиноо зодсон гэдэг асуудал давхар яригдсаныг сонссон. ...сүүлд болсон асуудал дээр том охин Нгоо суран тэлээгээр ороолгосон гэж сонссон. ...2020 оны хавар байсан шиг санагдаж байна, ...тухайн үед намайг хэн нэгэн нь дуудсан. Би хүүгийнхээ гэрт яваад очсон. Тэгээд хүүгийнхээ байр луу орох гээд байж байтал араас худ А, түүний охин П нар ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94/,
-Гэрч С.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ...үүрэг гүйцэтгэж байхад... 23 цаг 51 минутын үед эгчийг нөхөр нь алах гээд байна гээд над руу яриад байна, хурдан очих хэрэгтэй байна гэх дуудлагын дагуу очиход ...нэг эмэгтэй, охиныхоо хамт айсан байдалтай байсан. Манай нөхөр агсан тавьж хэрүүл маргаан хийж байгаад гараад явсан гэсэн. Тэр эмэгтэйг машинд суулгаад хэлтэс рүү явах гэхэд...тэр эмэгтэй нөхөр гэр лүүгээ орох гээд орцны үүдэнд ирсэн байна гэнэ, тэр гэр лүү орвол хүүхэд алаад хаячихна гээд орилоод байсан. ...машинаасаа буугаад ...гэрийнх нь хаалган дээр очтол нэг согтуу залуу хаалгаа тогшоод зогсож байсан. ...тэр залуу машинд сууж байсан эхнэрээ харангуутаа чи цагдаа дуудсан юм уу гээд толгойгоороо тухайн эмэгтэйн нүүрэн тус газарт 1 удаа мөргөсөн. ...эхнэр нь манай нөхөр согтуу орж ирээд агсан тавиад хэл амаар доромжлоод байна, намайг хааяа цохиж зоддог гээд айсан шинжтэй зогсож байсан. Охин нь ч гэсэн айсан шинжтэй байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 95/,
-Гэрч Б.-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 96-97/,
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 9240, 9242 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 105-106, 110-111/,
- Шинжээч Ц.Бадралын мэдүүлэг /хх-ийн 114-116/,
-Шүүгдэгч С.М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Охин худал хэлээд байхаар миний уур хүрч өөрийнхөө тэлээгээр охиныхоо бөгс рүү нь 3-4 удаа ороолгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 132/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч С.М нь гэм буруугийн талаар маргах боловч Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.
Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч С.Гансүхийн гаргасан “хохирогч С.Дийн зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт нь үрэвслийн улмаас уу, эсхүл хохирогч өөрөө чихний хэнгэргийг гэмтээсэн үү гэдгийг тогтоолгох үндэслэлээр бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах, 2019 оны 8 сард хохирогч зодуулсан нь тогтоогдоогүй болон бусад мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах” гэх агуулга бүхий дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шүүх дараах үндэслэлээр өмгөөлөгчийн дүгнэлтийг үгүйсгэж няцаасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “баримт мэдээлэл нь гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг ....” гэх зэрэг хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно” гэж хуульчилсан.
Хэрэгт хохирогч С.Д-өд Монгол Улсын Үндсэн хуульд заасан өөрийн гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй тайлбарлахад уг эрхээсээ татгалзаж мэдүүлэг өгсөн байх бөгөөд улмаар түүнд Эрүүгийн хуулийг тайлбарлаж, үнэн зөв мэдүүлэх үүргийг сануулж мэдүүлэг авахад тус хохирогч нь “2019 оны 8 дугаар сард нөхөр С.Мэд зодуулсан, түүний гарыг нь хөхөртөл зодсон, зодуулсны дараа хадам эх Мын гэрт очиж хонож байсан, цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй” талаар мэдүүлсэн бөгөөд энэхүү мэдүүлгийг няцаах, үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй.
Мөн хохирогч С.Д нь шүүгдэгч С.Мэд 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр зодуулж, тухайн цаг хугацаанд “Эмжж” эмнэлгийн чих хамар хоолойн эмчид үзүүлж, оношилгоо хийлгэхэд түүний зүүн чихний хэнгэрэн хальсны шинэ цооролт байсан талаар үзлэгийг хийсэн эмч Б.Энхзаяа гэрчээр мэдүүлсэн, улмаар мэдүүлэгтээ С.Дийн зүүн чихний хэнгэрэн хальсны цооролтыг үрэвслийн улмаас үүссэн гэж үзэхээргүй, механик шинжтэй шинэ цооролт болох талаар мэдүүлсэн, уг мэргэжлийн эмчийн оношилгоо, баримтад үндэслэн шинжээч эмч Ц.Бадрал нь дүгнэлт гаргасан талаар мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, эдгээр баримтыг үндэслэл, нотолгоогүй гэж үзэх, үгүйсгэх, няцаах үндэслэлгүй бөгөөд шинжээч дахин томилуулж дүгнэлт гаргуулах тухай өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ “хохирогчийн зүүн чихний хэнгэрэн хальсны цооролт зуувин хэлбэртэй байна, хэрэв шүүгдэгч хийтэй цохисон бол гэмтэл цуурсан, урагдсан хэлбэртэй үүсэхээр байна” гэх зэргээр өөрөө хийсвэр дүгнэлт хийж мэргэжлийн эмч нарын дүгнэлтийг баримт нотолгоогүй дүгнэж байгаа нь үндэслэл муутай дүгнэлт байна.
Түүнчлэн яллах дүгнэлтэд 2020 оны 3 сард эсхүл 4 дүгээр сард гэмт хэрэг гарсан гэж өөр өөрөөр бичигдсэн, маргаантай байна гэх боловч хохирогч С.Д-өөс 2020 оны 3 дугаар сарын 9-ны өдөр охин С.Нг С.М нь зодсон талаар тодорхой мэдүүлдэг, мөн насанд хүрээгүй хохирогч С.Н-гоос аав намайг 2020 оны 3 дугаар сард зодоод, миний хувцсыг гэрээсээ гаргаад намайг гэрээсээ хөөсөн гэж мэдүүлсэн, эдгээр хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалж нь гэрч С.П, С.А нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул эргэлзээгүй баримтууд байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хохирогч С.Д, шүүгдэгч С.М нар нь ашиг сонирхлын зөрчилтэй байгаа тул хохирогч С.Д, гэрч С.П нар худал мэдүүлсэн гэж хардаж байна” гэж мэтгэлцэх боловч ашиг сонирхлын зөрчилтэй гэх байдал гэмт хэрэг гарсан байдлыг үгүйсгэхгүй юм. Нөгөө талаар хохирогч, гэрч нарын мэдүүлэг бусад эх сурвалж баримтуудаар давхар нотлогдсон байгааг үндэслэн шүүх нотлох баримтаар үнэлж дүгнэсэн болно.
Хэрэгт цугларсан хохирогч С.Дийн мэдүүлэгт “манай нөхөр урьд нь хааяа хааяа намайг зодож байсан, мөн 2020 оны 3 дугаар сард зодож байсан гэж, насанд хүрээгүй хохирогч С.Нгоос “намайг 5 настайгаас хойш хичээлээ ойлгосонгүй, гэрээ цэвэрлэсэнгүй гэж зоддог байсан, миний мэдэхийн намайг 5 настайгаас хойш ээжийг аав дандаа зоддог, мөн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ээж аавд зодуулж бид нар гэрээсээ зугтаж гадуур хонож байсан” гэж мэдүүлсэн мэдүүлгүүд байх боловч энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар шалгах ажиллагааг явуулаагүй байх бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд” хэргийг хянаж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээд”-ийг тус тус “гэр бүлийн хамаарал бүхий” гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн, сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл” гэж заасан ба шалтгаан нь үл ялих болон тодорхой шалтгааны аль алинаар нь үйлдэгдэж болно.
Мөн Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйл, заалтад тусгасан агуулгаар ойлгох ба тус гэмт үйлдэл, эс үйлдэхүйн давтамжийн шинжийг тодорхойлоход “байнга” гэсэн ойлголтыг хэрэглэдэг. “Байнга” гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байх хууль хэрэглээний ойлголт бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэх гэдэг нь зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан зэрэг үйлдэл нь байнгын шинжтэй байхыг хэлнэ. Тодруулбал гэр бүлийн хамаарал бүхийг хүнийг зодсон шинж нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдлийг ойлгох бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдах нь хууль бус үйлдэл болно.
Шүүгдэгч С.М, хохирогч С.Д нар нь 2009 оноос гэр бүлийн харилцаа үүсгэн, гэрлэлтээ батлуулан хамт амьдарч байгаа гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байх ба шүүгдэгч С.М нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр С.Дийг 2019 оны 8 дугаар сар, 2020 оны 8 дугаар сарын 9, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр тус тус зодсон нь Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн “байнга” гэх үндсэн шинжийг хангасан байна.
Мөн шүүгдэгч С.М нь эхнэр С.Дийг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан, түүнчлэн насанд хүрээгүй хохирогч С.Н-гийн эрүүл мэндэд 2020 оны 3 дугаар сарын 9-ны өдөр халдсан, үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 8 дугаар сарын 9-ний өдөр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд хоёр хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоорондоо шууд шалтгаантай ба хоёр хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж шинжээч дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангажээ.
