Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 618

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Пт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Б.Пын өмгөөлөгч Х.Батдорж,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 390 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Пын өмгөөлөгч Х.Батдоржийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Пт холбогдох 1711015980288 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Бэсүүд овогт Б-н П, 1994 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Хос Харцага” ХХК-д хамгаалагч ажилтай, Сонгинохайрхан дүүргийн ......................... тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ........................./,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 346 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

Б.П нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Гандирс” худалдааны төвийн 2 давхарт Д.Бийг уургалж дарсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Б.Пт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,

хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Бэсүд овогт Б-н Пыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Пыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Пт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.П нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалж,

Шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Пын өмгөөлөгч Х.Батдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Батцэнгэл нь хамгаалалтад авсан объектыг нээх эрх байхгүй. Тухайн объект нь шүүхээр битүүмжлэгдсэн байсан. Төмөр тасдагч цахилгаан дрилл ажиллуулаад хаалгыг таслах гэж оролдсон. Үүнийг хамгаалагч хараад та ийм үйлдэл хийж болохгүй, манай байгууллагатай гэрээ хийсэн та зохион байгуулагчтай нь уулз гэсэн шаардлагыг тавьсан. Тэгэхэд чиний гарыг чинь хүлж байгаад би орно. Орсон хойноо ямар хариуцлага хүлээнэ би түүнийгээ хүлээнэ гэж дайрсан. Хохирогчид хөнгөн гэмтэл учирсан бол тухайн байгууллагын хамгаалагчийн шанаан тус газарт цохиж гэмтэл учруулсан. Хамгаалагчид сарын дараа шинжилгээ хийлгэсэн бөгөөд тухайн шинжилгээгээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Энэ хэргээс өмнө тухайн асуудалтай холбоотой зүйл болж байсан. Би прокурор болон мөрдөгчид хүсэлт тавьж байсан. Тухайн хүсэлт нь хэрэг болсон газрын ойролцоо хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагаа хийгээч, хамгаалагчийн гарцаагүй хийсэн үйлдлийг тогтоох шаардлагатай гэсэн хүсэлтийг тавьсан. Гэтэл тухайн үед лангуу түрээсэлж байсан хүмүүс түрээслэхээ болиод явчихсан. Тэдгээр хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй гэж хэлсэн. Тэгэхээр дээрх байдлаас харахад Д.Бийн хууль бус ажиллагааг таслан зогсоох зорилгоор Д.Бд гэмтэл учруулсан асуудал нь тухайн гэрээт харуул хамгаалалтын ажилтны гарцаагүй байдал байсан гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасныг үндэслэн шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Б.Пыг “2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Гандирс” худалдааны төвийн 2 давхарт Д.Бийг уургалж дарсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснээр анхан шатны шүүх түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Хохирогч Д.Б гаргасан гомдолдоо “...Гандирс цогцолборын талбайн маргаан Сүхбаатар дүүргийн иргэний шүүхэд иргэн Ч.Батцогт, “Соёмбо даатгал” ХХК болон манай эхнэр Д.Рэнцэнханд нарын хооронд гарч, шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 15878 дугаартай шүгчийн захирамжаар иргэн Ч.Батцогтод тус хөрөнгийг өөртөө авах зорилготой үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан...” гэж дурдаж шүүгчийн захирамжийн дагуу уг газарт очиж зүй ёсны шаардлага тавьсан талаар дурджээ.

Гэтэл түүний гомдолд дурдсан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 15878 дугаар захирамжийг тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШТ2017/00493 дугаар тогтоолоор хүчингүй болгосон нотлох баримт хэргийн 63-65 дахь хуудаст авагдсан байна.

Өөрөөр хэлбэл 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 17,00 цагийн үед хохирогч Д.Б нь өөрөө иргэний хэргийн шүүхэд ямар нэгэн маргаан үүсгэж нэхэмжлэл гаргаагүй, шүүхээс түүнд ажлын байрны өрөөг эзэмших талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байхад шүүхийн тогтоолоор хүчингүй болгосон шүүгчийн захирамжаар өөрт нь тйим эрх олгогдсон мэтээр тайлбарлаж, харуул хамгаалалттай, цоожтой байсан бусдын эзэмшлийн эд хөрөнгөнд дур мэдэн халдаж, цахилгаан тасдагчаар цоожийг таслахыг оролдох үед уг эд хөрөнгийг хамгаалах үүргийг ажил үүргийн хуваарийн дагуу хүлээж “Хос харцага” ХХК-д хамгаалагчаар ажиллаж байсан шүүгдэгч Б.П нь “Энэ объектыг хамгаалах гэрээтэй ажиллаж байгаа, та хариуцаж байгаа менежертэй уулзчих” гэсэн зүй ёсны шаардлага тавихад хохирогч Д.Б нь “Би чамайг гарыг чинь хүлж байгаад энэ гинжийг тасална” гээд өөрөө эхэлж түүнийг тэвэрч аван зууралдаж, хөлөөрөө өшиглөж Д.Пүрэвбаатар руу довтолсон үйлдэл хийхэд шүүгдэгч Д.Пүрэвбаатар нь түүнийг эсэргүүцэж ноцолдсон үйл баримт тогтоогджээ.

            Энэхүү үйл баримт хэрэгт авагдсан, хэрэг гарсан үйл явцыг бичсэн СД бичлэгт тодорхой дүрслэгдсэн байх бөгөөд бичлэгт:

-01 минут 2 секундэд Д.Б нь баруун гартаа ууттай эд зүйл бариад Б.Пын зогсож байгаа хаалганы харалдаа ирж байх ба уутнаасаа төмөр тасдагч багаж гаргаж ирэн зүүн гартаа барьж шилэн хаалганы цоожыг онгойлгох гэж дайрч байх ба Б.П нь уг үйлдлийг таслан зогсоох зорилгоор хохирогчтой ярилцаж байгаа үйлдэл үргэжилж,

- 06 минут 50 секундэд Д.Б нь зүүн гартаа барьсан байсан багажаа газар тавиад Б.Птай нааш цааш түлхэлцэж байх ба Д.Б нь баруун гараараа суган доогуур нь тэвэрч Б.Пын хөлийг хөлөөрөө хаших байдлаар дээш өргөхөд   Б.П нь баруун гараараа Д.Бийн хүзүүг уургалан уг хаалганаас холдож байгаа үйлдэл бичигджээ.

Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад “...таслагчаа асаагаад тасдах гэтэл миний урдуур орж хамгаалсан. Дараа нь би дахин нөгөө залууг “холдохгүй бол гарыг чинь хүлж байгаад хаалгаа онгойлгоно шүү” гэж хэлээд зүүн гарнаас барих явцад нөгөө залуу зөрүүлээд сул байгаа баруун гараараа миний хүзүүгээр уургалж дарж боосон. Боосны улмаас би манараад хажууд байрлах шил мөргөсөн ба хамаг биеэ сул тавьж 2 гараа газар хүргэх явцад нөгөө залуу намайг тавьсан. Тэгээд босч ирээд харсан чинь миний зүүн шанаа хэсгээс бага зэргийн цус гарч байсан.” гэж /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

шүүгдэгч Б.П мөрдөн шалгах ажиллагааны явцад “...намайг үүднээс холдуулах гээд над руу дайрч эхэлсэн ба би хаалган дээр хаагаад зогсож байхад миний суган доогуур гараа оруулаад павилионы хаалганы бариулыг суга татсан ба тэр үедээ миний баруун эрүү, шанаа хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд би түүнийг холдуулах зорилгоор толгойг нь гараараа уургалаад сугандаа хавчуулаад доошоо дарсан” гэж /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/ тус тус мэдүүлсэн нь дээрх бичлэгтэй тохирч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан дээрх нотлох баримт болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.П нь өөрийн албан үүргээ зохих ёсоор биелүүлж, хариуцсан объектоо хамгаалж байхдаа хохирогч Д.Бийн шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдсэн, цоожилж хамгаалалтад авагдсан объект руу төмөр таслагч цахилгаан дрилл ажиллуулан, Б.Пын тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцэж, халдан довтолсон гэмт үйлдлийн эсрэг хийсэн хамгаалалт гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Б.П нь хохирогч Д.Бийн зүй бус үйлдэлд тухай бүрт нь үндэслэл бүхий шаардлага тавьж байсан байх бөгөөд Д.Б нь Б.П руу эхэлж довтлох явцад тэрээр аргагүй хамгаалалтын улмаас Д.Бийг бугуйлдан дарж, өөрийн амь бие болон хариуцаж буй объектыг хамгаалсан байна.

Хэдийгээр Д.Бийн биед “зүүн хөмсөг, дух, зүүн доод зовхи, зүүн хацар, зүүн дээд зовхинд зулгаралт” гэмтэл учирсан боловч шүүгдэгч Б.Пын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалтын шинжийг бүрэн агуулсан байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 390 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Пт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Б.Пт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                      Ц.ОЧ