| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2021/0062/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/67 |
| Огноо | 2021-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Урантогос,
хохирогч В.М,
шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ц.Нд холбогдох эрүүгийн 2107000000048 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Төв аймаг, Сэргэлэн суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, “..............................” ХХК-д хатаагч ажилтай, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт .............................. тоотод оршин бүртгэлтэй боловч .............................. тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
Боржигон овогт Ц.Н /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Ц.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр .............................. тоотын үүдэнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр В.Мтай хардалтын улмаас маргалдан зодож хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, доод урууланд шарх, баруун нүдний алим, нүүр, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр .............................. тоот хашааны үүдэнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр В.Мтай хардалтын улмаас маргалдаж баруун талын 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч В.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гомдол санал байхгүй” гэв.
Хохирогч В.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 04 цагийн үед согтуу ирээд өглөө 09 цагт хүнтэй уулзана гээд гараад явсан. Тэгээд 13 цагийн үед өдөр Одуук гэх найзтайгаа хамт ирсэн. Тэгээд айлаас очиж бичиг авна гээд нөхрийн найз Одууктай, мөн 1 нас 2 сартай бага хүүтэйгээ бид 4 айлд очсон юм. Замдаа нөхөр найзтайгаа хамт архи уугаад Одуукыг буулгачихаад харих гээд явж байтал манай нөхөр намайг найзтайгаа хардаад хэрүүл хийгээд байсан, 17 цагийн үед хашааныхаа үүдэнд ирээд гэртээ орох гэж байтал хүүгийн маань куртик хашаанд тээглээд зогстол нөхөр Ц.Н араас түлхсэн. Тэгэхээр нь хүүхэд унагаачихлаа ш дээ гээд хэлсэн яахын чи муу янхан минь гээд нүүр нүдгүй зодоод чамайг алчихъя гээд байсан хүүхэд уйлаад зодохоо болиод нөхөр төрсөн эгч Ц.Б рүүгээ утсаар яриад хүрээд ир энийг би одоо аллаа гээд байсан. Нөхөр Ц.Н бид хоёр таарамжтай байдаг, заримдаа манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага зэрэг ширүүн, муухай ааштай, заримдаа намайг хардаж хэрүүл маргаан үүсгээд байдаг. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр манай нөхөр Ц.Н хашааны үүдэнд машин дотор нэг хүүхэнтэй үнсэлцээд байх шиг байхаар нь очсон чинь манай нөхөр согтуу бууж ирээд намайг зодоод миний зүүн талын 2 хавирга хугарсан, тэр үед уучлалт гуйгаад эвлэрсэн учраас эмнэлэг болон цагдаагийн байгууллагад хандаагүй. Гэрээрээ эм авч уугаад эдгээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-8 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Н.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг нь хоорондоо таарамжтай хэрүүл маргаан үүсгээд байдаггүй, аав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ээжийг ганц нэг удаа цохиж байсан. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр би бага дүү болох 2 сартай Оюу-Үжинтэйгээ гэртээ байж байтал аав ээж хоёр гадаа муудалцсан бололтой гэрт орж ирсэн. Гэрт орж ирээд хэрүүл маргаан хийж байгаад аав ээжийг цохиж унагаагаад, цээжин хэсэгт нь өшиглөж байсан. Тэр үед ээжийн хавирга хугарсан байсан. Ээж яагаад эмнэлэг явж эмчлүүлээгүйг мэдэхгүй, гэртээ эм уугаад эдгээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Гэрч В.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Байнга яриад байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна. Миний мэдэхээр нэг жилд нэг хоёр удаа хэрэлдэж маргалдлаа гэсэн зүйл ярьдаг. 3 жилийн өмнө эгч нөхөртэйгээ муудалцсан гээд би ирж эгчийг хүүхдүүдийнх нь хамт аваад хот руу гэр лүүгээ авч явж байсан. Манайд бараг cap амьдраад нөхөр Ц.Н нь ирж уучлалт гуйгаад гэрлүүгээ эгчийг хүүхдүүдтэй нь аваад явж байсан. Хааяа нэг утсаар хэрүүл маргаан гарсан тухай ярьдаг л болохоос биед нь халдсан зодсон тухай бол яриад байдаггүй, манай эгч нуугаад байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Гэрч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр намайг гэртээ байж байтал манай төрсөн дүү Ц.Н надруу залгаад “та манайд хүрээд ирээч” гэхээр нь би .............................. тоотод байрлалтай төрсөн дүү Ц.Нгийн гэрт очиход Ц.Н эхнэр В.Мтай муудалцсан, эхнэрийнхээ нүүрлүү цохисон гээд В.Мын нэг талын нүд нь хөхрөөд хавдчихсан, уйлж унжсан байдалтай байхаар нь би дүү Ц.Нг уурлаж загнаад эхнэр В.Мыг Налайхын эмнэлэг рүү дагаж яван эрүүн доор нь оёдол хийлгээд дараа нь Налайын цагдаа дээр очсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 27-ны өглөө найз Одууктай уулзаж хөдөө айлаас кадастрын зураг авахаар болоод 13 цагийн үед гэр лүүгээ орж эхнэр В.М бага охин Оюун-Үжингээ аваад Төв аймгийн Адуунчулуун гэх газар луу явчихаад ирсэн юм. Замдаа Одуук бид хоёр Хараа нэртэй 0.75 литрийн архи нэгийг, Боргио нэртэй 0.75 литрийн шар айраг нэгийг уучихаад Одуукийг хүргэж өгснөөсөө хойш юу ч санахгүй байгаа. Миний санаж байгаагаар гэртээ ирчихсэн эхнэртэйгээ хэрэлдэж байхад эгч Ц.Б, Б.Монголжин бид хоёрыг салгаж байсан. Тэгтэл цагдаагийн байгууллагаас хүмүүс ирээд намайг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн. Анх 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр бид хоёр хоорондоо муудалцахад эхнэрээ зодож байсан. Тухайн үед согтуу байсан болохоор өөрийн хийж байгаа үйлдлээ хянах чадваргүй байсан. Тэгэхэд манай эхнэрийн хавирга хугарсан байсан. Манай эхнэр ч намайг согтуудаа гаргасан үйлдлүүдээ бараг санадаггүйг мэддэг болохоор би уучлалт гуйгаад, хэд хоног асарч сувилаад эдгээсэн. Сая 2021 оны 02 дугаар сарын 27-нд болсон асуудал дээр манай эхнэрийн нүд хавдсан, уруулнаас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндсэний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 08шэ/150 дугаартай:
“1. В.Мын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, доод урууланд шарх, баруун нүдний алим, нүүр, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал шинэ гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрхи гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
6. В.Мын цээжний рентген зурагт баруун талын 9 дүгээр хавирганы хуучин хугарал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 37-41 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ц.Нн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 49 дүгээр хуудас/, Налайх дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 50 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 53 дугаар хуудас/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 54-57 дугаар хуудас/, дансны хуулга /хх-ийн 58-61 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар хуудас/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр .............................. тоотын үүдэнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр В.Мтай хардалтын улмаас маргалдан зодож хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, доод урууланд шарх, баруун нүдний алим, нүүр, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгч Ц.Нн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Хохирогч В.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн үед хашааныхаа үүдэнд ирээд гэртээ орох гэж байтал хүүгийн маань куртик хашаанд тээглээд зогстол нөхөр Ц.Н араас нь түлхсэн. Тэгэхээр нь хүүхэд унагаачихлаа ш дээ гээд хэлсэн яахын чи муу янхан минь гээд нүүр нүдгүй зодоод чамайг алчихъя гээд байсан хүүхэд уйлаад зодохоо болиод нөхөр төрсөн эгч Ц.Б рүү утсаар яриад хүрээд ир энийг би одоо аллаа гээд байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч В.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... Хааяа нэг утсаар хэрүүл маргаан гарсан тухай ярьдаг л болохоос биед нь халдсан зодсон тухай бол яриад байдаггүй, манай эгч нуугаад байдаг...” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ... төрсөн дүү Ц.Нгийн гэрт очиход Ц.Н эхнэр В.Мтай муудалцсан, эхнэрийнхээ нүүрлүү цохисон гээд В.Мын нэг талын нүд нь хөхрөөд хавдчихсан, уйлж унжсан байдалтай байхаар нь би дүү Ц.Нг уурлаж загнаад эхнэр В.Мыг Налайхын эмнэлэг рүү дагаж яван эрүүн доор нь оёдол хийлгээд дараа нь Налайхыэ цагдаа дээр очсон...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ц.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Замдаа Одуук бид хоёр Хараа нэртэй 0.75 литрийн архи нэгийг, Боргио нэртэй 0.75 литрийн шар айраг нэгийг уучихаад Одуукыг хүргэж өгснөөсөө хойш юу ч санахгүй байгаа. Миний санаж байгаагаар гэртээ ирчихсэн эхнэртэйгээ хэрэлдэж байхад эгч Ц.Б, Б.Монголжин бид хоёрыг салгаж байсан. Тэгтэл цагдаагийн байгууллагаас хүмүүс ирээд намайг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн. Сая 2021 оны 02 дугаар сарын 27-нд болсон асуудал дээр манай эхнэрийн нүд хавдсан, уруулнаас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндсэний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 08шэ/150 дугаар дүгнэлт, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Яаралтай тусламжийн хуудас зэрэг болно.
Харин шүүгдэгч Ц.Нн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр .............................. тоот хашааны үүдэнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр В.Мтай хардалтын улмаас маргалдаж баруун талын 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” бол яллагдагчаар татаж болохгүй гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж хуульчилсан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Н нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр В.Мын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байхад буюу 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Түүнчлэн яллах дүгнэлтэд дурдсан шүүгдэгчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн үйлдэл, 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн үйлдэл хооронд 1 жилийн хугацаа өнгөрсөн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тасарсан байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр учруулсан” гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд хууль тогтоогч гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.
Өөрөөр хэлбэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр...” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилжээ. Хууль зүйн хувьд шүүгдэгч Ц.Н, хохирогч В.М нар нь эхнэр, нөхөр болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тэдний мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Н нь шууд санаатай үйлдлээр хохирогч В.Мын эрүүл мэндэд халдаж, “биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, доод урууланд шарх, баруун нүдний алим, нүүр, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ц.Нг гэмт буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч В.М нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүх хуралдааны явцад “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч В.М нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүх хуралдааны явцад илэрхийлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байдал/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогчоос гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээсэн гэмшиж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг, торгуулийн ял биелэгдэх боломжтой/-ыг тус тус харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан тухайн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