Шүүгдэгч С.М нь хохирогч нарын эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсч үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул үйлдсэн гэмт хэргүүдийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч С.Мийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх, мөн хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” гэх тусгай шалгуурыг тогтоосон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ.
Мөн Эрүүгийн хуулийн тайлбарт хэсэгт “бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно” гэсэн байна.
Насанд хүрээгүй хохирогч С.Н нь 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, гэмт хэрэгт өртөх үедээ 13 настай байсан ба шүүгдэгч С.Мийн төрсөн охин, гэр бүлийн гишүүн нь бөгөөд бага насны хүүхдэд хамаарч байна.
Түүнчлэн шүүгдэгч С.М, хохирогч С.Д нар гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс болох талаар дээр тайлбарлан дүгнэсэн бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд заасан этгээдэд энэ хэргийн хохирогч нар хамаарахаар байх тул шүүгдэгчийг “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, мөн хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн” гэж дүгнэх үндэстэй.
Мөн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан байнгын шинжтэй үйлдэгдэж, уг үйлдлийн улмаас хохирол, гэмтэл учирсан тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэлд тооцож хүндрүүлэн зүйлчлэхээр байх бөгөөд шүүгдэгч С.Мийн хувьд эхнэр С.Дийг 2020 оны 8 дугаар сарын 10-ний өдөр зодож гэмтэл учруулах болсон шалтгаан нь тохиолдлын шинжтэй буюу тодорхой нөхцөл байдлын улмаас анх удаа бус, харин байнга зодох явцад тус хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэл бүхий гэж шүүх үзсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.М нь насанд хүрээгүй хохирогч С.Нг 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр зодсон, улмаар үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 8 дугаар сарын 9-ний өдөр эрүүл мэндэд нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хохирогч С.Дийн эрүүл мэндэд 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.
Иймд шүүгдэгч С.Мийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
-мөн Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга “зодсон” гэмт хэргийг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Мөн “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Тус гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.Н, хохирогч С.Д нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч С.Н, түүний хууль ёсны төлөөлөгч С.Б нараас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн.
Хохирогч С.Д нь эмчилгээнийн зардалд зарцуулсан 326.200 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлсэн ба, нотлох баримтад үндэслэн хохирогчийн эмчилгээний зардал 326.200 төгрөгийг шүүгдэгч С.Мээс гаргуулж, хохирогч С.Дөд олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч С.Мийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгчийн өмгөөлөгч С.Гансүх нь хохирол нөхөн төлөх үндэслэлээр ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлага авах хүсэлт гаргасан бөгөөд дээрх хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч С.М нь хохирогч С.Дөд 326.200 төгрөгийн төлбөрийг нөхөн төлж, баримтыг хэрэгт гаргаж өгсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэв.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “шүүгдэгч С.М-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гансүхээс “Миний үйлчлүүлэгч С.М нь хохирогч С.Д-өд хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах, эсхүл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан байдаг тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан бөгөөд шүүгдэгч нь өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна” гэсэн тайлбар, мэдүүлгийг тус тус гаргасан.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Шүүгдэгч С.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг тус тус хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.
Шүүгдэгч С.М нь Эрүүгийн хуулийн нэг бүлэгт заасан хоёр төрлийн санаатай гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд С.М-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал буюу гэр бүлийн хүрээнд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.М-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцон 30 хоногийн буюу 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, С.Мийн биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 7 сарын хугацаагаар хорих ял тогтоож, оногдуулсан хорих ялыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь “хорихоос өөр төрлийн ялыг сонгож хэрэглэж өгнө үү” гэсэн мэдүүлэг, дүгнэлт гаргах боловч шүүгдэгч гэм буруугийн талаар маргасан, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс гэмт хэргийн хохирогч байгаа нөхцөл байдал, тэдэнд учруулсан хохирол хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ял оногдуулах нь зохимжтой гэж шүүх дүгнэсэн болно.
3. Бусад асуудлаар: Тус хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “арван найман насанд хүрээгүй хохирогчтой холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн хэлэлцүүлэг, бүх шатны шүүх хуралдааныг” нээлттэй явуулна” гэж заасан бөгөөд энэхүү заалтыг үндэслэн насанд хүрээгүй хохирогчтой тус хэргийг хаалттай хянан хэлэлцсэн болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б... овогт С-ын М-ийг “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга “зодсон” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар,
-мөн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б... овогт С-ын М-ийг:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.М-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоногийн буюу нэг сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-эд оногдуулсан 7 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.М-эд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Д, насанд хүрээгүй хохирогч С.Н, түүний хууль ёсны төлөөлөгч С.Б нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч С.М-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтг3эх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.М-эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН