| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2019/0029/З |
| Дугаар | 159/ШШ2019/0033 |
| Огноо | 2019-11-06 |
| Маргааны төрөл | Бусад, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 159/ШШ2019/0033
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх ******* дүгнэлттэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* холбогдох,
2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 0179962 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий дүгнэлттэй зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Прокурор: *******
Хариуцагч: *******
Гуравдагч этгээд: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх ******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ... Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* би, тус аймгийн Зүүнбүрэн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч *******ийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр *******т холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй атар газар хагалж ашигласан байна гэх гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэснийг 2019 оны 09 сарын 25-ны өдөр хүлээн авч хянавал:
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Жаргалант 2 дугаар багт оршин суух ******* овогтой ******* нь Бойны тохой гэх газарт эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр тариалангийн талбай бий болгосон зөрчилд эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар 300 нэгжээр торгож шийтгэсэн ба хуулийн дээрх хэсэгт заасан учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах... албадлагын арга хэмжээг хэрэглэх тухай заалтыг хэрэгжүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно, 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмыг Улсын ерөнхий прокурор батална гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
Иймд эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан, хохирол, нөхөн төлбөрийг тогтоолгосны үндсэн дээр шийтгэл оногдуулан шийдвэрлэх үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 0179962 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив...гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ... 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар багт оршин суух ******* овогтой *******ыг эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр газар ашигласан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар 300 нэгжээр торгож, хохирол нөхөн төлбөрийг тооцоогүй болно. Хуулийн дээрх хэсэгт заасан учруулсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох аргачлал гаргаагүй байна. Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй...гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд хэлсэн талбартаа: ...миний бие эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр газар ашигласан нь үнэн болно. Уг газар нь атар газар биш улаан буудай тариалж байсан газарт хуучин атаршсан газар болно. Тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* нь 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 300.000 төгрөгөөр торгож, арга хэмжээ авсныг цаг тухайд нь төлж барагдуулсан. Тухайн үед Прокурор нөхөн төлбөр тооцоогүй. Уг хагалсан 1 га газраас олсон ашиг орлого байхгүй. Ийм учраас нөхөн төлбөр торгуулын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрөө тэтгэвэрт байдаг, гэр бүлийн хүн хүнд өвчтэй грүппт байдаг. Нөхөн төлбөр төлөх бололцоо байхгүй...гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдох зөрчлийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд дараах зүйлүүд тогтоогдож байна.
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* нь тус сумын Жаргалант 2 дугаар багийн иргэн *******ыг эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр Бойны тохой гэх газарт тариалангийн газар бий болгосон зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 / гурван зуун мянга / төгрөгөөр торгож шийтгэжээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас дээрх хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг хянаад Зүүнбүрэн сумын Жаргалант 2 дугаар багийн иргэн ******* нь Бойны тохой гэх газарт эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр тариалангийн талбай бий болгосон зөрчилд эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 300 нэгжээр торгож шийтгэсэн ба хуулийн дээрх хэсэгт заасан ...учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах... албадлагын арга хэмжээг хэрэглэх тухай заалтыг хэрэгжүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг хуулиар тогтооно, 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмыг Улсын ерөнхий прокурор батална гэсэн заалтуудыг зөрчсөн тул эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулан, хохирол, нөхөн төлбөрийг тогтоолгосны үндсэн дээр шийтгэл оногдуулан шийдвэрлэх үндэслэлтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2019 оны 07 дүгээр сарын 31-ний өдрийн 0179962 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж шүүхэд ирүүлжээ.
Зөрчлийн хэрэгт цугларсан баримтуудаар зөрчилд холбогдогч ******* нь эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр тариалангийн талбай бий болгосон, ашигласан, ашигласнаа хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд тайлбар өгсөн, мөн уг газрыг бий болгож ашигласнаас учирсан хохирлыг төлөөгүй, эрх бүхий албан тушаалтны зүгээс учирсан хохирлыг төлүүлэх талаар хууль болон журамд заасан ямар нэг арга хэмжээ аваагүй болох нь тогтоогдож байна.
Зүүнбүрэн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч нь дээрх зөрчилд шийтгэл оногдуулсан хэдий ч Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасныг бүрэн хэрэгжүүлээгүй өөрөөр хэлбэл гаргасан зөрчилд хуулийн хариуцлага тооцсон хэдий ч эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр тариалангийн талбай бий болгосноос учирсан хохирлыг төлүүлэх талаарх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Монгол улсын Ерөнхий прокурорын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/75 дугаартай тушаалаар Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам-ыг батлан гаргажээ.
Уг журмын 3.3-т Зөрчлийн тухай хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тогтоох талаар тусгайлан зохицуулаагүй бол эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, холбогдох журмын дагуу шинжээч томилж хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгоно гэж заажээ.
Дээрх журмын дагуу Зүүнбүрэн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч нь шинжээч томилон Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10-т заасан хохирол, нөхөн төлбөрийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай прокурорын дүгнэлт үндэслэл бүхий байх тул Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 07 дүгээр сарын 31-ний өдрийн 0179962 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү шүүхийн шийдвэр нь уг зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу дахин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах, прокурорт хянуулахад саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5, 4.3 дугаар зүйлийн 1 , Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т заасныг баримтлан баримтлан Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 0179962 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2.Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 0179962 дугаартай шийтгэлийн хуудасны дагуу иргэн *******ын торгуульд төлсөн 300000 / гурван зуун мянга / төгрөгийг буцаан олгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт заасны дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОДБААТАР